Жо Байден, Ши Жиньпин хоёр зэвсэгт хүчин хоорондын харилцааг сэргээх боллоо
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Ши Жиньпин хоёр лхагва гарагт /2023.11.15/ хэлэлцэж зэвсэгт хүчин хоорондын харилцааны шугамыг дахин эхлүүлж, хар тамхитай тэмцэх тал дээр хамтран ажиллах болжээ.
Хоёр улсын удирдагчид Сан Франциско хотод дөрөв гаруй цагийн турш уулзаж АНУ болон БНХАУ-ын харилцаанд сэв суулгаж буй асуудлуудаар хэлэлцсэн байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер асан Нэнси Пелоси 2022 оны наймдугаар сард Тайвань айлчилсан.
Үүний дараа БНХАУ АНУ-тай тогтоосон байсан зэвсэгт хүчин хоорондын харилцааны шугамыг тасалсан юм. Харин энэ удаагийн уулзалтаар тус харилцааны шугамыг дахин сэргээх болжээ. Мөн хар тамхитай хамтран тэмцэхдээ фентанилийг чухалчлан авч үзэж юм.
Фентанил нь маш хүчтэй мансууруулах бодис учир АНУ-д хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас баралтын хамгийн том шалтгаан болдог байна. Шинэ тохиролцооны дор БНХАУ фентанилийн орцыг үйлдвэрлэдэг химийн бодисын компаниудын эсрэг ажиллах болжээ.
Мөн тэд Тайванийн асуудлаар хэлэлцсэн байна. Ши Тайванийг хоёр улсын харилцааны хамгийн том, аюултай сэдэв гэж хэлсэн юм. Мөн тэрбээр ойрын жилүүдэд Тайванийн эсрэг цэргийн хүч ашиглах зорилго байхгүй, гэхдээ зэвсгийн хүч ашиглах нөхцөлүүд бий гэжээ. Харин Байден БНХАУ Тайванийн сонгуулийн процессыг хүндлэхийг хүссэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.