Нийгэм мэдээ

Байр суурь: Автобусанд суурилуулсан интернэт ажиллахгүй байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi-ийг суурилуулаад буй. Гэтэл тухайн интернэтийг ашиглах үед бусад төхөөрөмж, автобусны хянах дэлгэцэд доголдол гарч буй талаар жолоочид шүүмжилж байна. Бид автобусанд суурилуулсан интернэт болон цаг үеийн асуудалтай холбоотой нийтийн тээврийн автобусны жолооч нарын байр суурийг хүргэж байна.

Өдрийн 11.30 цагийн орчимд Төв талбайн урд байрлах автобусны буудалд 20 орчим хүн автобус хүлээн зогсоно. Удалгүй автобус ч ирж, гартаа автобусны карт атгасан хүмүүс урагш алхлаа.

-Нийтийн тээврийн тавдугаар баазын жолооч Ууганбаатар: Тухайн интернэтийг ашиглах үед бусад төхөөрөмж гацаж байна-

-Сайн байна уу. Та хэдэн жил автобус жолоодож байна?

-Сайн. Би Офицер-Таван шар чиглэлийн автобусны жолоочоор 10 гаруй жил ажиллаж байна. Өдрийн найман цагийг яг энэ жолоог атгаад өнгөрөөнө шүү дээ.

-Таны жолоодож буй энэ автобусанд интернэт суурилуулсан уу. Хэвийн ажиллаж байна уу?
-Манай автобусанд өндөр хурдны интернэт саяхан суурилуулсан. Тухайн интернэтийг ашиглах үед бусад төхөөрөмж гацах тохиолдол гарч байна. Гэхдээ заримдаа хэвийн ажиллаж байгаа харагддаг. Сүлжээ булаацалдсанаас болж л саатал үүсэж байгаа байх гэж бодож байна.

-Нийтийн тээврийн жолооч хийхэд ямар бэрхшээл тулгарч байна?
-Түгжрээд зогсож байхад зорчигчдын зүгээс буудал бус газар бууж суухыг хүсэх нь их төвөгтэй байдаг.

Хүмүүс бидний ажлыг амархан гэж ярьдаг. Яг үнэндээ тийм биш шүү дээ. Нийгмийн бүх давхаргын, янз бүрийн харилцаатай хүмүүс сууна. Загнах, загнуулах бол наад захын л асуудал.

Миний хувьд өмнө нь дан автобус жолооддог байсан бол одоо шинэчлэгдсэн давхар автобус жолооддог болсон. Давхар автобусны хувьд ойролцоогоор 19 метр. Жолоочийн сохор бүс гэж бий. Арын чиргүүлээ сайн анзаарч явахгүй бол осол гарах магадлал өндөр.

Мөн хувийн тэрэгтэй жолоочид урт автобусны эргэлтэд саад учруулах тохиолдол элбэг. Эргэлтээс гадна автобусны буудал дээр машинаа байрлуулдаг, автобусны эгнээгээр зорчих, мөн автобус буудлаасаа гарах гэхэд зам тавьж өгөхгүй байх зэргээр саад учруулж байна. Миний хувьд давхар автобус жолоодож эхэлснээс хойш эрсдэл гарах вий хэмээн эмзэглэдэг болсон.

-Автобусанд суурилуулсан камераар нэгдүгээр эгнээ буюу автобусны эгнээнд зорчиж буй машинуудыг торгох боломжтой болсон шүү дээ

-Нэгдүгээр эгнээнд явж буй машинуудын зургийг дарж илгээх товч автобусны хянах дэлгэцэд байдаг болсон. Зарим жолоочид идэвхтэй зураг илгээж байгаа гэж ярьж байсан. Миний хувьд нэгдүгээр эгнээгээр явж буй машинуудын зургийг дараад илгээж чадахгүй л байна. Би тэдэнтэй л адилхан жолооч шүү дээ.

-Нийт зорчигчдод хандаж?

-Зорчигчид автобусанд орж ирээд цүнх дараад л зогсчихдог. Уг нь картаа цэнэглээд, орж ирэхээсээ өмнө гартаа ойр байлгамаар байна. Мөн элдэв маргаан гаргахгүй, соёлтой зорчих тал дээр анхаарах нь чухал байна.

-Нийтийн тээврийн нэгдүгээр баазын жолооч Эрдэнэбаатар: Намайг залуу жолооч байх үед автобус дохио өгсөн тохиолдолд шууд зогсоод зам тавьж өгдөг байсан-


-Сайн байна уу. Та хэдэн жил автобус жолоодож байна?

-Миний хувьд автобусны жолоочоор ажиллаад 22 жил болж буй. Үе үеийн бүхий л төрлийн автобус жолоодсон гэсэн үг.

-Нийтийн тээврийн жолооч хийхэд ямар бэрхшээл тулгарч байна?
-Хүндрэлтэй зүйлсийг тоочоод баршгүй шүү дээ. Яг одоо цагт тулгараад буй бэрхшээл гэвэл энэ түгжрэлийн асуудал. Эгнээ байр сэлгэхтэй холбоотой жижиг тэрэгний осол их гарч байгаатай холбоотой саатал үүсчихдэг. Энэ үед зорчигчид буух суухтай холбоотойгоор маргаан гаргах нь бий. Энэ наад захын л асуудал.

Намайг залуу жолооч байх үед автобус дохио өгсөн тохиолдолд шууд зогсоод л урдуураа оруулдаг байлаа шүү дээ. Одоо цагт жижиг тэрэг автобусанд зам тавьж өгөхөө больчихож.

-Таны жолоодож буй энэ автобусанд интернэт суурилуулсан уу. Хэвийн ажиллаж байна уу?

-Манай автобусанд суурилагдсан. Гэхдээ ашиглах гэхээр гацаад ордоггүй тул аргаа барахдаа өөрийн датагаараа интернэт орж байна. Яг одоо нэвтрэх үйлдэл хийж үзэхэд орохгүй л байгаа нь харагдаж байна шүү дээ.

-Автобусанд суурилуулсан камераар нэгдүгээр эгнээ буюу автобусны эгнээнд зорчиж буй машинуудыг торгох боломжтой болсон шүү дээ

-Торгох боломж үүссэн. Гэхдээ би зураг илгээдэггүй. Тэгж хүний мууг үзээд яах вэ дээ. Ер нь ганц надаар ч дутахгүй биз. Гудамж талбайд байрлаж буй камераар торгож л байгаа шүү дээ.

-Нийтийн тээврийн хоёрдугаар баазын жолооч: Өнөөдөр л гэхэд зам хаасантай холбоотой түгжрэл эрчимжлээ-

-Сайн байна уу. Та хэдэн жил автобус жолоодож байна. Автобусны жолоочоор ажиллахад ямар бэрхшээл тулгарч байна?

-Сайн. Автобус жолоодож эхлээд найм орчим жил өнгөрч байна. Ихэвчлэн шинээр орж ирж буй механик тэрэг надад оногддог. Хамгийн том бэрхшээл бол түгжрэл. Өнөөдөр л гэхэд зам хаасантай холбоотой түгжрэл эрчимжлээ. Толгойтой болгон машинтай байна шүү дээ. Аргагүй биз.

-Автобусанд суурилуулсан камераар нэгдүгээр эгнээ буюу автобусны эгнээнд зорчиж буй машинуудыг торгох боломжтой болсон. Та хэр оролцоотой байна?

-Камер суурилуулсан. Би энэ тал дээр оролцоотой байдаг. Дүрэм зөрчиж л байгаа учраас торгуулахаа мэддэг, үүссэн зөрчилд хариуцлага хүлээх л хэрэгтэй шүү дээ.

-Таны жолоодож буй энэ автобусанд интернэт суурилуулсан уу. Хэвийн ажиллаж байна уу?

-Суурилуулсан. Гэхдээ алдаатай санагдаж байна. Миний ажигласнаар “Төв талбай”, “Цэцэг төв”-ийн орчимд интернэт гацах, орохгүй саатах тохиолдол байсан. Магадгүй олон хүн энэ орчинд интернэт хэрэглэдэгтэй холбоотой байж мэднэ. Интернэт сүлжээ унах үед U-money апп уншихгүй байх, бусад төхөөрөмжид саатал учирдаг.

-Нийт зорчигчдод болон бусад жолооч нарт хандаж юу гэж хэлмээр байна?

-Хэдэн зуун хүн энэ тээврийн хэрэгслээр зорчиж ажил хичээлдээ амждаг шүү дээ. Тиймээс жаахан соёлтой л замын хөдөлгөөнд оролцмоор байна. Мөн нэгдүгээр эгнээг зогсоолын зориулалттай ашиглах байдлаа зогсоох хэрэгтэй.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Улаанбаатар
Улаанбаатар
10 сар 16, 2024 14:49

Дүрэм зөрчсөн буруу үйлдэлд нүдээ аниад явдаг жолооч нар байна. Эргэн тойрондоо болж байгаа бүх буруу үйлдлийг тас цохиж эсэргүүцэж байж Монгол орон түгжрээнээс гарна шүү

Зочин
Зочин
10 сар 16, 2024 18:48

нямбаатар аа наад автобусны интернет болон төхөөрөмжөө даруй засаж тохируулаачээ,худ�##� хуурмаг нүд хуурсан мөнгө луйвардсан угаасан үйл хийж ажил хийсэн болж харагдахаа болиочээ

Зочин
Зочин
10 сар 16, 2024 21:12

Ажлаа хийхгүй зураг илгээхгүй байж болохгүй. Би л дарга байсан бол ийм жолоочийг ха лна. Автобусны бууд�##� дээр зогсохоо байта л нь торгох хэрэгтэй. Ядаж автобус ирж байхыг хараад холдож болно. Тэгдэггүй.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 21:15

Автобусны wifi бүү ашигла. Өөр олон нийтийн газрын интөрнөт ашиглахгүй байх нь өөрт чинь тустай. учир нь нэг сүлжээнд орчихвол таны утсанд х�##�дахад амархан.

Холбоотой мэдээ

Back to top button