СУРВАЛЖИЛГА: “Иргэд ХСҮТ-д олноороо дугаарлан, бөөгнөрч байна” гэх зураг, мэдээлэл худал
Коронавирусийн халдвар дэлхий дахиныг хамарч, цар тахлын хэмжээнд хүрсэн энэ үед хоёр метрээс багагүй зайд харилцах нь халдвар авах, тархах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг ДЭМБ зөвлөсөн. Мөн ЭМЯ-наас хоёроос олон хүн цуглахгүй, эмнэлгийн байгууллагаар аль болох үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байгаа билээ. Гэтэл “Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д хүн ам олноор цугларч, бөөгнөрөл үүссэн байна” гэх мэдээлэл, зураг цахим орчинд тараад байгаа юм. Иймд бид нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар ХСҮТ-ийг зорилоо.
ЗӨВХӨН ЭМЧИЛГЭЭНИЙ БИЧИГТЭЙ ИРГЭДИЙГ ОРУУЛЖ БАЙНА

ХСҮТ-ийн төв хаалганы гадна 30-аад хүн зогсож байв. Тэд жижиг цагаан цаас болон өөр хэд хэдэн хавтастай зүйл гартаа барьсан харагдана. Гурван хяналтын ажилтан тэдний бичгийг шалган оруулж байлаа.

Харин эмнэлгийн гадна талын талбайд 10 гаруй иргэн сууж байв. Тухайн өвчтөнтэй хамт ирсэн ч эмнэлэг рүү оролгүй, гарч ирэхийг нь хүлээж суугаа нь тэр. Эмнэлэгт зөвхөн хэвтэх бичиг, эмчилгээ хийлгэх бичиг, хагалгаа хийлгэх бичигтэй иргэдийг нэвтрүүлж байгаа бөгөөд зайлшгүй тохиолдолд нэг хүн хамт орохыг зөвшөөрч байгаа гэнэ.
Ийнхүү эмнэлгийн доторх нөхцөл байдалтай танилцахаар дотогш орлоо. Халуунаа хэмжүүлэн, гараа ариутгаад цааш явав. Эмнэлгийн хүлээн авах хэсэгт иргэд сууж байв. Тэднээс ямар үйлчилгээ авах гэж ирсэн талаар тодруулахад:
Иргэн С “Өвөө нь мэс засалд орох санаатай бичгийг нь авах гээд хүлээж сууна. Ирээд нэг их удаагүй байна” гэв. Харин түүний хажууд суух залуу “Химийн тарианы цаг авчихсан байсан, тариандаа орох гээд хүлээж байна” гэлээ.
Эмнэлгийн хөл хөдөлгөөн харьцангуй сийрэг. Цахим орчинд таран, иргэдийг бухимдуулсан зургаас тэс өөр дүр зурагтай байв.
ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХҮНДЭТГЭЖ, БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭЭДЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Тус эмнэлэг коронавирусийн тархалтаас сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээ, эмчлүүлэхээр, үзүүлэхээр ирсэн иргэдийг халдвараас хэрхэн урьдчилан сэргийлж буй ХСҮТ-ийн нийгмийн эрүүл мэнд, сургалт мэдээллийн албаны мэргэжилтэн Л.Энхээгээс тодрууллаа.

-ХСҮТ-д ачаалал хэр байна вэ. Цахим орчинд тархсан мэдээлэл, зураг бодит уу?
-Цахим орчноор маш олон хүн нэг дор бөөгнөрч, цугларсан мэдээлэл, зураг тархсан байна лээ. Энэ бол ташаа мэдээлэл. Манай эмнэлэгт хүмүүс олноороо цугларч, бөөгнөрсөн зүйл байхгүй. Бид ЭМЯ-ны зөвлөгөөг мөрдөж, аль болох халдвар тархахгүй байх тал дээр ажиллаж байгаа.
Манай эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. ХСҮТ-д хавдартай хүмүүс үйлчлүүлдэг. Хавдар нь хүний биеийн эсэргүүцлийг дарангуйлдаг. Иймд цар тахлын үед эдгээр иргэд маань халдвар авах магадлал маш өндөр. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд болон ирж үйлчлүүлж байгаа иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах нь бидний үүрэг.
Эмнэлэгт ирж үйлчилгээ авах шаардлагагүй иргэд их ирж байна. Иймд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэхийн тулд эмнэлэгт үйлчлүүлж байгаа иргэддээ “шүүлтүүр” тавьж байгаа. Зөвхөн эмчилгээ хийлгэх, шинжилгээ өгөх гээд цаг авсан, хэвтэхээр ирсэн иргэд, эмнэлгийн хяналтад байдаг, хагалгаа хийлгэх иргэдээ бид эмнэлэгт оруулж байна.
-Үүнийг иргэд хэрхэн хүлээн авч байна вэ. Бухимдах юм уу?
-Зарим иргэнийг эмнэлэгт нэвтрүүлэхгүй байгаад бухимдалтай иргэд их байна. ДЭМБ-аас хүмүүс хоорондын зайг хоёр метрээс багагүй байхаар зөвлөсөн. Харин манай эмнэлэгт жирийн үед хоёр метр байтугай хоёр мөрийн зайтай байх боломжгүй нөхцөл үүсдэг. Иймд иргэд та бүхэн онцгой нөхцөлд авч буй бидний арга хэмжээг ойлгон эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, бусдынхаа эрүүл мэндийг дээдлэхийг хүсэж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.