Улс төрийн мэдээ

Монгол Улс “цагаачлах эрсдэлтэй” жагсаалтаас хасагдаж, визийн барьцааг 15 мянган ам.доллароос бууруулж чадах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас визийн батлан даалтын бодлогоо улам чангаруулж, улмаар 2025 оны наймдугаар сард туршилтын хөтөлбөр танилцуулсан билээ. Энэ хүрээнд цагаачлалын асуудал болон хил нэвтрэх журмыг илүү чангатгах нь бодлогын нэг хэсэг болж буй.

Уг туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ Африк, Латин Америк, Азийн зарим бүс нутгийн нийт 38 улсын иргэдийг АНУ руу аяллын болон бизнесийн В1, В2 ангиллын виз мэдүүлэхдээ ихдээ 15 мянган ам.долларын буцаан олгогдох барьцаа төлөх шаардлагатай болсон.

Жагсаалтад анх 13 орон багтаж байсан боловч 2026 оны 1-р сараас 25 улсаар нэмэгдүүлж, 38 болгосон бол 3-р сард дахин 12 орноор нэмэгдүүлж, 50 орон болгож өргөжүүлэхдээ Монгол Улсыг мөн багтаасан юм.

Алжир, Ангол болон Тажикстан, Киргизстан, Замби зэрэг нийт 50 орныг жагсааж, эдгээр улсын иргэд нь АНУ-д цагаачлах өндөр эрсдэлтэй хэмээн үзсэн байдаг. Монгол Улс уг хатуу шаардлага бүхий жагсаалтад багтсанаар манай улсын иргэд АНУ руу виз мэдүүлэхдээ санхүүгийн нотолгоо, буцаж ирэх баталгаа, аяллын зорилго зэргээ илүү нарийн шалгуулна. Эдгээрт үндэслэн консулын ажилтан хэдий хэмжээний барьцаа байршуулах шаардлагатайг тодорхойлоно. Ингэж цагаачлах эрсдэлтэй түвшин рүү орсон бусад улсын жишгээс харвал манай улсын орлогын түвшин, ажилгүйдэл, гадаад шилжилт хөдөлгөөний байдал нь анхаарал татаж консулын эрсдлийн үнэлгээгээр иргэд нь эх орон руугаа буцах магадлал бага гэж үнэлэгдсэн байх талтай.

Уг асуудлын араас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар ажиллаж байгаа гэсэн ч өнөөг хэр визийн барьцааны хатуу нөхцөл буураагүй хэвээр.

Сургалтын визийн статус өөрчлөгдөж, улам чангарав

Энэ оны 9-р сараас хэрэгжих шинэ журмаар сургалтын визээр АНУ-д удаан хугацаанд байх боломжгүй болсон бөгөөд оюутан солилцооны визийн хүчинтэй хугацаа дөрвөн жилээс хэтрэхгүй байхаар тусгажээ. Мөн сэтгүүлчдийн визийг 240 хоног хүртэл багасгаж, БНХАУ-ын иргэдийн хувьд ердөө 90 хоногийн хугацаатай виз олгох аж.

Журмын дагуу суралцагч хичээлийн хөтөлбөрт хамрагдаж дууссан, төгссөнөөс хойш 30 хоногийн хугацаанд АНУ-ыг орхих ёстой гэжээ. Ингэснээр ажил хийх, нүүх, дараагийн визийн нөхцөл рүү шилжих хугацааг 2 дахин бууруулсан байна.

Түүнчлэн сошиал платформ дахь хаягуудын мэдээллүүдийг илүү нарийвчлан шалгадаг болж буй бөгөөд АНУ-д сурах хугацаандаа сургалтын статусаа алдахгүй байх шаардлагатай тулгарч буй юм.

Визийн барьцаа 15 мянган ам.доллар болгож өсгөсөн хатуу хөтөлбөр ирэх наймдугаар сард дуусна. Хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх эсэх болон зарим улс орнуудыг хасах, нэмэх асуудал энд яригдах юм. Харин энэ үед Монгол Улс дээрх “цагаачлах эрсдэлтэй” улс гэсэн жагсаалтаас хасагдаж чадах уу гэдэг нь салбарын сайд, Элчин сайдаас хамаарах боломжтой билээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улс орныхоо хөгжлийн төвшинг мэдсээр байж тэнэгтэж гадаадад ажиллаж байгаа гээд ард иргэдийнхээ мөнгийг урсгаж үр дүнгүй ажил хийх юм даа.хөөрхий.

Холбоотой мэдээ

Back to top button