НИЙГЭМНийгэм ярилцлагаУРЛАГ

С.Анххүслэн: Галд нүүрээ шатааж, шилэнд зүсэгдэхдээ бус хүмүүсийн хандлагаас шантарч байсан

Монгол дахь экстрийм үзүүлбэрийг шинэ түвшинд хүргэж, эрсдэлтэй үзүүлбэрээр үзэгчээ сэртхийлгэдэг циркчин, Веб мултимедиа хөгжүүлэгч С.Анххүслэнтэй ярилцлаа.

-Монголчууд таныг олон шоу нэвтрүүлгээс харж өөрсдийнхөөрөө тодорхойлж байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Сонгуулийн Анххүслэн гэдэг. 25 настай. Экстрийм үзүүлбэр үзүүлдэг. Веб мултимедиа хөгжүүлэгч мэргэжлээр сурч төгссөн. Хөдөө орон нутагтаа буюу Говьсүмбэр аймгийн Нийтийн номын санд программистаар ажиллаж байгаа. Хот газар амьдрахаас илүү эрүүл амьдралын хэв маягтайгаар цэвэр агаарт, амар тайван амьдрахыг хүсдэг залуу байна.

-Экстийм үзүүлбэр гэж юуг хэлдэг юм бол?

-Дотроо олон төрөл байдаг. Шүдээрээ машин чирнэ, Биеэр дээгүүрээ машин гаргах, шил идэх, хамар болон ам руугаа дэгээ төмөр оруулж гогцоолдоод хүн татах зэрэг аюултай үзүүлбэрүүдийг хэлдэг гэж ойлгож болно. Миний хувьд эдгээр төрлүүдийг бүгдийг нь хийдэг.

-Хэр хугацаанд энэ төрлөөр хичээллээж байгаа вэ, анх хэзээ эхэлсэн бэ?

-Би Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгссөн. Урлагийн үзлэгээр чөлөөт номер зарлахад багшдаа “Би аргална” гээд хэлчихсэн байсан. 2016 оны анхны "Авьяаслаг Монголчууд" шоугаар Мөнхсайхан ах шил идэх үзүүлбэр үзүүлсэн. Тэрийг хараад “Ямар гоё юм бэ, сурна аа” гэж бодсон. Тэр үед шилэн дээр хэвтээд, хадаасан дээр хэвтэж, бие дээрээ хутга унагаалгасан. Мөн галт үзүүлбэр үзүүлж, биен дээгүүрээ гал явуулсан байдаг. Тэгээд хамгийн өндөр оноо авч, урлагийн үзлэгийн чөлөөт номероор түрүүлж байсан. Тэр нь их урам өгч эхлэхэд том түлхэц болж байсан. Тэр цагаас хойш долоо дахь жилдээ хичээллэж байна.

Би арван жилдээ "Жанчин Чойр" гэх бүжгийн хамтлагтай байсан. Тэндээс циркийн урлаг руу бид орсон байдаг. Баагий гэх хамтлагийн найз маань нэг жил циркээсээ ирээд бид нарт гал үлээхийг зааж өгч байсан. Манай найз өөрөө циркийн номыг нь үзээд сурчихсан хүн учраас анх маш болгоомжтой, эрсдэлгүйгээр гал үлээж байсан юм. Тэгээд гал үлээж эхэлснээс хойш экстрийм салбар руу эргэлт буцалтгүй орж байсан.

-Монголд экстийм үзүүлбэр үзүүлдэг хэчнээн хүн байдаг юм бэ?

-Миний мэдэхээр таван хүн байдаг. Бүгд ерөнхий элементүүдээ хийдэг. Харин миний хийж байгаа хамар ам руугаа дэгээ төмөр хийх үзүүлбэрийг хийж байгаа хүн байхгүй.

Дэгээний арал дахь ховилд гинж хийж, татдаг.

-40-60 настныхан галзуу солиотой гэж хүлээж авдаг залуус дэмжиж байгаа-


-Монголдоо анхдагч гэж байна шүү дээ. Тэгэхээр хүнээр заалгахгүй өөрөө сурсан гэж ойлгох уу?

- Өмнө нь "To be or Not to be" шоунд оролцож байхад шүдээрээ 2.5 тонн машин чирч байсан. Бас машин дээгүүрээ гаргах үзүүлбэр үзүүлж байсан. Тэгээд "Авьяаслаг Монголчууд" шоунд ороход “Өөр шоунд үзүүлсэн үзүүлбэрээ үзүүлж болохгүй” гэсэн л дээ. Тиймээс шоундаа шинэ номер үзүүлэх хэрэгтэй болсон юм. Тэгээд youtube сувгаар хайгууж хийж байгаад дэгээ төмрийг хамар амаараа оруулж гаргах үзүүлбэрийг үзүүлье гэж шийдсэн. Тэгээд санаанд багтсан бол заяанд багтана гэдэг шиг л санаад багтсан.

Хийж сурахын тулд орой бүр бэлтгэлээ хийнэ. Олон шөнийг төмөртэйгөө ноцолдож өнгөрүүлсэн. Эхлээд өөрөө хөнгөн цагаан төмрөөр хийж, асуултын тэмдэг хэлбэрт оруулсан. Хамрын нүх тулна, ханыг нь зурна. Яг яахаар буруудаад байна гэдгээ сайн чагнасан учраас амжилттай хийж чадсан.

-Өнгөрсөн долоон жилд бэртэл гэмтэл хэр хэмжээнд авч байсан бэ?

-Байлгүй яахав. Бид нар галт үзүүлбэр үзүүлэхэд гар хуруугаа дандаа л түлдэг. Шилэн дээр хэвтэхэд нуруугаа бас зүсдэг. Гэхдээ энэ зэрэгтээ дасчихсан. Угаасаа л эрсдэлтэй, аюултай үзүүлбэр шүү дээ. Жижиг гэмтэл авч байснаас бүр том хэмжээнд гэмтэж үзээгүй.

-Хүн эрсдэлгүйгээр эрүүл байхын тулд нэг сар дасгал хөдөлгөөн хийнэ гэхэд л шантардаг тал бий. Гэтэл долоон жил багагүй хугацаа санагдлаа. Шантарч байв уу?

-Хүмүүс ойлгохгүй, хүлээж авахгүй байгаад урам хугарч, бага зэрэг шантрах гээд байдаг.Бусдаар бол хийж байгаа зүйл минь ямар аюултай юм, яагаад нэг туршаад гарт орохгүй байгаа юм гэдгээс үүдэж шантарч байгаагүй. Гадаадынхан ийм зүйл хийхээр ямар мундаг юм бэ гэж хүлээж авдаг хэр нь монгол залуус үүнийг хийхээр гаж донтон болчихдог.

Сүүлд миний үзүүлбэрийн бичлэгийг “Asian Got Talent” пэйж хуудастаа байршуулсан байна лээ. Түүний сэтгэгдлийг дандаа л гаднынхан бичсэн болов уу гээд ороод сонирхож харсан юм. Гэтэл нийт сэтгэгдлийнх нь 90 гаруй хувь нь Монголчууд сөрөг байдлаар бичсэн байв. Тэр орой хямарч, шантрах өнгө аястай болсон. Гэхдээ хүн яг үнэн сэтгэлээсээ дуртай учраас шантраагүй. Хүмүүс галзуу солиотой гэж их хэлдэг учраас тэр орой өөрийгөө “Нээрээ би галзуу солиотой юм болов уу” гэж хүртэл бодож үзэж байгаа юм.

Нэг зүйлийг анзаарсан нь үүнд насны бүлэг байсан. Тэгж хэлж, хүний урам зоригийг мохоох гэдэг хүмүүс ач зээтэй болоод намба суусан насны хүмүүс байдаг. 45-аас 60 насныхан байдаг. Харин залуус бол маш эергээр хүлээж авдаг. Сонин байна, содон байна гэж хэлдэг. Гэхдээ одоо ч нээх тоохоо больсон. Угаасаа л хүмүүс ингэж байдаг даа. Миний дотор ямар оч ассан байгааг тэд харах биш дээ гэж боддог.

-Үзүүлбэрээ дэлхийн хамгийн том тайзан дээр үзүүлэх зорилготой-


-Биеэрээ ядрахаас илүү хүн сэтгэлээрээ ядардаг шүү дээ. Хүмүүс хүлээж авахгүй байсаар байтал энэ зүйлээ орхичихгүй байгаагийн шалтгаан юу вэ?

-Энэ бас нэг циркийн жүжигчний мэргэжил шүү дээ. Мэргэжлийн ангиллын л үзүүлбэр.

Дуучид бүжигчид Монголд олон бий. Гэтэл ийм экстрийм үзүүлбэр үзүүлдэг хүн гарын таван хуруунд байдаг. Тэр дундаасаа хамгийн шинэ содон үзүүлбэрийг нь хийгээд явж байгаа нь илүү сонирхолтой. Хүний хийж чадахгүй гэж айдаг зүйлийг нь хийж чадаж байгаадаа бахдал төрдөг. Өөртөө үе шат тавиад түүнийгээ давах мэдрэмж, өөрийгөө ялсан мэдрэмжид нь дуртай. Өөрийгөө улам илүү нэг шат ахиулж байгаагаа мэдэрдэг.

-Эрсдэлээ хэрхэн тооцдог вэ?

-Хүн яг өөрийнхөө биеийг мэддэг, мэдэрдэг шүү дээ. Би ингэвэл ингэнэ, тэдэн км газар гүйхэд би ядарна гэдэг шүү дээ. Тэрэнтэй адилхан тооцоолол хийдэг. Би энийг хийвэл ийм эрсдэл  авч магадгүй гэдгээ тооцдог. Миний хамраас амархан цус гардаг даа, миний арьс маш нимгэн дээ гэх мэтээр өрийгөө оношилоно. Би цус харж чаддаггүй дээ гэх зэргээр бодож байж хийнэ.

Хоолой руугаа сэлэм хийдэг үзүүлбэр байдаг. Тэрийг сэтгэл зүйгээрээ чадахгүй гээд итгэсэн учраас өнөөдрийг хүртэл чадаагүй, оролдоогүй хэвээрээ л байна. Анх сурж байхад хоолойгоо зүсдэг гэдгийг нь хүн хэлж өгч байсан юм.

-Монголд дахь экстрийм үзүүлбэрийн хөгжлийг хэр түвшинд байна гэж дүгнэдэг вэ?

-Экстриймчид нь цөөн болохоос дэлхийн экстриймчдийн хийдгийг ихэнхийг нь хийдэг шүү. Хамгийн гол нь бид бэлэн болсон. Дэлхийн түвшинд хүрсэн нь үзэгчид нь ойлгож, хүлээж авах хүмүүс нь бэлэн болоогүй байна.

Экстрийм үзүүлэлтийг цөөн хүнд ойроос үзүүлбэл хамгийн ойлгомжтой гоё харагддаг. Харин холоос харвал юу хийж байгаа нь ойлгогдохгүй. Хамартаа хийж байгаа хадаас дэгээний учир нь тайлагдаж харагдахгүй.

-Таны экстрийм талбар дахь зорилго юу вэ?

-Хамгийн том зорилго бол Монголдоо экстрийм урлагийг дээд түвшинд нь тулган хөгжүүлэхийг зорьж байгаа. "Хоро" шоу гэж гаднын улсуудад болдог. Энэ Монголд болдоггүй л дээ. Энэ шоу болдог хамгийн том тайзан дээр үзүүлбэрээ үзүүлдэг болохыг хүсдэг. Учир нь тэнд үүнийг ойлгодог хүмүүс цугладаг. Тийм тайзнаас үзүүлэх, тэнд гарах хүртлээ өөрийгөө хөгжүүлэх гэж ойлгож болно.

-Дэлхийд хэр олон хүн экстрийм салбарт байна вэ?

-Миний хийдэг дэгээ төмөртэй үзүүлбэр үзүүлдэг хүнийг 4-5 байхыг л харж байсан. Тэмцээн уралдаан, шоунд оролцож байгаа хүмүүсээс л энэ тоогоо баримжаалаад байгаа юм.

-Энэ бол мэдрэмж, эв, зориг, сэтгэл зүй, тэсвэр тэвчээр-


-Экстриймээс эрсдэлд орж байсан тохиолдол байдаг болов уу?

-Маш их. Хоолой руугаа сэлэм хийж байгаад улаан хоолойгоо зүссэн тохиолдол байдаг. Манай Мөнхсайхан ах надад ярьж байсан юм. Хоолой руугаа хүчлээд оруултал нэг л сонин болоод байсан гэсэн. Тэгээд яаралтай гэмтэл явахад улаан хоолойгоо цоолсон оноштойгоор долоо хоног хоол идэж чадаагүй дандаа өндөг уусан гэдэг.

Харин миний хувьд гал үлээх бүртээ л түлэгдэж байдаг. Нэг удаа нүүрээ шатааж байсан. ШУТИС-ийн тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж байсан юм. Тэр үед үлээж байсан бодис маань зориулалтын бус байсан учраас галаа бадраахын тулд агаарт тургисан. Гэтэл амны эргэн тойронд өнөөх бодис битүү болж байгаа юм. Тэгээд нүүрэн дээр гал асчихсан. Маш тайван байгаа мэтээр, юу ч болоогүй мэтээр нүүрний галаа унтраахаар дарсан. Нэг дараад унтраагүй. Хоёр дараад унтраагүй. Тэр үед галд шатаж байгаа хүн шатаж байхдаа яагаад ийшээ тийшээ гүйгээд байдгийг нь ойлгосон. Би хоёр удаа нүүрэн дээрээ галаа унтраахаар оролдоод одоо ганхан оролдоод унтрахгүй бол гүйе ээ л гэж бодогдсон. Зүгээр л хаашаа ч хамаагүй гүйнэ гэж бодсон шүү. Тэгээд тайзнаасаа ёсолж буугаад ороод хартал гал ассан хэсгүүд түлэгдээд цэврүү үсэрчихсэн байсан.

-Энэ эв байдаг уу, техник үү?

-Тэсэх үедээ тэснэ. Эвээр оруулах үедээ оруулна. Ер нь бол мэдрэмж, эв, хүний биеийн онцлог, зориг, сэтгэл зүй, тэсвэр тэвчээр бүгд шаарддаг.

Энэ зүйлгүйгээр шууд хийх, сэтгэл хөдлөлөөр чаддаг зүйл огт биш.

-Урлаг гэж явдаг уу, спортын төрөл үү. Аль ангилалд нь багтдаг юм бэ?

-Аюултай үзүүлбэр гэдэг утгаараа урлаг гэж явдаг. Дуучин, бүжигчдийн үзүүлбэрийг үзээд урлагийн таашаал авдаг. Ямар гоё хоолойтой, ямар гоё бүжиглэдэг, ямар сайн дүрдээ орж байна аа гэдэг шүү дээ. Түүнтэй адил бидний хийдэг зүйл тайзан дээрээс өдөр бүр хараад байдаггүй, аваад байдаггүй мэдрэмжийг төрүүлдэг. Зарим хүмүүс аймшгийн мэдрэмжид дуртай, зарим хүмүүс уясах, уярах мэдрэмжид дуртай гээд өөр өөр байдаг шүү дээ.

-Хүмүүс хэн нэгний зааваргүйгээр даган дуурайх нь хэр зэрэг эрсдэлтэй вэ?

-Хүүхдүүд даган дуурайх гээд байдаг. Тэгж сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Хажуудаа хүнгүйгээр хийж огт болохгүй. Мэргэжлийн хүнтэйгээ уулзаж заалгаад, эв, техникээ мэдэж авах хэрэгтэй. Заалгаж, аюулгүй байдлаа маш сайн хангаарай л гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 23, 2024 09:34

АМЖИЛТ ЗАЛУУ ЭНЭ УРЛАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ӨӨРИЙН ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙГАА ДҮҮ ЧИ МУНДАГ ЧИ ЧАДНАА ЗӨВХӨН УРАГШАА ХАРИН ШАНТАРЧ БОЛОХГҮЙ ЭНЭ МОНГОЛД ШИНЭ СОРГОГ УЧРААС ХӨГШИН ДУХНУУД ХУЦАЛДАНА ТЭД ЖАВЬЖЛАХААС ӨӨР ЮУ Ч ЧАДАХГҮЙД Л АСУУДЛЫН ГОЛ НЬ БАЙГАА ЮМ

Зочин
Зочин
3 сар 23, 2024 12:42

Хөөрхөн юмаа ???? Мөрөөдөлдөө хүрээрэй. Үргэлж дэмжинэ ээ

Зочин
Зочин
3 сар 24, 2024 11:20

Хүүхэд з�##�уус дуурайгаад чадахгүй байж ноцтой гэмтэл бэртэл авб�##� хэцүү л юм. Ядаж нийгэмд бу�####�д сайн муу ямар үлгэр дуурайл болж байгаагаа өөрөө мэдэж байгаа гэж найдаж байна. Одоо өөрт чинь мэдэгдэхгүй байгаа ч нас ахихаар сөрөг нөлөө өвчин гарч ирж зовно доо. Ядаж хүүхдүүдэд битгий гэртээ дуурайгаарай, аюултай шүү гэж анхааруулж байгаарай. Бу�####�д хор болохгүй л бол яахав гэхээс дээ. Хэн ч гэсэн хүүхдээ эвдэж бэртээхийг хүсэхгүй ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button