ВИДЕО КОНТЕНТНийгмийнУРЛАГЯРИЛЦЛАГА

Д.Галбаяр: Би хэн ч биш, миний карьер одоо л эхэлж байна

Найруулагч, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Дашхүүгийн Галбаяртай ярилцлаа. 13 настайдаа “Цахилж яваа гөрөөс” кинонд тоглосон тэрбээр “Намрын синдром”, “ТҮЦ-ийн охид”, “Тусгай ажиллагаа”, “Шуугиан таригч”, “Миний нууц”, “Хайрын рекорд” зэрэг 10 уран бүтээлийн найруулагчаар ажилласан эрхэм. Түүний аав нь нэрт жүжигчин Г.Дашхүү агсан, хань нь СТА Т.Хулан гэдгийг хүмүүс сайн мэднэ.

“ХАЛАМЦУУ ЯРИА” БОЛ АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭСРЭГ ДУУГАРЧ БУЙ КОНТЕНТ

-Таны хөтлөж буй “Халамцуу яриа” олны сонирхлыг их татаж байна. Ярилцлагын энэ контентоо хийх санаа танд хэрхэн төрөв?

-Ер нь энэ талаар Самандын Жавхлан найзтайгаа олон жилийн өмнөөс ярилцаж байсан юм. Нөгөөхөө эхлүүлэх юм сан гэж яриад л яваад байв.

Хүмүүс бид ихэнх зүйлийг ажил хэрэг болголгүй яриад л өнгөрдөг. Хийдэггүй, эхлүүлдэггүй. Цар тахлын үеэр гэрт хийцгүйрч суухдаа “Ер нь яагаад хийж, эхлүүлж болохгүй гэж” хэмээн бодлоо. Тэгээд шууд эхлүүллээ. Одоогоор дөрвөн дугаар хийгээд байгаа. Удахгүй тав дахь дугаараа үзэгчдийн хүртээл болгоно.

-Зочиндоо согтууруулах ундаа уулгаад ярилцах хэлбэрийг яагаад сонгов?

-Зочиндоо архи өгөөд ярилцаж байгаа нь өнгөн талын, хэлбэр төдий зүйл. Хүн ер нь жаахан юм уухаараа сэтгэлийн үг нь гардаг. Сэтгэл хөдлөл ихтэй болдог, өөрийнхөө дотоод мөн чанарыг илүү гарган, өөрийгөө нээдэг. Тиймээс би “Халамцуу яриа”-гаар дамжуулан зочныхоо дотоод мөн чанарыг үзэгчдэд нээж харуулахыг зорьсон юм.

Өөр бас нэг зорилго бий. Хүмүүс агуулга, хэлбэрийн зөрчил гэж их ярьдаг. Түүний адил “Халамцуу яриа” архи согтууруулах ундааг сурталчилж буй зүйл огт биш. Харин ч эсрэгээрээ архийг тохируулж, соёлтой хэрэглэх чухлыг уриалах нь бидний бас нэгэн зорилго. Гэмт хэрэг, аваар осол, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт муу муухай бүхэн архитай холбоотой байдаг. Архийг зөв, зохистой хэрэглэж сураагүй учраас ийм харамсалтай зүйлс болсоор байгааг хүмүүст ойлгуулахыг хүсдэг.

“Халамцуу яриа”-гийн цаад мөн чанар руу өнгийгөөд харвал архи, согтууруулах ундааны эсрэг дуугарч буй контент юм шүү.

ОЛНЫ ТАНИЛ , ДУУЛИАНЫ ЭЗНИЙГ БУС ДОТООД ЕРТӨНЦ НЬ ӨВӨРМӨЦ ХҮНИЙГ ЗОЧНООРОО СОНГОХЫГ ЧУХАЛЧИЛДАГ

-Ямар ч ярилцлагад зочин юу юунаас илүү чухал. Та зочноо сонгохдоо юуг нь илүү чухалчилдаг вэ?

-Хэтэрхий олны танил, нийгэмд дуулиан тарьдаг, хэл аманд их өртдөг хүмүүсийг оролцуулан, ярилцлагынхаа хандалтыг өсгөх нь миний зорилго биш. Миний нэвтрүүлэгт ямар ч хүн оролцож болно. Гэхдээ мэдээж тэр хүний дотоод ертөнц надад маш чухал. Жишээлбэл, “Халамцуу яриа”-гийн зочдын нэг нь Д.Монголхүү гэдэг залуу. Түүний улс төрийн талаарх үзэл бодол, хувь хүний эрхийг дээдэлдэг хандлага нь миний сонирхлыг татсан.

Хэдийгээр бид хоёр 20-иод жилийн өмнө таеквондогоор хамт хичээллэдэг байсан ч гэхдээ Монголхүү биш. Үзэгчдэд сонирхолтой, сонин зүйл ярих болов уу гэсэн өнцгөөс харж түүнийг сонгосон. Бусад оролцогчоо ч мөн тэгж сонгодог.

Ерөөсөө надад оролцогчдын маань дотоод ертөнц чухал гэдгийг дахиад тодотгоё. Ухаж яриулахад ундаргатай, өгөөжтэй хүн л надад чухал.  Жаахан юм уугаад халангуутаа юм ярихаа болин, чив чимээгүй суугаад байвал ямар байх вэ. Би л ганцаараа яриад, инээгээд байвал утгагүй шүү дээ.

БИ ЗОЧНООРОО ЯМАРХУУ ЁС ЗҮЙТЭЙ ХҮН УРИХААС БҮХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА

-Мэргэжлийн сэтгүүл зүй талаас нь харвал зочиндоо архи уулгаад ярилцлага хийх нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Чиний асуулт яг зөв. Ёс зүй гэдэг ойлголтыг Ардчилсан нийгэмд хэрхэн, яаж хүлээх авах ёстой вэ. Бид социализмын нийгмийн үед маш их “Болохгүй” дундуур амьдарсан. Тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй. Энэ бол ёс суртахуунгүй асуудал гээд л. Тэгвэл Ардчилсан нийгэмд өөр. Үүнийг ёс зүйгүй талаас нь харах хүн байгаа, ёс зүйтэй талаас нь ч харах хүн бий. Хүн бүхэн өөр өөрийнхөө харж, хүлээн авч байгаа.

“Халамцуу яриа”-гийн зочноор ямархуу ёс зүйтэй хүн оролцуулахаас бүх зүйл шалтгаална. Ер нь хүмүүс энэ ярилцлагын хэлбэр талтай нь зууралдаж, өнгөц битгий хараасай. Галбаяр суугаад, зочиндоо зуун грамм хундагалж өгөөд ярилцаж буй нь зөвхөн хэлбэр төдий зүйл. Агуулга руу нь сайн өнгийн, юу хэлж, ойлгуулахыг хүсэж буйг минь ойлгох, мэдрэх чухал юм шүү.

-Та зочинтойгоо хэр удаан ярилцдаг вэ. Ярилцлагаасаа хэр их хасдаг вэ?

-2-3 цаг ярилцдаг. Ярилцлагын өнцөгтөө тааруулан монтажилдаг.

“ХАЛАМЦУУ ЯРИА”-Г ӨӨР ХҮН ХИЙСЭН БОЛ МИНИЙ Ч АНХААРЛЫГ ТАТАХ БАЙСАН

-Шинэ зүйлийг эхлүүлэх амаргүй. Зочиндоо хатуу юм өгөөд ярилцлага хийхийг олон нийт, оролцогч тань хэрхэн хүлээж авах бол гэж төсөөлж байв?

-Хүмүүсийн сонирхлыг татна гэдгээ мэдэж байсан. “Сонирхоно гэж бодоогүй. Хүмүүс сонирхохоор нь би гайхаад” гэж худлаа яриад яах вэ. “Халамцуу яриа”-г Галбаяраас өөр хүн хийсэн бол надад ч сонирхолтой санагдах байсан. “За, энэ хүн халамцахаараа юу ярих нь уу” гээд үзнэ.

Үнэнийг хэлэхэд надад эхэндээ айдас байсан. “Халамцуу яриа”-гийн анхны дугаар цацагдсаны дараа тайвширсан. Одоо контентоороо дамжуулан нийгмийн хариуцлагад чиглэсэн зүйлс хийх бодол бий.

-Сэтгүүлч бол мэргэжил. Мэргэжлийн сургууль төгсөөд эзэмшдэг. Гэтэл өнөө цагт олны танил, олон дагагчтай бүхэн шахам ярилцлагын контенттой, лайв асаагаад ярилцдаг, сэтгүүлч болчихдог. Ялангуяа сонгуулийн жил бүр ч их. Сэтгүүл зүйг мөнгө олох хэрэгсэл гэж хараад буйд эмзэглэдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хүн бүхэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахаас өөр аргагүй. Сэтгүүл зүй гэлтгүй бүх салбарт ийм байхыг шаардах болсон. Урлагийн салбарт ч мөн адил. Өнөөдөр хэн нэгэн заавал театрт очиж энтертаймент хэрэгцээгээ хангах шаардлагагүй болсон. Утсан дээрээ “Тик ток” хийгээд өөрөө өөрийгөө баясгаж болж байна. Өнөөдөр тийм болчихлоо.

Өнөө цагт лайв хийгээд мэдээлэл түгээх боломж хүн бүхэнд бий. Цахим ертөнцөөс үнэн бодит мэдээллийг яаж шүүж авах нь хувь хүний асуудал. Тийм биз дээ. Энэ олон мэдээлэл дундаас үнэн, бодитыг нь яаж ялгах вэ.

Ерөөс бүхий л салбарынхан цаг үедээ тааруулан хөрвөх чадвартай байх хэрэгтэй. Чиний асуултад би ингэж л хариулна. Цаг үетэйгээ яаж хөл нийлүүлэн алхаж, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх нь ёстой сэтгүүлч та нарын асуудал байхгүй юу.

Сэтгүүлч хүн кинонд тоглоод явж болно. Чадаж л байвал хамаагүй шүү дээ. Заавал жүжигчин хүн кинонд тоглох ёстой гэсэн юм хаана ч байхгүй. Өнөө цагт хүн бүхнээс хөрвөх чадвар шаардаж байна. Галбаяраас зөвхөн найруулах, жүжиглэх чадвар шаардахгүй байна. Тийм учраас би өнөөдөр “Халамцуу яриа”-г хийчихсэн, хөтлөгч болчихсон сууж байна. Олон талын ур чадвар, хөрвөх авьяасыг өнөө цагт биднээс шаардаж байна.

-Та тэр шаардлагынх нь дагуу хэр сайн хөрвөж чадаж байна вэ?

-Сайн гэдэг тодорхойлолтыг би хэлэх учир дутагдалтай. Миний хийж буй юмнууд зарим хүнд таалагдана. Заримд нь таалагдахгүй. Урлагийнхан “Бүх хүнд таалагдах албагүй” гэж ярьдаг. Тийм биш. Харин ч эсрэгээрээ таалагдах албатай байхгүй юу. Даанч тийм боломж байхгүй.

-Тэр боломжийг хязгаарлаж буй гол хүчин зүйл юу байна вэ?

-Хүн бүхний үзэл бодол, сонирхол ондоо. Сонирхол, үзэж туулсныхаа хэмжээнд, хүрээнд аливаа зүйлийг өөр өөрөөр хүлээж авдаг.

-Та ярилцлагын хоёр ч контенттой. Үүнээс харахад таныг сэтгүүлч гэж болмоор ч юм шиг. Та өөрийгөө сэтгүүлч гэж боддог уу?

-(Инээв). Үгүй ээ. Би зүгээр сонирхлынхоо дагуу хийн, хувийн хуудсандаа нийтэлдэг л нэвтрүүлэг. Энэ хоёр контентыг ямар нэгэн телевизээр дамжуулдаггүй, фэйсбүүкт лайв хийж цацдаггүй. Зөвхөн миний хувийн флатформ дээр л тавигддаг. Би өөрөө өөртөө сэтгүүлч байж магадгүй.

БУСАД ТЕЛЕВИЗЭЭС “ХАЛАМЦУУ ЯРИА”-Г ГАРГАХ САНАЛ ТАВЬБАЛ БОДОЖ БАЙЖ ШИЙДНЭ

-Бусад телевизүүд таны ярилцлагыг цацах санал тавьбал зөвшөөрөх үү?

-Одоохондоо тийм санал ирээгүй. Ирвэл бодож байгаад шийднэ. Би зөвхөн хувийн флатформдоо “Халамцуу яриа”-г нийтлэдэг гэж түрүүн хэлсэн. Тэгээд байхад л “Ёс зүйгүй байна. Зочиндоо архи уулгалаа” гэх мэт шүүмжлэл ирдэг. Тэгэхээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах нь тийм ч зохистой биш байж магадгүй.

ААВ МИНЬ ХОШИН ШОГИЙН ӨНДӨР МЭДРЭМЖТЭЙ, ИХ ДӨЛГӨӨН ХҮН БАЙЖ БИЛЭЭ

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадуур хувцас гэх мэтийн зураг байж болно

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Та урлагийн салбарт гэр бүлээрээ зүтгэж, хөдөлмөрлөж яваа эрхэм. Кино урлагтай амьдралаа холбоход аавын тань нөлөө хэр их байв?

-Аав минь их дөлгөөн, тайван, инээдмийн, хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн байж билээ. Кино урлагтай амьдралаа холбоход аав минь их нөлөөлсөн. Миний уран бүтээлийн ихэнх нь инээдмийнх. Инээдмийн урлагт би их дуртай. Хүүхэд нас минь тэр чигээрээ Хүүхэд, залуучуудын театрт өнгөрсөн. Өглөө аавыг дагаад ажил дээр нь очно. Тухайн үеийн бүхий л мундаг жүжигчид тэнд ажилладаг байв. Тэр сайхан театр, гоё хамт олныг харж бага нас минь өнгөрсөн. Кино урлагт дурласан, амьдралаа холбосон минь үүнтэй салшгүй холбоотой.

-Өнөө өглөө та “Аавыгаа зүүдэлж сэрлээ” гэж цахим хуудсандаа нийтлэсэн байна лээ. “Хүний сайхан орчлонд” дууг сонсохоор аавтайгаа уулзсан мэт болдог уу?

-Ёстой тэгдэг шүү. 2006 онд найруулагч Сэнгэдорж бид хоёр аавынхаа дурсамж тоглолтыг хийх үеэр санаачлан, тэр дууг хоёр аавдаа зориулан хийлгэсэн юм. Яруу найрагч Ц.Бавуудорж ах шүлгийг нь бичин, манай Жавхаа дуулсан.

Аав минь олонтой, их сайхан эр хүн байсан. Хүүхэд, залуучуудын театрыг зарчихлаа гээд тэр чигээрээ Нямгаваа найруулагчийг муулж байхад аав минь ганцаархнаа “Манай Гаваа гайгүй шүү дээ” гээд зогсож байсан. Аав минь тийм цагаан, цайлган хүн байсан. Тийм учраас аавынхаа тэр зан чанарыг нь үргэлжлүүлж, бусдад эерэг хандлага түгээж байхыг хичээдэг. Цахим хуудсандаа дандаа эерэг юм нийтлэдэг.

БИ 10 КИНО НАЙРУУЛСАН

-Одоогоор та хэчнээн кино найруулан, тоглоод байгаа билээ?

-Би “Намрын синдром”, “ТҮЦ-ийн охид”, “Тусгай ажиллагаа”, “Шуугиан таригч”, “Миний нууц”, “Хайрын рекорд” зэрэг 10 кино найруулсан. Хамгийн анх тоглосон кино маань “Цахилж яваа гөрөөс”. 13 настайдаа тоглож байлаа. Дараа нь “Шуугиан таригч”-ын гол дүрд тоглосон. 17 жилийн дараа кинонд дахин тоглосон маань тэр. Мөн “Гэр дүүрэн охид”, “Киносутра”-д тоглосон. Тэгэхээр 10 кино найруулж, дөрвөн уран бүтээлд тоглоод байгаа юм байна.

Одоо би киноны арай өөр, өөр төрөл рүү орж байгаа. Өнгөрсөн жил “Хүйтэн шөнө” гэдэг нэртэй, трэйлер жанрын кино хийсэн. Гол дүрд нь УДЭТ-ийн жүжигчин Болд-Эрдэнэ тоглосон. Цар тахлын улмаас киногоо нээх боломжгүй сууна.

МОНГОЛД 40-50 КИНО НЭЭЛТЭЭ ХИЙДГЭЭС ИХДЭЭ 10 НЬ ЗАРДЛАА НӨХДӨГ, БУСАД НЬ “ШАТДАГ”.

-Өнөө цагийн кино урлагийн талаар хүн бүхний дүгнэлт ондоо. “Хуучны үеийн кино гоё. Сүүлийн үеийн уран бүтээлчид олигтой кино хийхгүй байна” гэж шүүмжлэх хүн олон. “Монголын кино урлаг хөгжиж байна. Залуус хөгжүүлэхийн төлөө явж байгаа” гэх нь ч бий. Ер нь сүүлийн үеийн киног нэг үзээд л уйдчихдаг. Таны бодлоор кино урлаг хөгжиж байна уу, зогсонги байдалд орчихов уу?

-Миний хариултыг чи сая хэлчихлээ. “Нэг үзээд, дахиж үзэх сонирхол төрдөггүй” гэж. Тэгвэл хуучны кинонуудыг хүмүүс яагаад дахин дахин үздэг вэ. Уйдаахгүй байна шүү дээ.

Жилд Монголын кино урлагийн зах зээлд 40-50 кино нээлтээ хийдэг. Үүнээс дээд тал нь 10 кино л зардлаа нөхдөг. Тав нь ашигтай ажиллаж, тав нь “амиа” барьдаг. Бусад нь “шатдаг”. Ашигтай учраас уран бүтээлчид кино хийдэггүй. 50 киноны 40 нь “шатдаг” гээд бодохгүй юу. Яагаад хүмүүс үзэхгүй, “шатаад” байна вэ. Үүний хариулт ойлгомжтой. Яагаад гэвэл тэр киног хүн сонирхохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр сонирхол татахгүй, сонирхолгүй уран бүтээл хийгээд яах юм бэ. Ядаж “амиа” барихгүй, зардлаа нөхөхгүй кино хийгээд яах юм бэ. 50 киноны 40 нь “шатдаг” гээд нийтээр нь дүгнэхэд Монголын кино урлаг муу л байгаа байхгүй юу.

Тэгэхээр одоо нэг зүйл л чухал. Түрүүн би хэлсэн. Үзэгчид энтертаймент хэрэгцээгээ өөрсдөө гар утаснаас хангачихдаг болчихлоо. Хүмүүсийг ангайлгасан, шинэ, соргог юм хийж байж л үзэгчдийн анхаарлыг татна, кино театр руу алхуулна. Тэгсэн цагт л хүмүүс гар утаснаасаа салж, театр руу явна. Тэгэхийн тулд сайн уран бүтээл л хийх ёстой.

-“Явуулын хүн” нээлтээ хийхэд хүмүүс үзээгүй, татан буугдсан юм билээ. Гэтэл олон жилийн дараа сая гэнэт тэсэрлээ. Бид хэтэрхий дуулиан, шуугианыг соргог хараад зарим сайн уран бүтээлийг мэдрэхгүй, ойлгохгүй, анзаарахгүй байгаа юм биш үү?

-Сайн уран бүтээлийг театр үзээгүй байж зурагтаар үнэгүй гаргахаар нь үзээд, шуугилаа гэж хүмүүс яриад байна лээ. Үүнд маш олон шалтгаан бий. Жишээлбэл, “Явуулын хүн”-ий маркетингийг яаж хийснийг би мэдэхгүй. Монголын уран бүтээлчид бүгдийг нь өөрөө хийх гээд зүтгээд байдаг нь том алдаа. Найруулагч нь маркетинг, борлуулалтаа хүртэл өөрөө хийх гээд зүтгэдэг гэмтэй. Тэгэхээ болиод хийдэг, хийдэг ажлаа л сайн гүйцэтгэсэн нь дээр. Бүгдийг би ганцаараа хийж чадахгүй. Тус тусдаа тэс өөр ажил.

Киноны маркетингийг яаж хийвэл илүү үр дүнтэй, ёс зүйтэй юм бэ. Продьюсер гэж ямар хүнийг хэлэх вэ. Манайхан мөнгө өгдөг хүнийг продьюсер гэж ойлгодог. Тийм биш. Хөрөнгө оруулагч байхгүй юу. Продьюсер бол тухайн төслийг анхнаас нь хэрхэн хэрэгжүүлэхийг нь томоор хардаг хүн. Эхнээс нь төгсгөл хүртэл удирддаг. Төслийг бүрэн хэмжээнд ажилладаг, тэгж зүтгэдэг хүнийг продьюсер гэдэг. Монголчууд болохоор хэн нэгнээр уран бүтээл хийнэ гэж мөнгө авангуутаа продьюсер гээд зарлачихдаг. Өнөөх нь юу ч хийдэггүй.

“Хэдэн нөхдүүд ирээд мөнгө зээлсэн. Киногоо нээгээд буцааж өгнө гэсэн, алга л байна. Хэзээ өгөх юм, бүү мэд. “Шатчихсан” юм биш үү” гээд сууж байдаг. Тийм хүнийг продьюсер гэхгүй ээ. Зүгээр л хөрөнгө оруулагч. Тэгэхээр продьюсер гэж ямар хүн байх ёстой вэ. Түрүүн чиний асуусан “Явуулын хүн”-ий маркетингийг хэрхэн хийсэн, хэн продьюсероор нь хэн ажилласныг би мэдэхгүй. Тийм учраас ийм, тийм гээд хэлэх юм надад алга.

КИНОНЫ “ААВ ЗАРНА” ГЭДЭГ МАРКЕТИНГ НАДАД ҮНЭХЭЭР БҮДҮҮЛЭГ САНАГДСАН

-Та сая маркетинг чухал гэлээ. Өнөө цагт зарим хүн уран бүтээлийн сурталчилгаагаа хүмүүст хүргэх гээд юу ч хийхээс буцахгүй, ядах болж. Ямар нэгэн этгээд, гаж үйлдэл болоход “Бодит үйл явдал уу. Ямар нэгэн контентын реклам юм болов уу” гээд эргэлздэг боллоо.

-Харин тийм ээ. Сүүлд “Ааваа зарна” маркетинг явсан. Үнэнийг хэлэхэд надад үнэхээр бүдүүлэг санагдсан. Тэрийг маркетинг хийлээ, хүмүүсийг уран бүтээлдээ татлаа гэж хэлэхэд хэцүү. Гэтэл трэйлерийг нь үзэхэд аятайхан болсон байна лээ, хөөрхөн кино хийсэн юм шиг санагдсан. Аливаа зүйлд түвшин, хэм хэмжээ бий. Ямархуу түвшний уран бүтээл хийчихээд ямар түвшинд түгээх вэ гэдэг өөр асуудал. Залуучууд өөрсдийн түвшнээсээ арай жаахан доордсон маркетинг хийчих шиг санагдсан.

Жилд хийсэн 40 киноны 30 нь “шатаж” байгаа нь үүний хариулт. Чөлөөт зах зээл өөрөө кино бизнест хариулт өгөөд байна. Тийм биз дээ. Тэгэхээр уран бүтээлчид үүнд бухимдаад, уурлаад, урвайгаад байх ямар ч шаардлагагүй.

-Таны найруулсан 10 кинонд үзэгчид ямар хариулт өгсөн бэ?

-Би хөрөнгө оруулагчаас мөнгө аваад, кино хийснийхээ дараа буцааж өгнө. Эсвэл огт ашиг олж чадахгүй шургаад унаж болно. Ашгийн хувьд Галбаяр нэмэхтэй найруулагч уу, хасахтай найруулагч уу гэдэг үнэлгээ бий. Би шударга хариулъя. Миний найруулсан 10 киноны ес нь нэмэхтэй. Нэг нь хасахтай.

-Тэр нь ямар кино вэ?

-“Киносутра”. Ашиг олсон, нэмэхтэй байсан гээд би мундаг найруулсан гэсэн үг биш. Магадгүй би азаар, цаг үе нь аятайхан таараад ашиг олсон байж болно. Дээсэн дөрөөн дээрээс тухайн цаг үе нь аварсан байхыг ч үгүйсгэхгүй. Намайг зөндөө олон хүн “Муу найруулагч” гэдэг. Бас зөндөө олон хүн “Сайн” гэж магтдаг. Тэглээ гээд би магтсантай нь үнсэлцээд, муулсантай нь зодолдоод явдаггүй.

БААДАЙ ШИГ ХҮНИЙГ ОНЦЛОН, ЯГ ЖИНХЭНЭ ШОУ ХИЙХ САНАА НАДАД АНХ ТӨРСӨН ЮМ

-Та жүжигчин, найруулагч. “Шуугин таригч”-ийг та найруулангаа гол дүрд нь тоглосон. 17 жилийн дараа кинонд тоглоход ямар байв?

-Гол дүрд нь тоглоод найруулахаар хамаагүй их цаг, хүч хөдөлмөр, ажиллагаа шаарддаг юм билээ. Тоглосон хэсгээ заавал ухрааж харан, дахин анализ хийнэ. Жүжиглэхийн хажуугаар маш олон зүйлд анхаарлаа хандуулах шаардлага гарна. Тоглож буй үедээ бусад уран бүтээлчдийн жүжиглэлт, ямар нэгэн алдаа гарч буй эсэхийг анзаарна. Хамтарч буй жүжигчдэд жаахан зовлонтой байсан байх. Нэлээд их цаг авсан. Найруулаад, өөрөө тоглох хүсээд байх зүйл биш юм билээ.

-17 жилийн хугацаанд дахиад кинонд тоглох юм сан гэж хүсэж байгаад тоглосон уу. Эсвэл яалт ч үгүй тоглохоос өөр аргагүй болоод гол дүр бүтээв үү?

-“Шуугиан таригч” киноны гол дүр Баадай шиг хүнийг онцлон, яг тийм жинхэнэ шоу хийх санаа надад төрсөн юм, анхандаа. Архинд орсон нэгнийг том зочид буудалд сэрээн, гэнэт баян болгож, нууцаар дагавал яах бол гэж 7-8 жил ярин, төлөвлөж байгаад хийсэн уран бүтээл л дээ.

“Цахилж яваа гөрөөс” кинонд учраа мэдэхгүй, 13 настай байхдаа тоглосон. Түүнээс хойш кинонд дахин тоглох юм сан гэж хүсэж байлаа. “Шуугиан таригч” киноны зохиолыг бичсэнийхээ дараа жүжигчин Аглуу ахыг тоглуулна гэж бодож байв.

Миний хань Хулан, С.Жавхлан найз маань намайг тоглохыг ятгасан. “Нээрэн яагаад болохгүй гэж” хэмээн бодсон ч зориг хүрэхгүй байв. Найруулагч гэдэг хайрцагт орчихсон, хүлээсэн баригдсан явсан үе. Өөрийгөө жүжигчнээр олж харахгүй байхгүй юу. Хоёр жил гаруй хугацаанд Хулан, Жавхлан хоёр намайг ятгасаар байлаа.

Тэгж байтал би студийн ажлаас үнэхээр залхав. Нэг ажлаа удаан хугацаанд, нэг хэмнэлээр хийгээд л байхаар залхдаг шүү дээ. Яг тийм үед “Шуугиан таригч”-д гол дүрд тоглосны дараа би маш их сэргэлт авсан. Кинонд дахиад тоглон, их урамшиж билээ. “Шуугиан таригч” намайг уран бүтээлчийн хувьд шинээр нээсэн. Дараа нь “Киносутра”-д мөн өөрөө тоглоод, найруулсан. Найман анги киног найруулангаа гол дүр бүтээх чанга юм билээ.

ХАНЬ МИНЬ ДРАМ ТАЛДАА ҮНЭХЭЭР АВЬЯАСТАЙ, ДОТОРТОЙ ЖҮЖИГЧИН

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

-Таны хань бол жүжигчин Т.Хулан. Уран бүтээлч гэр бүлд давуу тал олон. Сул тал бий юү?

-Хэдийгээр хоёулаа уран бүтээлч ч өөр, өөр хувь хүн. Би найруулагчийнхаа хувьд үнэлээд хэлэхэд Хулан минь драм талдаа үнэхээр авьяастай, дотортой жүжигчин. Драмын хүчтэй сэтгэл зүй ханьд минь байдаг. Уран бүтээлч гэр бүл байхын сул тал харьцангүй бага.

Т.ХУЛАН ТЕАТРЫГ ОРХИОГҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНЫ УЛМААС ГАРСАН

-Т.Хулан УДЭТ-аас гарахад олон хүн гайхсан. Гэнэтийн шийдвэр байв уу, эсвэл хувийн карьераа хөөе гээд төлөвлөж байгаад гарсан юм уу?

-Хань минь УДЭТ-т найман жил ажиллаад эрүүл мэндийн шалтгааны улмаас гарсан. Тэрнээс биш тус театрыг орхиогүй, хувийн карьераа хөөж яваагүй. Тухайн үед хань минь кино зураг авалтад явж байгаад хүнд гэмтсэн. Биеэ эмчлүүлэхийн тулд зургаан сарын чөлөө хүсэхэд УДЭТ өгөөгүй. Яалт ч үгүй биеэ эмчлүүлэхийн тулд аргагүйн эрхэнд театраас гарсан. Намайг Хуланг театраас гаргачихсан гэж зарим хүн буруугаар ойлгож явдаг юм билээ. Ерөөсөө тэгээгүй, тийм юм болоогүй.

Ханийн минь сонголт. Би хүндэлсэн. Үнэнийг хэлэхэд тухайн үед эрүүл мэндийн шалтгаантай байсан ч ханийгаа театраас гарахад нь харамссан. “Урлаг хүнээр дутахгүй” л гэж ярьдаг. Гэхдээ одоо дутах үе байна шүү дээ.

-Хань нь таны цөөнгүй уран бүтээлийн гол дүрд тоглосон. Бусад жүжигчдээс илүү амархан ойлголцож, ажиллагаа бага ордог уу?

-Яг тэгдэг. Зургийн талбайд бид хоёр ажиллах шаардлага бараг гардаггүй. Яагаад гэвэл бид хоёр үргэлж хамт байдаг. Тэр бүхэнд Т.Хулан миний хүсэж буй бүхнийг мэдэрчихдэг. Би хамгийн сүүлд ханьтайгаа “ТҮЦ-ийн охид” кинонд ажилласан. Тус уран бүтээлийг найруулахад С.Сарантуяа эгч, Т.Хулан хоёр дээр ажиллах ямар ч шаардлага байгаагүй, тэр хоёрыг би үнэхээр биширсэн.

Хүмүүс ТҮЦ-ийнх нь гаднаас “Хөөе, хаалгаа онгойлго” гээд орилдог хэсэг дээр “Эгч ээ, энэ хэсэгт ганц доголон нулимс хаячихаарай” гэхэд яг л доголон хаясан шүү дээ. Найруулагчийн захиалгаар ганц доголон нулимс хаяж байгаа тийм өндөр хэмжээний уран бүтээлч Ардын жүжигчин байхаас өөр яах юм бэ. Жүжигчин бүхэн доголон нулимсыг хүссэнээрээ гаргаж чадахгүй. Чи яг тэр хэсгийг хараарай.

МИНИЙ НАЙРУУЛСАН КИНОНД ХАНЬ МИНЬ ТОГЛОН, БИД ХОЁР ЯАГААД ХАМТАРЧ БОЛОХГҮЙ ГЭЖ

-Д.Галбаяр найруулсан кинондоо эхнэрээ тоглуулдаг гэх шүүмжлэл анзаарагддаг. Та үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хулан өөрийнхөө карьерыг өөрөө бүтээж, бий болгосон жүжигчин. “Чиний эзгүйд”, “Сарны нулимс” зэрэг киногоор карьераа эхлүүлсэн. Хэл нь загатнасан, өө хайсан хүмүүс тэгж шүүмжилдэг. Би анзаардаг. Хань минь гол дүрийн зангарагтай жүжигчин. Хуланг би кинонд тоглуулахдаа энэ талыг нь л би чухалчилдаг.

Тиймээс би ханиа киноныхоо туслах дүрд тоглуулахыг хүсдэггүй. Гэхдээ ер нь миний найруулсан кинонд Хулан яагаад тоглож болохгүй гэж. Яагаад бид хоёр хамтарч болохгүй гэж. Хулан, Галбаяр хоёр эхнэр, нөхөр байх нь ямар ч падлийгүй. Тухайн бүтээлийг сайн, чанартай л хийх ёстой. Тийм хэмжээнд хийхгүй бол үзэгчид аяндаа хогийн сав руу чулуудчихна.

ХИЙСЭН КИНОГОО ЗУРАГТААР ГАРАХАД БИ БУШУУХАН СУВГАА СОЛЬДОГ, ҮЗДЭГГҮЙ

-Би ийм уран бүтээл хийлээ, чадлаа гэж өөрөөрөө хамгийн их бахархсан, онгирсон кино аль нь вэ?

-(Инээв). Наадах чинь манай киночдын нийтлэг зүйл шүү дээ. Монголын киночид уран бүтээл болгоныхоо дараа шахам л “Алчихлаа” гээд цээжээ дэлддэг. Би ч бас тэгж урамшиж явсан. Яг тэр, энэ киног хийгээд өөрөөрөө бахархсан гэхээс илүү би хийж буй бүх зүйлдээ маш их ач холбогдол өгч, ажилладаг.

Хийснийхээ дараа зурагтаар гарахад нь би үздэггүй. Би гялс сувгаа сольчихдог. Хаая нэг бүр олон жилийн өмнө хийсэн кино зурагтаар гарахад уулзаагүй удсан найзтайгаа уулзсан юм шиг санагддаг, гоё мэдрэмж төрдөг. “Нээрэн ингэж ажилласан, энэ хэсгийг тэгчихгүй яав даа. Жаахан дутуу ажиллачихаж” гэсэн байдлаар ханддаг.

Тэрийг би тэгж хийсэн, энийг би ингэж бүтээсэн гэж ярих би дургүй. Тэгж бодохыг хүсдэггүй. Галбаяр яагаа ч үгүй байна. Миний хийсэн 10 кино сонин биш. Карьер маань одоо л дөнгөж эхэлж байна. Би ерөөсөө юу ч хийгээгүй, за юу. Дэлхийн найруулагчдыг харахад, карьер нь бараг 40 наснаас нь эхэлдэг. Гэтэл монгол найруулагчид яагаад 40 хүрэхээрээ тэгэх, ингэх ёстой гээд яриад суугаад байдаг юм бэ.

Би одоо өөрийгөө шинэ зүйлд сорихыг, дахиад нээхийг хүсэж байна.

ТРИЛЛЕР ЖАНРЫН КИНОНД МАШ ИХ ДУРЛАЖ БАЙНА

-Цаашид та ямар жанрын кино түлхүү хийх бодолтой байгаа вэ?

-Триллер жанрын кинонд маш их дурлаж байна. Сүүлд өнгөрсөн жил энэ төрлийн нэг кино хийсэн. Зохиолын эргүүлэг, урьдчилан таашгүй байдал нь маш гоё.

-Ямар ч уран бүтээлд зохиол хамгаас чухал. Найруулагч нар сайн зохиолын эрэлд гараад, олдохгүй бол өөрсдөө бичдэг.

-Зохиолын эрэлд гарсан хэн ч байхгүй, яг үнэндээ.

-Та сайн зохиолоор хэр “цангаж” байна вэ?

-Өнөө цагийн уран бүтээлчдэд нэг алдаа бий. Уншихгүй, маш олон талаас нь зохиолын эрэл хайгуул хийхгүй байна. Ихэнх нь киноныхоо зохиолыг өөрсдөө бичиж байна. Өөрсдөө зохиолоо бичих нь зөв, зохистой зүйл мөн үү. Би 15 жилийн өмнө “Хохирогч” гэдэг нэртэй зохиол бичсэн. Ханьдаа уншуулсан чинь “Энэ чиний л бухимдал байна. Чиний бухимдлаар үзэгчид яах юм бэ” гэж билээ. Миний анхны бичсэн зохиол шүү дээ. Тэгэнгүүт нь би шууд нүдэн дээр нь урчихсан. Тэгсэн чинь Хулан гайхахаар нь “Миний бухимдлаар үзэгчид яах юм бэ” гэчихэж билээ. Тэгэхэд хань минь “Дахиад суугаад, сайжруулах хэрэгтэй байсан юм” гэсэн.

Яагаад энийг ярьсан бэ гэхээр, аливаа зүйлийг олон талаас харах хэрэгтэй. Өөрийнхөө бухимдал, эмзэглэлийг зохиол болгож бичин, уран бүтээл хийчихээд бүх хүн таалах, ойлгох ёстой гэж бодож болохгүй. 

НАЙРУУЛСАН 10 КИНОНЫХОО ТАВЫНХ НЬ ЗОХИОЛЫГ БИ ӨӨРӨӨ БИЧСЭН

-Та найруулсан 10 киноныхоо хэдийг нь өөрөө зохиосон бэ?

-Тавынх нь зохиолыг би өөрөө бичсэн. Түрүүний асуултад хариулахад сайн зохиолоор би “цангаж” байна. Гэхдээ сайн зохиолыг тухайн найруулагч ойлгож байгаа эсэхэд асуудал бий. Үнэхээр сайн зохиолыг Галбаяр ойлгохгүй байвал яах вэ. Би өөрөө хэр оюуны түвшинд байна вэ гэдэг асуудал. Сайн зохиолыг дутуу ойлгоод, гол санааг нь гаргаж чадахгүй байж болно шүү дээ.

“Кино зохиолд олигтой мөнгө төлөхгүй учраас сайн зохиол гарахгүй байна” гэж зарим хүн ярьдаг. Тэгэхээр хаашаа юм бэ, сая төгрөг өгөхөөр муу юм бичдэг, 10 саяыг өгөхөөр чанартай зохиол бичнэ гэж байх уу. Уран бүтээлчийн авьяас, ур чадвараар л бүтдэг зүйл шүү дээ.

-Д.Галбаярын баримталдаг гол зарчим юу вэ?

-Аль талаасаа.

-Уран бүтээлч, найруулагч талаасаа.

-Цэгцтэй байдал. Монтажны цэгцтэй шилжилт зэрэг зүйлд маш дуртай. Би одоо сурсаар, суралцсаар явна. Бид 1990-ээд оноос хойшхи нөхдүүд, шинэ үеийнхэн. Кино киноноос дадлагажин, суралцан, сургамж авсаар байгаа. Улсын зардлаар ОХУ-д найруулагч мэргэжлээр сурах боломж бидэнд байсангүй, хувиасаа мөнгө гаргаад сурах бэл бэнчин байсангүй.

Бид СУИС-ийг театрын найруулагч мэргэжлээр төгссөн. СУИС бидэнд кино урлагийн талаар ямар ч хичээл ороогүй. Бидэнд дандаа театрын тухай заасан. Тэгэхээр ний нуугүй хэлэхэд одоо бүгд адилхан. Амжилттай яваа “Фантастик”-ийн дүү нар ч ялгаагүй, бидэнтэй адилхан. Киноны нэг ч хичээл заалгаагүй. Надтай адил киноноос киноны хооронд суралцан, өөрөө өөрсдийгөө хөгжүүлсээр яваа.

-Цар тахал гараад удаж байна. Үйл ажиллагааны доголдол, санхүүгийн алдагдлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Доголдох нь битгий хэл нам зогсчихсон шүү дээ. Ямар сайндаа жилийн өмнө хийсэн киногоо нээж чадахгүй байна. Кино театрыг хэзээ нээх юм бол гээд хараад сууж байна. Хүн төрөлхтөн цар тахалтай анх удаа нүүр тулж байна. Сайн цаг ирнэ гэж хүлээхээсээ илүү дасан зохицоод амьдрах чухал.

-Ярилцахаар ирэхийнхээ өмнө таны талаар судлахад томоохон ярилцлага олдсонгүй. Хамгийн сүүлд та хэзээ ярилцлага өгсөн бэ?

-Нээрэн, хэзээ билээ. Санадаггүй ээ. Би ер нь хэвлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй.

-Ярилцлага өгвөл энэ талаар ярья, хүмүүсийн тийм буруу ойлголтыг залруулъя гэж бодож явсан зүйл бий юү?

-Байхгүй. Би их нээлттэй хүн. Энэ ярилцлагыг уншаад зарим хүний дургүй хүрч магадгүй. “Үнэн юм ярьж байна” гээд дэмжих хүн ч гарна. Тэр битгий хэл би өөрийнхөө ярилцлагыг үзээд өөрөө гайхдаг. “Энэ одоо юугаа солиороод байгаа юм бэ” гэж боддог (инээв). Тэгэх үе гардаг шүү дээ. Өөрийнхөөрөө, байгаагаараа л байгаа минь энэ.

Хүн юм ярьж байхад заримдаа тэс өөр юм бодсон сууж байдаг онцлогтой. Заавал найруулагч хүн гэхээр тийм байх ёстой гэсэн ойлголт байхгүй. Хүн бүхэн адилхан. Тэр ч битгий хэл хүн бүхэн өөрийгөө амьдралыг кино гэж боддог. “Миний амьдралаар кино хийвэл ёстой ална” гэж хэлэх олон хүнтэй таарч явлаа. Кино болсон нь л цөөхөн болохоос.

-За, хоёулангийнх нь ярилцлага ерөнхийдөө өндөрлөж байна.

-Үгүй ээ, чи байж бай л даа. Дахиад жаахан ярилцъя (Инээв). За, наргисан юм шүү.

БИ “ХАЛАМЦУУ ЯРИА”-НД ӨӨР НЭГЭН ДҮР БҮТЭЭДЭГ

-Та нэгэнт ам нээснийх энэ талаар ярилцвал зүгээр, уншигчдад өгөөжтэй гэж бодсон зүйл байна уу?

-Харин ээ. Ярилцлага хэр болсныг чи өөрөө л мэднэ шүү дээ, тийм ээ. Одоо би чамд ярилцлага өгөөд сууж байна. Би даруухан, төв ярьж байгаа биз. “Халамцуу яриа” дээр тэс өөр, савсалздаг. Нэвтрүүлгийн минь онцлогийг надаар дамжуулж хардаг. Тийм учраас би тэнд тэс өөр дүр бүтээдэг. Дөвчигнөөд, савсалзаад л. “Халамцуу яриа” гэнгүүт нэг савсагнуур нөхөр санаанд нь бууна. Тэглээ гээд би тийм далдгар гэсэн үг биш.

-Та найруулагч хүн. “Халамцуу яриа” яг зураг авалтын дагуу хийгддэг үү. Найруулагчийн шийдлээр тавилттай хэсэг бий юү?

-Тавилттай хэсэг бий, бий.

“ХАЛАМЦУУ ЯРИА”-НЫ ЗАРИМ ХЭСЭГ ТАВИЛТТАЙ

-Сүүлд дуучин А.Түмэн-Өлзий оролцохдоо ээжтэйгээ ярьсан хэсэг тавилттай юу, яг болсон уу?

-Бодит. Нэвтрүүлгийн зураг авалтын үеэр Түмэн-Өлзий “Ээж, би нэвтрүүлэгт оролцож байна” гээд утсаа салгасан. Тэгэхээр нь гялс сэтгээд “Баярын өдөр юм чинь ээждээ мэнд хүргээд ярьчих” гэсэн юм. Заримдаа тэгж санамсаргүй хийсэн, өлгөж авсан зүйл гоё болдог. Ярилцлага дуусаагүй байхад Таванбаяр гарч явдаг, Монголхүү “Танай нэвтрүүлэг дууслаа. Би одоо яах вэ” гэдэг хэсгүүд тавилттай. Хүн найруулсныг нь мэдэж байгаа мөртлөө киног хүмүүс бодит юм шиг хүлээж аваад үздэг. Аймшгийн киноноос айдаг.

Харин зураг авалтын үеэр миний уурлаж буй хэсэг бодит. Зураг авалтын үеэр тэр байтугай бухимдал төрнө. Монголд кино урлаг гэлтгүй бүхий л салбарт бусдыг удирдах маш хэцүү. Монголчууд бүгд ноён зантай хүмүүс. Удирдуулж буй ч халаасандаа “салаавч” гаргачихсан сууж байдаг байхгүй юу. Доороо ажиллууллаа гэхэд жаахан ажиллаж байснаа хувьдаа юм байгуулаад явчихдаг. Монголд хүн удирдаж, ажиллуулна гэдэг маш хэцүү асуудал. Тэгэхээр тэр зэргийг уурлах наад захын зүйл. Гэхдээ би байнга уурлаж, уяатай нохой шиг байдаггүй. Заримдаа л тэгж бухимддаг.

-Би чадлаа, чадаж байна гээд биеэ тоож явсан үе танд бий юү?

-Байлгүй яах вэ. Би СУИС-ийг 2004 онд төгссөн. Найруулагчаар ажилласан 17 жилийн хугацаанд тэгж муухай эвдэрч явсан үе зөндөө. Гэхдээ эргээд хөрсөн дээрээ буудаг юм билээ. Тийм үед хүний ухамсар л чухал. Яг тэгж би-гээр өвчилчихсөн явахдаа хүн өөрөө л ойлгож, ухаарахгүй бол хөндлөнгөөс мянга хэлээд, зөвлөөд нэмэргүй. Мияараад ирэхээрээ хөрсөн дээрээ буудаг юм байна лээ. Найз Энхбаяр маань нэг удаа “Галаа чи нэг хэсэг аймар заах дуртай болчихсон байсан” гэж билээ.

Эхний хэдэн киногоо хийгээд, тайзан дээр “Ерөнхий найруулагч” гэж зарлуулаад гараад биеэ тоосон шиг байгаа юм. Далий, далий юм ярьсан үе ч бий. Ямар сайндаа МҮОНРТ-д ярилцлага өгөхдөө аймар тэнэг юм ярьчихаж билээ. Сэтгүүлч надаас “Танай киноны онцлог юу вэ” гэхэд нь “Би найруулсан болохоор” гэж хариулсан байгаа юм даа. Би нусан дарцаг юм байж одоо юу вэ, тийм ээ.

Ярилцлагаас гарч ирэхэд манай зураглаач “Чи чинь юугаа солиороод байгаа юм бэ” гээд гайхаж билээ. Тэгж тэнэгтэж байхад аргагүй л дээ. Тэгж биеэ тоон, тэнэгтэж явсан үе надад байгаа, байгаа. Аяндаа хөрсөн дээрээ буудаг юм байна лээ.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

10 Сэтгэгдэл

  1. estoi hoorhon shuu.ih zoolon hun bh.aav n ih zoolon saihan hun bsan.amjilt.az jargal husii.minii nuutsiig estoi goe nairuulsan.dahin dahin uzmeer goe kino bolson.

  2. ГАЛБАЯР АА, ЯГ ҮНЭНЭЭС ЗӨВЛӨХӨД ААВ ШИГЭЭ ТУЛХТАЙ ХҮНИЙ СЭТГЭЛД, ТҮҮХЭНД ҮЛДЭХЭЭР КИНОНД ТОГЛОЖ БАЙ. тУХАЙЛБАЛ ХЭЦҮҮ ДААЛГАВАР АРХУУ ГЭХ МЭТ. ӨӨРИЙН ЧИНЬ ДЭЭР ДУРДСАН УРАН БҮТЭЭЛҮҮД БОЛ ШАЛДАР БУЛДАР, ЦАГ ҮЕИЙН Л НЭГ ТИЙМЭРХҮҮ, СЭТГЭЛД ХОНОГШИЖ УРТ УДААНААААР ҮЗЭЭД БАЙМААР ТИЙМ ТУЛХТАЙ ҮЛДЭЦТЭЙ ЗҮЙЛҮҮД БИШ БАЙДАГДАА. ААВ ЧИНЬ БОЛ МУНДАГ ЖҮЖИГЧИН, САЙХАН ҮЛДЭЦТЭЙ ДҮРҮҮДЭД ТОГЛОСОН, МАРТАГДАМГҮЙ, АЛТАН ҮЕИЙНХНИЙ БҮТЭЭСЭН, ҮЗЭЭД БАЙМААР КИНОНУУД БАЙДАГ ШҮҮДЭЭ. ТИЙМ Л УРАН БҮТЭЭЛ ХИЙ. оРЧИН ҮЕИЙН ЯМАГТ НЭГ ЗАГВАРААР ХАШГИРЧ ГУАГЛАСАН, САЛБАГАНАЖ АМЬТАН ДООГЛОСОН АЛИА МАРЗАН БҮТЭЭЛ БОЛ ОНЦГҮЙ. ЖИШЭЭ НЬ АРИУНБОЛД МЭТИЙН НЭГ ЗАГВАРЫН САНДАРСАН ХАШГИРСАН, ХҮН АМЬТАН ДООГ ТОХУУ ХИЙГЭЭД Ч БАЙГАА ЮМ ШИГ ТИЙМ ЮМ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л НӨХӨРСӨГ ЗӨВЛӨЛГӨӨ ШҮҮ. ТҮҮНЭЭС БУС ҮЗЭН ЯДАЛТ БИШ ҮҮ МИНЬ

  3. Дашхүү гэж агуу жүжигчин байсан юм. Дашхүү хүмүүсийг зүгээр л харцаараа л инээлгэнэ. Одооны жүжигчид шиг хүн инээлгэх гэж “үйлээ үздэггүй” байсан. Одоо ч бүр ####ийгаа ####даж байнаа. Нэгэнт бурхан чамд авяас заяаагаагүй бол заав#### хүн инээлгэх гээд яана. Хамгийн хачирх####тай нь жил ирэх бүр дордоод байх юм. Яагаад вэ? СУИС-д энэ төрөл олигтой багш олдохгүй. Тиймээс драмын сайн жүжигчин бэлд, танай “т####х” түүхий байна. Дорилогжав, Цэвээнравдан, Дашхүү, Жанчивдорж нар хошин шогийн агуу мэдрэмжтэй хүмүүс, тиймээс тэд “үйлээ үздэггүй” байж. Хошин шогийн сүүлчийн жүжигчин бол Со, Батзаяа, Одончимэг л байна даа. Бусад нь хүн инээлгэх гэсэн марзан гарууд. Ер нь энэ урлаг сөнөсөн гэж болно.

  4. эцэг нь бас энэ хүүхэд нь ерөөсөө үнэмшилгүй тоголдог нүд , царайны жинхэнэ хувир#### бхгүй их муу кино хийдэг хэн ч үзэхгүй кино хийдэг юм ёинь шатаж л таараа ш дээ

  5. Чи бол зүгээр л анга лзуур хүн. Телевизиин экран дүүрэн ангайж савсганах тиим схан уу? Харин Хулан бол жинхэнэ төрмөл жүжигчин. Царайны поз, нүд жүжиглэлт гд л гайхамшигтай хөөрхөн бүсгүй.дурламаар. Тиим схан охиныг бүү гутаагаарай. Х####амцуу яриа гдэг чинь арай жаахан тэнэгдүү нэвтрүүлэг блжээ. Тэртэй тэргүй харилцаж буй хүниихээ сэтгэлииг нээж ярьж л чадвэл тэр схан нэвтрүүлэг блдог юм бшүү. Тэгэхдээ эрхэм дүүд дотроосоо ассан га л бна. амжилт.

  6. ЗА да дур биеэ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй л жүжигчин юм байхдаа. нэг их олигтой үзмээр уран бүтээл энэ хүнд үнэндээ байхгүй ээ. юун ч урт ярилцлага вэдээ. с####баганаж анг####заад л ерөөсөө үнэн санаанаасаа уран бүтээл гэж ойлгогодох нь бага. сайн биш шүү. энэ сайхан з####уу бизнес хийж авгайгаа додондоод явб#### харин эхнэр нь арай дээр шүүдээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button