Н.Массрали: “Их 20”-ийн уулзалтыг ОХУ-ын өөрийгөө сурталчлах хэрэгсэл болгохгүй

Дэлхийн улс төр, эдийн засгийн амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг “Их 20”-ийн бүлгийн улсуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт өнөөдөр Индонезийн Бали аралд эхэллээ. Энэ удаагийн уулзалт нь ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш болж буй анхны олон улсын дээд хэмжээний чуулган юм. ОХУ-ын Гадаад харилцаааны сайд С.Лавров энэхүү уулзалтад оролцохоор Балид очсон тул сөргөлдөгч талууд нүүр, нүүрээ харж байгаад хэлэлцээр хийх сайхан боломж гарсан. Гэвч барууны улсуудын төлөөлөгч нар С.Лавровтой уулзахгүй гэдгээ ээлж дараалан мэдэгдэж байна. Эхлээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ талаар мэдэгдэл хийсэн бол өнөөдөр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд мөн уулзахаас татгалзжээ. Түүнээс гадна, Европын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Н.Массралигийн хэлснээс үзвэл, уулзалтад чөлөөтэй оролцон үзэл бодол, байр сууриа илэрхийлэх боломжийг ч бага олгох бололтой.
“Европын зөвлөл Балигийн уулзалтыг амжилттай болгохыг чармайж байгаа. Гэхдээ бас ОХУ-ын үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийгөө сурталчлах талбар болгохгүй. ОХУ Украинд түрэмгий дайн эхлүүлснээс хойш Европын зөвлөлийн хувьд “Их 20”-ийн бүлгийн уулзалт нь асуудлыг шийдвэрлэх чухал арга хэрэгсэл болж, ач холбогдол нь өссөн” гэсэн байна.
Кремль, Жакартын аль нь ч дуугараагүй байхад Европын зөвлөлийн тэргүүн Марио Драги өнгөрсөн долоо хоногт “Ирэх арваннэгдүгээр сарын 15-16-нд Балид болох удирдагчдын уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцож чадахгүй болсон, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Украины дайнтай холбоотойгоор түүнийг хүлээж авахаас татгалзсан” гэж мэдэгдсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.