Ерөнхий сайдыг түгжрэлийн асуудлаар мэдээлэл хийхийг хүслээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн өдрүүдэд өөрийн сошиал хуудсаар Түгжрэлийн Түгжээг Тайлъя нэрийн дор иргэдтэй түгжрэлийг бууруулах шийдлүүдийн талаар нээлттэй санал солилцож байсан бол өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан уг асуудлаар асуулга тавьж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түгжрэлийн талаар хэлэлцүүлэхийг хүслээ.
Тэрээр уг албан бичигтээ “түгжрэлийн бодит өртөг өнгөрсөн 10 жилийн дүнгээр 11.8 их наяд төгрөгт хүрч, бүтээж буй баялагийн найман хувийг сорж буй бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 24.3 их наяд төгрөгт хүрэхээр байгаа тухай харамсалтай судалгааг та бүхэн танилцуулжээ. Иргэдийн 76 хувь нь түгжрэлийг нэн тэргүүнд шийдэх асуудлаар нэрлэж байна. Үзүүлэх хохирол, алдагдах боломж нь өдрөөс өдөрт өссөөр буй түгжрэлийн асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээжээ.
Бүтээж буй баялагийн найман хувийг түгжрэлдээ алдана гэдэг бол таны цалингийн найман хувийг тань түгжрэл “сорж” байна гэсэн үг гэж тэрээр тодотгожээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.