Сурвалжилга, Нийтлэл

Зохиогчийн эрхийг хамгаалах өдөрт: Оюуны хүмүүс нь ЛААЗ ӨШИГЛӨДӨГГҮЙ нийгэм рүү

Дөрөвдүгээр сарын 23-ныг Дэлхийн номын өдөр болгон тэмдэглэдэг. Үүний сацуу Зохиогчийн эрхийн өдөр хэмээн тунхаглах нь ч бий. Эл ойлголт бидний хувьд тийм ч цоо шинэ биш. Зохиогчийн эрхийн тухай ярьдаг, хамгаалах хууль эрх зүйн орчныг бий болгохын тулд ажилладаг хүмүүс цөөнгүй. Гэхдээ бид урагш хол гишгэж өгөхгүй л байна.

Зохиогчийн эрхийн зөрчил гэдэг ихээхэн нарийн ойлголт. Дотроо олон задрахаас гадна бие даасан соёлын түвшинд ч яригддаг. Өнгөрсөн 2020 оны зун Нарантуул худалдааны төвөөс зохиогчийн эрхийн зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнүүдийг албадан хураагаад байхад нь очиж, сурвалжилсан. Ерөөс тэнд гаднаас нь хараад “Энэ оюуны өмчийг хулгайлж”, “Зохиогчийн эрх зөрчсөн байна” гэж мэдэгдэх бараа бараг байгаагүй.

КЭЙС: ДУУРАЙМАЛ ЭРДЭНЭТ ХИВС

Сонирхуулах юм бол, “Эрдэнэт” хивсийг загвар, дизайны хувьд дуурайлгаж хийгээд яг “Эрдэнэт” нэрийн дор гурав дахин хямд үнээр худалдаж байв. Материалын хувьд ноос биш синтетик, яг хэрсүү харвал танигдах нь мэдээж боловч иргэд мэдэхгүй л авдаг. За, мэдсэн ч нэг их тоохгүй. Учир нь зохиогчийн эрхийн тухай ойлголт нимгэнтэй байгаагийн нэг илрэл.

Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч Г.Бат-Оргилтой тухай үед ярилцахад, зарим худалдаачид зохиогчийн эрхийн зөрчилтэй бараа татсанаа өөрсдөө ч мэдээгүй байдаг ажээ. Харин дуураймал “Эрдэнэт” хивсийг БНХАУ-ын үйлдвэрт захиалж хийлгүүлээд оруулж ирдэг байх юм. БНХАУ өөрөө зохиогчийн эрхийн маргаан хамгийн их дагуулдаг улс. Тэнд хивснийхээ зураг дизайныг өгч захиалаад л хийлгүүлчхэж болдог нь өөрөө дараагийн хөндөгдөх асуудал болж буй. Өөрөөр хэлбэл хяналт, шалгалтын асуудал.

Зөвхөн “Эрдэнэт” хивс дээр ярихад, иргэд яагаад дуураймлыг нь худалдаж авч болохгүй юм бэ гэдэг асуулт тавигдаж болно л доо. Үүний цаана хүний бүтээсэн оюуны хөдөлмөрийг үнэлдэг, хүндэлдэг байх гэсэн соёлын, ухамсрын асуудал яригдана. Шинийг санаачилж, өөрийн хөдөлмөрөөр бүтээн бий болгох гэдэг нь капитал юм гэдгийг оюуны өмч судлаачид ярьж байна. “Эрдэнэт” хивсний технологийг өнөөдрийн жишигт хүргэж тогтооход үе, үеийн урлаачид, техник инженерүүд хувь нэмрээ оруулсан. Түүнчлэн хивс тус бүр дээрх хээ, зураг дизайныг тусдаа уран бүтээлчид урладаг. Ингээд “Эрдэнэт хивс” гэсэн брэнд нэр бий болж, энэ нэрээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, зах зээлд оршин тогтнож буй.

Дуурайлгаж хийлгээд худалдаж буй нь хууль тогтоомж, хяналт шалгалтын – шийдэж болох асуудал. Харин иргэд хараад үүнийг таньдаг, худалдаж авахаас татгалздаг ухамсартай байх нь л хамгийн чухал. Өөрөөр хэлбэл бусдын бий болгосон капитал, хөдөлмөрөөр олж авсан “нэр нүүр”-ийг ашиглаж, хувьдаа ашиг хийж буй үйлдлийн эсрэг зогсдог байх хэрэгтэй байгаа юм.

ХУУЛЬ БА ИРГЭДИЙН ХАНДЛАГА

10 жилийн өмнө DVD-нд бичсэн УСК-нууд зөвхөн зах гэлтгүй, хаа сайгүй гүйдэг эрэлттэй бараа байлаа. Дөнгөж шинэ кинотеатрт гарч буй кинонуудыг камераар бичиж аваад DVD-нд буулган худалддаг бичил бизнес эрхлэгчид олон байсан. Харин иргэдийн хувьд кино театраар үйлчлүүлж, шинэ тутам киног үзэхийнхээ оронд DVD-г нь худалдаж авахыг илүүд үздэг байсан цаг тэр юм. Одоо чанар нь гологдохоос гадна технологи хөгжсөн. DVD тоглуулагч ашиглагдахаа бараг больсны зэрэгцээ кино театраар амралт, чөлөөт цагаараа үйлчлүүлэгчид олширсон. Гэвч цахим орчинд зохиогчийн эрхийн зөрчилтэй киног үзсээр л, үзсээр л байна. Өөрөөр хэлбэл асуудал цаг үе өнгөрөх тусам тэмцэхэд улам нарийн болсоор.

“Наадах чинь хулхи харагдаж байна” гэдэг үг их хэлэгдэх болж, иргэд худалдан авалтандаа аль болох оригиналь бүтээгдэхүүн сонгохыг эрмэлздэг болж буй. Гэсэн хэдий ч үнэнч байснаас илүү ашигтай хувилбар байвал олон нийт түүнийг л сонгож байна.

Зохиогчийн эрх буюу “Copyright” гэдэг ойлголтыг дэлхий 1886 онд баталгаажуулжээ. Утга зохиол, урлагийн ажлыг хамгаалах тухай Бернийн конвенц эл онд батлагдсан байх юм. Манай улс тус конвенцод 1997 онд нэгдэн орсон бол 1993 онд өөрсдийн Зохиогчийн эрхийн тухай хуулиа баталсан.

Манай улсын мөрдөж буй хуулиар зохиогчийн эрхийг ёсны ба эдийн засгийн гэж хоёр хувааж үзнэ. Ёсны гэдэгт бүтээлдээ өөрийн нэрийг дурдуулах, эсвэл зохиомол нууц нэр ашиглах зэрэг орж байна. Харин Эдийн засгийг гэдэгт бүтээлээ хуулбарлуулах, түрээслүүлэх зэрэг ойлголтыг багтааж буй. Мөн зохиогчийн эрхийг тухайн зохиогч нас барснаас хойш 50 жилийн турш хүчин төгөлдөр байна гэж заасан.

Яг тодруулбал, энэ тухай харилцааг:

  • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль
  • Патентын тухай хууль
  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль гэсэн гурван хуулиар зохицуулж ирсэн байдаг.

Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Ингээд нийт дөрөв болно. Оюуны өмчийн тухай хууль батлагдсанаар бусад гурван хуулийн заалтуудаар давхардаж, тодорхойгүй байдал, хуулийн цоорхой үүсдэг байсан асуудал байхгүй болно гэж албаны хүмүүс баярлаж байсан. Иргэдэд очих боломж нь ч их. Зохиогч бүтээлээ Оюуны өмчийн газарт барьж ирээд бүртгүүлчихсэн л бол түүнийгээ даатгуулах, тэр бүү хэл барьцаалан зээлдэх боломжтой болж байгаа.

ГОЛ ХУУЛЬ НЬ ҮЕЭ ӨНГӨРӨӨЖЭЭ

Харин яг зохиогчийн эрхийг хамгаалдаг хууль нь тэртээ 1993 оноос хойш дорвитой өөрчлөлт хийгдэлгүй явж ирсэн нь хамгийн харалган. Дээр дурдсанчлан, цаг хугацаа урагшилж, техник технологи хөгжихийн хэрээр зохиогчийн эрхийг хамгаалах тухай асуудал улам л ярвигтай, төвөгтэй болж байгаа. Дэлхий нийтээр цахим орчин дахь оюуны хулгайтай тэмцэж чадахгүй л байна. Ийм нөхцөлд манай улс 1993 оны хуулиар яваад байж болохгүй юм.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2017 онд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль хөрсөн дээрээ хэр хэрэгжиж буйг судалж үзсэн байдаг. Ингэхэд уг судалгаанд оролцогчдын 95.9 хувь нь эл хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзжээ.

Яг энэ салбарт ажилладаг хүмүүсээс анкетын судалгаа авч үзэхэд оролцогчид 100 хувь “Энэ хууль зохиогчийн эрхийг бүрэн хангаж чаддаггүй” гэж хариулсан байна. Харин 99 хувь нь “Хуулийн заалтууд зорилгодоо хүрч чаддаггүй”, 97 хувь нь “Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага хуулиа барьж, хангалттай ажиллаж чаддаггүй” гэж хариулсан нь энэ хуулийг өөрчлөх-хэрэгжүүлэх шаардлага маш хурцаар тавигдсаныг харуулж буй.

Түүнчлэн зохиогчийн эрхийн зөрчил гаргасан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ гэдэг асуудлыг сөхөж харах хэрэгтэй. Хэрэв тохирсон чанд хариуцлага хүлээдэг болбол зөрчил гарах нь тодорхой хувиар багасна. Гэтэл зохиогчийн эрхтэй холбогдох шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэг:

  • 2006 онд гурав
  • 2007 онд гурав
  • 2008 онд нэг
  • 2009 онд хоёр
  • 2010 онд тэг
  • 2011 онд дөрөв
  • 2012 онд нэг
  • 2013 онд дөрөв
  • 2014 онд тэг
  • 2015 онд гурав
  • 2016 онд нэг байна. Өөрөөр хэлбэл жилд дунджаар хоёр л хэрэг шийдвэрлэгддэг аж.

Уран бүтээлчдийн хувьд,

“Иргэн, эрүүгийн шүүхээр явах гэвч хуулийн байгууллагууд тоодоггүй, мөн хэдий хэр хохирол учирснаа бодитой нотолж чаддаггүй”

“Иргэний шүүхээр явахаар эрүү үүсэхгүй учраас тухайн хүн хэдэн хувийг, хэдэн жил хэвлээд зарж борлуулснаа хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр би нэхэж буй мөнгөө үндэслэлтэй болгож, шүүхээр тогтоолгох боломжгүй байдаг” гэхчлэн ярьдаг юм байна.

Дээрх тоо бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн дата мэдээлэл. Харин эрүүнийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн энэ төрлийн хэрэг 2017 оны байдлаар, 2006 оноос хойш нэг ч байхгүй байгаа юм.

Иймд уг хуулиар зохиогчийн эрх зөрчигчдөд хариуцлага хүлээлгэж чаддаггүйг харлаа. Зохиогчийн бодит хохирлыг тогтоож чаддаггүй нь ч ойлгогдож байна. Энэ хууль эрх зүйн орчныг өөрчлөхгүй бол цахим орчинд оюуны хулгай явагдсаар л байх болно.

ЦАХИМ ОРЧИН: ЗОХИОГЧИЙН ЭРХ ХАМГИЙН ИХ ЗӨРЧИГДДӨГ ГАЗАР

Ялангуяа сүүлийн үед хуурамч домэйн нэр бүхий сайтууд оюуны хөдөлмөрийг шууд хуулж тавих хэлбэрээр уншилт авч, ашиг болж буй нь нэг том асуудал болоод байна. Олон нийтийн хувьд “Энэ хуурамч сайт байна” хэмээн ялгаж хараад, дарж орохоос татгалздаг хандлага үүсэх өдий төдий хол. Тэдгээр сайтууд нь MN доменгүй тул дотоодод бүртгэлгүй, гадаадад сервертэй байгаа нөхцөлд оюуны хулгай хийж буй үйлдэлтэй нь тэмцэхэд хүндрэлтэй болж ирдэг аж.

Яг энэ тал дээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа,

“Цаашид сайтуудыг хянаж байдаг байнгын тогтолцоогоо бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд байнгын мониторинг хийсний үндсэн дээр зөрчил гаргасан сайтыг хаадаг байх хэрэгтэй. Мөн домен нэрийн ашиглалтыг хуульчлахгүй бол цахим орчинд хууль бусаар кино, дуу хөгжим хуулбарлах явдал тасрахгүй байна. Жишээлбэл кино хуулбарладаг нэг сайтыг хаалаа гэж бодоход маргааш, нөгөөдөр нь домен нэрээ өөрчлөөд дахин ажиллаж эхэлдэг. Домен нэрийг бүртгэх хэд хэдэн арга байдаг л даа. Тухайлбал регистрийн дугаараар бүртгэх, гар утасны дугаараар бүртгэх эсвэл   нэвтрэх эрхийг хязгаарлах, блоклох зэрэг хэд хэдэн аргыг ашиглаж болно. Яахав гадаадын сервертэй домен нэр ашиглах юм бол хаахад хүндрэлтэй бол Монголдоо сервер нь байдаг домен нэрт хяналт тавихад хялбар байдаг.

Ерөнхийдөө цэг MN-тэй холбоотой зохицуулалтыг хуульд тусгана гэсэн үг. com, оrg болон бусад олон улсын өргөтгөлтэй нэрийг олон улсын журмаар зохицуулна. Одоогоор Үндэсний дата төв дээр домен нэрийн бүртгэл явагддаг ч бүртгэлийн хууль байхгүй учраас олон төрлийн зөрчил гараад байгаа юм. Тиймээс домен нэрийг бүртгэхдээ хэн ямар үүрэгтэй оролцох юм, иргэн хуулийн этгээд домен нэр авах гэж байгаа бол ямар шалгуураар өгөх зэргийг зохицуулах боломжтой болно.

Ер нь цахим орчин дахь гэмт хэрэг, залилан луйвар нь гагцхүү домен нэртэй холбогдож байгаа учраас үүнийг хуульчлах шаардлагатай гэж үзээд байгаа юм. Төрийн байгууллага ямар оролцоотой байх юм, яаж хяналт тавих юм бэ гэдгийг тодорхой болгох бөгөөд одоогийн нөхцөлд домен нэрээр хөөгөөд хариуцлага тооцох боломж тун хомс байгаа юм” гэж ярьжээ.

Гол нь оюуны хулгай ихээр хийгдэж буй нөхцөлд оюуны салбарт ажилладаг хүмүүс бүтээлээрээ ашиг олж амьдрах бараг л боломжгүй болчихож байгаа юм. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад зохиогч бүтээлээрээ амьдрах боломжийг хууль эрх зүйн орчноор ч, олон нийтийн ойлголт ухамсраар ч бий болгож өгсөн байдаг. Тэнд оюуны хүмүүс нь хэзээ ч лааз өшиглөхгүй. Иймд хууль эрх зүйн орчноос гадна эргээд нийтлэлийн эхэнд дурдсан олон нийтийн ойлголт, ёс зүйн асуудлыг ч заавал ярих хэрэгтэй болж ирдэг.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үүгээр хууль дутуугаа нөхөх олон зүйл заалтуудаар баяжиж байна. Одоогоор мөрдөгдөж буй хууль 32 зүйлтэй бол уг шинэчилсэн найруулга 58 зүйлтэй болсон.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн барьсан юм. Өөрөөр хэлбэл шинэ Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн өдөр гэсэн үг. Хуулиудынхаа уялдаа холбоог бататгаж, зөрүүтэй хэсгүүдийг өөрчлөх чиглэлд илүүтэй ажилласан дүр зурагтай.

Зохиогчийн эрх зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг гурван заалтаар л зохицуулдаг байсан бол шинэчилэн найруулгад уг агуулга гурван нүүр дамнаж байгаа нь сайшаалтай. Тус хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдрөөр эл сэдвийг хөндөж нэг санууллаа. Яг холбогдох хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж буй үетэй давхцаж байгаа онцлогтой байна. Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэхтэй зэрэгцээд олон нийтийн оюуны өмчийг дээдлэх тухай ойлголт ч дээшлэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button