Хью Грант: Карьертаа сэтгэл хангалуун байх гол нууц бол бүтээж буй дүрдээ дуртай байх
Их Британийн алдарт жүжигчин Хью Грант “The Talks” сэтгүүлд өгч байсан ярилцлагыг орчуулж хүргэе. Алтан бөмбөрцөг болон “BATFA”-гийн шагналт тэрбээр “Notting Hill”, “Bridget Jones’ Diary”, “Love Actually” зэрэг кинонуудаараа алдартай. 2022 онд “Time Out” сэтгүүл түүнийг Их Британийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 жүжигчний жагсаалтдаа оруулсан билээ.
-Ноён Грант та энэ олон жил жүжиглэхдээ ямар төрлийн дүрд хамгийн их дуртай байсан бэ?
-Карьерийн эхэнд би бүх л төрлийн дүрд тоглож явсан хүн. Муу талын, эсвэл жаахан этгээд дүрүүдэд тоглосон. Тийм дүрүүдийг бүтээхэд хамгийн сонирхолтой байдаг. Би тэгж байгаад романтик кинонуудад их тоглох болсон. Тэр үед муу талын болон этгээд дүрүүдэд тоглохоо орхилгүй, ядаж л зэрэг тоглоод явсан бол гэж одоо боддог. Гэхдээ тэр имиж маань 2010 оноос хойш бараг бүр мөсөн замхарсан даа.
-Яагаад муу талын дүрүүд таалагддаг байсан юм бэ?
-Илүү хөгжилтэй байдаг. Жүжигчид ч ер нь муу дүрд дуртай. Үзэгчид ч бас тийм. Харин яагаад гэдэг нь сонин. Миний бодлоор, тэр талын муу хүн л бидний жинхэнэ дотоод “би”-г ил гаргадаг. Тэрийгээ мэдрэхээр хачирхалтай мэдрэмж, нэг төрлийн догдлол төрнө. Хүн ер нь дотроо муу шүү дээ. Дотроо бол догшин, хүйтэн, өөрийгөө бодсон, жаахан адгуус амьтан мэт. Харин сайн хүн гэдэг бол тэр бүгд дээр тавьсан соёл, ёс зүйн нимгэн бүрхүүл.
Тийм болохоор сайн дүр илүү төвөгтэй, сонирхол татах нь бага. Харин муу дүр бол аймшгийн кино үзэхтэй адил. Хүмүүс амьтны хүрээлэнд очоод аймшигтай аалз эсвэл могойг их сонирхож хардаг. Үүнтэй адил хүмүүс муу дүрүүдийг илүү сонирхдог. Романтик киноны дүр бол эсрэгээрээ. Нэг хэлбэрийн уйтгартай дүр болж харагдах аюултай.
-Романтик дүрүүдээ эргээд бодохоор танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би тэр кинонуудаа бараг үздэггүй. Гэхдээ одоо ч гэсэн тэр романтик киноны дүрүүдийг хүмүүс ярьж байгаад талархдаг. Яагаад одоо ч гэсэн хүмүүсийн анхаарлыг тэр дүрүүд татдаг талаар миний эхнэр нэг сонирхолтой онол гаргасан. “Love Actually”-г хүмүүс тэр киног нэг зүгээр нэг хөнгөн, хөгжилтэй кино гэж ярьдаг.
Гэхдээ үнэндээ тэр кино дээр гарч буй бүх бүх инээдэм, хошигнол нь зовлон зүдгүүрээ дарах нэг хэлбэрийг харуулж байгаа юм. Хайртай хүнээ алдах, хайртай үхэл хагацал тулгарах, сэтгэл зүйн асуудалтай болсон хүнийхээ хажууд байх гэх мэт хэцүү явдлууд. Тиймээс л тэр киног одоо ч гэсэн хүмүүс сонирхдог. Дотор нь нь жинтэй өнгө аяс байгаа учраас.

-Та одоо дүр сонгохдоо тийм дотоод өнгө аяс хайдаг болсон уу?
-Киноны зохиол, дүр, хамт ажиллах хүмүүс. Энэ гурван шаардлагыг зэрэг тааруулна гэдэг амаргүй. Тухайн дүрд үнэхээр амь, өнгө аяс нэмэх боломж харагдах ёстой. “Heretic”-ийн хувьд жишээлбэл миний бүтээсэн дүр зүгээр нэг номын хүн биш. Сэтгэл хөдлөм багш дүр байсан. “За энэ дүрийг бүтээх ч хөгжилтэй байх нь ээ” гэсэн бодол төрсөн.
Бас кино үзэгчдэд сонирхолтой байх уу гэдгийг шалгана. Эх зохиолыг уншихад нэг хуудаснаас нөгөө рүү үсрээд уншаад байвал болно. Тэр нь л гол шалгуур. “Heretic” кино л тийм байсан. Дараа нь хамтран ажиллах хүмүүсээ харна. Тэдний өмнө нь ажиллаж байсан бүтээлүүдийг үзнэ. Үзээд надад таалагдсан. “A24” студитэй ажиллах санаа ч бас таалагдсан. Тэд ажил хийх юу вэ гэдгийг мэддэг хүмүүс.
-“Heretic” кино таны нүүрний хөдөлгөөн, илэрхийлэл дээр их тулгуурласан. Танд тийм төрлийн жүжиглэлт таалагддаг уу?
-Үгүй ээ, би сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэхдээ хамгийн тухтай байдаг хүн. Харин дуу чимээгүй мөчүүдэд өөртөө тийм ч итгэлтэй биш болчихдог байсан. Гэхдээ одоо жаахан сайжирсан. Тэгж жүжиглэх амаргүй шүү дээ. Камер нүүр рүү чинь тулчихсан, нүүрний хувирлаа гаргахдаа ичих, бусдаас санаа зовохгүй байх хэцүү.
Гэхдээ энэ кинонд тоглохдоо жүжиглэх янз бүрийн арга хэрэглэж тайвширч чадсан. Камер тайван нүүрийг их хайрладаг. Хүн ч мөн адил. Нүүр чинь чангараад ирвэл үзэгчдэд ч эвгүй санагдана. Харин нүүр амарсан байвал хүмүүсийн анхаарлыг сайн талаараа татдаг.
-Та ямар ч дүрийг өөртөө тохирох өнгөтэй болгож хувиргаж чаддаг хүн шиг санагддаг
-Хувь хүнийхээ давуу тал болгоныг бүх дүр дээр авч орох нь чухал гэж би боддог. “Heretic”-т тоглох үедээ би бага ч гэсэн хошин хэв маяг оруулахыг хүссэн. Саяхан би “Bridget Jones”-ийн Даниел Кливертийн дүрийг дахин бүтээж эхэлсэн.
Тэр дүр надад таалагддаг. Би Даниелийн дүрийг бүтээхдээ дуртай. Ер нь карьертаа сэтгэл хангалуун байх гол нууц бол бүтээж буй дүрдээ дуртай байх. Сайн ч бай, муу ч бай, будилаантай дүр ч бай танд тааламжтай мэдрэмж өгөх ёстой.

-Та жүжигчин хүний хувьд хэрхэн дурсагдахыг хүсдэг вэ? Дүрүүдийн олон янз байдал уу?
-За байз, хүн нас барахдаа яг төрөхийн өмнөх шиг тэр оргүй хоосон руу ордог гэж найдаж байна. Төрөхийн өмнөх тэр хоосон, төгс харанхуйгаас бид огт айдаггүй шүү дээ. “Өө, аймаар юм, оргүй хоосон байсан” гэж хэн ч боддоггүй. Амьсгал хураасны дараах зүйл ч гэсэн оргүй хоосон байвал айх зүйл алга. Харин нас барсныхаа дараа үүлэн дээр гарч суучхаад, амьд байхдаа үзэн ядаж явсан хүмүүстэйгээ уулзана гэхээс айж байна. Тэр бол жинхэнэ там.
-Таны шулуун шударга зан үнэхээр таалагддаг шүү.
-Би ярилцлага өгчхөөд хэлсэн зүйлүүддээ их харамсах үе байдаг. Ярилцлага гарах үедээ бол гайгүй. Харин интернэт орчин тэр ярилцлагын инээд, өнгө аясыг нь угааж, уншилт авах л зүйл болгочихдог үед харамсдаг.
-Гэхдээ та одоо урьд урьдаасаа илүү хөгжилдөж, карьераа илүү ихээр таашааж байгаа юм шиг харагддаг.
-Би карьерынхаа энэ хэсэгт хамгийн их дуртай байгаа. Одоо хийж байгаа зүйлдээ бүрэн сэтгэл хангалуун байна.
Эх сурвалж: The Talks












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Muu dur hamgiin hetsuu ni shuu method actoruudiin huvid yalanguya