НИЙГЭМ

НМХГ: Эмнэлгүүдийн хоолны хэмжээ хоногийн нормоосоо бага байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.09.27/ төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцууллаа.

ЭМИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА НЬ ДУУССАН ДОЛООН ЭМИЙГ ЭМЧИЛГЭЭНДЭЭ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ЗӨРЧИЛ ГУРВАН ДЭЛГҮҮРЭЭС ИЛЭРСЭН

Энэ тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас:

“Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар үүсгэгчийн эмэнд тэсвэржилтийн байдал, тархвар судлалын дүн шинжилгээ хийх ёстой байдаг. Харин энэхүү шинжилгээг хийдэггүй тухай зөрчил нийт  шалгасан эмнэлгүүдийн 21 хувьд нь илэрсэн. Мөн эмчилгээний хоолны хэмжээ хоногийн физиологийн нормын хэрэгцээнээс 0.9-6 дахин бага гэсэн зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Өргөө амаржих, Хүрээ амаржих, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, Баянзүрх эмнэлэг гэх мэт газруудад ийм зөрчил илэрсэн. Энэ хяналтын ажлаар гурван эмнэлэгт эм хадгалалтын горим зөрчигдсөн, үйлдвэрлэгчийн заалтын хэмд хадгалах нөхцөл бүрдээгүй ажиллаж байсан. Мөн гурван дэлгүүрт эмийн хүчинтэй хугацаа нь дууссан долоон нэрийн эмийг эмчилгээндээ хэрэглэж байсан зөрчил дутагдал илэрсэн.

"Нийслэлийн түргэн тусламжийн төв”-д гэрээгээр хийгдсэн анхан болон хоёрдогч савалгаанд үйлдвэрлэгчийн нэр тодорхойгүй, дагалдах анализ сертификатгүй болон савалгааны нэр зөрүүтэй, чанарын баталгаажилтгүй гэх мэт зөрчил илэрсэн. Нийлүүлсэн компани нь “Чонгол” трейд байсан. Тухайн шаардлага хангахгүй биллийг бид буцааж татан авалт хийж, хууль бус орлого болох 2 сая 195 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан байгаа” хэмээн ярьсан юм.

ЗАРИМ ТӨРЛИЙН ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙН ҮНИЙГ ЗАРЛАСАН БОСГО ХЭМЖЭЭНЭЭС 17 ХУВЬ ХЭТРҮҮЛСЭН БАЙНА

Эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн хяналтын чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын дүнгийн тухай Хөдөлмөр нийгэм хамгаалалтын тусгай хяналтын хэлтсийн дарга н.Баттөгс:

“Өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн нэршилд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталдаг. Тухайн хэрэгслийн үнийн 75 хувийг тус сангаас, 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлөх хуулийн зохицуулалттай байна.

Энэ жил Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан тогтоолын төлбөрийн дээд хэмжээнээс зарим төрлийн эмнэлгийн хэрэгслүүдийг зарласан босго хэмжээнээс 17 хувь хэтрүүлсэн зөрчлүүд илэрсэн. Тухайлбар, Хавдар судлалын үндэсний төв өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийн тендер худалдан авахаас 31 төрлийн хэрэгсэл, Гэмтэл согог судлалын төвд 11 хэрэгсэл, Нэгдүгээр эмнэлэгт 26, Улсын гуравдугаар эмнэлэгт 23 гэсэн зөрчлүүдийг илрүүлсэн.

Энэхүү үнийн дээд хязгаарыг 2018 оноос хойш шинэчлэн тогтоогдоогүй. Эмнэлгүүд зарласан босго хэмжээнээс хэтрүүлэх нь эргээд иргэдээс гаргах мөнгийг ихэсгэж буй сөрөг талтай байна” хэмээв.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button