НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.

ҮЙЛДВЭРЛЭГЧ Л.Даваа: Хэрэглэгчийн эрэлтийг мэдэрч, хэрэгцээг хангахыг хичээдэг

Энэ удаагийн үйлдвэрлэгч буландаа “H&S” хэмээх цүнхний үйлдвэрийг танилцуулж байна. Тэд төр засгаас нэг ч удаа дэмжлэг тусламж авалгүй өөрсдийн уйгагүй хөдөлмөрөөр цех байгуулж хоёр ч газар цүнхээ борлуулах болжээ.

-Яагаад заавал цүнх үйлдвэрлэх болсон бэ? хийх санаагаа хэрхэн олсон вэ?

-Манай эгч Чехед савхин эдлэлийн үйлдвэрт ажиллаж байсан. Цүнх хийж байх үйл явцыг нь хараад охиндоо зургийг нь явуулж, тэрнээс санаа аваад “Ээжээ ер нь та оёж чадах юм чинь савхин цүнх хийе” гэж хэлсэн нь дэмжигдээд ажил хэрэг болж үйлдвэрээ байгуулсан. Тэр зурагнаас л үүдэлтэй. Гэрээрээ үйлдвэрлэж байгаад мөнгө босгоод өргөжүүлээд ажиллаж байна.

-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ? Нэлээдгүй мөнгө хэрэг болсон байх?

-Эхний ээлжинд аав, ээж, ах дүүтэйгээ нийлээд хөрөнгө босгоод санхүүгийнхээ асуудлыг шийдсэн. Өргөжихийн хэрээр мөнгөний хуримтлал бий болж үйлдвэр маань нэлээн тогтвортой ажиллаж байна.

-Хамаатнууд нийлээд үйлдвэр байгуулсан гэхээр их сонирхол татаж байна. Энэ хүмүүс дунд загварын чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн бий юу?

-Бүгд л өөр өөр мэргэжилтэй хүмүүс. Загварын мэргэжилтэй нэг ч хүн байхгүй. Манай эгч Л.Нордов социалист нийгмийн үед арьс ширний үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай. Тиймээс одоо цүнхээ оёдог. Эгчийн охин Б.Батцэцэг санхүүгийн мэргэжилтэй Хаан банканд ажилладаг хэдий ч бүх загваруудаа зохиож, эсгүүрээ хийдэг. Дүү Б.Батзориг ШТС-д албаны дарга хийдэг. Ажлынхаа зав зайгаар цүнхнийхээ материалуудаа татаж, хээ дардаг, би борлуулалтаа хариуцаад дэлгүүртээ зогсдог. Бүх зүйлсээ хамтарч, нэг сэтгэлээр хийдэг болохоор хэн хэндээ төвөггүй, урамтай ажилладаг. Би чадахгүй, мэдэхгүй гэж хойш суудаггүй арван жилийн хүүхэд байсан ч өөрийн чадах зүйлээр гэр бүлдээ тусалдаг.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

ТОДРУУЛГА: Иргэд анкетаа бөглөхдөө мессеж шиг галиглах, товчилж бичих алдаа гаргаж байна

Нийслэлийн Орон сууцны корпораци Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэл өчигдрийн /2019.07.22/ 17:00 цагаас эхлэн цахим хэлбэрээр эхэлсэн. Энэ жил анх удаа ийнхүү цахим хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд түрээсийн орон сууцанд хамрагдах, бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн анхаарах шаардлагатай зүйлсийн талаар Нийслэлийн орон сууцны корпорациас бид дараах тодруулгыг авлаа.

-Түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн ажил эхэлснээс хойш хэр их иргэд хандаж байна вэ?

-Түрээсийн сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд маш их байна. Бүртгэл маань эхлээд удаагүй ч гэсэн олон иргэн хандсан.

-Бүртгэлийн хугацаанд иргэдийн дунд тулгарч буй нийтлэг бэрхшээл юу байна вэ?

-Бид энэ жил анх удаа цахим бүртгэлийн системд шилжсэн. Цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн найман бүлгийн дагуу явуулж байна. Одоогийн байдлаар иргэдээс сервер гацсан гэх мэт санал гомдлууд ирүүлээгүй байна.

-Цахим хэлбэрт шилжсэний давуу тал нь юу вэ?

-Цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих бүрэн боломжтой болж байгаа юм. Наймдугаар сарын 5-ныг хүртэл зөвхөн бүртгэлийн үйл ажиллагаа явагдах бөгөөд хамрагдаж буй иргэд эхний ээлжинд материал бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн зааврын дагуу асуулгуудыг бөглөх бөгөөд сонгон шалгаруулах комисст журмын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна.

-Ямар цагийн хуваарийн дагуу ажиллах вэ?

-Ажлын болон амралтын өдрүүдийг харгалзалгүй өдөр бүр 24 цаг ажиллана.

-Иргэдээс ямар нэгэн санал гомдол ирж байна уу?

-Манай байгууллага энэ жил ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран ажиллаж байна. Хамтарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод гэхэд л арав гаруй бий. Бидний зүгээс хүмүүсийн бүртгэлийг бөглөж өгөх боломжгүй учраас ийнхүү зохион байгуулсан. Харааны бэрхшээлтэй иргэн байлаа гэхэд тухайн холбоодод хандан бүртгэлээ хийлгэх боломжтой. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс ямар нэг санал гомдол ирүүлээгүй.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Хятад эзэнтэй бойны газар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ивээлд байдаг уу

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хятад эзэнтэй бойны компанид хүн амины хэрэг гарсан тухай мэдээлэл өнгөрсөн даваа гарагаас /2019.07.22/ сошиал орчинд түгсэн. Тодруулбал, “Чингис органик хүнс” гэх компанид нэгэн монгол ажилтан хятад иргэнд хутгалуулж нас барсан гэжээ. Үүнтэй холбогдох сошиал хуудсууд болон шар мэдээний сайтуудаар түгсэн бичвэрийн утгыг сийрүүлбэл,

Хэнтий Аймгийн Төв Чингис Хот, Хэрлэн Сумын 5-Р Багт Иргэдийн Суурьшлын Бүс Дотор Үйл Ажиллагаа Явуулдаг “Чингис Органик Хүнс” Гэх Монгол Нэртэй Хятадын Хөрөнгө Оруулалттай, Монгол Эхнэр Бүхий Хятад Эзэнтэй Байгууллага Байдаг.

Уг Компанид Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрынхан Оршин Суугчдын Эсэргүүцлийг Үл Тоон Блокон Хашаа, Сэндвичин Байшинтай Үйлдвэрт Үйл Ажиллагаа Явуулах Зөвшөөрөл Өгсөн Нь Илт Ашиг Сонирхлын Зөрчилтэй Гэж Харагдана.

Уг Үйлдвэр Нь Аймгийн Төв, Чингис Хотын Төвд Үйл Ажиллагаа Явуулдаг, Махны Үйлдвэрийн Стандартуудыг Огт Хангаагүй, Цэвэр Бохирын Асуудлаа Ч Шийдээгүй Бохир Газар.

Иргэдийн Суурьшлын Бүсэд Хятадууд Бой Хийж, Муудсан Малын Сэг Зэм, Сэвс, Хятад Ажилчдын Баас Шээсний Өмхий Үнэрт Дарлуулаад Удаж Байгаа Ч Аймгийн Засаг Захиргаа Огт Тоодоггүй, Бүүр Үйл Ажиллагааг Нь Дэмжиж Бүх Зөвшөөрлүүдийг Нь Хууль Бусаар Өгсөн Байна.

Уг Нь Аймгийн Засаг Дарга Н.Ганбямба Энэ Хятад Үйлдвэрийн Зөвшөөрлийг Цуцалж Байсан Ч Шүүх Дээр Унаад Яаж Ч Дийлдэггүй Байна. Үйлдвэрийг Аймгийн АН, МАН-Ын Эрх Мэдэлтнүүд, Газрын Албаныхан, Аймгийн Засаг Даргын Орлогч Г.Хэрлэнчулуун Зэрэг МАНАН Бүлэглэлийнхэн Илт Өмгөөлж Хаацайлж, Өмнөөс Нь Гүйн Хир Халдаалгүй Өдийг Хүргэжээ.

Хууль Журмынх Нь Дагуу Шаардлага Тавьсан Төрийн Албаны Шударга Мэргэжилтнүүддээ Тэрээр “Л.Оюун-Эрдэнэ Даргын Ивээлийн Компани Юм Чинь Би Яах Юм. Л.Оюун-Эрдэнэ Сайд, У.Хүрэлсүх Сайд Хоёрыг Унасны Дараа Наад Үйлдвэрээ Хаагаарай” Гээд Амыг Нь Тагладаг Аж.

Гэтэл Саяхан Уг Хятадын Хөрөнгө Оруулалттай Үйлдвэрийн Дарга Хятад Эр Нэгэн Монгол Ажилтныг Хутгалсан Ноцтой Гэмт Хэрэг Гарсан Талаар Сошиал Орчинд Мэдээлэгдсэн.

Уг Мэдээлэлд, Аймгийн Цагдаа Хуулийн Байгууллагынхан Энэ Хэргийн Талаарх Мэдээллийг Дарагдуулж, Хохирогчийг Мөнгөөр Чимээгүй Болгосон Талаар Дурдсан Байв.

“Хан Хэнтий Аймгаас Гаралтай Төрийн Түшээдтэйгээ Хамт Мөнгөтэй Хятадын Мөнгөнд Дарлуулж Навталзсаар Чимээгүй Байх Уу? Ерөнхий Сайд Аа, Та Махны Үйлдвэрүүдийг Цэгцэлнэ Гэсэн Биз Дээ? Монгол Мал, Монгол Хүнээр Хятадууд Бой Хийж Л Байг Уу?” Гэжээ.

-ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.ХЭРЛЭНЧУЛУУН: ЯМАР Ч ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРААГҮЙ-

Нэг өдрийн дотор сошиал орчинд ихээхэн хандалт авсан уг мэдээллийн мөрөөр тодруулга авахаар Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба руу утас цохисон боловч холбогдсонгүй. Харин тус аймгийн засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаас тодорхой асуултуудад хариулт авав. Түүнийг “Чингис органик хүнс” гэх хятад ажилчидтай бойны компанийг өмгөөлж, хир халдаадаггүй хэмээн бичээд байгаа юм.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

СУРВАЛЖИЛГА: Л.Энх-Амгалан гишүүний барилгын компани Гимнастикийн тамирчдын бэлтгэлийн заалыг АЮУЛТАЙ НӨХЦӨЛД оруулжээ

Монголын цор ганц Гимнастикийн спортын төв заалны зэргэлдээ хууль бус барилгын ажил хийгдэж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу сурвалжилга бэлтгэлээ. Биднийг ирэхэд Спортын төв ордны ард байршилтай 43-р байр болон Гимнастикийн төв заалны барилга хоорондын хэсэг газрыг тойруулан хашаа хатгасан байсан ба дотогш хүн нэвтрэх боломжгүй байв.

Уг 43-р байрны СӨХ-ны дарга Д.Дариймаа болон Монголын Гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбаттай уулзаж, болж буй үйл явдлын талаар ярилцсан юм. Өнгөрсөн пүрэв гарагт уг газрыг ухаж эхлээд орхисон гэх бөгөөд борооны ус тогтсон байдалтай байлаа. 43-р байрны дээвэр дээрээс уг газар дараах байдлаар харагдаж байв.

“Гимнастикийн заалны барилга 1977 оноос хойш тасралтгүй ашиглагдаж байгаа. Өдөрт таван ээлжээр 400-аад хүн бэлтгэл, сургуулилт хийдэг. Монголын гимнастикийн спортын амин сүнс болсон барилга. Гимнастикаар хичээллэдэг үе үеийн хүмүүс мэднэ” хэмээн Г.Ерөөлбат хэлж байв. Гэтэл уг барилгын ажилтай холбоотойгоор заалны барилгын суурийг 22м гүн ухаж орхисон нь /15х30 хэмжээтэй/ бэлтгэлийн байранд ус нэвчих шалтгаан болсон гэв.Тус газрын доор усны судал байдаг учир тогтсон ус доош нэвчдэггүй, үмхийрч ногоордог аж.

Харин 43-р байрны иргэдийн хувьд уг газарт барилга баригдвал 77 цонх нар үзэх боломжгүй болно гэж байв. Сурагчдын хичээл эхлэхэд байрны эргэн тойронд хүн зөрөх зайгүй машинууд тавигддаг бөгөөд, түргэний тэрэг, галын машин орж ирэхэд хүндрэлтэй байдаг аж. Тус барилга баригдвал байдал бүр хүндэрнэ гэдгийг Д.Дариймаа хэлсэн юм. “Энэ бол нийт 80 айл, 300 гаруй хүний амьдардаг байшин. Хоёр байшин хоорондоо дор хаяж 15 метрийн зайтай баригдах ёстой стандарт бий. Гэтэл энэ барилга баригдвал манай байшин хооронд ердөө 3.5 метрийн зай үлдэнэ. Хариуцсан хүмүүст хэлэхэд танай байшинд ямар ч хохирол учруулахгүй зураг төсөл төлөвлөсөн. Эвэрлестийн хуулиар өдөрт 1.5 цаг нар тусахад л хангалттай гэж үздэг, нар нэг газраа байхгүй тойроод явдаг учир танай айлуудын цонхоор хангалттай 1.5 цагийн турш нар тусна гэсэн утгагүй зүйл хэлдэг” гэв.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

С.Батболд: БНСУ-ын талаас манай төмөр замыг хос болгох санал тавьсан

Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД С.Батболдоос зарим асуудлаар тодруулга авлаа.

-Манай төмөр замын зарим хэсгийг хос болгох асуудлаар БНСУ-ын талаас хамтрах санал тавьсан. Уг ажил хэрэг болгох боломжийг судалж байгаа юу?

-УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гол төмөр замыг хос болгох асуудлаар манайд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл хийсэн байгаа. Уг асуудал дээр БНСУ-ын тээврийн хүрээлэнгээс “Танай төмөр замыг ашиглаж, Европ руу гарах эрэлт, хэрэгцээ сонирхол байна. Ийм учраас танайх хүчин чадлаа нэмэгдүүлэх  хэрэгтэй байна. Энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн, дэмжиж туслая” гэсэн санал тавьсан. Тус байгууллагаас хүрч ирээд манай төмөр замыг хос болгох асуудлаар хэлэлцүүлэг хийе, танай яам манай саналыг дэмжиж байвал цаашдаа хамтарч ажиллая гэж  эхний ээлжинд ярианы түвшинд хийсэн.

–Саналыг хэдийд тавигдсан гэж ойлгох вэ?

-Дөрвөн сард ирж, санал тавьсан.

-“УБТЗ” ХНН-ийн Монголын талыг Төрийн захиргааны дээд байгууллагын холбогдох албан тушаалтан хуульд нийцсэн байдлаар ахалдаг. Танай яамны холбогдох томилгоонууд хийгдчихээд байхад одоог хүртэл дэд сайд асан Б.Цогтгэрэл ахалдаг юм?

-Би шууд хэлэхэд төвөгтэй байна. Яагаад гэхээр, “УБТЗ” ХНН нь Монгол, ОХУ-ын хамтын өмч. Статусын хувьд Монгол талын хөрөнгө оруулагч нь манай сайд байдаг. Тиймээс эрхийг шилжүүлэх асуудлаар яригдаж байгаа зүйлүүд бий. Удахгүй шийдэгдэх болов уу гэж бодож байна.

-Яагаад өнөөг хүртэл хууль зөрчсөн байдлаар явуулж, асуудлыг шийдэхгүй хойшлуулдаг юм?

-Түүнийг нарийн сайн мэдэхгүй  байна. Ямар ч байсан ОХУ-ын талаас хүний томилгооны асуудал хөндөөгүй.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ: МАН Нийслэлийг “пиардах-” гэсэн биш жидүүгийн дайныг эхлүүлэх вий

Ардчилсан намын үед Төрийн орон сууцны корпорацийг байгуулж, мөнгөөр нэг “балгадсан”.  Анхнаасаа ТӨҮГ эсвэл өмчит компани хэлбэрээр байгуулаагүй. Тиймээс ч тухайн үеийн удирдлагуудад хэт их эрх мэдэл очсон байдаг. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй. Засаг төр солигдохтой зэрэгцээд ТОСК-д хэт их мөнгө төвлөрүүлэх, дарга нарт нь эрх мэдлийг шууд өгөх нь буруу гэдэг нь харагдсан билээ.

ТОСК-ийн анхлан удирдсан дарга нар нь АТГ-т шалгагдаад эхлэнгүүт дураар зоргоор мөнгө төгрөг зарцуулдаг байдал өөрчлөгдөж, Хөгжлийн банк ч санхүүжилтээ учир замбараатай олгох тал дээр анхаарч эхэлсэн байдаг. Энэ хүрээнд өнөөгийн түрээслэхээр бужигнаж буй “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг барьсан билээ. Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан уг бүтээн байгуулалтын бүхий л ажлыг ТОСК нугалсан.

Гэтэл яг  орон сууцны хорооллоо ашиглалтад өгдөгийн даваан дээр гэнэт нэг өдөр Засгийн газраас Нийслэлийн орон сууцны корпорацид шилжүүлэх шийдвэр гаргачихав. Яагаад шилжүүлэх болсон талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тодорхой хариулт хэлсэнгүй. ТОСК-ийг удирдаж яваа П.Жасрай агсны ач хүү Ж.Хичээнгүй ч юм дуугарсангүй. Усанд хаясан чулуу мэт алга болов.

Яагаад “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг гэнэт Нийслэл рүү шилжүүлэх болов гэх асуулт эндээс үүсч байгаа юм. Хариулт нь, ердөө л улс төр.  Бүр тодруулж хэлбэл, УИХ, НИТХ-д олон мандат эзэлдэг Нийслэлчүүдийн саналыг  татах эрх баригч намын зорилго байв. Сонгуулийн жил  Нийслэлийг хийж бүтээсэн юмтай харагдуулах гэсэн санаа л даа, товчхондоо бол.

Ингэж Нийслэлийг-ийн  “өнгөлөх”-ийн тулд ТОСК-ийг “шалдан” хоцроосон билээ.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

СЭДЭВ: “Фэйсбүүк үзмэрчдэд” залилуулахаа больё

Өнгөрөгч 2018 оны байдлаар Фэйсбүүк хэрэглэдэг Монголчуудын тоо 2.105.000 /хоёр сая нэг зуун таван мянга/ гэх тоон үзүүлэлт гарч байв. Энэ нь нийт хүн амын 65.9 хувь болно. Үүгээрээ бид дэлхийн хамгийн олон фэйсбүүк хэрэглэгчтэй орнуудын жагсаалтад дээгүүр ордог. Гэвч сошиал орчин дахь соёлд суралцсан хэрэглэгчид тэдний дунд цөөн. Биеэ үнэлэх, айлган сүрдүүлэх, луйвардах гэх мэт олон ноцтой үйлдэл, гэмт хэргүүд фэйсбүүк хаягны араас үйлдэгддэгийн нэгэнд залилангийн хэрэг тооцогдоно. Сүүлийн үед цахим орчинд мэрэг төлөг хийх үйлчилгээ үзүүлдэг үзмэрчид олширсон нь үүний нэг жишээ.

Монголчуудын дунд гадаадын виз авах, шалгалт шүүлгэнд орох, цагдаа шүүхэд орооцолдох гэх мэт чухал ач холбогдолтой асуудлуудаа үзмэрч, мэргэч төлөгч гэх хүмүүст даатгадаг хандлага ч түгээмэл. Үүнийг дагаад “Хараал хариулна, орлогын үүдийг нээнэ, виз гаргана” гэх мэт зар тавьж үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүс олширсон. Харин фэйсбүүк хэрэглээ нэмэгдэхийн хэрээр, онлайнаар мөнөөх үйлчилгээг амладаг хүмүүс нэгэнт бий болжээ. Сошиал хэрэглэгчид маш олноор уг хүмүүстэй холбогдож, үйлчилгээ авахыг хүсэж байгаа байдал нь чухал сэдэв.

Хөндөгдөж буй сэдвийн хүрээнд фэйсбүүкийн араас “зургаа дахь мэдрэхүйгээ ашигладаг” нэгэн хэрэглэгчийг онцолсон юм. Тэрбээр Live Stream хийж өөрийн мэргэлэх, далдыг харах үйлчилгээгээ сурталчилдаг бөгөөд цахим гүйлгээгээр төлбөр авдаг аж.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

ТОДРУУЛГА: Хар галуу Өгий нуурт үрждэггүй, нүүдлийн үеэрээ нисч буудаг

Өгий нуур бол нүүдлийн шувуудын бууж амрах, нисч өнгөрөх, нүүдэллэх тохиромжтой газар тул галуу, нугасны шувууны олон төрөл зүйл бий. Гэвч сүүлийн үед Өгий нуурт хар галуу олширсон тул устгах хэрэгтэй, экосистемийг сүйтгэж байна, загас ховордлоо гэх иргэдийн гомдол нэмэгджээ.

Судалгаагаар Өгийнуур, түүний орчмын уулсаар нийт 16 баг, 41 овог, 104 төрөлд хамрах 200 зүйл шувуу бүртгэгджээ. Оршин амьдрах хэлбэрийн хувьд 25 зүйл тухайн орчинд суурин, 175 зүйл нүүдлийн, 8 зүйл цөөн тоогоор зусдаг, 41 зүйл хавар намрын нүүдлийн үед дайрч өнгөрдөг, 14 зүйл тохиолдлын байдлаар хааяа энд ирдэг, 3 зүйл өвөл тундараас ирж өвөлждөг байна.

Иргэдийн дунд тархаад буй мэдээлэлд, Хар галуу урд зүгээс нүүдэллэн ирж манай оронд зусдаг бөгөөд нэг хос нь үүрэндээ 4-6 өндөг гаргаж, улмаар өндөг нь 24-31 хоногт хагарч, ангаахай болдог аж. Мөн өндөглөх хугацаа нь 2-3 хоногийн зайтай байдаг тул маш хурдан үрждэг, нэг ангаахай болчихсон хар галууны бэлгийн бойжилт 2-4 жилийн дараа гүйцэж, дахиад л үржилд орж эхэлдэг. Уг шувуу нь маш сайн шумбаж, загас барих чадвар өндөр хөгжсөн өдөрт 0,5-5 хил загасыг хөнгөхөн идчихдэг. Идэж цадсаныхаа дараа загаснуудыг барьж алж зугаацдаг хачин зуршилтай шувуу гэсэн мэдээллүүд байна. Түүнчлэн хүний элэгт сайн тул агнаж зарах хэрэгтэй ч хэмээсэн байв.

Бид уг мэдээллийн мөрөөр холбогдох албаныхнаас дараах тодруулгыг авлаа.

Орхон-Чулуут сав газрын захиргааны газрын ажилтан Ч.Эрдэнэтуяа:

-Өгий нуурт хар галуу элбэгшиж байна гэсэн мэдээлэл үнэн үү? Яг одоо хэр хэмжээний хар галуу байна вэ?

-Яг одоогийн байдлаар 15-16 тоо толгой хар галуу Өгий нуурт байна. Элбэгшсэн юм байхгүй. Өгий нуур бол олон шувууны төрөл зүйлтэйгээрээ алдартай. Харин хар галуу Өгий нуурт өндөглөж үрждэггүй. Хавар үржлийн үеэрээ нууранд бууж хэд хоноод цааш нисдэг. Үржлийн таатай газар нь манай улстай ойрхон байх.

-Жил бүр ирдэг үү?

-Тиймээ. Хэдхэн хоноод л нисээд явдаг. Хайргатай зарим нуурт үрждэг гэсэн ч Өгий нуурт үржиж олуулаа болдоггүй.

-Хар галууг загас руу сүрэглэн дайрч, олноор нь иддэг гэж сонссон?

-Загасаар л хооллодог амьтан. Бүхлээр нь идээд талыг нь буцааж гаргадаг. Байгалийн зохилдлогоор түүнийг нь жижиг сэг зэм иддэг амьтад хооллодог. Хүмүүс экосистемд нөлөөллөө, устгах хэрэгтэй гэсэн байсан. Одоогоор тийм зүйл ажиглагдаж, байгальд хор хөнөөл учруулсан тохиолдол гараагүй байна.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Нийслэлийн харьяа “HUB Innovation center” 50 гаруй сая төгрөгийн өрөнд оржээ

Шинэ санаануудаар халгиж цалгиж явдаг, хийж бүтээх ирмүүн их хүсэлтэй, номын санд ханьгүйдээд, кофе шоп үнэтэйдээд байдаг залуучууддаа зориулж Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газраас “Шинэ санааны уурхай” буюу UB Innovation Hub нээсэн. Уг төв үйл ажиллагаа явуулаад жил орчим болж байна.

Улаанбаатар хотод инновацын тогтолцоог бүрдүүлэх шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесийг хөгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих цогц талбар гэсэн тодорхойлолттой уг төвийн үйл ажиллагаа нь доголдож өрөнд орсон тухай эх сурвалж мэдээллэв.

HUB-ийн үйлчлүүлэгчийн хэлж буйгаар уг төв нь 50 гаруй сая төгрөгийн өрөнд орж, HUB-ийн оршин суугчид интернэтгүй болж, үйлчлүүлэгчдийнхээ үнэ хөлсийг төрийн байгууллага байж хувь хүний дансаар авч байна хэмээн гомдол мэдүүлж, том дарга нар үүнийг хараад анхааралдаа аваасай гэсэн байлаа.

Харин “HUB Innovation center”-д оршин суудаг байгууллагаас энэ талаар лавлахад,  “Үнэхээр интернэтгүй болсон нь үнэн. Энэ даваа гарагт /2019.07.22/ тасарсан. Сураг сонсох нь ээ интернэтийнхээ төлбөрийг хийгээд, маргаашнаас /2019.07.25/ ирэх юм шиг байна лээ” гэлээ.

Иймд “HUB Innovation center”-ийн холбогдох ажилтан А.Ундралаас энэ талаар тодрууллаа.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

АСУУДАЛ: Дунд голын шинэ гүүрийн ажил “ЦАРЦАЖ”, хариуцах эзэнгүй болжээ

Нарны гүүрний урд уулзвар өглөө, орой ажил эхлэх болон тарах цагаар ачаалал ихтэй байдаг. Тус замд туслах замын хөдөлгөөнийг бага нэвтрүүлдгээс туслах замд 2 км урт түгжрэл үүсэх нь энгийн асуудал.

Тэгвэл нарны гүүрний урд уулзварын замын ачааллыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхүйц шинэ гүүрний ажил энэ хавар эхлэхээр ид бэлтгэл ажилдаа орсон. Ингэснээр “19”, “Үйлдвэр комбинат” болон “Алтай хотхон”, “Нарны хороолол” орчмын түгжрэл багасах нь хэмээн иргэд баярлаж байв.

Тодруулбал, хэрэв шинэ гүүр ашиглалтад орвол, Нарны хороолол болон нарны гүүр рүү зорчихоор зорьж буй иргэдийн тал нь шинэ гүүрээр нэвтрэх боломж нээгдэнэ. Харин нөгөө талдаа туслах зам /“Алтай хотхон”, говийн зам, мишээл экспо, 19-ийн үйлчилгээний арын замд/ дагуу зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо багасаж, түгжрэл буурна. Уг туслах замд жолоочид ажил тарах болон эхлэх цагаар 20-40 минут түгжирч байж уулзвар нэвтэрдэг гэсэн юм.

Шинэ баригдах гүүр нь “Уран Ган” ХХК-ийн урд талын авто замыг Дунд голын /Нарны хороолол руу орсон замтай холбогдох/ гудамжтай холбох ёстой. Уг бүтээн байгуулалтын ажил 1,8 тэрбумын төгрөгийн өртөгтэй бөгөөд 2019 оны 3-р сарын 1-нд эхэлж, 2019 оны 7-р сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан.

Гэвч өнөөх гүүрийн бүтээн байгуулалтын ажил хавар эхэлсэн чигээрээ “хөлдсөн” байна. Дунд гол дахь бургас модыг сугалан авч, голын урсгалыг төмөр хоолойгоор явуулан, шороо овоолсон ба гүүрний суурь хэлбэрээр тавигдах хундамуудыг гол дотор байрлуулсан хэвээр өдгөө долоодугаар сарын сүүл хүрлээ.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

“Элийрэгч” Ц.Уянга: Би ганцаараа Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Жонхуу” гэж дууддаггүй

Иргэн Ц.Уянга өчигдөр /2019.07.24/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын асуудлаарх жиргээнээсээ үүдэж, Зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгөөр торгуулах шийтгэлийн хуудас хүлээн авснаа өөрийн нүүр хуудсандаа мэдээлсэн юм.  Тэрбээр “Элийрэгч” нэрээр олон нийтийн хуудсуудад идэвхтэй бичдэг нэгэн билээ. Бид иргэн Ц.Уянгатай холбогдож уг асуудлаар тодруулга авлаа.

-Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан гомдлын дагуу таныг Зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан юм байна. Та шүүхийн шийдвэр гарсан хойно нь мэдсэн гэж нүүр хуудсандаа мэдээлсэн нь анхаарал татлаа?

-Би зургаадугаар сарын сүүлээр Монголд ирсэн.  Гадаадад нэлээд удсан болохоор ирээд, амжуулах ажил ч их байв. Ерөнхийлөгчийн тамгын газраас гомдлоо долоодугаар сарын эхээр /2019.07.02/ гаргасан гэж ойлголоо. Тэгэхээр намайг гаднаас ирэхийг Ерөнхийлөгчийн тамгын газрынхан анаад сууж байсан юм шиг байгаа юм. Ээжид хэд хоногийн өмнө мэдэгдэх хуудас ирсэн ч надад хэлэх боломж олдоогүй. Бид явж сууж таарсан үе. Гэтэл саяхан ээж гэртээ байж байтал торгуулийн хуудас өгөөд явсан байна лээ.

-Хуулийн байгууллагаас танд албан ёсоор биечлэн мэдэгдээгүй мөртлөө шүүх шийдвэрээ гаргачихсан гэсэн үг үү?

-Тийм. Надад огт биечлэн мэдэгдээгүй. Огт холбогдоогүй байснаа шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан торгуулийн хуудас ээжийн гэрт авчирч өгсөн байгаа юм. Ээж рүү ярихад нь уг нь миний байгаа газрыг хэлсэн байгаа юм.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button