НийгмийнУЛС ТӨР

Монгол Улс анх удаа ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДЫГ хамгаалах хуультай боллоо

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн /2021.04.02/ хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан тус хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өнөөдөр /2021.04.05/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Ц.Мөнхцэцэг:

Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ц.МөнхцэцэгУИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулийг баталлаа. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагч, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн болон иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хуулиараа хамгаалсан улс боллоо. Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил болсон. Энэ хугацаанд хүний эрхийн дотоодын болон олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн. Хэдий тийм ч бодит амьдрал дээр хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэдийг айлгах, дарамтлахаас гадна амь насанд нь халдах тохиолдол хүртэл гарсан байдаг. Тиймээс хүний эрхийн төлөө тэмцэгчдээ хамгаалах, тэдэнд хууль зүйн туслалцаа, өмгөөлөл, хамгаалах үзүүлэх олон улсын шинэ механизмыг нутагшуулах шаардлага бий болсон учраас энэ хуулийг баталлаа. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль дэлхийн 40 гаруй улсад байдаг. Тус хуулийг өргөн барих, санаачлах явцад олон улсын байгууллагууд, Монгол дахь иргэний нийгмийн байгууллага, хууль тогтоочид маш их анхаарал хандуулан ажилласан. Хуулийг боловсруулах хугацаанд 4-5 удаа томоохон хэлэлцүүлэг, форумыг зохион байгуулж, иргэний нийгмийн байгууллага, олон улын байгууллагын зөвлөхүүдтэй хамтарч, санал дүгнэлт боловсруулсан. Хууль маань 2021 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ” гэдгийг тодотголоо.

Д.Цогтбаатар: Иргэн бүрийн эрхийг хамгаалах шинэ тогтолцоо бий боллоо

Дараа нь Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, ялангуяа хүний эрхийг хамгаалах тогтолцоо нэг алхмаар урагшилж, шинэчлэл хийгдлээ. Хүний эрхийг хамгаалагч гэдэг нь цоо шинэ ойлголт. Энэ утгаараа хүний эрхийг хамгаалах хүрээ нь шинэ ойлголтоор тэллээ. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, баяжиж, хүрээгээ тэлэх ёстой юм. Хүний эрхийг хамгаалах нь зөвхөн төрийн ажил биш. Энэ бол заяамал, иргэн бүрийн асуудал болохоор бүгдээрээ хамгаалж байх ёстой. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд явж байгаа цөөн хүний дугарах эрхийг нь урамшуулж, тогтолцоогоор нь хамгаалах нь чухал байдаг. Төр хамгаалах үүрэгтэй ч төр хамгийн их хүний эрхийг зөрчиж байдаг. Тиймээс нийгмийн тэр өөрөө өөрийгөө хамгаалахад чиглэгдсэн ажлыг бэхжүүлэхэд энэ хууль маш их үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь Монголд гэлтгүй дэлхийд харьцангуй шинэлэг тогтолцоо. НҮБ-аас үүнд зориулж, тусгай тунхаглал гаргаж, загвар хуулийг гишүүн орнуудад нэвтрүүлэхийг уриалсан байдаг. Тэд хүний эрхийг хамгаалагчийн эрх хамгийн их зөрчигдөж байна, эдгээр хүмүүсийн эрх зөрчигдөөд ирэхээр нийгэмд хүний эрхийн хамгаалалт хэрэгжихээ больж, эрсдэлд орж байгааг сануулсан байдаг. Бид энэ загвар хууль, тунхаглалын дагуу энэ хуулийг баталлаа. Ингэснээр иргэн бүрийн эрхийг хамгаалах шинэ тогтолцоо бий боллоо” гэв.

Мөн тэрбээр “Хүний эрхийн үндэсний комиссыг төр дуудаж ирүүлээд дарга мэт загнаад байгаа нь хүний эрхийн талаарх ойлголт нимгэн байна гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссоо байгуулчихсан, тэр нь бүх хүний эрхээ хариуцаад явна гэж гэнэ яриад байна. Наад зах нь, энэ үл эс үйлдлээрээ эсвэл хийх ёстой зүйлээ гүйцэт хийгээгүй байхад ард нь хүний эрх зөрчигдөөд явж байдаг. Ингэж төр хүний эрхийг зөрчдөг. Хуулийн хэлэлцүүлгийн үед анзаарагдсан энэ зүйлийг засах ёстой. Сангийн яам тодорхой санхүүг нь хуулийн хүрээнд өгөх шаардлагатай байна. Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг хэлэлцэх явцад шинэ зүйл их гарч ирсэн. Нэгэнт хуультай болсон болохоор иргэний нийгмийн байгууллага зоригтой ажиллах ёстой юм” гэдгийг онцолсон юм.

Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийн төлөөх тэмцэл бол эцсийн цэггүй, хил хязгааргүй үйл ажиллагаа юм

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Өнөөдөр энд хүний эрхийн төлөө тэмцэж яваад амиа алдсан хүмүүсийн талаар дурдмаар байа. 2016 онд ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл гэх залуу учир битүүлгээр амиа алдсан байдаг. Энэ хэрэг амиа хорлосон гэдгээр хэрэгсэхгүй болсон. Гэтэл Т.Лхагвасүмбэрэл агсан удаа дараа цагдаа нарт хандаж, дарамт ирж байсан гэдгийг мэдэгдэж байсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй байсаар эмгэнэлт хэрэг гарсан. Тэгвэл одоо хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирэх аваас Хүний эрхийг хамгаалагчийн хороо эрсдлийн үнэлгээ хийж, тухайн хүнийг хамгаална. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль маань Монгол Улсын газар нутгаар хязгаарлагдахгүй. Тухайлбал, 15 жилийн өмнө Малайз улсад амиа алдсан талийгаач Ш.Алтантуяагийн хэрэг бол өдийг хүртэл шийдэгдээгүй байна. Үүний төлөө талийгаачийн аав С.Шаарийбуу гуай маш олон тэмцэж байна. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа ийм хүмүүсдээ Монголын төр тусламж үзүүлж, хамгаалах ёстой. Хүний эрхийн төлөөх тэмцэлд эцсийн цэг гэж үгүй. Хил хязгаараар хязгаарлагдах учиргүй. Энэ хууль дээр ажиллах явцад олон улс хоорондын харилцан туслалцаа үзүүлэх гэрээнүүдийг нэмж байгуулах шаардлагатай байгаа нь ажиглагдсан. Цаашид бидэнд хийх маш олон ажил байна” гэлээ.

Тус хуулийн 4.1.1-т зааснаар “хүний эрх хамгаалагч” гэдэг нь ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хэлнэ гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button