Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТОЙМ: М.Энхболдыг огцруулахаас эхлээд “Эцэг хууль”-даа гар хүрсэн жил өнгөрөв

EGUUR.MN сайт 2019 онд улстөр, эдийн засгийн хүрээнд өрнөсөн зарим онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

-ЭРХ БАРИГЧ МАН ЭЦЭГ ХУУЛЬД “ГАР ХҮРЭВ”-

Үндсэн хуулиа баталсны дараа эрх баригчид...

Арваннэгдүгээр сарын дундуур эрх баригч МАН-ынхан өөрсдийнхөө эрх ашгийн төлөө маш дорвитой хөдөлсөөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан билээ. Хэлэлцүүлэг нь нилээдгүй олон сар сунжирсан ч, батлахдаа 2020 оны улсын төвөвтэй хоёрхон өдрийн дотор “пижигнүүлээд” ЭЦЭГ хуульдаа “гар хүрсэн” юм.

Ямартай ч, чичирсээр батласан Үндсэн хуулийн нэмэлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш УИХ  таван сарын турш тасралтгүй хэлэлцэж, 2019 онд завсарлагагүй ажилласан гэх. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба тав дахиа өөрчлөн баталсан түүхэн үйл явдал 2019 онд тохиолоо.

УИХ-ын нэр бүхий 62 гишүүн санаачлан өргөн мэдүүлж, гурван шатны хэлэлцүүлгээр оруулж, ийнхүү баталсан “Эцэг хууль”-ийг” чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцсэн гэсэн тооцоо гарсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг парламентад суудалтай, суудалгүй бүх намын төлөөлөлтэй хэлэлцэж, зөвшилцсөн ч яг батлахдаа МАН-ын 61, ШИНЭ намын 2 гишүүн гар өргөн баталсан. Гурав дахь хэлэлцүүлгийн үеэр эрх баригч МАН, МАХН-ын ганц гишүүн О.Баасанхүү болон АН-ын оруулж ирсэн саналыг “ар хударгадсан”. УИХ дахь АН-ын зөвлөл өөрсдийнх нь санал болгосон гурван асуудлыг дэмжээгүй тул хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч мөн хэлэлцүүлгийг орхисон билээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх юм.


2019 ОНД ХАМГИЙН ИХ ХҮЛЭЭЛТ ДАГУУЛСАН У.ХҮРЭЛСҮХ ЮУ АМЖУУЛАВ

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс 2019 онд олон нийт хамгийн их зүйлийг хүсч хүлээсэн. Тэрбээр нэг нам олонхи болсон үед засаг төрөө задалж, намаа ч, улсаа ч ШИНЭЧИЛНЭ гэсэн мессижийг 2018 онд маш хангалттай сайн өгсөн билээ.  Мэдээж, У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байх  хугацаанд газрын тосны үйлдвэрийн шав тавигдаж, бүтээн байгуулалт нь өрнөж эхэллээ. Энэ бол түүгээр овоглогдох гол бүтээн байгуулалт.

Мөнхүү  Нийслэлчүүдийн толгойны өвчин болж, маш их мөнгө төгрөг хаяад ч шийдэж чадаагүй утааны асуудлыг тэр эмхлэх зүг рүү нь орууллаа. Нийслэлд түүхий нүүрс оруулахгүй гэсэн шийдвэр гаргаж, шахмал түлшний үйлдвэрлэлийг эхлүүлэв. Тэнэг зоригтой хүний  барьж авах асуудлыг тэр шүүрсэн.  Үр дүнгээ ч өгч байна. Түүний тэргүүлсэн Засгийн газар шинээр бонд босгосонгүй, гадаад өрөө айхтар тэлсэнгүй, вальютын нөөцөө нэмэгдүүллээ.

Гэвч У.Хүрэлсүхийн “Намаа ч, төрөө ч шинэчилнэ” гэсэн гол товьёог биеллээ олов уу. Баялгийн тэгш бус хуваарилалтыг цэгцэлж, МАНАН бүлэглэлийг устган, улс орноо мандуулаад өгнө өө гэсэн амлалт нь юу болов. Цагаан суваргын ордыг ард түмний мэдэлд авна гэж чуулган дээр нэг орилоод, үндсэндээ чимээгүй боллоо. Цаашлаад төрийн албаны бугшсан, хүнд суртал, авлига сэлт буурсангүй. Улам ч гаарч, хувийн хэвшлүүд 10 хувь өгч тендерт шалгардаг байдал хэвийн л үзэгдэл боллоо.

МАН-ын шинэчлэгдэх асуудал ч мартагдав. 60 тэрбумын хянагч гэгддэг Ц.Сандуйг шоронд суулгаж, намын гишүүнчлэлээс ганц нэг хүнийг хассаныг эс тооцвол МАН байрандаа л байна. Тэд шинэчлэгдээгүй бас урагшлаагүй. У.Хүрэлсүхийн ойр тойрны эрхмүүд НАМЗХ, НАМЭХ, намын хороодын удирдлагыг авч, багаа бүрдүүлснийг эс тооцвол урьдын саарал байшинтай эрх баригч хэвээрээ л байна.


-М.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГЫН СУУДЛААС БУУЛГАСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗГХЭГ-ЫН ДАРГА БОЛОВ-

2018 оны сүүл, 2019 оны эхээр МАН доторх тулаан нилээдгүй ширүүссэн үе байв. Шударга ёсыг тогтоох, 60 тэрбумыг унагах гэсэн лоозонгууд хөвөрсөн улс төрийн сериалд Л.Оюун-Эрдэнэ гол дүр бүтээсэн. Харин хохирогчийн дүрд М.Энхболд таарчихсан.

Улмаар Л.Оюун-Эрдэнэ ЗГЭХГ-ын дарга болоогүй байхдаа Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нартай нийлэн, өөрсдийгөө “шударга тав” хэмээн нэрийдэж явах үедээ М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахаар тэмцэж байв. Тэд жагсаал цуглаан, хэл ам хийж, улс төрийн акц явуулсны эцэст он гаруут буюу 2019 оны нэгдүгээр сарын сүүлээр М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь татан унагасан юм.

М.Энхболдын хувьд 2016 оны сонгуулиар МАН парламентад 65 суудал авснаар УИХ-ын даргын сэнтийд заларч байлаа. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш М.Энхболд руу хандсан дайралтаа хийх болсон юм.

УИХ-ын даргаа татан буулгах саналыг тэр Ерөнхий сайдаас хүлээн авч, ажил хэрэг болгосон гэж тухайн үед хэвлэлүүд онцолж байсан. Улмаар энэ зүтгэлийнхээ “ачаар” парламентын 40  гишүүний дэмжлэгийг хүртэж, ЗГХЭГ-ын даргын суудлаар шагнуулсан ч гэдэг. Харин ЗГХЭГ-ыг тухайн үед “толгойлж” байсан Г.Занданшатар УИХ-ын дарга болов.

М.Энхболдыг огцруулах үеэр “тэмцэгч тав”-ыг дагаж УИХ-ын даргын өрөөнд орсон иргэдийн төлөөлөл хутга барьж дайрсан гэх асуудал өдгөө ч намжаагүй байна. Тодруулбал, “ДМНН” ТББ-ийн Д.Дашийн биеэс хутга гарсан гараагүй гэх асуудал ч бүрэн дүүрэн нотлогдоогүй байна. Харин энэ тухай “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг Өдрийн сонины өнөөдрийн /2019.12.17/ дугаарт ярилцлага өгөхдөө “УИХ-ын даргын өрөөний үүдэнд очоод дахиад нэгжүүлэхэд Д.Дашийн халааснаас байлдааны тактикал эвхдэг хутга гарч ирсэн. Түүнийг би нүдээрээ харж байсан” хэмээн ярьсан байдаг юм.


ЭРДЭНЭТ: Ш.БАТХҮҮГИЙН  40 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРИЙГ ХААЖ , 2.2 ИХ НАЯДЫН ЗӨРЧИЛТЭЙ ҮЙЛДВЭРИЙГ ТӨР “ВАЖУМЖУУЛАВ”

“Саалийн ганц үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр 2019 онд адал явдлаар дүүрэн байлаа. Улсын төсөв бүрдүүлэх гол ачааг нуруундаа үүрч явдаг “Эрдэнэт” үйлдвэр 2019 онд Ш.Батхүүгийн лай, ланчигтай өрөөс салав. Уг өрийг  үйлдвэрийн Эрсдлийн сангаас хаасан бөгөөд Ш.Батхүүгийн тарьсан балагаас  болж, “Эрдэнэт”-ээс нийт 40 сая ам.доллар, 37.8 тэрбум төгрөг /энэ талаарх ЛИНК / гарсан юм.

Мөнхүү маш хачирхалтай байдлаар Таванбогд группийн захирал Ц.Баатарсайханы худ н.Мөнхбаяр гэгдэх хүний “Ocean Partners” компани Ш.Батхүүгийн өрийг төлөх процессыг зуучилж, дараа нь трейдер компанийнхаа  гэрээг сунгасан байдаг. Уг асуудлыг улстөрийн хүрээнд ихэд нууцалсан /энэ талаарх  ЛИНК,ЛИНК/ хэдий ч анхлан Ш.Батхүүд зээл авахад мөн л эднийх зуучилж байсан түүх нь хардлага дагуулсаар үлдсэн билээ.

“Эрдэнэт”-ийг 20019 онд ТӨҮГ болгож, улмаар Засгийн газраас онцгой дэглэм тогтоосноор тус үйлдвэр битүү, вакум хэлбэрт бүрэн оров. Шалгалтаар “Эрдэнэт”-ийг Х.Бадамсүрэн удирдах үед 2.2 их наяд төгрөгийн зөрчил /энэ талаарх  ЛИНК/ илэрсэн ч ямар ч хариуцлага тооцолгүй өнгөрөв. Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, орлогч асан Д.Эрдэнэцогт нар “Жарден” хотхоны 202, 302  тоот пентхаусуудыг 4.7 тэрбум төгрөгөөр авч, ашиглахгүйгээр нуусан явдал /Энэ талаарх ЛИНК /, Орхон аймгийн засаг дарга Л.Батлут албаны хэрэгцээндээ 560 сая төгрөгийн машин үйлдвэрээс гаргуулсан /Энэ талаарх ЛИНК/ баримтууд ил болсон юм.

Товчхондоо “Эрдэнэт” үйлдвэр хэт важум болсон хэдий ч олон улсад анхаарал татаж байсан том өрнөөсөө гарч, эдийн засгийн үзүүлэлтүүд нь харьцангуй эерэг  байлаа. Сонгуулийн өмнөх жил хэдхэн улстөрчдөөс хамааралтай байдалд орсон нь анхаарал татаж буй ч нөөцийн шинэ илрүүлэг хийсэн зэрэг эерэг сайхан мэдээллээр дүүрэн байв.


76 ГИШҮҮНИЙ АРАВ НЬ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАЖ, НЭГ НЬ ААВЫН ХААЛГА ТАТАВ

2016-2020 онд УИХ-д сонгогдсон 76 гишүүнээс 2019 онд нэг нь “аавын хаалга” татаж, долоо нь яллах тогтоол үйлдүүлж, хоёр нь яллах тогтоолоо хүчингүй болгоод байна. Үндсэндээ энэ парламентаас АРВАН ГИШҮҮН яллах тогтоол үйлдүүлэх хэмжээнд гэмт хэрэгт холбогджээ.Энэ нь өмнөх парламентад гарч байгаагүй жижиг юм.

Үйлдсэн хэргийн тухайд, нэг нь хүчин, ихэнх нь “жидүү”. МАН парламентад олонх болсон түүхэн хугацаандаа гишүүд нь улаан мах, хулгайн хэрэг, хүн амины хэргээр гэрчээр мэдүүлэг өгөх явцдаа худлаа “залсан”, эмэгтэй хүнд гар хүрсэн, албан тушаалын байдлаа давуулан ашигласан зэрэг үйлдлүүдээр яллагдагчаар татагдсан нь туйлын тоогүй.

ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар Б.Батзориг, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нар яллагдагчаар татагдсан. Үүнээс Б.Батзориг гишүүн хэргээ албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байна. Улмаар хүчиндсэн, хүчиндэхийг завдсан гэх хоёр удаагийн үйлдлээр Д.Гантулга “аавын хаалга” татав. Үүн дээр Д.Эрдэнэбат, Д.Мурат нар яллагдагчаар татагдсан ч хүчингүй болсон юм.

Үлдсэн гишүүдийн тухайд, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа 1463 га лицензийг ААН-д НӨХӨН ОЛГОВОРТ өгч, ТАВАН САЯАР өөрөө эргүүлэн худалдаж авсан /энэ талаарх ЛИНК/ талаарх баримтыг манай сайт анхлан сөхсөн. Уг асуудлаар түүнийг АТГ-аас шалгаж, яллах тогтоолыг нь баталсан байдаг. Харин Н.Номтойбаяр гишүүнийг Г.Батхүү агсны асуудлаар худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад байна.


ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БУРУУ ХИЙГДСЭНИЙГ УИХ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, РИО-ТИНТО ДИПЛОМАТ ХАРИУЛТ ӨГЧ ӨНГӨРӨӨХӨӨР ЗЭХЭВ

Оюутолгой гэх том сэдэв үе үеийн парламентын түвшинд яригдаж, улстөржих нэг сэдэв болсоор ирсэн. Гэвч энэ удаагийн парламент Оюутолгойн гэрээнүүдийг өөрчлөх ёстой юм байна. Тэр ч байтугай нөөцөө дахин тогтоож, ТЭЗҮ-гээ хийж хараад, асуудлыг нарийвчлан ярилцацгаая гэх саналаа хөрөнгө оруулагч талд албан ёсоор тавьж чадсанаараа онцлог юм.

Тодруулбал, УИХ-аас Оюутолгойн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ /2009/, хувь нийлүүлэгчдийн гэрээ /2011/-нүүдийг сайжруулах, энэ чиглэлд зөвлөх үйлчилгээ авах, Дубайн гэрээг сайжруулах,  нөөцөө тогтоох, ТЭЗҮ-г дахин хөндөх зэрэг чухал асуудлуудыг тусгаж, 92-р тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар хүлээнэ. Авууштай нь, Засгийн газар энэ асуудлаар  гаднаас зөвлөх баг авч, нэлээд нухацтай ажиллахаар болов. Харин хөрөнгө оруулагч талын тухайд УИХ-ын 92-р тогтоолыг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор илэрхийлсэн юм.

Гэхдээ “Гэрээнүүд хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ” гэж дурдсан юм. Энэ нь “Та хэд дотооддоо хууль дүрмээ гарга. Харин Хөрөнгө оруулалтын гэрээ бол олон улсынх. Яаж ч чадахгүй” гэх өнгө аяс агуулсныг илтгэж буйг бид өмнө нь мэдээлж байв.


-АВЛИГАЧ, АЛБАН ТУШААЛТНУУДЫГ НЭР ДЭВШИХИЙГ ХЯЗГААРЛАСАН СОНГУУЛИЙН ХУУЛЬ БАТЛАВ-

Өнгөрч буй 2019 ондоо хэд хэдэн томоохон хуулийн төслийг шинэчлэн баталсны нэг нь Сонгуулийн хууль байв. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг энэ сарын 20-ны өдөр баталсан юм.

Хуулийн төсөлд хамгийн чухал яригдаж байсан нэг сэдэв бол сонгуулийн тогтолцооны асуудал байв. Сонгуулийг 50+26 гэсэн тогтолцоогоор зохион байгуулахаар тусгасан байсныг хэлэлцүүлгийн явцад 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоо болгон өөрчилсөн юм.

Мөн эл хуульд нилээн хэдэн шинэ заалт оруулж ирснээрээ онцлогтой. Тухайлбал, Сэтгэцийн эмгэггүй хүн нэр дэвшинэ, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихгүй гэх мэт заалтууд орж ирсэн нь анхаарал татаж буй. Харин шинэчилсэн хуулиар иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг бүхий мэдээллийг намуудад өгөх бөгөөд гадаадад суугаа иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүй боллоо.

Энэ хуулийн 30.8 “Эрүүгийн хуульд заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэх заалт цоо шинээр орж батлагдав. Уг заалт эхнээсээ төсөлд байгаагүй Г.Аюурсайхан, О.Баасанхүү нар санаачлан оруулж ирсэн байдаг.

Энэ заалт яригдахад хамгийн их сандарч гүйсэн хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр юм. Тэрээр үнэгүй байр тараана, зээл тэглэнэ гэсэн амлалтуудыг ард түмний дунд өгч, ямар ч хамаагүй аргаар УИХ-д дахин гархаар зүтгэж яваа.

“Ял шийтгүүлж байсан бол” гэдэг үг орсон учир шийтгүүлж байсан хүмүүсийн ялын хугацаа дууссан ч НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ гэсэн үг юм. Тэгэхээр Н.Энхбаяр нарын ял шитйгүүлж байсан хүмүүст нийлээдгүй том тээг болж буй.

АВЛИГА болон АЛБАН ТУШААЛЫН гэмт хэрэгт холбогдож байсан гээд хуваавал нилээдгүй урт нэрсийн жагсаалт гарна. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ,  Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт гээд нэрс хөвөрнө.

Ямартай ч авлигачид, алан тушаалын хэрэгтнүүдийн нэр дэвших эрхийг хязгаарласан сонгуулийн хууль алдаа оноотойгоо батлагдсан. Ирэх оны УИХ-ын Сонгууль сонгогч олныг хүлээж байгаа билээ.


-УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.БАТХҮҮ ТӨРИЙН ОРДОНД ЦАГ БУСААР АМИА АЛДСАН ХЭРЭГ ГАРАВ-

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон байдаг.

Олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролцсон байна. Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон. Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас одоо хүртэл шалгаж буй.

Тухайн үед Ардчилсан намынхан Г.Батхүүг гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй гэх хэвлэлийн хурал хийсэн. Мөн талийгаач хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан гэдгийг хэлсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж, “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр ордонд хамтдаа алхаад явж байсан. Бид өмнөх парламентад цуг ажиллаж, мөн хамтдаа автоспорт сонирхдог. Хоёулаа ч автоспортын холбоотой юм. Тэрээр “Дүүгийн өрөө аль билээ” хэмээн надаас асууж, манай өрөөнд 10-15 минут саатсан” гэж ярьсан.

Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан гэдгээрээ тухайн үед хардагдаж байв. Харин одоо бол гэрчийн мэдүүлэг худал өгсөн гэх шалтгаанаар цагдаад байцаагдаж, шүүгдэж байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

П.УРНАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button