Нийгмийн

Резидент эмч нарыг цалинжуулахаар ирэх оны төсөвт 18 тэрбум төгрөг суулгажээ

Дэлхий нийтэд Ковид-19 халдвар гарсантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдсэн. Манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Ковид-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд резидент эмч нарыг дайчлан ажлуулж байгаа юм. Халдварын үед үндсэн мэргэшлийн сургалтад 1992 резидент эмч суралцаж байгаагаас дайчилгаанд 1251 эмч ажиллаж буй аж.

Өнгөрсөн хугацаанд тусгаарлан ажиглах байранд дайчлагдан ажиллаж буй 741 резидент эмчид 380 сая төгрөгийн цалин, 86 сая төгрөгийн урамшууллыг олгосон байна. Мөн Засгийн газрын шийдвэрээр энэ долоо хоногт тусгаарлах байранд ажилласан резидент эмч нарт урамшуулал болгон тус бүр 800 мянган төгрөг,  шинжилгээ авах цэгүүдэд ажилласан 192 резидент эмч нарт зохих урамшуулалыг олгохоор болжээ. 

Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу ирэх оны буюу 2021 оны төсөвт резидент эмч нарыг тогтмол цалинжуулах 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгаж өгчээ.

Ингэснээр резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар буюу сард 791,500 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм. Түүнчлэн НДШ-ийг тасралтгүй төлөөд явах боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь резидент эмч нарын хувьд тэтгэмжтэй суралцаж байгаа гээд 240 мянган төгрөгийг авч, НДШ төлдөггүй байсан юм. 

Резидент эмч нар тогтмол цалинтай болсноор сургалтын болон тухайн эмчийн нийгмийн байдал сайжирч, хариуцлага нэмэгдэн үндсэн мэргэшлийн сургалт олон улсын түвшинд хүрэхэд нэг том алхам болох юм. Эрүүл мэндийн яам, ЭМХТ-өөс “Резидент эмчдээ баярлалаа” талархлын аянг эхлүүлж, тэднийг тогтмол цалин урамшуулалтай болгох асуудлыг ирэх оны төсөвт суулгасан юм.

Резидент эмч нарын хувьд өнөөдрийг хүртэл 40 гаруй тусгаарлалтын байранд томилгоогоор 741 резидент эмч дайчлагдан ажилласнаас 133 нь хоёр удаа, зургаа  нь гурван удаа давтан ажиллаж байна. Эдгээр резидент эмч нарын дотор гэр бүлийн хосууд ч хэд, хэд байгаа байгаа аж.

МЭМХТ-өөс резидент эмч нараа хамгаалах хувцас, хэрэгслээр тасралтгүй ханган, энэ сарын 01-ний байдлаар 700 сая төгрөгийн нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өгч,  дархлаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг олгожээ.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button