Сурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: Хар галуу Өгий нуурт үрждэггүй, нүүдлийн үеэрээ нисч буудаг

-ИРГЭД ХАР ГАЛУУ ОЛШИРСОН ТУЛ УСТГАХ ЁСТОЙ-

Өгий нуур бол нүүдлийн шувуудын бууж амрах, нисч өнгөрөх, нүүдэллэх тохиромжтой газар тул галуу, нугасны шувууны олон төрөл зүйл бий. Гэвч сүүлийн үед Өгий нуурт хар галуу олширсон тул устгах хэрэгтэй, экосистемийг сүйтгэж байна, загас ховордлоо гэх иргэдийн гомдол нэмэгджээ.

Судалгаагаар Өгийнуур, түүний орчмын уулсаар нийт 16 баг, 41 овог, 104 төрөлд хамрах 200 зүйл шувуу бүртгэгджээ. Оршин амьдрах хэлбэрийн хувьд 25 зүйл тухайн орчинд суурин, 175 зүйл нүүдлийн, 8 зүйл цөөн тоогоор зусдаг, 41 зүйл хавар намрын нүүдлийн үед дайрч өнгөрдөг, 14 зүйл тохиолдлын байдлаар хааяа энд ирдэг, 3 зүйл өвөл тундараас ирж өвөлждөг байна. 

Иргэдийн дунд тархаад буй мэдээлэлд, Хар галуу урд зүгээс нүүдэллэн ирж манай оронд зусдаг бөгөөд нэг хос нь үүрэндээ 4-6 өндөг гаргаж, улмаар өндөг нь 24-31 хоногт хагарч, ангаахай болдог аж. Мөн өндөглөх хугацаа нь 2-3 хоногийн зайтай байдаг тул маш хурдан үрждэг, нэг ангаахай болчихсон хар галууны бэлгийн бойжилт 2-4 жилийн дараа гүйцэж, дахиад л үржилд орж эхэлдэг. Уг шувуу нь маш сайн шумбаж, загас барих чадвар өндөр хөгжсөн өдөрт 0,5-5 хил загасыг хөнгөхөн идчихдэг. Идэж цадсаныхаа дараа загаснуудыг барьж алж зугаацдаг хачин зуршилтай шувуу гэсэн мэдээллүүд байна. Түүнчлэн хүний элэгт сайн тул агнаж зарах хэрэгтэй ч хэмээсэн байв.

Бид уг мэдээллийн мөрөөр холбогдох албаныхнаас дараах тодруулгыг авлаа.

-ӨГИЙ НУУРТ 15-16 ТОО ТОЛГОЙ ХАР ГАЛУУ БАЙНА-

Орхон-Чулуут сав газрын захиргааны газрын ажилтан Ч.Эрдэнэтуяа:

-Өгий нуурт хар галуу элбэгшиж байна гэсэн мэдээлэл үнэн үү? Яг одоо хэр хэмжээний хар галуу байна вэ?

-Яг одоогийн байдлаар 15-16 тоо толгой хар галуу Өгий нуурт байна. Элбэгшсэн юм байхгүй. Өгий нуур бол олон шувууны төрөл зүйлтэйгээрээ алдартай. Харин хар галуу Өгий нуурт өндөглөж үрждэггүй. Хавар үржлийн үеэрээ нууранд бууж хэд хоноод цааш нисдэг. Үржлийн таатай газар нь манай улстай ойрхон байх.

-Жил бүр ирдэг үү?

-Тиймээ. Хэдхэн хоноод л нисээд явдаг. Хайргатай зарим нуурт үрждэг гэсэн ч Өгий нуурт үржиж олуулаа болдоггүй.

-Хар галууг загас руу сүрэглэн дайрч, олноор нь иддэг гэж сонссон?

-Загасаар л хооллодог амьтан. Бүхлээр нь идээд талыг нь буцааж гаргадаг. Байгалийн зохилдлогоор түүнийг нь жижиг сэг зэм иддэг амьтад хооллодог. Хүмүүс экосистемд нөлөөллөө, устгах хэрэгтэй гэсэн байсан. Одоогоор тийм зүйл ажиглагдаж, байгальд хор хөнөөл учруулсан тохиолдол гараагүй байна.

-Хар галуу нь хүнд халдах, ямар нэг өвчин тараах эрсдэл бий юу?

-Хар галуу хүнээс айж аль болох холуур явдаг. Нуурын тодорхой нэг эрэгт байрлаж байгаад нисдэг.

-ЖИЛ БҮР ХАР ГАЛУУ НҮҮДЭЛЛЭН ИРДЭГ Ч УДААН БАЙРЛАДАГГҮЙ-

Түүнчлэн Өгий нуурын хариуцсан байгаль хамгаалагч Ж. Батмагнай:

-Хар галуу Өгий нуурт олширсон тул устгах ёстой гэх гомдол мэдээллийг иргэд ихээхэн ирүүлж байна. Энэ үнэн үү?

-Өгий нуурт одоогоор хар галуу олширсон тохиолдол гараагүй байна. Жил бүр нүүдэллэн ирдэг бөгөөд нуурт удаан байлгүй явдаг.

-Сүргээрээ нүүдэллэдэг амьтан шүүдээ. Нүүдэллэн ирээд явахдаа хэчнээн тоо толгой байдаг вэ?

-100-200 орчим шувуу нэг сүрэгт байдаг.

-Өгий нуур орчимд энэ жил аялагчид хэр их ирж байна вэ? Тэдэнд захиж хэлэх зүйл бий юу?

-Наадмын амралтын  4-5 хоногт дотоодын амрагчид их ирдэг. Тэр үедээ хогоо авч яваад зориулалтын саванд хаяж байх хэрэгтэй. Мөн нууранд орохдоо хувийн хийлдэг завьтайгаа ирдэг. Аюулгүй байдлаа хангаж хүүхдүүддээ хараа хяналт тавьж, аврах хантааз өмсөж байх хэрэгтэй байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Ийнхүү тодруулсанаар хар галуу нь Өгий нуурт элбэгшээгүй тул агнах устгах ямар ч шаардлагагүй бөгөөд харин ч зөвшөөрөл авалгүй хууль бусаар алсан, агнасан тохиолдолд хариуцлага хүлээнэ гэдгийг иргэдэд анхааруулж байлаа.

Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухааны академи болон Монголын шувуу хамгаалах төвийнхөн мэдэгдэл гаргаж, тайлбар хийжээ. Монголын шувуу хамгаалах төвөөс гаргасан мэдэгдэлд, Тураг гогой буюу хүмүүсийн нэрлэдгээр хар галуу нь огтхон ч санаа зовох асуудал биш. Манай орны гол, нууруудын экосистемд бүхэлд нь аюулд оруулж байгаа сөрөг хүчин зүйлсийн ихэнх хувийг хүний зүгээс үзүүлж буй шууд болон шууд бус нөлөөлөл эзэлдэг хэмээсэн байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button