Top StoriesЯрилцлага

Blgunee Hiroshi: Өөртөө итгэ. Дурласан зүйлээ тордоод бай

2024.04.08-нд нийтлэгдсэн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.

Blgunee Hiroshi-той ярилцлаа. Тэр 2010-аад онд гарч ирсэн урлагт үнэнч залуусын давлагааны нэгэн хэсэг, гэрэл зурагчин. Одоо "Sspiritoj" продакшны ажилдаа төвлөрч, "Rokit Bay"-тэй хамтран ажиллаж байна.

2010-аад онд урлагийн төрөл төрөлд залуус төрөн гарсан нь нэгэн үеийн үзэгдэл гэмээр ажиглагддаг. Тэр дундаас гэрэл зургаар цойлсон Blguunee Hiroshi өдгөө юу хийж, цаашид юу зорьж яваа нь сонирхолтой.

"Өөрийгөө хайхаар зураг дарж эхэлсэн"

-Хэзээнээс зураг дарж эхэлсэн бэ?

-2008 он. Тухайн үед гэрэл зураг гэдэг одоогийнх шиг урлагийн бие даасан салбар болж хөгжөөгүй байсан. Asuult.forum дээр гэрэл зураг сонирхогчдын нэг групп байдаг, түүнд нэгдээд л,  зураг дарах болсон. Бизнесийн удирдлагаар суралцаж байсан үе. Хичээлийн хажуугаар зэрэгжүүлж хийж болмоор мөртлөө урлагт ойртох зүйл гэрэл зураг байсан. Тэр үед тэг дөрвөлжин форматаар зураг авах давлагаа дэлхий нийтэд гарч ирээд л. Би бас өөрийгөө түүгээр илэрхийлж үзээд л.

-Ямар камераар?

-Хамгийн анхных гэвэл Nikon d40х, сонирхогчийн камер. Би багадаа зураг их зурдаг байсан. Тийм болохоор нүдээр харж буй өнгөнд төдийлөн татагддаггүй. Бодитоос ангид өнгө харах гоё. Тэгэхээр нэг их камер голдоггүй ч байсан, эрт PhotoShop, LightRoom дээр ажиллаж сурсан.  

-Тэр үеэс Ц.Шувууг санадаг.

-Ц.Шувуу бид хоёр их өрсөлдөөнч. Гэрэл зургийн талбар дээрээ сайхан найзууд байсан.

Ер олон хүн байсангүй. Тэр үед өөрсдийгөө илэрхийлэх зориг дутдаг байсан. Нийгэм ч тэгж биднийг тэгж шахсан. Харин одоо л үзэл бодолдоо үнэнч байж эхэлцгээж байна уу даа гэж.

Тухайн үедээ бол гэрэл зургийг зүгээр л өнгөц хэмжээнд хүлээж авч, “Оролдоод л үзье” гэдэг сониучирхал, өөртөө тавьсан асуултаар эхэлсэн шиг.  

-Харин хүмүүс хэр ойлгож байсан бэ?

-Ойлгодог байсан шиг санагдахгүй байна. Өөрөө ч юу дарж байгаагаа ойлгохгүй шахуу.

Аажимдаа “Би яагаад энэ сэдвийг хөөж байгаа билээ?” гэж бодно. Хүмүүст таалагдах гэж нэг хэсэг үзээд, сүүлдээ болино. Түүнээс ангижрахыг, яг өөрийгөө олохыг хичээнэ, тэгээд эрэлд гарна. Юм юмны араас явна. Сүүлдээ өөрөө өөрийгөө авна. Сонирхолгүй болоод ирэнгүүт нь өөрийгөө ч эвдэнэ. Өөрийгөө л их хайж байж л дээ.

Өөрийгөө бүтээлээр дамжуулан субъектив байдлаар үзэгчдэд тулгах гэж биш. Өөрийгөө хайх гэж л зураг дарж байж.

-Одоо эргээд тэр үеийн зургуудаа харвал сонирхолтой эргэцүүлэл төрдөг үү. Тэр үеийн өөр лүүгээ өнгийгөөд?

-Тухайн үеийн дурсамжууд их нүдэнд харагддаг. Өнөөдрийн би байгаа шалтгаан бол тэр зургууд. Саяхан нэг харсан. Их дотогшоо юм боддог байж дээ гэж бодсон. Хүмүүс бас тэгж хэлдэг байсан юм.

(Альбум үзүүлэв)

-Энэ Ц.Шувуу мөн үү?

-Мөн. Бид хоёр нэг нэгнээ модель болгодог байсан.

"Одоо гэрэл зургаар эмзэглэх эмзэглэлгүй болчихсон юм шиг"

-Надад Ц.Шувууг сонирхож байсан үе бий. Түүний хэв маяг харагдлаа. Та хоёрт өрсөлдөнө гэхээр нэг өнгө аяс, нэг туршилт руу нэгэн цаг үед зэрэгцэн орж байсан удаа бий юу?

-Миний бодлоор, өөрсдийгөө адилтгамаар юм олж хараагүй. Харин урлагт буюу гэрэл зурагт татагдсан шалтгаан, цаад агуулга нэг. Өөрөөр хэлбэл кино.

Одоо бүх юм нээлттэй боллоо. Хэн хаана, ямар санааг, яаж илэрхийлж буйг шинэ тутам харж болж байна. Тэр үед зураг бол ховрын бараа шүү дээ. Тийм учраас нэг нэгэндээ агаар зай өгч, өөрсдөө хөгжиж явсан. Энэ бол айхтар ширүүн өрсөлдөөний тухай бас биш.  

-Өөрийгөө нэг хэсэг дарж байсан гэдэг нь толинд уу?

-Үгүй. Камераа зоож орхиод, би өөрөө тодорхой дүр болж үзнэ. Олон янзаар авна. Их удаан процесс юм билээ. Өөртэйгөө ажиллана гэдэг хальсаар авч буй мэт. Тэвчээртэй байх ёстой.

-Хэзээ таныг үнэлж эхэлсэн бэ?

-Гэрэл зургийн хувьд яривал, миний карьерын эхлэл “Моханик”-тай хамтарч ажилласан явдал байх. Тэдний цомгийн хавтасны зураг дээр ажилласан. Сингапурт төгсөж ирээд, яг фото зургаараа амьдралаа залгуулна гэж шийдсэн байсан үе. Тэр миний анхны ажил.

Түүнээс хойш “Гоодаль”-д ярилцлагын зураг авдаг байлаа. Сүүлдээ хувийн булантай боллоо. Түүнээс хойш хувь хүний болон сэтгүүлийн ажлууд их хийсэн.

Нийгэмтэй дасан зохицохын тулд байж болох бүх зүйлийг хийх болно. Загварын, арилжааны зураг ч их авсан. Өөрийгөө үгүйсгэх гэхээс сорьж үзэж байгаа юм л даа, тэр бол.

Нөгөө талаар, анхнаасаа нийгэм ямар билээ гэдгийг ойлгосон. Түүндээ дасан зохицож амьдарсан. Ямар ч ажлыг голохгүй, өөрийнхөө хэмжээнд хандаж сурсан. Дургүйд хүчгүй гэдэг. Гэтэл би эсрэгээр, дургүйдээ илүү хичээдэг ч юм шиг байж ирсэн.

-Тэвчинэ гэсэн үг.

-Тийм. Их тэвчдэг байсан ч юм шиг.

-Тэвчсэн цаг хугацааг эргээд бодохоор одоо зөв санагдаж байна уу?

-Тэгж санагдаж байна. Яагаад ч юм тэссэн. Гэхдээ "дуугарахгүй" тэссэн тухай биш.

Анализ хийх, амьдарч буй нийгмээ бодитоор үнэлж дүгнэх чадвар сууж байгаа юм. Жишээ нь, хүн ямар ч аргументгүй бодвол утгагүй биз дээ.

Яах вэ, миний бүтээл өөр газар өөрөөр үнэлэгдэх байсан уу байсан. Гэтэл би Монгол Улсын иргэн болж төрсөн. Харин хийх, харуулах юм зөндөө. Иймд нөхцөл байдлаа хүндэтгэн хүлээж авахаас аргагүй. Би өөрийгөө буулт хийдэг байсан гэхээс илүү сайн бодсон, бодож хүлээж авсан гэж хэлнэ.

Өөрөөр хэлбэл илүү зөөлөн болсон. Харин хүмүүс тэр үеийн минь зургуудыг үзээд “Их дотогшоо юм байна, харанхуй хүнд мэдрэмжтэй” гэж хэлдэг байсан.

-Бизнесийн удирдлагаа Сингапурт төгсөж ирээд, мэргэжлээрээ ажиллаагүй юу?

-Сингапурт төгсөөд хэд хэдэн сэтгүүлд мэргэжлээрээ ажиллаж байсан. Мэдээж энэ сонголт бол ээж, аавын шахалт шүү дээ. Дотроо бол урлагтай ямар нэгэн байдлаар ойр байхыг хүссэн. Юу байх нь хамаагүй. Миний хувьд фото зураг болж таарсан. Хөгжим хийж, уран зохиол бичиж болох байсан. Тухайн үед гарт камер таарсан.

Харин нэг юманд орохоороо тултал хөгжүүлэх гэдэг зантай.

-Харин эцсийн эцэст кино урлаг?

-Тийм. Анхнаасаа. Найруулагч болно гэж бол бодоогүй. Зураглаач. Тэр зарчмаар фото зураг руу орсон.

Улаанбаатарын иргэн байна гэдэг байнга сорилтыг давна гэсэн үг. Өгөгдсөн зарчим гэж бараг байхгүй. Хувь хүний өөрийнх нь хариуцлага, чадвар, өгөгдлөөс ихэнх юм хамаараад явчихдаг. Ц.Шувуу надаас илүү кино үздэг байсан. Тэр үед дөнгөж “Тэнгис” кино театр нээгдсэн, “Хүн аалз” гарсан. Түүнээс өмнө монотонный Улаанбаатар байсан. “Хүн аалз” гараад хүн бүрийн амьдрал өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Юманд хошуураад байдаг зан түүнээс хойш гарч ирсэн юм шиг. Мянга голоод нэмэргүй өнөөгийн Улаанбаатар тэгж бүтсэн юм шиг.

Тэр үед “Холливүүд”-ийг кино гэж боддог байжээ. Сонирхлоороо “Шоушэнкийн шорон”,  “Бөгжний эзэн” энэ тэрийг үзээд, сонгодогт тооцдог байж. Харин Ц.Шувуу надад анх А.Тарковскийг үзүүлсэн. Түүний дараа би Нанжинд хэлний бэлтгэлд жил хагас суусан. Энэ хугацааг аль болох ашигтай өнгөрүүлэх гэж хичээсэн. Тэнд кино их хямд олддог. Нэлээд цуглуулсан, үзсэн, тэр хэрээр бүтээлийг үнэлж сурсан. Тэнд өнгөрүүлсэн жил хагаст нэлээд ойлголттой болоод авсан. 1920 оноос 1980, 1990-аад он хүртэл үзсэн. Ерөнхий мэдрэмж маань их өөрчлөгдсөн. Саяын ном бол тэдгээрийн гэрээслэл маягийн зүйл.

Кино бол том агуулга, том агууламж. Нэг юмаа давтаж бас болохгүй, зохиолоос эхлээд хөгжим, найруулга бүх зүйл бол асар нарийн бодомж. Би ч өөрөө ярвигтай юманд орооцолдох дуртай хүүхэд байсан. Зовох дуртай юм шиг. Тэгээд тэр нь надад кино болсон.

Идэвхтэй кино үзсэн тэр хугацаанаас Хироши Тэшигахара гэдэг найруулагч сэтгэлд маш тод үлдсэн. Ингээд миний уран бүтээлийн нэр үүдсэн.

Гэхдээ юу юуны өмнө яг юу хийх гээд байгаагаа ойлгох ёстой. Би одоо ойлгох гэж хичээж байна.

-Одоо ч гэсэн?

-Одоо ч гэсэн.

-Утсаар ярихдаа “Одоо бол зураг авахаа бараг больсон” гэж хэлсэн. Хэзээ, яагаад?

-2018-2019 он доо. Тэр хүртэл яг дагнасан шүү. Яагаад ч юм гэнэт сонирхолгүй болчихсон. Гэрэл зураг бол агуу. Орчин цагт оршин тогтнож буй бүх урлагийн төрлөөс дээгүүрт үнэлнэ. Гол нь би эмзэглэхээ больчихсон. Эмзэглэлээс уран бүтээл төрдөг гэж боддог. Гэтэл би гэрэл зургаар илэрхийлж, эмзэглэх юмгүй болчихсон юм шиг. Эмзэглэл нь видео руу шилжчихсэн юм шиг санагдсан. Одоо камераа барихаар гол мэдрэмж нь төрөхгүй юм.  

-Гэрэл зургаар гаргах юмаа хангалттай гаргачихсан гэж үү?

-Үнэндээ гаргаж чадаагүй ш дээ. Гэрэл зургийг ингэж авна гэсэн бодол, ерөнхий төлөвшил, арга барил бол суусан байсан. Зүгээр л, үүгээр цааш замнах замнал байхгүй мэт. Цаг хугацаа, энерги, санхүү бүх юм л нөлөөлнө. Магадгүй хэзээ нэг өдөр дахиад камераа бариад авах байх.  

-Тэгвэл сүүлийн жилүүдэд юун дээр төвлөрч байна?

-Яг “Sspiritoj” продакшн дээрээ. Хүний нөөц маягаар ажилладаг онцлогтой л доо, манайх. Community байдлаар зохион байгуулъя гэж анх сэдсэн. Тодорхой платформ байхгүй, тоног төхөөрөмжид төдийлөн суурилахгүй. Улаанбаатар бол хүн бүрийн эмзэглэлийг тээдэг хот. Хүн бүр дотроо асуудалтай. Тэдгээрийг нэгтгэсэн, улмаар уран бүтээл тасралтгүй гарч байдаг community хийе гэж бодсон юм. Анх клип хийж үзсэн. Тэр нь хүмүүст нааштай хүрсэн байх. Одоо ч хийж байна.

-Хэчнээн клип хийв?

-25-30 орчим.

-Клип хийхэд ямар үүрэгтэй оролцдог вэ?

-Би юу. Голдуу найруулагч. Эхэн үед хамаг юмаа ганцаараа шахуу хийдэг байсан. Ганцаараа үнэхээр барахгүй л дээ. Одоо хүмүүс маань тогтож эхэллээ. Одоо л суралцмаар байгаа чиглэлдээ төвлөрч байна гэх үү дээ. Энэ нь найруулга. Өмнө нь төдийлөн бололцоо гардаггүй байсан.

-“Rokit Bay”-ийн шинэ цомогт ажиллаж байгаа гэж үнэн үү?

-Тийм. Бид өгөө, аваагаа сайн мэдэх ойлгомжтой, тодорхой харилцаатай. Клипийг нь хийж, тоглолтын найруулга дээр нь ажиллаж байгаа. Одоохондоо нууц байх ёстой. Хамаагүй ярьж чадахгүй.

"Зөв бодно гэдэг нь..."

-Клип бол дуутай. Дууных нь жанр чухал уу?

-Жанр их чухал биш. Харин дууных нь агуулга чухал. Би хэлсэн дээ, дасан зохицож амьдарч сурсан. Гэхдээ дуу мэдээж чухал. Дуу гоё байж байж клипний санаа өөрөө төрнө. Манайд дуу гаргах гэж хүчлэх хандлага байдаг шиг санагддаг. Хүчилдэг зангаас татгалзмаар. Ямар нэгэн байдлаар хүчлэх л юм бол захиалгын, арилжааны уран бүтээл тал руугаа явчих гээд байдаг. Гэхдээ би хийж л байна.

-Гэхдээ эдгээр нь нөгөө кинондоо л ойртож байгаа явдал, тийм үү?

-Тийм.

-Хэзээ гэж?

-Төдий, өдийд гэсэн юм алга. Хэзээ миний сэтгэл зүй бэлэн болох нь вэ. Гэхдээ аль болох дөхөж байгаа байх гэж итгэмээр байна.

-Хамгийн гол нь сэтгэл зүй юу?

-Тийм... Мөн багаа бүрдүүлэх ёстой. Надад олон кинонд явсан удаа байхгүй л дээ. Нэг, хоёр удаагийн туршлагаараа монгол кино ямар форматад орж, тогтоод буйг олж харсан. Яаж өөрөөр ажиллахаа ойлгосон ч гэх үү.

Харин яагаад сэтгэл зүй чухал вэ гэхээр, кино хийхээр болбол хувь хүний асуудал руу орж таарна. Түүнийг манай баг 100 хувь биш ч гэсэн тодорхой хэмжээнд ойлгох ёстой. Тэгэхээр хүмүүсээ, тэдний сэтгэл зүйг бас бэлтгэх хэрэгтэй болж байна. Нөгөө талаар, хэзээ манай баг бэлэн болохоос хамаарна гэж хэлж ч болно.

-Кино яах аргагүй багийн ажиллагаа.

-Харин тийм. Манайхан байхгүй бол би юу ч биш. Хамт олныхоо сэтгэл зүйг бэлдээд явж буй. Тийм болохоор ажил бүрдээ нэг хэв маяг барихгүй байхыг хичээдэг. Би амьдалын хатуу хүтүүг нэлээд үзсэн хүн юм байна. Тэр ч утгаар, кино хийвэл мэдээж өөрийн мэддэг амьдрааар хийнэ. Тийм болохоор асар их хариуцлага хүлээнэ. Огт мэддэггүй, үзээгүй мөртлөө буудалцаантай кино хийнэ гэж байхгүй шүү дээ. Манайхан мэддэггүй юмаа хийгээд байдаг.

-Тэгэхээр бас өнгөрсөн дэх дурсамжаа ухаад л, тунгаагаад л явах хэрэгтэй болно. Ер нь ямар дурсамжуудаа илүү хөндөх вэ?

-Төрсөн цагаас эхлээд зураг авахаа болих хүртэлх дурсамж байх болов уу.

Асар их сайн, муу байгаа. Аваад үзэхээр, Монголын л нийгмийн амьдрал. Тэр талаас нь хандах болов уу. Өнгөрүүлсэн амьдралд минь монгол хүн бүрд нийлэгших зүйлүүд байсан. Тэр бүрийг олж таних буюу дахиад нэг удаа эхнээс нь дуустал толгой дотроо “амьдарч” үзэх хэрэгтэй болно.

Би эмээ, өвөөгийн хүүхэд. Эрх танхил. Ганцаараа бараг дэлхий ертөнц ч юм шиг. Тийм хүчийг эмээ, өвөөгөөсөө авсан. Нөгөө талаар энэ чинь эргээд асар том уналтад орно гэсэн үг.

Би яагаад хүнд хэцүүг туулав гээд бодохоор нийгэм болоод явчихдаг. Нийгмийн цаана хүмүүс, ард түмэн бий. Тэгэхээр энэ зөвхөн миний асуудал биш, монгол хүн бүрийн асуудал болчихдог.

Тэдгээрийг хамгийн ойлгомжтой, цэгцтэй байдлаар үзүүлж болох нь кино урлаг.

-Тэгж буулт хийж, тэвчиж, зөөлөрч сурсан цаг хугацаанд хүн бас амгалан болдог. Орчин тойрноо таньж ойлгосон хүн ихэвчлэн л амгалан. Гэхдээ тэр дурсамж дунд мэдрэгдсээр байсан, сэтгэлд дараатай зүйл нь юу юм. Мөн нийгмийн асуудал уу, эсвэл хувь хүнтэй холбоотой юу?

-Хурцалж байгаа нь уу?

-Өнгөрсөн дурсамжаа эргэж харвал, хөндүүр байгаа зүйл нь юу юм бэ. Факт биш, яг ямар мэдрэмж тэр дурсамжуудыг хөндүүр болгодог вэ?

-Гомдсон мэдрэмж. Гомдол.

Үүнийг тайлбарлахаар хамаг байдгаа ярьчих гээд байна. Мэдээж өөртөө гомдсон гомдол. Эцэг, эхийн гомдол байгаа. Дээрээс нь хувь төөргийн гомдол бий. Нийгмийн гомдол ч бий.

Гэхдээ ийм юмс болсон болохоор л би одоогийнхоороо амьдарч байгаа. Бусдаас илүү гэхээсээ зоригтой амьдарч байгаа гэж боддог.

Нийгмийн эмзэглэл гэвэл хүмүүс зөв бодохгүй байна. Зөв бодно гэдэг нь сайн юм бодох биш. Үргэлж эерэг юм бодох биш. Харин бүгдийг үндэстэйгээр бодох. Үнэн байх сэтгэл зүйгээ бэлдэхийн нэр. Зөв бодоход суралцах өөрөө маш чухал юм шиг. “Одоо гоё хоол идэж байна даа”, “Өнөөдөр ийм, ийм ажил хийх ёстой” гэх мэтээр бодох нь хавсарга л. Харин цэгцтэй бодож сурна гэвэл “Би өнөөдөр тав тухгүй байгаа учраас энэ асуудалд ингээд хандчихлаа”, “Дотоод хүн маань зөрчилтэй байгаа учраас ийм байдалд хүрчихлээ” гэх мэтээр хандахын нэр юм уу даа?

-Өөрөө өөртэйгөө ярилцаж, дотогшоо хандаж бодохыг л хэлж байна уу?

-Гэхдээ бас “Бурууг өөрөөсөө хай” гэдэг шиг биш л дээ. Бид амархан юманд их хууртдаг болсон. Амттан ч байна уу, хоол ч байна уу, сексийн харилцаа ч байна уу. Тэр бүрд өөрийгөө бодох ёстой байхгүй юү. “Яах гэж?” гэж бодох ёстой. Нөгөө хүнд маань сөргөөр нөлөөлөх биш биз? Зөв бодоосой гэдэг нь олон талаас бодоосой л гэж байгаа юм.

-Юунд хэрэгтэй вэ?

-Юунд ч хэрэггүй байж болно. Хэрэгтэй, хэрэггүй гэхээсээ уг хүнд маань тодорхой хэмжээнд нэмэр тустай л байх.

"Гомдлоо тайлах гэж л хойноос нь мөшгиж явна"

-Гомдол гэдэг үг хэлсэн. Тэр гомдол одоо тайлагдах нь уу?

-Тайлах гээд л явж байна. Хойноос нь мөшгөөд.

-Ер нь хүн хувь төөрөгтөө л гомддог байх. Тэгж бодож байна уу?

-Тэр хүний сонголт. Ингэхээр би бүх юмаа ярьчих болоод байна.

-Бүр нас биед хүрсний дараах гомдол байж болох уу?

-Түүнийг үгүйсгэхгүй. Тэр үеэ бодоход, одоо харьцангуй тайван байна. Тайван гэдэг нь олон талаас нь бодох чадвартай байна гэсэн үг.

-Уран бүтээлч хүн ганцаардаж, гомдсоор яваад үхдэг байх. Энэ эмгэнэлтэй санагдах уу?

-Яг юу гэж?

-Амжилт гаргалаа ч, хүлээн зөвшөөрөгдлөө ч, сайн уран бүтээлч боллоо ч эхэн үеийн нөгөө л эмзэглэл тээгдсээр.

-Тэр алга болно гэж байхгүй шд. Утаа шиг замхарч, алга болно гэж байхгүй. Тийм болохоор зөв бодох тухай бид ярилцсан.

Зөв бодох гэдэг нэг талаас хүлээн зөвшөөрч байгаа юм шиг мөртлөө түүнтэй үзээд байгаа хэрэг. Хүлээн зөвшөөрөх гэх бас биш. Зөвшөөрнө гэвэл өөрийн бухимдлуудаа л хүлээн зөвшөөрөх ёстой юм шиг. Яаж үнэнтэйгээ нүүр тулж, түүнийгээ бусдад илэрхийлэх, түүнийг нь хүмүүс хэрхэн ойлгох, дэмжих гэдэг хамгийн чухал. Зөв бодох гэдэг чамд мянга муу юм болсон ч бодлын хувьд хүчтэй байхыг хэлээд байгаа юм биш үү.

-Уран бүтээлч хүн шат ахиж буйгаа яаж мэдэх вэ. Чадвар угаас сайжирна. Гэтэл мэдэрснээ яг таг буулгах, түүнийгээ бас үнэлэх гэдэг “Skill”-ээс арай өөр шүү дээ. Жишээ нь гэрэл зураг дээр яаж мэддэг байсан бэ?

-Надад анхнаасаа өгөгдөл байсан юм шиг санагддаг. Би хотын хүн биш, хөдөө өссөн. Хаашаа л харна байгаль. Тэр сүнслэг байдлаар зураг зурах, бийр барих зэрэг нь цаанаасаа амьтай санагддаг байсан. Аавын хийдэг юм амьтай санагддаггүй байсан. Ээжийнх ч тэр. Харин өвөө нөлөөлсөн. Прокурор хүн. Тэр миний хувьд хамгийн шударга хүн байсан. Үнэнийг хайдаг. Чиний буруу, зөв гэж хэлдэггүй. Гэтэл урлаг бол хүний дотоод ертөнцдөө дутаж, гачигдаж буйг илэрхийлэн буулгаж буй зэвсэг мэт. Энэ хоёр хослоод, урлагт агуу хүн байж чадахгүй, гэхдээ нөлөөтэй хүн байхыг хүссэн. Дэлхийн хэмжэээнд биш. Өөрөө өөрийнхөө хэмжээнд. Миний нүдээр харж буй өнцөг хүмүүст хамаатай байгаасай гэж. Энэ наддаа маш том зүйл.

Тэгэнгүүт, яаж мэддэг вэ гэж чи асуусан. Хүн өөрийнхөө дурлаж байгаа юманд сэтгэлээсээ л хандах ёстой юм билээ. Тэгвэл чамайг бас сайн хүмүүс хүрээлнэ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, өөртөө итгэ. Өөртөө итгэж л байвал, дурласан юмаа тордоод бай. Тэгвэл мэдэгдэх байх гэж бодож байна. Энэ бол материаллаг байдлаар хэмждэг зүйл биш ээ.

-Гол нь “Өөртөө итгэ” гэж үү?

-Өөртөө итгэхгүй бол хэнд итгэх вэ. Тийм болохоор хүмүүст бас итгэл өгмөөр байна. Би биш бид гэж баймаар байна. Улаанбаатар бол Struggle ард түмэн. Бор зүрхээрээ явна, үнэхээр болохгүй бол бууж өгнө. 2009-2010 онд нийгэмд нөлөөгөө үзүүлж чадах олон хүнтэй танилцаж байсан. Ихэнх нь өөртөө итгээгүй учраас, мөн өөр шалтгаануудаар орхичихсон.

Буруутгах боломжгүй шүү дээ. Би арай азтай нь болохоор үлдсэн ч байж магадгүй. Жинхэнэ бор зүрхээрээ явсан. Гэтэл миний энд хүрсэн нь, орхиж больсон тэр хүмүүсийн ч бас гавьяа.

-Авьяастай хүмүүс мохохыг та олон үзсэн байх аа.  

-Тэгсэн. Би өөрөө үргэлж хоёр дугаарт, ард нь явдаг байсан. “Чи л ёстой урагшаа ш**х ёстой шүү” гэж хэлдэг байсан. Гэтэл үнэхээр болохгүй байгаа юм чинь.

-Залууст илүү итгэл өгч байна уу?

-Итгэл өгч, урагшаа яваасай гэж хүсээд байна.

Би өөрийгөө хоёр дахь хүн нь байсан гэж хэлсэн. Тэр хүмүүс амьдралын шаардлагаар явчихсан. Магадгүй, хувь төөрөг тийм ч байж болно, би үгүйсгэж чадахгүй. Гэтэл одоо залуус дурласан зүйлдээ илүү нээлттэй, түрэмгий хандаж, өөрсдийнхөө “анонс”-ыг олж байна. Тэр залуустаа боломж өгөх, сегментийг нь бүрдүүлж өгөх чухал болчхоод байна.

Урлаг бол нэгт явах ёстой гэж би боддог. Улаанбаатарын жишгээр бол хамгийн хойно явж байна.

Миний одоо хийж байгаа ажил ч бас жинхэнэ урлаг биш. Хэзээ нэг өдөр би урлагтаа буцаж орно. Гэрэл зураг бол надад гүүр байсан. Видео амьдралаа залгуулж буй зэвсэг.

-Хальс уу, дижитал уу?

-Хальс ямагт. Дадал нь тэс өөр зүйл өгдөг. Хальс бол яах ч аргагүй багш. Хальсаар авч байгаа хүн 1-2 жилийн дараа тодорхой өгүүлэмжтэй болчихсон байна.

-Дижиталаар авлаа гэхэд засдаг уу?

-Маш их. Өмнө нь засах гэж нэг их хичээдэггүй байсан. Одоо бүр харин ч эвдье гэж боддог болсон. Донж тохирсон зураг сонин биш болж. Хэзээ ч өөр зурагчнаас харахгүй өнгийг гаргаж ирмээр байдаг болжээ. Уран зурагтай харьцуулж боддог. Тэр өнгө, тэр өнгөний дундах цохилгыг гаргамаар байна гээд шууд төсөөлдөг. Хүмүүс зурагтаа их болгоомжтой ханддаг. Би битгий тэгээсэй гэж боддог. Анхнаасаа эвдэж сурвал дараа нь хэв донжийг сайн тохируулж чаддаг болно, буцаагаад хураана.

-Хамгийн нандин, “тасархай” хөгжим?

-Taijin Kyofusho (The Evpatoria Report) юун түрүүнд орж ирж байна. Аль арван хэдэн жилийн өмнө, урлаг гэдгийг мэдэхгүй явахад сонссон мөртлөө одоо хэр хүчтэй мэдрэмж төрүүлдэг.

Түүний эхэн үеийн зургуудтай ЭНД, харин сүүлийн үеийн зургууд буюу "Instagram" хаягтай нь ЭНД дарж, танилцаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2024 11:41

hh

Холбоотой мэдээ

Back to top button