Япончууд “COVID-19”-ийн эсрэг дархлаатай болсон уу

ЯПОН УЛСАД НАС БАРАЛТЫН ТОО МЭДЭГДЭХҮЙЦ БАГА БАЙНА
Одоогийн байдлаар дэлхийн 210 оронд “COVID-19”-ийн халдварын 2.214.461 тохиолдол бүртгэгдэж, 148.979 хүн нас бараад байна.
Япон Улсад нас баралтын төвшин мэдэгдэхүйц доогуур байгаа нь сүүлийн үед мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж буй юм. Баасан гаригийн /2020.04.17/ байдлаар тус улсад 9231 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 190 хүн нас баржээ.
Энэ нь “COVID-19”-ийн халдвараар Япон улсын нэг сая хүн ам тутамд 0.9 нас баралт бүртгэгдэж байна гэх үзүүлэлт юм. Тэгвэл энэ тоо Испанид 363, Италид 322, Францад 212, Их Британид 145, БНСУ-д 4 байгаа бол 1.4 тэрбум хүн амтай БНХАУ-ын нэг сая хүн ам тутамд 2 нас баралт бүртгэгдсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Японд нас баралтын түвшин мэдэгдэхүйц бага байгаа нь тус улсын эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй тандалт, судалгаа, “PCR” оношилгооны тоо, хүчин чадалтай холбоотой гэж үзжээ. Түүнчлэн иргэд хариуцлагатайгаар амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, ариутган, шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй байж хөл хорионы дэглэмийг чанд мөрдөж байгаа нь вирусийн тархалтыг сааруулахад дэм болж байгаа гэжээ.
Харин зарим эрдэмтдийн хувьд Япон Улсад сүрьегийн эсрэг вакцинжуулалт өндөр байдаг нь “COVID-19”-ийн тархалт нэмэгдэхгүй байхад нөлөөлж байгаа гэж үзэж байгаа аж.
ТАРХАЛТ ДЭГДЭХЭЭС Ч ӨМНӨ ЗАРИМ ИРГЭД “COVID-19”-ИЙН ЭСРЭГ ДАРХЛААТАЙ БОЛСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Эрдэмтдийн хувьд хамгийн их анхаарал татаж буй сэдэв бол Японы иргэдийн тодорхой хэсэг нь аль хэдийн “COVID-19”-ийн эсрэг дархлаатай болсон гэх шинэ таамаг юм.
Киото их сургуулийн Анагаах ухааны профессор Ясухико Укубо "шинэ төрлийн коронавирус нь хөнгөн хэлбэрийн “S” болон хүнд хэлбэрийн халдварлах чадвар бүхий “L” гэх хоёр өөр төрөлтэй. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд буюу “L” хэлбэрийн халдвар тогтоогдох хүртэл “S” хэлбэрийн тархалт нүднээс далд, ямар ч тоо бүртгэлгүй олон мянган хүнд халдварласан гэж таамаглаж байна” гэжээ.
Өнгөрсөн оны сүүлээр Япон улсын хэмжээнд томуугийн дэгдэлт хамгийн өндөр түвшинд тархсан байна. Тус улсын аялал жуулчлалын агентлагийн статистик тайланд дурдсанаар 2019 оны арваннэгдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд БНХАУ-аас 1.84 сая хүн Японд жуулчилжээ.
Иймд эдгээр иргэд дэлхий нийтээр коронавирус тархахаас өмнө Японд “S” төрлийн “COVID-19”-ийн халдварыг тээн авчирч, иргэдийн тодорхой хувь нь үүний эсрэг дархлаатай болсон гэх Ясухико Укубо тэргүүтэй эрдэмтдийн дэвшүүлсэн таамаг нэлээд бодит болж буй юм.
ЭХ СУРВАЛЖ: japantimes.co.jp












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.