Сурвалжилга, Нийтлэл

БӨХИЙН ГАЛ: Тэнгэр хангай ивээсэн “Увс нуур” дэвжээний галын наадмаар зочиллоо

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход 10-аад хоног үлдлээ.

Үндэсний их баяр наадмын өмнө аймаг аймгийн бөхчүүд гал болон нэгдэж наадмын бэлтгэлдээ гардаг билээ. Манай сурвалжлах баг монголын хамгийн анхны гал болж нэгдэж гарсан түүхтэй  “Увс нуур” бөхийн галын наадмаар зочиллоо.

-ШИНЭ ТЭРГҮҮНТЭЙ, ШИЖГЭНСЭН ЗАЛУУ БӨХЧҮҮДТЭЙ “УВС НУУР” ДЭВЖЭЭНИЙХЭН-

Үзэсгэлэнт байгаль бүхий  “Харзтай”-н амны амралтын баазад байрлаж буй “Увс нуур” бөхийн дэвжээ энэ жил шинэ тэргүүнтэй болжээ. Шинэхэн тэргүүнээр УИХ-ын гишүүн БОАЖЯ-ын сайд Н.Цэрэнбат ажиллах болсон байна. Харин энэ жилийн галыг Монгол Улсын аварга Н.Батсуурь аварга ахалжээ. Ахлах дасгалжуулагчаар Улсын заан О.Одгэрэл, туслах дасгалжуулагчаар улсын начин С.Батсуурь нар ажиллаж байна.  “Увс нуур” дэвжээ 63 бөхтэй бэлтгэлд гарчээ.

Биднийг очих үед галын наадам болж байсан тул “Увс нуур” галынхан нэлээд завгүй байдалтай угтацгаав. Хэдхэн хором олдсон дээр нь туслах дасгалжуулагч улсын начин С.Батсуурьтай ярилцлаа.

Тэрээр "Манай гал энэ жил 30 орчим сумын заануудтай бэлтгэлд гарсан. Улсын наадмаар аймаг улсын цолтой бөхчүүд маань зодоглож, залуу бөхчүүд маань аймгийн наадмуудад хүч үзнэ. Энэ жилийн хувьд бид 6-р сарын 10 гэхэд бэлтгэлдээ гарсан, 7–р сарын 9, 10 гээд бэлтгэлээсээ бууна" хэмээв.

Түүнчлэн ойрын үед хур бороотой байгаа учраас бөхчүүдийн төлөвлөсөн бэлтгэлд саад болж байна уу хэмээн асуухад, “Бид чинь наадмаар бороотой, шороотой байсан ч хамаагүй барилддаг ёс жаягтай. Иймд бидэнд бороотой байсан ч хамаагүй төлөвлөсөн бэлтгэлээ хийнэ. Өдрийн гурван удаагийн бэлтгэл, кросс гүйлт, хүчний дасгалуудаа тогтмол хийдэг”хэмээв.

Мөн улсын начин С.Даваасамбуу "Манайхан энэ жил өнгөтэй сайхан байгаа. Олон шинэ цолтонгууд төрөх байх. Тэр энэ гээд тоочмооргүй байгаа ч 10 гаруй бөхчүүд цолонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ жилийн наадмаар наадамчин олон минь сайхан наадаарай” хэмээв.

Бөхчүүдийн бэлтгэлээс гадна амжилтад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл хоол хүнсний асуудал байдаг. Увс нуурынхны хувьд өдрийн гурван хоолтой. Тэдний хоолыг 20 орчим жил хийж буй тогоочтой учир тэд хэзээ ч энэ асуудал дээр санаа зовж байгаагүй гэж хөөрөлдөцгөөв.

-“УВС НУУР” ГАЛЫН НААДАМД ТАВАН ГАЛЫН 128 БӨХЧҮҮД ЗОДОГЛОВ-

Хамгийн томд тооцогдож ирсэн уг галын наадмыг бөх сонирхогчид алдалгүй ирж үздэг. Түүнчлэн наадмын түрүү бөхчүүдийн тааврыг эндээс харж, энэ жилийн наадмын өнгийг тодорхойлдог хэмээх явган яриа байдаг аж.

Энэ жилийн “Увс нуур” галын наадамд 128 бөх барилдсан бөгөөд Увс, Баян-Өлгий, Төв аймаг, Өмнөговь, Ховд зэрэг таван галаас бөхчүүд зодоглов.

“Увс нуур” дэвжээний галын наадмыг үзэж сонирхохоор олон ч хүмүүс иржээ. Дөнгөж төрсөн өлгийнөөсөө салаагүй нярай хүүхдээс эхлүүлээд жил бүр ирж үздэг хэмээн хуучлан суух 60 насыг хол давсан нэг ангийнхан. Ойрхон амралтын газруудад амарч буй иргэд хүртэл уг наадам үзэхээр саатан сууцгааж байлаа. Залуу хүчтэнүүдийн болзоот бүсгүйчүүдээс эхлээд аав, ахыгаа дэмжихээр ирсэн багачуудын инээд наадмыг чимээстэй.

Энэ өдрийн онцлог зүйлс нь хоггүй нь дээр хаа газар тохиолддог дамын наймаа үгүй цэвэр цэмцгэр хог хаягдал маш багатай наадам болж байв. Өөлсөн хүнд ганцхан хоолны асартай учир наадамчин олон хуушуурын хүлээлтэд орсон гэмээр. Бусдаар хар хур тэгширсэн, мэргэн харваачид чуулж сур харваж буй үзэх харах зүйл олонтой сайхан өдөр болж байлаа.

-ҮЗЭГЧ ОЛНЫ НҮДИЙГ “ХУУРНИН ШУУГИГЧ” ХҮҮХДИЙН БАРИЛДААНД 19 УДАА ТҮРҮҮЛСЭН Б.АНАНД ХҮҮ БАЯСГАВ-

Өдрийн 13 цагийн орчимд эхэлсэн галын наадам оройн 20 цаг өнгөрч байхад дуусав. Галын наадмын чимэг болсон дүрүүдийн нэг нь хүүхдийн барилдаанд барилдсан уг дэвжээний ирээдүйн манлай бөх гэхэд хилсдэхгүй Б.Ананд хүү. Өдгөө тав зургаахан настай хэдий ч насандаа баймгүй уран мэх, барилдаантай аж.

Тэрээр “Хуурнин шуугигч” хүүхдийн барилдаанд 19 удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэн, хоёр удаа шөвгөрсөн нэгэн. Биедээ баймгүй бахдам амжилттай цовоо сэргэлэн хүү байлаа. Түүнтэй хэдхэн хором ярилцах боломж тохиосон бөгөөд тэрээр “Энд барилдах гоё байна, том болоод Н.Батсуурь аварга шиг бөх болно оо” хэмээн хээв нэг соруултай ундаа сорон зогсоно.

Түүнчлэн барилдааныг шимтэн үзэгч хоёр бүсгүйн яриа тун чиг содон санагдав. Галын наадмыг үзэхээр ирсэн наадамчин олон дундаас тэдний яриа хэзээний бөх тайлбарлагч, олон жил ажилласан тааварлагч мэт сонсогдов. "Энэ жил энэ бөхийн бэлтгэл нь сайн байна. Харин түүний хувьд жаахан тааруу байх шиг, тэр яагаад гарч ирсэнгүй вэ" гэх тэдний яриа өөрийн эрхгүй сэтгүүлч миний чихийг дэлсэв.

Магадгүй тэдгээр бүсгүйчүүд хэн нэгэн бөхийн гэргий нь биз, тэд тийм л учраас ийм сайн мэдэж байгаа гэх бодол төрснийг юунд нуухав. Мөн тэд өөрсдийн хань ижлийн хамгийн том дэмжигч бөгөөд уг галын наадмын хамгийн гол үзэгчид юм.

Мөн бөх шимтэн үзэгч настан Архангай аймгийн уугуул Бавуу овогтой Мөнхтөр гуайтай хэдэн хором хуучилсан юм. Тэрээр “Өнөөдөр “Увс нуур” бөхийн дэвжээний галын наадам сайхан болж байна. Жил бүр уг галын наадмыг зорьж үздэг, дээрээс нь уг галынхан дэг жаягтай, зохион байгуулалт сайтай гал. Олон галуудаас бөхчүүд ирж зодоглодог учир тухайн жилийнхээ наадмын өнгийг уг галын наадмаас сонжиж болно. Энэ жил бөхчүүдийн бэлтгэл ч сайн, өнгөтэй сайхан наадам болно байх гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн шинэ улсын цолтонгууд олон төрөх биз” хэмээн ярилаа.

-ТЭНГЭР ХАНГАЙ ХАРЖ ҮЗЭВ ҮҮ ГЭЛТЭЙ ТҮРҮҮ БӨХ ТОДОРТОЛ ААДАР БОРОО ҮЛ ОРСОН ЮМ-

Тэнгэр хангай харж үзэв үү гэлтэй өдрийн турш нартай шороо шивэрч, хэт халуун ч биш бороотой ч биш байсаар, үзүүр түрүү бөхийн барилдаан хүрсэн юм. Үзэгч олон үзүүр түрүү барилдахтай зэрэгцэж асгарч буй хур бороог үндэсний их баяр наадмаар яг л ингэж бороо цутгах биз. Энэ бэлтгэл боллоо сайхан сайхан хэмээн шагшин бүгд Арслан П.Бүрэнтөгс, Аварга Н.Батсуурь нарын барилдааныг бороонд норж буйгаа эс тоон шимтэн үзсээр. Эцэст нь галын наадмын түрүү бөхөөр аварга Н.Батсуурь тодорсон юм.

Үзүүр түрүү тодорчихсон уу, одоо тэгвэл миний ээлж гэсэн аятай тэнгэр хангай хүчтэй аадар цутгав. Хормын төдийд үер буусан ч наадамчин олон түрүү бөхчүүдийн асарт цугларч, тэдэнд баяр хүргэсэн хэвээр байлаа. Ийнхүү “Увс нуур” галын наадам дуусан аадар бороо зогсох шинжгүй асгарсаар л. Наадамчин олон чөмөг ташим үерийн хүйтэн усыг гатлан машин луугаа гүйцгээж, гэр гэрийн зүг жолоо атгалаа.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button