
Криптовалют гаргаж бусдыг их хэмжээгээр хохироосон этгээдүүдийг БНСУ-ын хуулийн байгууллагаас шалгаж эхэллээ.
Өнгөрсөн лхагва гарагийн орой тус улсын Өмнөд тойргийн Прокуророос криптовалютын “Terraform Labs” компанийн үүсгэн байгуулагч Даниэль Шиний гэр болон “Chai Corp” тэргүүтэй хувийн компаниудад нь нэгжлэг явуулсан байна. “Chai Corp” нь Азийн 2200 гаруй байгууллагатай хамтарч ажилладаг, зургаан тэрбум ам.долларын төлбөр тооцоо эргүүлдэг аж.

Хуулийнхан дээрхээс гадна Terraform Labs-тай ойр холбоотой өөр хоёр компанийг мөн нэгжжээ. Bithumb, Upbit, Coinone зэрэг долоон биржээр дамжуулан койн худалдаж авсан 81 хөрөнгө оруулагч одоогоор Даниэль Шиний эсрэг гомдол гаргаад буй бөгөөд хохирлын хэмжээ зургаан сая гаруй ам.доллар болж байгаа аж.
Даниэль Шин нь Квон гэгчтэй хамтран TerraUSD нэртэй коин гаргаж, “Ам.долларын ханштай уяатай коин гарлаа” гэж сурталчлан бусдаас их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм. TerraUSD коины ханш өнгөрсөн тавдугаар сард унасан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.