ВИДЕО КОНТЕНТУРЛАГЯрилцлага

А.Цэгмэд: Би өнгө, мөнгөний, ахуйн бус гол дүрийн л шуналтай хүн

Өнгөрөгч гуравдугаар сарын 8-н буюу Мартын 8-ны өдөр жүжигчин А.Цэгмидтэй ярилцсан ярилцлагыг сэргээн нийтлэв.

Өнөөдөр Мартын 8-ны баярын өдөр. Эл баярыг тохиолдуулан уншигч та бүхнийг нэгэн эрхэм хүнтэй уулзуулъя. Энэ хүн бол СТА, жүжигчин А.Цэгмэд эгч. Кино урлагийн салбарт 57 дахь жилдээ зүтгэн, залууст үлгэрлэж яваа тэрбээр тайз, дэлгэцийн 160 гаруй уран бүтээлд дүрээ мөнхлөөд буй. Тэр ч битгий “Марко поло” кинонд тоглон, монгол жүжигчний ур чадварыг дэлхийд таниулсан юм. Туслах дүрийг хамгийн сайн урладаг жүжигчдийн нэг хэмээн салбарынхан нь үнэлдэг түүнтэй ярилцлаа.

-Бид энэ удаагийн ярилцлагынхаа зочноор Монголын кино урлагийн томоохон төлөөлөл болсон нэгэн эрхмийг урилаа. Энэ хүн бол СТА Д.Цэгмэд эгч. Юуны өмнө танд Мартын 8-ны баярын мэнд хүргэе. Та энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Баярлалаа. Юуны өмнө намайг урьж, оролцуулж буйд баяртай байна. Намайг эрхэм хүн гэж тодотгож хэлсэнд баярлалаа. Гэхдээ би тийм ч мундаг эрхэм хүн биш шүү дээ. Хүндэтгэлийг нь хүлээж авлаа.

Мартын 8 бол их сайхан баяр. Эмэгтэй хүн, эх хүн, бүсгүй хүн болж төрсний бахархал. Хүн бүхэн хамгийн эрхэм хүмүүсээ баярлуулах сан гэж яардаг шүү дээ. Эмэгтэй хүн бүхэн баярладаг болохоор энэ өдөр их онцгой.

Би хоёр хүүтэй. Жил бүрийн Мартын 8-наар ээжийгээ баярлуулъя гээд зориод ирдэг юм. Манайх ямар ч баярыг олон нийтийн газар бус гэртээ тэмдэглэхийг илүүд үздэг. Намайг ямар бэлгэнд дуртайг хоёр хүү минь андахгүй. Би залуудаа гимнастикийн тамирчин байсан, Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байхдаа эрэгтэй хүүхдийн голдуу бүтээж байсан болохоор гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэвэл хэрэглэхгүй, хүнд өгчихнө гэдгийг сайн мэднэ. Хүүхдүүд минь надад голдуу ном бэлэглэдэг. Миний номын сайнд ямар ямар бүтээл байгаа, одоо ямар ном унших хүсэлтэй явааг гаргаахгүй.

Би хоёр хүүгийнхээ, ач нарынхаа өгсөн бэлэг бүрийг хадгалдаг. Бага хүү Хүдэрчулуун маань багадаа “Мама би гулгалаа парк”, “Таны хийсэн хоол очень акусна уба” гэж бичээд үлдээсэн байсан нь одоо ч надад бий.

Би мөнх биш. Хүүхдүүдийнхээ бэлэглэсэн бүх бэлэг, захидлыг хадгалбал хожим их сайхан дурсамжийг хадгалж үлдэнэ. Жижигхэн ваартай цэцэг, муурны зураг ч байсан ямар сайхан дурсамж хадгалж үлддэгийг хүүхдүүд минь ойлгоосой гэсэндээ хадгалдаг. Хоёр хүү минь “Бид ч гэсэн хүүхдүүдийнхээ өгсөн бэлгийг жижиг, энгийн гэж гололгүй хадгалах чухал юм байна” гэж бодох байх.

-Энэ бүхнээ харахаар жил бүрийн Мартын 8-ны дурсамжууд нь хөвөрдөг байх. Эргээд бодоход хамгийн сайхан дурсамжтай, санаанаас тань гардаггүй Мартын 8 аль нь байв?

-Бүгд их сайхан дурсамжтай. Ний нуугүй хэлэхэд, би спортоор хичээллэсэн болоод ч тэр үү ганган, дэгжин хувцаслах талдаа учир дутагдалтай. Үүнийгээ би сайн мэддэг. Найзууд ч гэсэн “Чи нээрэн сонин хүн шүү. Наа ээмгээ хэдэн жил зүүж байна аа” гэж асуухаар нь “20 жил” гэхээр толгой сэгсрээд, алтан ээмэг зүүхийг зөвлөдөг.

Би ахуйн шуналгүй, иймэрхүү зүйлд ер ач холбогдол өгдөггүй. Тэгээд ч манай Завхан аймгийн Завханмандал сумынхан дээр үеэсээ мөнгөн эдлэл л хэрэглэх сонирхол ихтэй. Алтан эдлэлийн талаарх ойлголт бага.

Монгол Улс ноолууран эдлэл үйлдвэрлэн, иргэд хэрэглээд зүгширчихсэн байсан үе юм даг. Нэвтрүүлэгч Идэрчулуун хүү минь “Ээж минь ноолууран хувцас өмсөөсэй. Байгаагаа л оёж хатгаад өмсөх юм” гэж бодсон шиг байгаа юм. “Та шинэ хувцас авахгүй юм уу, ээж” гэхээр нь би “Яах вэ, зүгээр. Энэ цамцны урагдсан тохойг нөхөөд өмсчихье” гэдэг байв. Миний тийм хандлагыг хараад “Ээж ерөөсөө өөрөө шинэ хувцас авахгүй нь. Мартын 8-наар номны оронд гоё цамц бэлэглэе” гэж бодож л дээ. Тэгээд ардаа нуун зогсож байгаад надад бэлэглэж билээ. Би баярлаад “Хөөх, ямар гоё юм бэ” гэсэн чинь “Ашгүй дээ. Дэмий юманд мөнгө үрлээ гэж зэмлүүлэх байх гэж санаа зовсон юм” гэж билээ. Хүүгийн бэлэглэсэн цамц одоо ч надад бий. Мартын 8-наар эд бараа бэлгэнд авсан нь ганцхан тэр. Бусдад нь дандаа ном, соёлын бараа бэлэглэдэг юм, хоёр хүү минь.

-Хүүхдийн хүмүүжил эцэг, эхээс ихээхэн шалтгаалдаг. Та эд хөрөнгө бус боловсрол, мэдлэг чухал гэдгийг хоёр хүүхдээ үлгэрлэж, чухалчилж өсгөсөн нь анзаарагдлаа.

-Бага байхад нь хоёр хүүдээ орос ном их бэлэглэдэг байлаа. Их сонирхон, шохоорхон уншина. Том хүү Идэрчулуун багаасаа зурах авьяастай. Дараа нь Дуурийн театрт дагалдан жүжигчин байсан болоод ч тэр үү их сайхан дуулна. Болгарийн консерваторт тэнцээд байхдаа цэрэгт явчихсан юм. Цэргээс халагдсаныхаа дараа цагдаагийн байгууллагад ажиллаж байхад нь “Аав чинь өнөөдөр дуугарч чадахаа больсон цагт чи үргэлжлүүлэх ёстой. Ээж нь чамаас ганцхан юм гуйя. Аавынхаа авьяасыг өвлөөд нэвтрүүлэгч болчих” гэж гуйсан юм. Хүү минь эхэндээ “Би чадахгүй” гээд өөртөө эргэлзсэн. Би ятгасаар байгаад нэвтрүүлэгч болгосон юм. Нэвтрүүлэгч болох зам, мөрийг нь би чиглүүлж өгсөн. Хүү минь авьяастайг би мэдэрсэн юм. Одоо том хүү минь МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажилладаг. Бага хүүгийн урлагийн мэдрэмж нь жаахан хол, гэхдээ сайхан дуулдаг.

-Та ер нь жүжигчин болж, урлагийн салбарт зүтгээд хэдэн жил болж байгаа билээ?

-57 жил болж байна. 1967 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөөд л УДЭТ-т дагалдан жүжигчнээр ажилд орсон. Дэлгэцийн хамгийн анхны уран бүтээл минь “Өндөр ээж” кино. Одоо тус киног бүтээсний 53 жил болж байна. “Өндөр ээж” кинонд тоглосон жүжигчдээс хуруу дарам хүн амьд сэрүүн байгаагийн нэг нь, би.

УДЭТ-т “Гаран таван хуруу” жүжгийг тайзнаа амилуулсны дараа буюу 1968 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуай “Жүжигчин Цэгмэд гэдэг хүнтэй уулзмаар байна” гэсээр намайг сурагласаар ирэв. Би яваад очлоо.

Хамгийн түрүүнд “Чи морь унаж чадах уу” гэж асуухаар нь “Чадна аа, би хөдөө өссөн” гэлээ. Тэгсэн чинь “Чи жаахан эршүүд юм аа даа” гэж билээ. Би “Тийм ээ, би тамирчин болохоор эршүүд. Саяхан би “Гарын таван хуруу” жүжигт хамгийн бага хүү Идэрт нь тоглосон” гээд шилээ маажсанаа одоо ч тод санаж байна. Өмнө нь дандаа  тайзны уран бүтээлд тоглосон, кино урлагийн талаар ямар ч ойлголтгүй байхдаа тэгж “Өндөр ээж”-д тоглож билээ. Тэр агуу хүн намайг тоогоод, дэлгэцийн уран бүтээлээ тийм сайхан уран бүтээлээр нээснээрээ бахархдаг.

Тоглосон кинонуудаа эргээд бодоход ихэнх нь туслах дүр. Гол дүрд тоглох цаг нь болоогүй юм болов уу гээд эергээр хүлээж авдаг. Киноны саналаас би татгалздаггүй. Заавал гол дүрд тоглоно, туслах дүр бүтээхгүй гэдэггүй.

-Олны хараанд өртөх, жүжигчний карьер талаасаа ч гол дүрд тоглохыг жүжигчин бүхэн хүсдэг. Гол дүрд тоглох сон гэж та хэр их шунадаг вэ?

-Би эд материал, албан тушаалын шуналгүй хүн. “Яг энэний ижлийг би авах юм сан” гэх ахуйн шунал надад байхгүй. Номын дэлгүүрт орохоор энэ номыг уншчихмаар, тэр номыг авчихмаар санагддаг.

Мэргэжлийн хувьд би гол дүрд тоглох үнэхээр шуналтай. Үүнийгээ нуухгүй. Даанч надад гол дүр оногдохгүй байна гээд явж байтал энэ жил 12 ангит “Нийслэл хүүхэн” кинонд боломж олдлоо. Гол дүрд тоглох сайхан юм аа. Одоо намайг хүмүүс “Ажаа” л гэдэг болсон. Утасны дугаар руу “Ажаа мөн үү” гэхээр нь “Ажаа нь мөн байна аа” гэхээр инээгээд тасладаг. Гадуур явахаар хүмүүс зургаа хамт авхуулах хүсэлт их тавьдаг, мэнд мэддэг. Тэгэхээр нь “Өмнө нь зөндөө олон кинонд туслах дүр бүтээхэд хүмүүс намайг анзаардаггүй байсан. Одоо их анзаарч байна” гэх бодол төрсөн шүү. Хүн дурламаар, улам шунамаар энэ сайхан мэргэжлийн карьер, хүсэл хязгааргүй. Ийм шагнал хүртлээ, тийм дүр бүтээлээ гэж ханах эрхгүй мэргэжил.

-Та урлагийн салбарт 57 жил зүтгэж буйгаа түрүүн хэлсэн. Арай хожим олны хараанд өртлөө, танигдлаа гэж бодогдох юм уу?

-Огт үгүй. Залуу хүний алдаа бүхэн гоё гэдэг үг бий. “Залуу хүний алдаа нь хүртэл чимдэг” гэдэг үгэнд би дуртай. Залуу байхдаа УДЭТ, Хүүхэд залуучуудын театрт ажиллан, “Өндөр ээж”-ээс хойш “Гал хам”, “Их замын тоос”, “Мартагдсан дууль” за тэгээд сүүлийн үеийн олон кинонд тоглосоор өдий хүрлээ. Польшид амьдарсан 15 жил надад амьдралын, уран бүтээлийн том туршлага болдог.

-Жүжигчин хүн тоглосон кино, бүтээсэн дүрээсээ үргэлж суралцсаар байдаг. Та “Нийслэл хүүхэн”-ээс юу сурав?

-Хошин урлагийн жүжигчид хэчнээн эрч хүчтэй, нэгээс нөгөө рүү ямар хурдан шилжиж, шинэчилж чаддагийг мэдэрч, үлгэрлэж суулаа. “Нийслэл хүү”-гийн зохиолч Түвшин “Би эмээгээ бодож байгаад Ажаагийн дүрийг бичсэн” гэсэн нь надад сайхан санагдсан. Зохиолоо уншихад Ажаагийн дүр миний эмээтэй яг адилхан байсан. Тэгэхээр Ажаа хоёр хүний бодит дүр байхгүй юу.

-Одоогоор та тайз, дэлгэцийн хэчнээн уран бүтээлд тоглоод байгаа вэ?

-Би 70 нас хүрээд сэтгүүлч Б.Цэдэвсүрэнтэй хамтран энэ номыг бүтээсэн юм. 2017 онд энэ номыг хийхдээ тоо гаргах гэж оролдлоо. Ойролцоогоор театрын тайзнаа 60, киноны 100 гаруй бүтээлд тоглосон.

2015 онд Л.Таванбаярын зохиол, найруулгаар бүтсэн “Хүдэн” киноны дүрээрээ “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр”ийн шагнал хүртсэн. Миний мундаг гэж юу байх вэ, хамт олны л амжилт.

 Тэр шагналыг хүртсэний дараа хүмүүс “Таныг судаллаа, бүтээсэн дүрүүдийг нь үзлээ. Та туслах дүрийн мастер юм байна” гэхээр нь “Еэ, бурхан минь. Би спортын бол мастер. Туслах дүрийн мастер болох болоогүй” гэж билээ. Цаашид олон сайхан уран бүтээлийн тэр тусмаа гол дүрийн санал ирээсэй гэж залбирч сууна. Тэгэх эсэх миний ур чадвараас, надаас л шалтгаална.

“Хүдэн”-гийн дараа “Марко поло” кинонд тоглосон минь нэр хүндийн хэрэг байлаа. Цэрэнболд, Баярцэцэг бид гурав нарын жүжигчид Монголоос Амараагийн нээсэн хаалгаар орж, “Марко поло”-д дүрээ мөнхөлж билээ. Тус кинонд тоглосны дараа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор намайг шагнасан юм.

-Ингэхэд Та хэдэн онд Соёлын тэргүүний ажилтан болсон билээ?

-2009 онд. “Хунгийн сүүлчийн дуу” кинонд тоглосны дараа бид хэд ярилцаж суув. Миний дүрийн талаар ярилцаж байтал нэг нь “Цэгмэд эгч ээ, та юу билээ” гэж байна. Би гайхаад “Юутай билээ гэж юу гэсэн үг вэ” гэлээ. Тэгсэн чинь “Шагнал урамшуулал” гэхээр нь “Байхгүй ээ. Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байхдаа “Хулчаахай жүжгийн Хулчаахайгийн дүрд тоглосны дараа надад нэг жуух бэлэглэж байсан юм байна” гэхэд “Өө, яана аа, та одоо болтол СТА болоогүй яваа юм уу” гэж билээ. Тэгээд тэр жил би СТА болсон юм.

-Танаас хожим урлагт хөл тавьсан хүмүүс, залуу жүжигчид СТА болоод байхад танд юу бодогдож байв. Намайг яагаад шагнахгүй байгаа юм бол, би СТА болох хэмжээний хүн гэж бодогдож байв уу?

-Яалаа гэж. Энэ ахмад жүжигчинг шагнах хэрэгтэй гэх хандлахын эсрэг байдаг хүн. Гавьяа, шагналыг насаараа түрий барьж авах шиг муухай юм байхгүй. Хийж бүтээснээрээ, бүтээлээрээ шагнал авах ёстой. Залуучууд ид хийж, бүтээж яваа насандаа шагнуулж буй нь ямар сайхан бэ. Би өмнөөс нь үнэхээр их баярладаг. Би дотроо “Залуучуудыг дагаад яваад байхгүй бол хөгшөөн чи хоцорно шүү. Залуучуудыг шагнаад, намайг шагнахгүй байна гэх тэнэг зүйлийн талаар бодвол чи залуучуудаас хоцорно. Залуучууд юу сонирхож, юу бүтээж буйгаас үргэлж суралц. Ямар бүтээлд шагнал олгож байгааг анзаар. Тийм хэмжээний бүтээл хийгээгүй байж цор, цор гэж болохгүй” гэж үргэлж өөртөө захьдаг.

-Хоёр хүүгийн тань аав бол Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Чулуунбат. Энэ эрхэм хүмүүнтэй танилцсан, гэр бүл болсон дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-Би үргэлж радио сонсох дуртай хүүхэд байв. 14 настайдаа радиогоор “Сорын гал” найраглалыг сонсоод сэтгэл их хөдөлж билээ. Төгсгөлд нь “Уншсан нэвтрүүлэгч Г.Чулуунбат” гэж хэлэхэд нь “Ямар мундаг уншдаг хүн бэ, том биетэй, өндөр ах байдаг байх Тийм гоё ахаас ийм сайхан хоолой гарахгүй яах билээ” гэж бодоод өнгөрсөн юм.

18 настай, УДЭТ-ын дагалдан жүжигчин байхдаа Ч.Лодойдамба гуайн “Манай сургуулийнхан” зохиолын Бурантагийн дүр дээр ажиллах боллоо. Тэгээд радио дээр хоолой бичүүлэхээр очиход, саарал пиджактай хүн намайг ажаад байв. Би тэр үед таниагүй, “Ямар сонин хүн бэ” гэж бодоод л өнгөрөв. Тэгсэн дараа нь ажлын эгч нар надад “Радиогийн нэвтрүүлэгч Г.Чулуунбат танай годгор дагалдан охиныг хэн гэдэг юм. Танилцах юм сан гэж байна лээ” гэхэд нь зог туссан. Нэг их танил нэр сонсогдох нь тэр. Нэг удаа ажил тараад гараад иртэл цэцэг барьчихсан “Хүргэж өгч болох уу” гээд зогсож байж билээ. Тэгж бид хоёр анх танилцсан юм.

Амьдрал ямар санаснаар болох биш дээ. Намайг, хоёрын хоёр үрээ бүртийтэл нь орхиод явсан. Тухайн үед би  30 гаруйхан настай байлаа. Өнгөн талаас нь харахад түүний буруу. Гэхдээ надад ч бас буруу байгаа байх. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг үг байдаг шүү дээ.

-Нөгөө талаар өөрийнхөө үйлдлийг зөв гэж бодоод л явсан, танд буруу байгаагүй байж болно шүү дээ.

-Үгүй ээ, тийм биш байх. Одоо чи бод л доо. Эмэгтэй хүн уян зөөлөн, налархай байдаг. Би өөрийгөө дүгнэсэн, учир дутагдалтай зүйл зөндөө байсан.

-Олон зүйлийг золиослосон таныг, хоёр үрээ орхиод явсан хүнд та огт гомддоггүй гэж үү?

-Анхандаа гомдож, уйлдаг байсаан. Үнэндээ гашуун байсан. Тухайн үед чи надаас ярилцлага авсан бол бөөн нус нулимс суух байсан болов уу. Одоо бол би уйлахгүй. Цаг хугацаа аяндаа тэр шархыг эдгээдэг юм байна.  

Би 14 настайдаа түүний дуу хоолойг сонсон, шүтэн биширч дурласан. Гэхдээ тэр хүн надтай дурлаж суугаагүй. Би түүнтэй ханилахын тулд 1968 оны Мехсикийн олимпод оролцох боломжоо хаяад, УДЭТ-аас гараад Москвагийн радиод очиж байлаа. Надад олимпийн наадамд оролцох чухал, хүсэж дурласан мэргэжил минь хэрэгтэй гэж болох л байсан. Бүхнээ зориулаад би түүний гэргий болсон юм.

-Тэр хэрээр та их том золиос гаргаж.

-Тэгсэн. Тэр хэрээр золиослогдож үлдсэн. Тэгж золиослогдож үлдсэн мөртлөө өнөөг хүртэл хугацаанд би хэнтэй ч гэрлээгүй, хэн нэгнийг хань татаж, хүүхдийг нь өнчрүүлээгүй. Өнөөдөр өрх толгойлоод ганцаараа явж байна. Би түүнд огт гомддоггүй, одоо ч хайрладаг. Ингэж хэлэхээр зарим хүн “Тэнэг байх аа, хаягдчихаад. Одоо ч миний зүрх сэтгэлд тэр хань минь хэвээрээ гэнэ үү” гээд гайхна. Тэр бүхэн Монголын хамгийн шилдэг нэвтрүүлэг, хамгийн сайхан хоолойтой хүн. Тийм хүнийг хайрлахгүй байхын аргагүй. Бид хоёрын дунд олон сайхан дурсамж бий, хоёр хүү минь байна. Орхиод явсан тэр алдааг одоо хүртэл тээгээд, гомдоод яах вэ дээ. Холливудийн одод хэдийг сольж байна, тийм биз дээ.

-Аливаа юмыг харах өнцөг чухал. Та их уужуу харж байна. Та түүнийг Холливудийн ододтой жишээд алдааг нь уучилсан юм байна, тийм үү?

-Тийм ээ. Нөгөө талаар ном их уншдагийн ач. Мэдээж сэтгэлээр унах, уйлмаар үе зөндөө. Тийм алт зүүх юм сан, булган дээл хэрэглэх сэн гэж явдаг хүмүүсээс тэс өөр хандлагатай явдгийн л ач.

-Хоёр хүүхэдтэй нь хаяад явах нь байтугай хажууд нь халамжлаад байхад сэтгэл хөрөөд салсан тохиолдол олон. Ялангуяа өнөөгийн нийгэмд гэр бүл салалт улам залуужсаар байгаа. Тэгэхээр өнөө цагт хосууд нэгэндээ үнэнч байх их чухал болоод байх шиг.

-Тийм ээ. Оюутнууддаа би “Өөрөө ухаангүй дурласан хүнтэйгээ суух гэж битгий яараарай. Өөрт чинь хайртай хүнтэй л суугаарай” гэж захьдаг юм. Би хайрыг тун бага хүртлээ. Гэхдээ би өөрийнхөө хайрыг аль болон удаан халуун, дулаанаар нь хадгалахыг хүсдэг.

Өөр хүнтэй ханилдаг байж, нэг хүнийг хүлээсээр байгаад залуу насаа дуусгаж би харамсдаггүй. Хүрээд ирэх болов уу гэж хүлээж суусан цаг үе надад бий. 2008 онд өмнөх эхнэр нь нас барахад “Хүрээд ирэх болов уу” гэж хүлээж байтал ирээгүй. Тэгэхээр нь ӨМӨЗО-ны саналыг зөвшөөрөн, урагшаа явчихсан юм.

Надад зориулж дуу, шүлэг бичсэн хүн зөндөө. Би “Өөрийн чинь нүдэнд туссан бол баярлалаа. Энд зай байхгүй” гэж л хариу өгдөг.

-Г.Чулуунбат гавьяат таны энэ их хайр, хүндлэлийг мэддэг үү?

-Би мэдүүлэхийг хүсдэггүй. Мэдүүлээд ч яах билээ. Мэдлээ гээд тэр хүн шаналахын нэмэр. “Би гомдоож” гэж шаналгахгүй байхыг л би хүсдэг. Миний дотор байгаа юм надад л байг. Эндээсээ жаахан, жаахныг нь хоёр хүүгээрээ зөөлгөн, аавыг нь халамжлуулдаг. “Би яах вэ, аавдаа өг. Аавыгаа л асар” гээд тэгэхээр хоёр хүүхдээр миний хайр дамжиж очдог. Мэдээж хоёр хүү минь “Ээж тэгээрэй гэсэн” гэж хэлэхгүй. Би ч хэлүүлэхгүй.

Тэр хүний тухай хүмүүс надад муулахад нь би үнэхээр дургүй. Хэзээ ам нийлээд хазгай хэлэхгүй. Хэрвээ тэгвэл миний хайр хайлаад алга болчихно, унтарчихна шүү дээ.

-Өнөөгийн залуус өнгө, мөнгө харж ханиа сонгоод байгаа нь гэр бүл хэврэг байхад нөлөөлөөд байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хэчнээн ядуу мөртлөө сайхан сэтгэлтэй, халамжтай хосууд сайхан амьдарч байна. Ёстой нөгөө бор гэртээ богд, хар гэртээ хаан гэдэг шиг. Жижигхэн дөрвөн ханатад ч халуун дулаан амьдарч болно, тийм л амьдрал гоё. Хэчнээн хөрөнгө мөнгөтэй, өндөр албан тушаалтай байгаад нэгэндээ чин сэтгэлээ хайргүй бол тэр амьдрал болохгүй. Үүнд нийгмийг буруутгах учир дутагдалтай. “Энэ хүн өөрийгөө толинд өнгийгөөд нэг хараасай” гэж би боддог юм.

Гэмээ мэддэг мөртлөө нууж амьдардаг хүн олон. Баг зүүчихсэн хүн их байна. Бусдын өмнө чин сэтгэл, үнэн төрхөө гаргадаггүй. Би ямар ч хүнтэй баггүй харилцдаг. Зарим хүн “Хэтэрхий илэн далангүй, нээлтэй юм. Цагаан цайлган хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Тэнэг хүнийг хэлдэг юм” гэдэг. Би нээрэн тэнэг юм болов уу гэж би заримдаа бодно. Тэгээд дүгнэлт хийхээр би хүүхэд шиг цагаан цайлган, гэнэн юм билээ. Хүүхдийн дүр олныг бүтээж явсан минь ч үүнд нөлөөлдөг байх.

-“Цэгмэд эгчид Гавьяат цол өгөх хэрэгтэй” гэх давалгаа томоохон баяр, ёслол бүрийн үеэр их өрнөдөг. Та үүнийг анзаардаг байх. “Төр минь шагнах цаг нь болсон” гэж бодогдох юм уу. “Цаг нь арай болоогүй” гэх бодол илүү төрөх юм уу?

-Цаг арай болоогүй л гэж боддог. Төр засаг “Ард түмэн таныг дэмждэг юм байна. Та өөрөө болоогүй гэж өөрийгөө чамлаад байгаа юм байна. Цаг нь хэзээ болохыг харж байя” гэж байгаа юм шиг л санагддаг. Түүнээс биш “Надад гавьяат цол өгсөнгүй” гэх бодол огт төрдөггүй. Монгол түмэн намайг тэгж дэмжиж буй нь сайхан санагддаг, их урам авдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-03-08 09:02

Сайхан ярилцлага байна. Сэтгүүлчид нь баярл�##�аа. С�##�сан нөхрөө ингэж ярьж байгаагүй хүн байх..

Зочин
Зочин
2021-03-08 10:37

Ажаа ёстой мундаг шүү! хийж бүтээсэн зүйл их хүн шүү гавьяат цол өгөх хэрэгтэй! Ажаадаа иартын 8-ы мэнд хүргэе!

Irgen
Irgen
2021-03-08 11:01

Niigemd xar baraan bus iimgegeeleg saixan niitlel medeelel tugerj bgaa ni gaihaltai...sxan yariltslaga bna .

Зочин
Зочин
2021-03-08 11:17

Ene hund shagnaliig ni uguurui.

Сэр
Сэр
2021-03-08 14:13

ямар гоё яриа уншив аа. Гашуун байсан гэдэг хэсэг нь их утгатай бололтой

Зочин
Зочин
2021-03-08 14:32

Энэ сайхан ахмад жүжигчинд Гавьяат өгөх хугацаа болсон шүү. Урлагт 57 жил зүтгэнэ гэдэг их л урт хугацаа. Гавихгүй гавьяат жүжигчид олон боллоо. Хошин урлагийнхан оптоороо гавьяат болсон. Одоо гарч байгаа Нийслэл хүүхэн кинонд энэ хүнээс бусад нь нул гавьяатууд. Сайхан жүжигчин танд сайн сайханыг ерөөе!

Zochin
Zochin
2021-03-08 16:32

Ene denduu sain jujigchin shuu.GAVYATIIG HI OGOH HEREGTEI HUN.BAYR HURGIE.ALDAR TSOL, MUNGO BODOLGUI AJLAA GEJ ZUTGEJ YVAAD HOHIRDOG YM SHUU naizaa

Зочин
Зочин
2021-03-09 06:58

Hair hemeeh agui ihee. Tsag hugatsaa setgeliin sharhiig edgeen gedeg tuiliin eneen. Bi ch gesen hayad yavsan nuhuruu sanahiin iheer sanaj uulend ug daij uilj zogsdog bailaa, ireh bolov u gej goridoj haruulddag bailaa. Daanch uur huntei bolson suuld bi zugeer l dotroo hairlaj yabdag bolson.

Зочин
Зочин
2021-03-09 13:29

ХАРАА ХАРАЛГАН удирдагчид. Төр нь ч тэр, с�##�бар нь ч тэр, байгууллага нь ч иэр Яасан "сохорчихсон" /уучлаарай/ хүмүүс вэ!!!

ижо
ижо
2021-07-21 16:36

хөөрхөн эгч шүү жижиглэж байгаа нь ч хөөрхөн энгийн мөртлөө хөөрхөн эгч,

Зочин
Зочин
2021-07-22 14:42

gitadiin erliiz hun dee. mongoliin urlag soyoliin salbart gitaduud pig. mongolchuudiig doromjilson yum hiigeed l , nuguuduul ni maasaitlaa ineegeed l baij bna, uruvdmuur.

zovrelioptor
zovrelioptor
2021-07-26 04:09

Hiya! I know this is kinda off topic but I'd figured I'd ask. Would you be interested in trading links or maybe guest writing a blog post or vice-versa? My website covers a lot of the same topics as yours and I feel we could greatly benefit from each other. If you might be interested feel free to shoot me an e-mail. I look forward to hearing from you! Wonderful blog by the way!

Зочин
Зочин
2021-08-05 09:15

ХӨӨРХӨН ЭГЧ Ч ГЭХ ШИГ

Back to top button