Засгийн газар 3-р сард шатахууны гаалийн албан татварыг тэглэсэний үр дүн хаачив
Энэ оны 3-р сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд нэмэлт өөрчөллт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.
Ингэснээр шатахууны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт өгсөн гэсэн үг. Ерөнхий сайд Н.Учралд эрх мэдэл нь бий.
2018 оноос АИ 92, АИ 80 бензинийг онцгой албан татваргүй болгож, 2022 онд мөн УИХ-ын өргөн барьсан Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ, цогц төлөвлөгөөний хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын тав хүртэлх хувьд зохицуулалт хийх шийдвэр гаргасан юм.
Мөн л ялгаагүй гаалийн татварын зохицуулалт хийх эрхийг Засгийн газар өөр дээрээ авч байв. Энэ нь дизель түлшний онцгой албан татварыг шаардлагатай тохиолдолд Засгийн газар өөрөө зохицуулахаар болж байсан гэсэн үг.
2021 онд шатахуун импортлогч ААН-үүдэд нийт 290 тэрбумын зээл олгож байсан бөгөөд тухайн үед шатахууны үнэ нэмэгдэж, нөөц бүрдүүлэхэд дутагдсан хөрөнгийг нь ийн төрөөс гаргасан юм. Түүнчлэн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг нь Монголбанк шийдэх хүрээнд 400 гаруй тэрбум төгрөгийн асуудал хөндөгдөж байв. Өөрөөр хэлбэл шатахуун импортлогч ААН-үүдийн борлуулалтын үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр Засгийн газар олон арга хэмжээ авдаг ч эцэст нь иргэдийн гар дээр ирэх үнэ нэмэгдээд л таардаг.
Энэ удаад ч гэсэн шатахууны гаалийн татварыг тэглэх тогтоолыг батлуулсан ч урьдын адил араас нь шатахууны үнэ литр тутамдаа өсөөд зогсохгүй, иргэд шатахуун авахын тулд дугаарласаар байна.
Засгийн газар эрхээ эдэлсэн шигээ хариуцлагаа бас үүрэх ёстой.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.