Казахстан улсын ураны талбар дээрх алдаа, оноо юу байв
Казахстан улс ураны тал дээр манай улсаас алхам илүү урд яваа. Энэ улсын туршлагаас суралцах, алдаа онооноос нь харж энэ салбарт шинэ тоглогч болж гарч ирэх боломж бидний урд байна. 1996 оноос уранаа хөдөлгөж, томоохон ордууд дээрээ гадны компаниудыг оруулж ирсэн Казахстаны хувьд өдгөө цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн цахилгаан станц барих асуудлыг хөндөж буй.
Гадны компаниуд Казахстаны ураны талбарт орж ирэхэд олон нийтийн эсэргүүцэл угтав
Казахстанд өнөөдөр Өмнөд хэсгийн Инкай, Буденовское, Мынкудук зэрэг 7 орд, хойд хэсгийн Камышовое, Семизбай зэрэг 4 орд, Алматын бүсийн хоёр орд, Мангистаускийн бүсийн нэг орд, Акмолинкая бүсийн нэг орд гээд нийт 19 орд дээр ураны олборлолт явуулж байна.
Канадын Камеко болон Францын Орано майнинг буюу хуучнаар Арева компани дэлхий дээр ураны нөөцөөр тэргүүлэх талбарт анх орж ирж байсан юм. Ерөнхийдөө үүнээс өмнө Казахстаны хувьд хуучнаар Зөвлөлтийн Атомын энергийн яамны бодлого дор ажиллаж, нийт 9 ордоос 70 мянга гаруй тонн ураны хүдэр олборлож, ашиглуулж байсан түүхтэй. Гэхдээ энэ нь тус улсын эдийн засгийн орчинд эргэлдэх бус улс төрийн зориулалтаар ашиглагддаг байсан аж.
Олон жил дотоодоо бус алсаас хянах улс төрийн шийдвэр дор ашиглагдаж байсан ураныг чөлөөт зах зээл рүү татаж, өөрийн улсынхаа эдийн засгийн эргэлтэд оруулах гараагаа дотоодын “Казатомпром” эхлүүлж, мөн гадны томоохон компаниуд орж ирэх нь мэдээж бүс нутгийн төдийгүй олон нийтийн дургүйцлийг хүргэж, эсэргүүцэлтэй тулав. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын өмнө тулгардаг асуудлуудын тэргүүн эгнээнд иргэд, олон нийтийн тэмцэл байх нь гарцаагүй. Арева компанийн хувьд Казахстаны хэд хэдэн бүсэд уран олборлох голлох уурхайнууд дээр ажиллаж байсан бөгөөд орон нутгийн иргэдийн зүгээс анхлан урантай холбоотой мэдээллүүд дутмаг, зөвхөн аюултай нөхцөл байдлын талаарх ойлголтууд л угтав.
Орон нутгийн иргэдийн оролцоогүй эхлэл алдаа болов
Эхний орд дээр олборлолтын процесс тийм ч сайн байсангүй. Их хэмжээний олборлолт нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж эхэлсэн бөгөөд хөрс, ус, агаарын бохирдол цацрагийн асуудал дагуулсан. Байгаль орчны хяналтыг муу хийсэн нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Учир нь орон нутгийн зарим иргэд яг олборлолтын голомтод амьдарч байсан бөгөөд цацрагийн түвшин хэтэрч, иргэдийн эрүүл мэндийн байдал ноцтой зөрчигджээ.
Орон нутгийн иргэдтэй ойлголцолд хүрэхээсээ өмнө бие даасан шийдвэрүүдийг гаргах байдлаар ажилласан нь багагүй шүүмжлэл дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулсан бөгөөд экологийн орчныг сайжруулах тал дээр алдаа гаргаж, иргэдийн амьдралын чанарт энэ нь нөлөөлсөн юм. Харилцан зөвшилцөлгүй, мэдээлэл хангалтгүй байснаас болж компанийн үйл ажиллагааг зогсоохдоо тулав. Мөн ажлын байранд гадны мэргэжилтнүүдийг олноор авч, энэ нь орон нутгийн иргэдэд боломж үүсгээгүйгээс гадна ажлын байран дээр цалингийн зөрүүтэй байдалд засаглалын түвшний маргаан үүсэхэд хүргэсэн байна. Иргэдтэй бус орон нутгийн засаг захиргаатай шууд байдлаар харилцаа үүсгэсэн нь иргэдийн оролцоог хязгаарлахад хүргэсэн хэмээх шүүмжлэлийг ч мөн хүртэв.
Уран олборлолтын бүх процессийг ил тод байлгах ёстойг хүлээн зөвшөөрөв
Эхний алдаанаасаа суралцах байдал руу хурдтай маневарлахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна. Учир нь Казахстан зөвлөлтийн үеийн хамаарлаас шууд гарч, ураны зах зээл дээр томоохон тоглогч болох хэтийн зорилго тавьсан учир алдаагаа засахгүйгээр дараа дараагийн ордууд дээр олборлолт, боловсруулалтын ажил явуулна гэдэг худлаа. Иймээс менежменттэйгээр орон нутгийн усны бохирдлыг багасгах, хаягдлын асуудал, экологийн мониторингийг сайжруулах зэрэг хэд хэдэн аргуудыг даруй туршиж эхэлсэн юм. Засгийн газрын түвшинд хууль эрх зүйн орчинг нь илүү сайн, хатуу зохицуулалттай болгох, байгаль орчны нөхөн сэргээлт, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг боловсруулах тал дээр нягт оролцоотой байв.
Орон нутгийн иргэд мэдээллээр бүрэн дүүрэн хангагдаагүй цагт харилцан ойлголцолд хүрч чадахгүйг гадны компаниуд бүрэн ухамсарласан юм. Ингээд орон нутгийн иргэдийг тогтмол мэдээллээр хангах, олборлолт болон боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд оролцуулах шийдвэрийг харилцан гаргасан байна. Иргэдийн зүгээс мэдээлэлтэй болсныхоо дараа ажлын байртай болгох, тогтмол сургалтуудад хамруулж эхэлсэн бөгөөд нэгэнт олон талын мэдээлэлтэй болсон иргэд олон нийт хяналтын оролцоогоо улам нэмэгдүүлж эхэлсэн.
Мөн орон нутаг руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг компаниас үе шаттайгаар хэрэгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, орон нутгийн дэд бүтэц рүү чиглэсэн голлох шийдвэрүүдийг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэж эхэлсэн байна. Уран олборлолтын процесс өөрөө эрүүл мэнд, экологийн эрсдэлтэй гэсэн иргэдийн санал бодлыг тусган авч байгаль орчны үнэлгээг хийхдээ иргэдийн оролцоог нэмэгдүүлж эхэлжээ. Ингэснээр орон нутгийн иргэдийн зүгээс компанийн үйл ажиллагааны процесст өөрсдөө оролцохоос гадна, шийдвэр гаргалтуудад хяналтаа тавиад явах боломж бүрдсэн байна.
Казахстан улс уран олборлолтын ямар арга технологийг хэрэгжүүлэв
Open-pit Mining буюу ил уурхайн арга нь газар доорхи ураны нөөцийг тодорхойлох түгээмэл хэлбэр бөгөөд газрын гадаргуу дээр үйл ажиллагаа нь ил өрнөж байдаг. Энэ аргад өрөмдлөг, тэсэлгээ ухалт, тээвэрлэлт зэрэг ил уурхайн бүхий л процессууд ордог байна.
ISL буюу газар доор уусган олборлох аргыг уран олборлоход шалгарсан арга хэмээн салбарынхан нь үздэг. Уул уурхайд голчлон дээр дурдсан тэсэлгээ, өрөмдлөг, бутлагын арга ашигладаг бөгөөд эдгээр аргуудаас байгаль экологид хор нөлөө багатай технологи гэгддэг. Энэ нь уусгагч шингэн ашиглан цооног руу шахаж, шингэн чулуулаг дахь ураныг уусгах замаар олболрлодог. Ураныг өөртөө уусгасан шингэнийг олборлох цооногоор дамжуулан гадарга руу соруулан гаргаж, гарч ирсэн ураныг уусмалаас салгаж, баяжмал болгох процессоор явна. Ил харагдахгүй олборлолтын арга учир тоос бохирдолгүй, ус болон эрчим хүчний хэрэглээ уул уурхайн бусад төрлийн аргуудыг бодвол 4 дахин бага байдаг. Газар доор уусган олборлох аргын хамгийн чухал давуу тал нь хөрс болон ус, орчныг бохирдуулахгүйгээр олборлолт хийдгээрээ онцлог бөгөөд Казахстан өнөөдөр энэ технологийг ашигладаг.
Монгол Улс цаашид уран олборлох тал дээр Казахстан улстай туршлага солилцоно хэмээн яригдаж буй. Сүүлийн хориод жил алдаатай, оноотой явж буй тус улсын туршлагаас харахад манай улс ураны төслөө ул суурьгүй хүчлэн зүтгүүлэлгүйгээр хууль эрх зүйн орчноо сайжруулахаас эхлэх ёстойг харуулж байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
франц гээчийг мурих хэрэгтэй, Африкийн зовж тарчилсан,шулуулж , луйвардуулсан Ард Олны Өшөөг авах хэрэгтэй.
Ямар ч үед уранаар бүү оролд.Ирээдүй хойч үеээ бод.