Говьд 1800 модыг 100 хувь ургуулж, ₮9 саяын урамшуулал авах болзол хангажээ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэн Д.Жамсран сумын төвдөө хайлаас, заг, сухай гэсэн гурван төрлийн 1800 ширхэг мод тарьжээ. Ингэснээр тэр тухайлан заасан байршилд зүлэг, мод тарьж ургуулсны урамшуулалд 9 сая төгрөг авах юм.
Д.Жамсранг 50Х50 хэмжээтэй эл газар мод тарихыг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэ Монгол” компани санаачилж, дэмжжээ. Өөрөөр хэлбэл мод тарих газар, суулгац, тоног төхөөрөмж гээд шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлсэн байна. Цаашид тэрбээр говь хээрийн бүс нутаг, газрын хөрсөнд яв цав тохирох мод болон жимсний модыг ургуулах зорилготой болжээ.
Тус суманд алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Эрдэнэмонгол” компани байгаль орчныг хамгаалах, Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд орон нутгийн иргэдийг татан оролцуулж, заасан талбайд мод тариалах бүхий л боломжоор хангаж, тарьсан модных нь амьдрах чадвараар урамшуулал олгоно. Энэ хүрээнд 2024 онд Шинэжинст сумын иргэдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа нь ийнхүү үр дүнгээ өгч эхэллээ.
Үүнээс гадна тэд мазаалайн гол тэжээл болох бажууна болон говьд ургадаг ховор ургамал болох заг зэргийг тарималжуулж, төслийн талбай орчим 2 га газрыг ургамал үржүүлгийн талбайг болгожээ. Тарилт анхныхаа үр дүнд хүрч энэ намар нэлээд хэмжээний үр нөөцөлж авсан байна.
“Эрдэнэ монгол” компани мазаалайг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулж сүүлийн хоёр жилийн хугацаанд нэлээдгүй хэмжээний санхүүжилтээр хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж, мазаалайн бэлчээр нутагт тэжээлийн савуудыг байршуулж ичээнээс нь гарах үеэр тэжээл хүргэж өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
900сая байхө
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэн Жамсран дүүгийн мод тарих сайн үйлсийн ажилд амжилт хүсье.
Гэр бүл ах дүүгээрээ эрүүл энх байхыг ерөөе