ТОДРУУЛГА: Нурах гэж буй барилгын краныг угсарсан компани Улаанбаатараас Хөвсгөлд очжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт баригдаж буй 14 давхрын барилгын краны сум унаж, кран нурах аюултай нөхцөл байдал /05.17-ны өдрийн 20:40 цагт/ үүссэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой Комисс, Онцгой байдлын газрын албан хаагчид газар дээр нь ажиллаж, 15-р байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг байрнаас түр нүүлгэн шилжүүлжээ. Улмаар 60 метрийн тойрогт Цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авсан байна.
Бид тус аймгийн шуурхай штабын дарга М.Хуягбаатартай холбогдож, тодруулахад "Уг барилгыг "Мөрөн битон" ХХК барьж, гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар краныг угсарсан компани Улаанбаатараас ирсэн. Кран 44-45 метр өндөртэй. 20-30 тонн жинтэй учир өргөх хүчин чадалтай өндөр кран Хөвсгөл аймагт байхгүй. Энэ краныг буулгахын тулд адил өндөртэй кран авчрах шаардлагатай байгаа юм. Барилгын компани Орхон аймгаас кран авч ирэхээр ярьж байх шиг байна. Ирчих байх.
Өнгөрсөн шөнө МХЕГ-аас өгсөн заавар зөвлөгөөний хамгаалалтуудыг хийсэн. Их хүчтэй салхи гарахгүй бол одоохондоо аюулгүй. Одоо цаг агаар тогтуун байна. 10 минутын зайтай салхины хурдны мэдээг аваад байгаа" хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.