АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ванс Трампаас зайгаа барьсан алхам дахиж хийв
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс Иран цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэхийн тулд цохилт өгөх шийдвэрийг өөрөө гаргах байсан эсэх талаар тодорхой хариулт өгөхөөс зайлсхийв. Ингэснээр тэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас бодлогын хувьд зайгаа барьсан алхам дахин хийлээ. Иранд цохилт өгөх нь зайлшгүй шаардлагатай байсан, дахин ийм шийдвэр гаргахад бэлэн гэж Ванс хэлэхийг Трамп уриалж байсан юм.
Ванс Трамптай хамт Цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийх үедээ тодорхой хариулт өгөхөөс бултжээ. Иранд цохилт өгөх шийдвэрийг Трамп өөрөө гаргасан гэдгийг онцолж, “Миний үүрэг бол АНУ-ын ерөнхийлөгчийг дэмжих явдал” гэж Ванс хэлсэн байна.
2028 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп дэвших боломжгүй. Вансын энэ хариулт Ираны дайны улмаас 2028 онд өрсөлдөх амбицтай тэрбээр улс төрийн хэцүүхэн нөхцөл байдалд орсныг харуулж байгаа юм.
Энэ сарын эхээр болсон Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам бут ниргүүлсэн. Түүхэн хэмжээний ялагдал хүлээсэн гол шалтгаан нь Ираны дайн гэж Ванс үзэж, АНУ-ыг дайныг зогсоохыг уриалсан билээ.
Тодруулбал тэрбээр “Бид ялагдсан шалтгаан бол дайн. Ерөнхийлөгч өөрөө өчигдөр орой ингэж хэлсэн. Дайн хийснээр ийм ялагдал хүлээсэн нь зөв байсан, ирэх зургаан жилийн хугацаанд Сенат дахь олонхоо алдах хэмжээний үнэ цэнтэй байсан гэж маргахыг хүсвэл марга. Ийм хэмжээний хохирол амсах нь зөв байсан гэж үзэж байгаагаа тайлбарла” хэмээн бичсэн юм.
Трамп Вансийн дүгнэлтэд сэтгэл дундуур биш байгаагаа илэрхийлсэн ч түүнийг нэг чухал зүйлийг орхисон гэж шүүмжилжээ. Ванс Иранд цохилт өгөх зайлшгүй шаардлагатай байсныг хүлээн зөвшөөрч, ийм нөхцөлд өөрөө ч гэсэн адил шийдвэр гаргах байсан гэдгийг хэлэх ёстой байсан аж.
2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахдаа Трамп амьжиргааны өртөг өндөр байгаа явдлыг шүүмжилж, бууруулах амлалт өгч гарч ирсэн. Гэвч тэр Израилын хүслээр Иранд цохилт өгч дайн эхлүүлснээрээ АНУ-аас гадна дэлхий даяар инфляц өсөж, шатахууны үнэ нэмэгдэхэд хүргэсэн дайн эхлүүлсэн билээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.