Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Сэтгэл зүйч үү, көүч үү: Траума, сэтгэлийн шархны зэрэг 25 гаруй көүч тусгайлсан академи төгсөөд үйлчилгээ үзүүлж байна

Сүүлийн үед көүч \хөтөч, чиглүүлэгч\ хэмээх ажил, мэргэжлийн нэр томъёо анхаарлын төвд орлоо.

Көүч гэх хүмүүс элбэгшиж төрөл бүрийн чиглэлээр бусдад зөвлөгөө өгч байна. Хувь хүмүүс ч сэтгэл санаа болон амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд көүч /амжилтын дасгалжуулагч/-тай болж эхэлж байна.

Манай улсын хувьд сэтгэл зүй, санхүү болон бие бялдрын дасгалжуулагч чиглүүлэгч олширч байгаа нь жилээс жилд көүч бэлтгэх сургалт түгээмэл болсны илрэл юм. Учир нь, "Top Coach Academy" хэмээх сургалтын төв үүсгэн байгуулагджээ. Үүнийг төгссөн хүмүүс чиглэл, чиглэлээр көүч үйлчилгээ эрхэлж байна.

Одоогоор манайд үйл ажиллагаа эрхэлдэг “Top coach academy”-ийг төгсөн гарсан салбар бүрийн көүч нарыг доорх зургаас харна уу.

Тэд өөрсдийн чадавхжиж, "мэргэшсэн" төрлийн дагуу зөвлөгөө сургалт явуулдаг байна.

Энэ дунд амжилтын, сэтгэлийн шархны, траумагийн, охидтой ээжүүдийн гэх мэт оон төрлийн көүч байгааг харж болно.

-Көүч нь сэтгэл зүйчтэй төстэй шинж чанарыг агуулдаг ч өөрийн гэсэн онцлогтой-

Тэгвэл көүч гэж хэн бэ. Мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл судлаачдаас юугаараа ялгаатай вэ.

Энэ асуултад хариулт эрлээ.

Көүч гэж яг хэн бэ?

-Көүчийн дэмжлэгтэйгээр хүн өөрийнхөө нөөц бололцоо болоод чадварыг танин мэдэж, асуудал бэрхшээлээ даван туулж, зорилгодоо хүрч чаддаг. Тэгэхээр көүч хүн үйлчлүүлэгчээ амжилт гаргахад нь тусалдаг хүчирхэг хөшүүрэг болдог.

Тэгвэл көүч нь үйлчлүүлэгчээ хэрхэн дасгалжуулдаг вэ?

Көүч хувь хүнийг ганцаарчлан дасгалжуулдгаараа онцлог бөгөөд үйлчлүүлэгчийнхээ амьдралын зорилгыг тодорхойлох, түүнд хүрэх арга замуудыг боловсруулах, зорилгод нь хүрэхэд нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлсийг тооцоолдог. Үүний зэрэгцээ сул талыг давуу тал болгон хувирган, өөрийн онцлог давуу талыг мэдрэх, оюун санаагаа төвлөрүүлэн, эрч хүчээ зорилго руугаа төвлөрүүлэхэд зөвлөгөө өгөн чиглүүлдэг.

Товчоор хэлэхэд амжилтын дасгалжуулагч, көүч хүн үйлчлүүлэгчийнхээ үнэнч дэмжигч байдаг юм. Монголчуудын хувьд энэ мэргэжил маш шинэлэг зүйл тул зарим нэг хүмүүс амжилтын хөтчийг сэтгэл зүйчтэй андуурах явдал гардаг.

Көүч нь сэтгэл зүйчтэй төстэй шинж чанарыг агуулдаг ч өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь: Амжилтын дасгалжуулагч /көүч/ хүн амжилт гаргахыг хүсдэг байвч арга замаа мэдэхгүй, өөрийгөө танин мэдээгүйгээс болж сэтгэлийн тэнхээ нь дутсан, өөрийгөө өөрчлөх арга замаа хайж байгаа, үүний дээр сэтгэл зүйн хувьд эрүүл хүнд тусалдаг. Харин этгэл зүйч сэтгэл зүйн асуудалтай сэтгэл гутрал, стресст орсон хүнд түүнийг даван туулахад нь тусалдаг.

Өөрөөр хэлбэл амжилтын дасгалжуулагч көүчийн заавар зөвлөгөөгөөр хүн өөрийгөө илүү сайн таньж, авьяас чадвараа нээн илрүүлж, өөртөө итгэх итгэл хурдан нэмэгдэж, амжилт гаргах үйл явц хурдсах юм.

Олон улсад “Life coach” буюу хувийн амьдралын дасгалжуулагч нь хүмүүст илүү сэтгэл ханамжтай байж, амьдралдаа ахиц дэвшил гаргахад тусалдаг. Хувийн амьдралын көүч нь үйлчлүүлэгчдийнхээ харилцаа, карьер, өдөр тутмын амьдралаа сайжруулахад тусалдаг.

Зарим көүч нар ерөнхий бүх сэдвийг хамарсан туслалцаа үзүүлдэг ч тодорхой сэдэвт анхаардаг көүчүүд ч бий. Тухайлбал бизнес, үерхэл, гэр бүл, карьер, хувийн санхүүгийн гэх мэт көүчүүд байна. 


Манай улсад байдаг төрөл бүрийн көүч нарт маш олон хүн холбогдож, зөвөлгөө авдаг аж. Гэтэл нөгөөтээгүүр эл үйл явдалд мэргэжлийн сэтгэлзүйчид ихээр шүүмжлэлттэй ханддаг аж. 

-Сэтгэлзүйчээр дөнгөж төгссөн залуус зөвлөгөө өгдөг. Энэ бол ёс зүйн хувьд, хууль эрх зүйн хувьд ч хүлээн зөвшөөрөмгүй зүйл-

Дээр дурдсанчлан, Монголд көүч буюу амжилтын дасгалжуулагчаар ажиллаж буй хүмүүст шүүмжлэлтэй хандах нь ч байна.

Үүнийг бид сэтгэлийн шархны көүч тодотголтой Ц.Батшүрээс ярилцлага авсны дараах нийгмийн сүлжээн дэх хандлагаас ажигласан.

Энэ талаар Сэтгэл засалч эмч, клиникийн профессор Д.Эрдэнэбаатарын байр суурийг хүргэе.

Тэрбээр “Гаднын орнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн тулд олон цагийн хичээл үзэж, өндөр шалгуурт тэнцдэг. Сэтгэл зүйн зөвлөгөөг тусгай хянагч багш ахлах багшийн хяналтад өгдөг.

Тэр багш маш туршлагатай байх ёстой. Дэлхийн Сэтгэл засалчдын нийгэмлэгийн дүрэмд дор хаяж 2000 цаг дадлага хийсний дараа л зөвлөгөө өгөх хэрэгтэй болдог. Гэтэл манайд энэ тогтолцоо байхгүй. Тиймээс дөнгөж төгссөн залуус зөвлөгөө өгдөг. Энэ бол ёс зүйн хувьд, хууль эрх зүйн хувьд ч хүлээн зөвшөөрөмгүй зүйл. Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал” гэлээ.

Сэтгэл засал нь сэтгэл зүйн онол ба аргууд дээр үндэслэгддэг агаад үйлчлүүлэгчид сэтгэлийн түгшүүр төрүүлдэг мэдрэмж, сэтгэгдэл, харилцаа, сэтгэл зүйн шинж тэмдгүүдийг арилгах явдлыг зохицуулахаар хувь хүн ба бүлэгт тусламж үзүүлэх системтэй, чиглэл зорилго бүхий үйл ажиллагаа.

Тэгэхээр олон нийт сэтгэлзүйч болон көүч нарын чиг үүргийг тэр бүр ойлгодоггүй байх магадлал өндөр.

Иймээс сэтгэл засалч болон хувийн амьдралын көүчийн ялгааг дүгнэвэл:

  • Хувийн амьдралын көүчтэй ажиллах болон лицензтэй сэтгэл засалчаас эмчилгээ авахаас үүсэх эерэг нөлөөнүүд давхцаж болно. Гэхдээ энэ хоёр мэргэжилтнүүд нь өөр өөр үүрэгтэй.
  • Көүчээс ялгаатай нь сэтгэл засалч гэх мэт сэтгэл зүйн эрүүл мэндийн мэргэжилтнүүд сэтгэл зүйн эмгэгийг оношилж, эмчилж, өнгөрснөөс үүссэн траума болон сэтгэл зүй бусад асуудлуудыг шийдэхэд тусалдаг. 
  • Харин көүч нь хүний амьдралд шийдэгдээгүй үйлдсэн зүйлсийг нэг тийш болгоход тусалж чадах бол сэтгэл зүйн хямрал, сэтгэл түгших эмгэг, донтолт гэх мэт сэтгэцийн эмгэгийг эмчилж чадахгүй.
  • Сүүлийн үед хувийн амьдралын көүч, ерөнхийдөө көүч тодотголтой мэргэжилтнүүдийн тоо нэмэгдэх болсон. “International Coaching Foundation” 2020 онд хийсэн судалгаагаар 2019 онд олон улсад көүчийн мэргэжилтэй 71 мянган хүн байжээ. Энэ нь 2015 оноос 33 хувиар өссөн үзүүлэлт гарч байжээ.
  • Сэтгэл зүйн мэргэжилтнээс ялгаатай нь көүч хийхэд ямар нэгэн батламж, академик сургалт, зэрэг дэв хамгаалах шаардлагагүй. Гэхдээ олон улсад “IPEC”, “Health Coach Institute”, “Coach Training Alliance” гэх мэт байгууллагууд көүчийн сургалт явуулж батламж өгдөг байна.

Олон улсад көүчийн үйлчилгээ эрхлэх нь нийтлэг жишиг болсон байна. Харин тэднээс үйлчилгээ авахын өмнө хэнд хандаж буйгаа сонгодог.

Тодруулбал, көүчийг зөвхөн өөртөө тулгамдсан асуудлыг даван туулахын тулд ижил туршлага туулсан хүнээс урам зориг авах болон ганцаарчилсан зөвлөгөө сонсох тохиолдолд сонгодог аж. Хамгийн гол нь "Амжилтын дасгалжуулагч" гэж нэрлэдэгт анхаарууштай. Сэтгэл зүйн хямрал, хүнд хүчир нөхцөл байдлыг даван туулахаас илүү амжилт гаргахын тулд хэн нэгнээс зөвлөгөө авах нь үндсэн зорилго болдог.

Иймд хувь хүмүүс сэтгэл зүйчид хандах уу, көүчийг сонгох уу гэдгээ тунгаан бодох шаардлагатай аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button