Сурвалжилга, Нийтлэл

“Үл зогсох карьераа өөрөө унтраагч”

“Аль болох олон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдохыг хүсч байна”. Энэ бол 29-хөн настай парламентад орж ирээд удаагүй байхдаа Д.Гантулгын өгсөн ярианы хэсэг. 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үеэр Д.Гантулга НАМЗХ-ны залуу үеийн төлөөлөл болж, мандат өвөртлөсөн.  Тэрбээр У.Хүрэлсүхээр дэмнүүлж, Хэнтий аймгийн 42-р тойрогт ялалт байгуулснаар парламентын түүхэн дэх хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж байв.

Тэр багаасаа олон нийтийн байгууллагаар явсан, амбицтай, сэргэг залуу. Яг тэр эрчээрээ улс төрд зөв явна, залуу үед итгэл үзүүлье гэж сонгогчид нь ч шийдсэн. Түүнд ахмад үеийнхэн хамгийн их санал өгсөн судалгаа бий. Нэг шинэ залуу гаргаад үзье гэсэн чин хүсэл 42-р тойргийнхонд төрж, Д.Гантулгад итгэл өвөрлүүлсэн нь энэ.

Парламентад орж ирсэн шинэхэн залуу гишүүн Донорын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж, олон нийтийн ажлуудад эрчимтэй оролцсон. Хөшигний ард түүнийг архи дарс ихээр хэрэглэж байгаа, залуу ойворгон зангууд гаргаж буй гэгддэг ч байнгын хороо, чуулганы хуралдаанд том цүнхтэй ирдэг идэвхтэй нэгэн байв.

Гэвч түүний парламентад амгалан тайван суух хугацаа удаан үргэлжлээгүй.  Тэрбээр олон нийтийн жигшин ярьдгаар “улаан мах”-ны хэрэгт холбогдож, шалгагдаж байх хугацаандаа давтан хэрэг үйлдсэн. Д.Гантулгыг иргэн хүний жам ёсоор нь шүүлгэхийн тулд хохирогчид стратегийн өмгөлөөлөл үзүүлж байсан залуус цэцэд хандаж, холбогдох хуулийг нь хүртэл засуулах хэмжээнд нөр их ажилллав.

Тэрбээр эргэн татагдах Прокурорын хүсэлт өөрийнх нь саналаар УИХ дээр “аврагдсан”-аас хойш 3 хоногийн дараа өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүнээс түдгэлзсэн. Улмаар НАМЗХ-ны сонгуульт ажлаа өгч, тэр өдөр шүүх хурал нь товлогдож, эхнэр нь төрсөн гээд өдөр бүрийн амьдрал нь адал явдал, баяр гунигаар дүүрэн нэгэн гэлтэй замыг туулсан.

Эцэст нь,  тэр хоёр удаагийн хүчингийн хэргээр хоёр жилийн ял авлаа. Хэдхэн хоногийн өмнө ээж нь тэнгэрт хальсан. Хохирогч талын хохирлыг хэзээ ч нөхөж чадахгүй нь үнэн. Хэдий тийм ч шинэ, залуу амбицтай нэгэн карьер  үл захирч чадсан өөрийнх нь мунхаг тачаалаас үүдэж, “аавын хаалга” татлаа. Эргээд гарч ирэхдээ ухаантай алхаарай, Д.Гантулга аа.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button