
"Ондо" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мандуултай ярилцлаа.
ХУВЬ ХҮН: Гурван давхрын цонхоор бэлтгэлийн цүнх шиддэг өдрүүд
-Та их олон талт хүн юм. Харин бага насны мөрөөдөл нь юу байсан бэ?
-Манай ээж санхүүгийн мэргэжилтэй, аав спортын хүн. 16 нас хүрээд би дүүтэй болсон. Тэр хүртэл би айлын ганц хүү, гэр бүлийн гол “сэдэв” нь байлаа л даа. Тэд маань “Мандуулыг спортоор явуулахгүй” л гэдэг байсан. Харин би ухаан орсноосоо хойш л волейболчдын бэлтгэл, сургуулилт, тэмцээнүүд дээр ихэнхдээ байдаг байлаа. Аав тэнд учир би тэнд. Гэхдээ би волейболоор хичээллээгүй л дээ. Аав хүүгээ волейболын тамирчин болгоё гэж хүсээгүй хэрэг. Том болох хэрээр би өөрөө волейбол биш сагсан бөмбөг сонирхох болсон. Миний төгссөн 52-р сургуулийн сагсны секц тухайн үедээ л системтэй бэлтгэлд хамруулж, суурийг сайн тавьж өгдөг онцлогтой байсан. Би сайжирч эхэлсэн, дур сонирхол маань улам нэмэгдсэн. Дандаа л бэлтгэл хийнэ, оройтно. Нэг өдөр л аав “Би чамайг спортоор явуулахгүй. Монголд спорт хөөлөө гээд амьдрал сайжирдаггүй юм, намайг хар. Хичээлээ л хий” гэж хэлснийг сайн санадаг юм. Ер нь бол хориглосон хэрэг. Харин би яаж ийгээд сагс тоглох боломжоо бий болгож эхэллээ. Бэлтгэлийн цүнхээ гурван давхрын цонхоор шиднэ. Хичээлийн цүнхээ үүрээд “Давтлага хийлээ” гэж хэлээд гарна. Булан тойрч, бэлтгэлийн цүнхээ үүрээд л заал руу явдаг байлаа. Ангийнхаа хүүхдийн гэрт нойтон хувцсаа хатааж үлдээгээд, гэртээ харьдаг... Тэр үедээ бол Мандуулд хамгийн чухал зүйл сагсан бөмбөг байж.
Өвөө маань сэтгүүлч, нийтлэлч хүн байсан. Тэр хүн асар их уншина, бичнэ, үзэж судална. “Амьтны ертөнц” үзээд, надад нэг бүрчлэн тайлбарлаж өгдөг байсан. Бас байнга мэдээ үзнэ. Түүний нөлөө надад их. Тийм учраас багаасаа сониуч өссөн. Олон зүйл салбарыг сонирхож, ажиллаж байсан минь үүнтэй холбоотой байх.

-Аав нь спортоор эргэлт буцалтгүй амьдарсан хүн үү. Хүүгээ спортоор явуулахгүй гэж хэлэх хэмжээний ямар сургамжийг амьдралаасаа авсан юм бол?
-Аав маань волейболын төлөө бараг төрсөн гэмээр хүн. Бага ахуй нас нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өнгөрсөн. Улаанбаатарт орж ирээд улсын шигшээ багт дуудагдсан. Монголд анх лиг үүсэж, мэргэжлийн тодотголтой болж хөгжих тэр эхлэлийн цаг үед “Алдар” нийгэмлэгийн солгой Бааска гэгддэг байлаа. Тухайн үедээ Б.Бат-Эрдэнэ аваргаас илүү амжилт гаргасан гэдэг яриа бий, улсад тасралтгүй түрүүлсэн статистикийн хувьд. Дараа нь лигийн тамирчин, дасгалжуулагчаар ажиллах болсон. Аав биеийн хүчний дасгалжуулагчаас гадна техникийн талаас ч дасгалжуулдаг ур чадвартай. Аавыг спортын амьдралаар амьдрахдаа ядарч, халширч байхыг нь би нэг ч хараагүй. Манай улс багийн спортоор, олон улсын тэмцээнд хамгийн анх медаль авсан нь аавын дасгалжуулсан эмэгтэй волейболын шигшээ баг байсан. Монголчууд багийн спортод амжилт гаргаж болох юм байна гэдгийг тэр үед л мэдэрч байсан санагдана. Миний бодлоор аав маань өгөгдсөн нөхцөл байдалдаа байж болох хамгийн дээд амжилтыг үзүүлсэн. Аав тэр бүгдэд бүхий л цаг хугацаагаа зориулчхаад, хүлээлтэд нь дүйцээгүй амьдралыг спорт өгсөн учраас л намайг хориглосон болов уу.
-Таны төгссөн сургуулийг тодорхой танилцуулмаар байна. Үндсэн ямар мэргэжилтэй вэ?
-Минийх их энгийн (Инээв). 52-р сургуулийг 2005 онд төгсөөд, Кубийн Олон улсын биеийн тамирын дээд сургуульд элссэн. Фидель Кастрогийн эхлүүлсэн Кубийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан юм. Дэлхийн 81 улсын 1500 гаруй оюутантай хамт суралцсан. Одоо сургуулийн маань нэр өөрчлөгдсөн байна билээ. Сургуулийн хаалгаар ороход “Бид дэлхийн спортын ирээдүй” гэсэн бичиг бий. Тэр бидэнд өгч байсан итгэл үнэмшил. Куба хөнгөн атлетик, бөх, бокс гэх мэт спортууддаа дэлхийд өндөр үзүүлэлттэй. Энэ сургуулийг 2005-2011 онд зургаан жил суралцаж төгссөн, нэг жил нь хэлний бэлтгэл байсан. Дипломын ажлаа Хан-Уул дүүргийн хүүхдүүдийн дунд: Хүүхдийг бага насанд нь спортод авьяастай эсэхийг таних аргачлал боловсруулж, хамгаалсан. Эрт насанд нь “оношлох” судалгааны арга зүй гэсэн үг л дээ. Багш нар маань “Авьяасыг багад нь олж илрүүлээд, эртнээс бэлдвэл танай улсын спортын ирээдүй батажна” хэмээн зөвлөж байлаа.

-Куба испани хэлээр ярьдаг байх аа. Испани хэлт ертөнц танд ямар санагдсан бэ. Өөртөө шинэ зүйлс суулгаж авсан уу?
-Испани бол латин хэлнээс “дүрвэж” гарсан хэлнүүдийн нэг. Бразил португалиар ярьдаг, өөрөөр АНУ-аас урагшаа байрлалтай бараг бүх улс испаниар ярина. Португаль хэл ч испанитай их ойролцоо. Тэгэхээр маш өргөн хэрэглээтэй хэл л дээ. Маш баялаг. Магадгүй үндсэрхэг бус сонсогдох байх, монгол хэлнээс ч баялаг санагддаг. Испани хэлээр ярихад, өөрийгөө бүрэн илэрхийлсэн мэт мэдрэмж авч чаддаг. Заримдаа монголоор яриад, ард нь эргэлзээтэй үлдэх тохиолдол бий. “Миний санааг яг ойлгосон болов уу” гэж. Миний харснаар, бид их цөөн үг ашиглаж, өөрсдийгөө илэрхийлдэг. Тэр цөөн үг нь дотроо олон утга тээдэг. Испани хэл тийм биш. Өөрийгөө хангалттай илэрхийллээ гэж итгэл дүүрэн үлдэж чадахуйц баялаг хэл. Тийм ч учраас тэд бие биетэйгээ нийлэгшихдээ их амархан ард түмэн.
Тэр тусмаа кубачуудад олонхын тухай ойлголт нь бусад Латин-Америкийн орнуудаас илүү. Гудамжинд хэнтэй ч хамаагүй яриа өрнүүлж, ойлголцож чаддаг хүмүүс. 2005 оны долдугаар сарын 21-нд би Хаванын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа ээлжээ сольж буй ажилчид бие биетэйгээ тэврэлдэн, үнсэлдэж байгааг харсан. Надад маш цочир, сонирхолтой туссан л даа. Хүмүүс хаа хамаагүй тэврэлдэж, үнсэлдээд л. Хоёр эрэгтэй хүн ч хацар дээрээ үнсэлдэхийг харсан. Зургаан жилийн дараа Кубээс буцаж ирэхдээ шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл, боловсрол мэдлэгээс үл шалтгаалан хэнтэй ч нээлттэй харилцаж чаддаг болсон. Сургуулийнхаа азиудын нэгдлийн даргаар сонгогдож, оюутны зөвлөлдөө орон тооны гишүүнээр ажиллаж байсан маань энэ тал дээр авьяастай гэдгийг нотолсон гэж боддог. Ер нь латин-америкчууд дотоод мэдрэмжээ танин мэдэхдээ, илэрхийлэхдээ их сайн. Бид сэтгэл хөдлөлтэй гэдгийг учиргүй уйлсан, инээсэн, орилсон хүмүүс гэж ойлгоод байдаг. Харин сэтгэл хөдлөлөө танина гэдэг маш том ур чадвар. Бусдын сэтгэл хөдлөлийг танина гэдэг илүү том чадвар. Энэ чадвар латин-америкчуудад маш өндөр байдаг. Манай сургуульд, буруу санаагүй бол социологийн багш маань “Та нар ийм орчинд суралцаж чадвал, үүнээс цаадах юуг ч давна. Магадгүй та нарын өсөж төрсөн орон Кубээс сайхан байх. Энд суралцах дадлагжах давааг давж чадвал хаана ч ямар ч нөхцөлд алзахгүй” гэдэг байсан. Тийм ээ, зургаан жил Кубад амьдарна гэдэг амар биш. Олон оюутан замаасаа буцсан байдаг. Гар утасгүй, мэдээллээс хол, интернетийг зөвхөн и-мейл бичихэд л ашигладаг байсан болохоор амьд харилцаа ихтэй. Би одоо ч амьд харилцааг нэг дугаарт тавина.
КАРЬЕР: Дуусашгүй шинэ санаанууд
-Кубээс ирснээс хойш 12 жил өнгөрч. Карьер хөөх, ажил хөдөлмөр эрхлэх учиртай ийм жилүүд улирчээ. Энэ цаг хугацааг үе шатуудад ангилж хуваадаг уу?
-Тодорхой төлөвлөж, үе шаттай ажиллаагүй ээ. Анх “Бостон Селтикс” багийн туслах дасгалжуулагч болно л гэдэг холын мөрөөдөлтэй явсан. Биеийн хүчний дасгалжуулагч болж чадна, надад орон зай бий гэж итгэдэг байсан. 2011 оноос эхлээд бүтэн цагийн ажлаа спорт болгоход сул тал ихтэй учраас гарааны бизнесүүд эрхэлж эхэлсэн. Олон л юм туршиж үзсэн.
Эхлээд өөрөө баг бүрдүүлж, хөгжлийн лигт орж байлаа. Багаа бүрдүүлнэ, заал олно, бэлтгэл хийнэ гэдэг тийм амар байгаагүй. Тодорхой хөрөнгийн нөөц шаардлагатай ч яаж ийгээд зохицуулж байсан. Тэмцээнд оръё гэхэд хувцас хийлгэнэ. Өөрөө загвараа гаргаж, оёдолчин дээр очоод л хийлгэх жишээтэй. Байж болох хамгийн бага зардлаар болгох гэж хичээж байсан.
Одоогийн бидний хэлдгээр старт-ап бизнесүүдэд өөрийгөө их сорьсон л доо. Хамгийн эхэнд нь хоёр залуутай нийлээд, маркетингийн агентлаг байгуулж үзсэн. Аливаа бизнес бодит амьдралаас гадна дижитал орчинд ч өөрийн орон зайг эзлэх ёстой, наад зах нь өөрийн гэсэн вэб сайттай болох хэрэгтэйг олж харсан хэрэг. Вэб сайттай байхын чухлыг зарим компани ойлгодоггүй, үүнд хөрөнгө зардаггүй байсан үе л дээ. Зах зээл нь бэлэн байгаагүй тул амжилт олоогүй.
-Хэр удсан бэ?
-Хоёр жил л. Тэгээд хэвлэлийн бизнес рүү орсон. Тэр хооронд дүүгээ эмчлүүлэхээр Сингапур явж, хэсэг Монголоос хол байж таарсан. Яг буцаж ирсэн өдөр Монголын Сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулганаас урилга ирлээ. “Ард”-ын Ч.Ганхуяг холбооны ерөнхийлөгч байсан. Тар албан тушаалаасаа татгалзсанаар дараагийн хүнийг сонгон шалгаруулахаар энэ чуулган хуралдсан юм. Чуулганаар Б.Тамир ерөнхийлөгч болж, улмаар тус холбооны Мэргэжлийн зөвлөлийн дарга болох санал дараах өдөр нь надад ирлээ. Давхар эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах санал байсан. Би хүлээн авч, бүтэн цагаа холбооны ажилд зориулах болсон.
Гэтэл Монголын Сагсан бөмбөгийн холбоог эрх зүйн чадамжгүй болгох процесс явагдаж, шүүхийн маргаан эхэлсэн л дээ.

-Яг хэдэн он бэ?
-2014 он.
-Шүүхийн маргаантай өдрүүдэд та бараг л үс халцарч байсан гэж ярьжээ. Тийм стресстэй, төвөгтэй нөхцөл байдал таны хувьд үүссэн юм уу?
-Тухайн үед С.Эрдэнэ холбооны гэрчилгээг хүчингүй болгуулчихсан л даа. Тэр хүн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшээд, сонгогдож чадаагүй юм. Чуулганы үр дүн өөрийнх нь хүссэнээр болоогүй учир хаяж гараад, хууль бус зүйл боллоо гэж ярьж явах болсон. Амьдралаа зориулчихсан, төлөвлөчихсөн байхад нэг хүн орж ирээд тэгж бусниулахаар бухимдана биз дээ. Араас нь нэг хэсэг явсан юм аа.
Би нэг мэдэхэд телевизээр “С.Эрдэнэ гишүүн ээ, шударгаар өрсөлдье” гээд яриад явж байсан. Тэр үед аав “Улс төр холилдсон энэ юмаа боль” гэлээ. Нээрэн ч юу хийгээд яваад байгаа юм гэж бодоход хүрсэн. Ингээд холбооны ажлаа болих шийдвэр гаргаж, хувийн дасгалжуулагч болсон. Тамирчдыг нөхөн сэргээдэг, гэмтлээс урьдчилан сэргийлдэг, техникийн гүйцэтгэлийг нь сайжруулахад аргачлал боловсруулдаг спорт лаборатори байгуулах хэтийн зорилго тавиад гарсан. Үүний тулд эхлээд өөрөө хөрөнгийн нөөц бий болгох ёстой байсан учраас хувийн дасгалжуулагч болсон.
Тэр өдрүүдэд одоогийн Соёлын сайд Ч.Номинг дасгалжуулж таарсан юм. Хэсэг хугацаанд хамтран ажиллаад надаас харин телевизэд хөтлөгч хийх өгөгдөл олж харсан бололтой, санал тавилаа. Би “Миний зүүдлээ ч үгүй ажил байна” гэхэд бодоод үз, нэг сарын дараа хариу хэлээрэй гэлээ. Сарын хугацаа өгснөө долоо хоногийн дараа шийд асуусан (Инээв). Би гэр бүлийн гишүүдтэйгээ хамтын шийдвэр гаргаж удалгүй зөвшөөрч орхисон. Өглөөний хөтөлбөр хөтлөх учраас өдөр нь бусад ажлуудаа амжуулаад байх боломжтой байлаа. Ингээд телевизийн хөтлөгч гэдэг статустай болж хувирсан даа, 2015 онд.
-Тэр хүртэл та ямар, ямар старт-ап эхлүүлэн бүтэлгүйтээд байсан бэ?
-Биеийнх нь хэмжээг цахимаар аваад, хувцас хийж өгдөг бизнес эхлүүлсэн. Бал сарын аялал зохион байгуулдаг, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх гэж ч үзсэн. Одоо U-Point гэх мэт олноор бий болоод буй лоялти оноонуудыг нэг дор төвлөрүүлэх санааг ч туршиж үзсэн.
Хязгаарлагдмал хүний нөөцтэй, менежментийн онол үзсэн хүн багт маань байгаагүй учраас олон талдаа хүч дутсан л даа. Санаа нь сайхан ч гүйцэтгэл талдаа их алдсан гэж боддог юм. Эргээд бодоход, маш олон санааг уйгагүй сэдэж, тэр бүрийнхээ араас оролдлого хийж үзсэн маань л кайфтай санагддаг. Тэр үед юу л байна, зориг байна. Алдах юмгүй. Залуудаа тийм зоримог оролдлогуудыг хийж, түүнийхээ араас хүч хөдөлмөр зарцуулж үзэх нь эргээд үнэ цэн болж үлддэг юм байна.
Сая дурдсан хэвлэлийн бизнес ч хамтарсан хүмүүсээсээ болж бүтэлгүйтсэн. Хулдаасан хэвлэл эрэлттэй, зарим газар захиалгаа дийлдэггүй байсан үе л дээ. “Тавантолгой”-н туслан гүйцэтгэгч компанид аюулгүй байдлын тэмдэгт хэвлэх анхнынхаа том гэрээг хийгээд л итгэл авч байжээ.
Гэхдээ хамгийн том алдаа нь танил талгүйнх байж. Ментор байхгүй, чиг заах алтан гадас “од”-гүй учраас өөрсдийнхөө сонссон, дуулснаар л явж байсан юм билээ. Угтаа өмнө нь тухайн салбарт ажиллаж, тодорхой хэмжээний амжилт олсон хүмүүстэй уулзаж, мэдээлэл солилцох нь зөв юм байна. Харин одоо л энэ бүхэн нэвтэрч эхэлж байх шиг. Хүний санаанд хөрөнгө оруулж болдог юм байна гэдгийг бид одоо л харж байна. Юмс хувьсаж, өөрчлөгдөж байна. Зөв голдиролдоо бага ч гэсэн орж байна.
Тэгээд л телевизийн салбарт орсон. Хөтлөгчийн зэрэгцээ контент маркетингийн ажлыг давхар хариуцаж ажилласан. Хоёр жилийн дараа маркетингийн албанд томилогдож, судалгаа хийхдээ медиа гэж юу юм гэдгийг маш сайн ойлгож авсан.
Сэтгүүл зүй бол Монголд хамгийн хөгжих, чанаржих ёстой салбаруудын нэг. “Монгол HD” телевизийн алсын хараа, итгэл үнэмшил тэр үед маш олзуурхууштай санагдаж байлаа. “Авьяаслаг монголчууд” шоуг хийснээр нийгэмд асар их эерэг нөлөө авчирч чадсан. Монголчуудын итгэл алдраад байсан цаг үе шүү дээ. Харин “Авьяаслаг монголчууд” шоугаар нэгдмэл уур амьсгал, бахархал, шинэ өнгө төрхүүдийг бий болгосон гэж боддог. Медиад ийм хүч бий. Мөн медиаг манипуляц хийж, өөрсдөдөө ашигтай болгон хувиргадаг хэсэг бүлэг “хөрөнгөтөн” бийг ч ойлгосон.
-Таныг хөтлөгч л гэж олон нийт хардаг байсан. Харин ямар төсөл, шинэчлэлүүд дээр таны оролцоо байсан бэ?
-“Монгол HD” телевиз амжилттай явж байсан шалтгаан нь маш оновчтой төлөвлөгөөнд байсан болов уу. Тийм сайн төлөвлөгөөтэй аппаратад орж ажиллана гэдэг миний зүгээс айхавтар оролцоо шаардахааргүй. Бүх зүйл тодорхой учраас гүйцэтгэлийг цаг тухайд нь хийхэд л хангалттай байсан.
Бид “Авьяаслаг монголчууд”-ын араас хэд хэдэн шинэ контент нэвтрүүлсэн. Нээрэн, шоуны эхний дугаарт хоёрдугаар байранд шалгарсан Б.Шижирбатын Satellite продюсерээр ажилласан юм байна. Тухайн үед бидний тооцож байснаар 150 мянга гаруй ам.долларын борлуулалтыг бид Б.Шижирбатын үзүүлбэрээр хийж чадсан. Гадаадын олон улсад уригдаж үзүүлбэр хийхдээ тухайн арга хэмжээнд зориулан өөрчлилдөг. Бүх тохироо болон наймаалцлыг бид хийдэг байсан.

-Харин телевизээс гарах болсон шалтгаан юу вэ?
-Энэ их сонин түүх. Миний хувьд тэнэглэл ч байж магадгүй.
2018 оны зургадугаар сарын 10-ны орой гүйцэтгэх продюсер маань залгаж, Улаанбаатар чуулга дээр ирээрэй гэлээ. Захирлын төрсөн өдөр учир шоудах нь дээ гэж бодоод очлоо. Тэгсэн чинь “Маргаашаас эхлээд “Авьяаслаг монголчууд”-ыг хөтөлнө өө” гэдэг юм байна. Тэр чинь шок. Би хэзээ ч тайзан дээр, олон хүний өмнө энтертайнмент шоу хөтөлсөн түүхгүй, чадвар ч байхгүй. Шоу эхэлчихсэн, эхний өдрийн зураг авалт дууссаны дараа л даа.
Анхаа, Ууганаа хоёр шоу эхэлсний дараа үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэсэн юм байна. Надад сонголт байгаагүй, хүлээн авсан. Одоо би “Авьяаслаг монголчууд”-ыг ухраагаад үздэг, үнэхээр муу хөтлөгч байсан. Зүгээр л нэг залуу. Хүмүүс янз бүрээр дүгнэдэг л байх. Миний хувьд би зөв зүйлээ хийгээгүй.
Зун нь 10 дугаар бичиж, өвөл нь таван дугаарыг шууд дамжуулдаг. Намайг хэчнээн урамшуулж, зааж зөвлөж байсан ч мэргэжлийн, тэгээд хоёр хүний ажлыг ганцаараа хийж яаж барах вэ дээ. Юу үнэн гэвэл, гүйцэтгэж буй миний, өөрийн дотор байгаа мэдрэмж л үнэн.
Шоу дууслаа, би больсон. Хувь хүнийхээ хувьд нэлээд хямарсан. Тэгээд халагдах өргөдлөө өгч, гэр бүлээ аваад Сингапур явсан. Олсон бүх орлого, хуримтлалаа зүгээр л амрахад, зогсоход зарцуулсан. Хаашаа ч юм яваад байснаа зогсооё, өөртөө үнэлэлт дүгнэлт өгье гэж бодсон. Сингапурт дараагийн жилүүдээ төлөвлөсөн. 2019 оны хоёрдугаар сард буцаж ирсэн. Тэр жилдээ “Оскар”-ын наадмын шууд дамжуулалтыг хөтлөөд, телевизээсээ ч гарсан.
-Та үүгээр дамжиж олон хүнд танигдсан. Инфлүнсерийн хэмжээнд нөлөөлөл үүслээ. Энэ танд юу өгсөн бэ. Та дотоод мэдрэмжээ илүүтэй чагнадаг юм байна. Энэ бүхэн танд хэрхэн мэдрэгддэг вэ?
-Хамгийн түрүүнд, асар их дарамт. Би зураг гэвэл жааз нь бусад хүмүүс болж хувирсан. Хүссэн хүсээгүй тэр хүмүүсийн жаазанд багтаж байхаас аргагүй болно, тэр хэрээр хувь хүний эрх чөлөө хязгаарлагдана. Би өөрийнхөө бүтээгээгүй ёс зүйн хэм хэмжээгээр хязгаарлагдана, тэр хэм хэмжээг олонх нь тогтооно. Дийлэнх олонхын зөв, буруугийн тодорхойлолтын дагуу миний зөв, буруу шийдэгдэнэ. Энэ бол эрх чөлөөний хязгаар. Тэгэхээр сайн зүйл бол биш гэж хэлнэ, хувь хүн талаасаа.
Харин өөрт буй энэ нөлөөллийг ашиглаж, олон нийтийн сайн сайхны төлөө юм хийнэ гэвэл өөр хэрэг. Эсвэл өөрийнхөө амьдралын чанарыг сайжруулах чиглэлд ашиглана гэвэл, энэ богино хугацааны л. Ер нь материаллаг хангамжтай байх, байхгүйн хооронд нэг их ялгаа үгүй. Таны дотор буй үнэнээс л бүх зүйл шалтгаална. Энэ бол миний итгэл үнэмшил.
Манай улс хөгжиж буй. Буурай биш ч сэтгэлгээний хувьд тийм. Хотжилт бол жам ёсны зүйл. Харин хотжилтын саар тал нь эрүүл мэндийн өвчлөл, эмгэгүүд. Үүнээс л урьдчилан сэргийлэх, анагаах мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй түгээх Youtube сувагтай болъё гэж бодсон. Ингээд подкастаа эхлүүлсэн. Давгүй амжилттай явлаа. Хов жив, хар барааныг ярилгүйгээр 100 мянган дагагчтай болж, Silver Button авсан. Үзэгчдийг амьдралдаа жижигхэн ч болов өөрчлөлт хийж байгаа, ядаж нэг нэгнийхээ асуудлыг сонсож сурч байгаа байх гэж итгэдэг. Ийм ажлыг 2020 оноос хойш хийлээ.
-Энэ Сингапурт “зурсан” төлөвлөгөөн дунд байсан уу?
-Байсан.
-Тэнд та өөр юуг төлөвлөсөн бэ. Хийж амжаагүй зүйл бий юү?
-Байгаа. Биомеханикийн шинжлэх ухааны тусламжтай, хүний биеийн байгалийн өгөгдөлд анализ хийгээд, спортын техникийн гүйцэтгэлийг хянадаг, зөвлөгөө өгдөг хиймэл оюун ухаанд суурилсан платформ хөгжүүлье гэдэг зорилт тавьсан.
-Та олон зүйлд уйгагүй тэмүүлж, оролджээ. Шинэ санаа ундраад л байдаг нь юутай холбоотой вэ. Цавын цаанаа энэ бүхэн юу рүү тэмүүлж байна гэсэн үг вэ?
Өөрт байгаа нөхцөл болоцоог ашиглаад Монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад чадах чинээгээрээ оролцоотой байхыг эрмэлздэг. Эхлээд спортын салбар байсан удалгүй медиа салбарт бас л ижил зүйлийг хийсэн. Мөн өөрийн хувийн youtube сувгаараа эрүүл мэндийн мэдээллийг хүртээмжтэй болгоход тасралтгүй агуулгуудыг бэлдсэн. Одоо харин харилцаа холбооны салбарт мөн ижилхэн зүйлийг зорьж байгаа. Бид хэнийг ч ардаа үлдээлгүй боломжийг тэгш хүртээмжтэй байлгахад технологи ашиглан илүү дөт замаар зорилгодоо хүрэхийг урьтал болгодог.

ОДОО: "Ондо" юугаараа ондоо вэ?
-“Ондо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болох яриа хэлэлцээ хэзээнээс, хэрхэн өрнөсөн бэ?
-Анх маркетингийн албанд ажиллаж эхлэхэд л тодорхой хугацааны дараа Гүйцэтгэх захирал болно гэдгийг хэлж байсан. Энэ бол ярианы түвшинд л, албан бус ч нөгөө талаас намайг сорих, би өөрөө сэтгэл зүйгээ бэлдэх хугацаа болсон байх.
-Нэг талаас “Ондо”, нөгөө талаас Б.Мандуул уулзах болсон шалтгаан юу вэ?
-Ч.Анар ах бид хоёр анх Clubhouse дээр танилцсан. Дараа нь уулзахад, миний дээр дурдсан хиймэл оюун ухаанд суурилсан платформын үндсэн шийдлийг тэд олсон байсан л даа. Нөгөө талдаас, үүсгэн байгуулагчдын алсын хараа, хүрье гэж зорьсон эцсийн цэг нь минийхтэй их ижилссэн. Энэ бол монгол хүний үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эрх чөлөөнд хүргэх. Ерөөс хувь юм уу хэсэг бүлэг хүмүүсийг биш нийгмийг хамарсан зорилго байсан.
Би анхандаа харилцаа холбооны салбарыг өөрөөсөө их хол гэж боддог байлаа. Амьдралаас хол, нарийн мэргэжлийн салбар гэж. Тэр зарим утгаараа үнэн ч, эцсийн дүндээ гол философи нь хүн хоорондын, хүний л асуудлыг шийдэхэд оршдог юм билээ л дээ. Нөгөө талаас, харилцаа холбооны салбарын дэд бүтэц бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбогддог төдийгүй амьдралын чанартай шууд хамааралтай ямар нэг шийдэл олоход энэ салбарт түшсэн гаргалгааг олох хариуцлагатай цаг үед бид амьдарч байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бий болох өөрчлөлтөд бид бэлэн байх нь улсын хөгжлийг хурдасгах гол хүчин зүйл болох учраас мэдээлэл технолиги харилцаа холбооны салбарт ажиллах хүсэл төрсөн гэж болно.
-Энэ салбарт олон жил тогтвортой ажиллаж буй хэдхэн үүрэн телефоны оператор компаниуд бий. Сонголт маш мэдээжийн байдаг. Харин энд шинэ тоглогч гарч ирлээ гэхэд тодорхой хэмжээнд хүч нөлөө томтой, аливаа асуудлыг шийдэх бололцоотой хүмүүс гэж харж байлаа л даа. Яг хөшигний ард ямар хүндрэлүүдийг туулж, юутай “үзэлцэж” байна вэ?
-Харилцаа холбооны салбарын хатуу дэд бүтцийг бий болгоход олон сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Хэн дуртай нь хийх боломжгүй. Нөгөө талаас төрөөс тусгай зөвшөөрөл авч байж гүйцэтгэдэг онцлогтой. Хэнд тусгай зөвшөөрөл олгох, олгохгүйг төр шийднэ. Тэгэхээр төрөөс шууд хамааралтай, тогтоосон дүрэм журам дотор нь ажилладаг учир хавьгүй хязгаарлагдмал болдог.
Өнгрөсөн хугацаанд энэ салбарт үүссэн норм гэх юм уу? тодорхой хэв маяг бий болсон байгааг анзаарсан. Их консерватив буюу хаагдмал гэж хэлж болохуйц. Гэвч дэлхийн бусад хөгжсөн орнуудад илүү нээлттэй уян хатан арга барилаар энэ салбарыг хөгжүүлээд байгаа харагддаг.
Энгийн жишээгээр тайлбарлахад биднийг тусгай зөвшөөрөлөө аваад үйл ажиллагаагаа эхлэх гэтэл бусад оператор компаниуд маань холболт хийхгүй өнөөдрийг хүртэл саатуулсан. Нийт найман оператор компани байгаагаас дөрөв нь холбочхоод байхад бусад нь татгалзсан байдалтай байгаа нь ийм дүгнэлт хийхэд хүргээд байгаа юм. Одоог хүртэл хийхгүй байгаа нь ижил түвшинд өрсөлдөх болон хэрэглэгчдэдээ зорьсон үйлчилгээгээ хүргэж чадахгүй байх нөхцөлийг үүсгэж байна.
Монгол Улсын Засгийн газар бодлогын баримт бичигтээ 2023 онд 5G сүлжээг цацна гэж тусгасан ч хойшлуулаад л байгаа. Бизнес эрхлэгч энэ баримт бичгийн дагуу ажлаа төлөвлөж, хөрөнгө оруулалт хийж буй шүү дээ. Гэвч одоог хүртэл хойшлуулаад байгаа нь биднийг зах зээлд нэвтрэхэд улмаар хэрэглэгчид сонголт бий болгоход салбарт хамааралтай субьектүүд зориудаар саад хийгээд байна уу даа гэж хардахад хүргээд байгаа юм.
Алдагдсан боломж талаасаа энэ бол маш их өртөг, бас цаг хугацаа. Технологийн салбарт цаг хугацаа нэн чухал. Гэхдээ энэ алдагдсан цаг хугацааны хохирогч нь “Ондо” биш монгол хүн өөрөө.
Өрсөлдөөн гэдэг зайлшгүй. Гэхдээ тэр өрсөлдөөн хэтэрхий бохир болж ирэх үед шинэ санаа, шинэ шийдэл амьдрал дээр хэрэгжихгүй байх магадлал үүснэ. Өрсөлдөөнийг цэвэр тунгалаг явуулах ёстой эрх зүйн орчин болоод ёс зүйн хэм хэмжээ байх учиртай. “Ондо”-г бүтээж буй хүмүүсийн итгэл үнэмшил, гол үнэ цэн нь тэр ёс зүй.Тийм ёс зүй байгаа учраас л бид энд ажилладаг. Ёс зүйн хэм хэмжээг инстинктээрээ мэдэрдэг шинэ үеийн залуус гэдгээрээ бид ондоо.

-Та “Ондо”-г оператор биш технологийн компани гэж онцоллоо. Яг юугаараа бусдаас ондоо юм бэ. Үндэсний аюулгүй байдал болон технологийн шийдэл талаасаа юугаараа шинэ вэ. Олон нийт нэгэн үүрэн телефоны шинэ оператор л гэж харж байгаа шүү дээ?
-“Ондо” гэдэг нэрийг би анх “Onda” буюу давлагаа гэсэн утгатай испани үгээс санаа авч, санал болгож байсан. Далайн давлагаа бүр дахин давтагддаггүй. Бидний хийж буй зүйл өнөөгийн цаг үедээ нэгэн шинэ давлагаа юм. Өмнө нь байсан, гэхдээ өөр хэлбэр хэмжээтэй. Бусдыг эрхэмлэж үздэг, хэлсэн амандаа хүрэхийн төлөө явдаг хүмүүс өмнө нь ч байсан. Бид тэдний л үргэлжлэл. Гэхдээ ёс зүйтэй.
Ч.Анар ахад анх нэрийн санаагаа хэлэхэд, onda-г дуудагдахдаа сул байна гэсэн. Тэгээд “Ондо” болгосон. Энэ нэр бол бүх утгаараа бидний хүсэж буй зүйл.
Бид өнгөрснөөс ондоо зүйлийг хийнэ. “Ондо” гэдэг брэнд чиний хэлж чадахгүй байгаа ч хүсэж буй тэр зүйлийг бүтээнэ. Stakeholder economy буюу төсөлд хамааралтай бүх хүн өгөөж хүртэх арга барилаар бид энэ төслийг хөгжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой хэсэг. Ажилтан, хэрэглэгч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч байгууллагууд гээд, зөвхөн үүсгэн байгуулагчид нь өөрсөддөө ашиг олдог биш, бүх оролцогч талууд өгөөж хүртдэг үнэ цэнийг бий болгож, батлан харуулна.
-Харилцаа холбооны салбар дотроо юугаараа шинэ бөгөөд эх оронч байгаа вэ?
-Манай улс өнгөрсөн 26 жилийн хугацаанд 100 хувь гадаадаас хамааралтай харилцаа холбооны дэд бүтэц хөгжүүлж ирсэн. Hardware, Software-ийг ингэж 100 хувь худалдаж авснаар бид мэдээллээ хянаж чадахгүй гэсэн үг. Харин бид өөрсдөө бүрдэл хэсгүүдээ сонгон Hardware-ээ “угсарна”, Software-ээ ч өөрсдөө хийнэ. Ингэснээр дата буюу өгөгдлийг удирдах, хадгалах хэм хэмжээг дотоодын хяналтанд авах бүрэн боломжтой.
Энэ агуулгаараа, хараат бус O-RAN стандартыг хангаж ажиллах сүлжээг бид бүс нутгийн хэмжээнд анх удаа бий болгосон. Зөвхөн Монголдоо биш, бүс нутагтаа. Энэхүү стандартаар сүлжээг бий болгох нь илүү олон талт оролцоог бий болгож улмаар эрүүл өрсөлдөөнд талуудын оролцоог хангах замаар эцсийн хэрэглэгчид таатай үнээр бүтээгдэхүүн үйлчилгээ хүрэх боломж бүрдэх юм.
-Энэ хугацаанд бий болгоод буй амжилтуудаа сонирхуулаач. Хэчнээн хэрэглэгчтэй болов, компани ямар үнэлгээнд хүрэв гэх мэт фактууд?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд давтагдсан тоогоор 310 мянга гаруй хэрэглэгчтэй болсон. Нэг хүнд ноогдох интернэт хэрэглээний траффик нь “Юнител”-тэй харьцуулахад хоёр дахин их байгаа. Бага үнээр ихийг гэсэн үг. Хүндээ үзүүлж буй үнэ цэн нь төдий чинээ их. Бид бодлогоор, үйлчилгээгээ зах зээлийн үнээс доогуур санал болгож байгаа. Энэ үнэ өснө, өсөх ёстой. Зардлаа нөхөх ёстой. Гэхдээ өсөөд, өсөөд бусадтай адил хэмжээнд очихгүй.
Одоогоор 160 мянган идэвхтэй хэрэглэгчтэй байна. Хамгийн гол нь, бид нийгмийн бүх бүрдэл хэсгийг ардаа үлдээлгүй, хүрч ажиллана гэсэн чиг баримжаатай. Зах зээлд өрсөлдөх чадвар нь эмзэг болон бусад бүлгийнхэнд ялгаатай тул бид бас тэдэнд зориулж, ондоо үнэлгээтэйгээр бүтээгдэхүүнээ өгч байгаа.
Манай компанийн бас нэгэн бахархах зүйл нь, хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын 90 хувийг хамарсан 4G LTE ready to 5G сүлжээг бий болгосон. Их богино хугацаанд бүтээсэн дэд бүтэц. Мөн энэ ондоо багтаад Өмнөговь болон Дархан, Эрдэнэт рүү тэлэх гэж байгаа.
-Гүйцэтгэх захирлын албан тушаалд, хувь Б.Мандуул гэдэг хүний юу нь “Ондо”-гийн алсын харааг хэрэгжүүлэхэд манлайлах вэ?
-Би өөрийгөө ойлгоход их энгийн хүн гэж боддог.
Өөрөө багийн спортод холбогчийн үүрэг гүйцэтгэдэг учраас хамт олныхоо уялдаа холбоог хангаж, хэрэгцээтэй шийдвэрийг гаргахад талуудын оролцоог жигд ханган хурдтай, зарчимтай бас ёс зүйтэй байдлаараа бусдыгаа идэвхжүүлнэ гэж төлөвлөж байна. Аль ч байгууллагад олон төрлийн үүрэг бүхий харилцан адилгүй чадвартай хүмүүсийн олонлог бий. Яг багийн спорттой ижил тиймээс үндсэн арга барилаа өнгөрсөн хугацаанд сурсан учраас одоо ондоо технологи бүтээхэд энергээ л зөв зүйтэй хувиарлахад зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Франц хэлтэй романтик з�##�уу байхдаа
Испани
ОНДО сайн юм байна лээ датанд санаа зовхооргүй л юм байна. Гол нь сүлжээний ун�##�т ихтэй юу. Skytel шиг сүлжээ их унах юм
Дүүдээ амжилт
Сайхан ярилцлага байна, амжилт хүсье з�##�уусаа
Хөөрхөн з�##�уу байсан их муухай тарг�##�жээ орчин үеийн з�##�уус ямар хурдан ямар муухай тарг�##�даг болоо вэ өөрсдөө аймар заваан тарг�##�санаа мэдэдгүй юм байхдаа
Ondo data бол үнийн хувьд маш боломжийн бүр хямд. Бага хугацаанд сүлжээгээ тэлж хэрэглэгчдийнхээ тоог нэмсэн. Одоо болтол бусад операторууд харилцан холболт хийхгүй байгаад гайхаж л байна. Улс орон даяар 4G LTE, 5G сүлжээгээ оруулчихв�##� бусад операторууд хэрэглэгчээ �##�дана гэж болгоомжлоод байгаа байх л даа.
Manduul bol mundag xudulmurch daichin olon taliin medlegtei odoogiin niigmiin terguund yavaa zaluu daa Podcastiig urgelj sonsdog
Manduuldaa xiij baigaa ajild ni bolon zorij bui uilsed ni amjitl xusie
Tsalingaa l hugtsaandaa tawichih.
Хямд үнэ ялна
hicheegere zaluu mine