Ярилцлага

The Hu: Бид харсан оргилынхоо бэлд явж байна

"The Hu" хамтлаг гол усаар нэг шуугиан болгож байсан цаг саяхан мэт. Одоо бид нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Үнэндээ бодит биш гэж бодмоор зүйлийг тэд бодит болгож, харуулсан. Гадаадын орон орны хүмүүс монгол хэлээр дуулж, монгол хамтлагийн өмнө хуран цуглаж, монгол суурьтай хөгжмийн аялгуунд нэгдсэн он жилүүдийг бид харлаа.

Одоо "The Hu" Монголдоо хамгийн анхны томоохон задгай тоглолтоо долдугаар сарын 10-нд, Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр хийх гэж байна.

Тоглолтын бэлтгэлийн үеэр тэдэнтэй цөөн хором ярилцлаа. Гаргасан амжилтынх нь араас чулуу шидэх муухай зан араншин. Хэдийн хүлээн зөвшөөрөгдчихсөн юм шиг хатуу байр байдлын цаана хатуу дэг жаяг, сахилга бат, чин зорилго бөгөөд зовлон, жаргал ч адал баялгаар дүүрэн билээ.

-Ер нь хэдэн оронд, хэдэн удаа тоглочхов оо?

Ц.Галбадрах: 370 руу дөхөж байна. Давхардсан тоогоор 70 гаруй оронд.

-Одоо энэ бүх хугацааны дараа Монголдоо тоглоно гэхээр арай өөр мэдрэмж байна биз?

Г.Нямжанцан: Хамгийн анхны хоёр тоглолтоо Монголдоо хийж байсан. 1000-аад хүнтэй, хоёр өдөр тоглосон. Түүнээс хойш бидний тур эхэлсэн дээ.

Мэдээж догдолж байна. Бүгд бидний ярихыг ойлгоно. Бүгд хамтдаа тоглосон ч болох уур амьсгал үүснэ. Дээр нь наадам дөхсөн сайхан дэлгэр цаг. Бид өөрсдөө ч гэсэн маш их хүлээлттэй байна.

Ц.Галбадрах

-Бид The Hu-г бахархаж л харж явдаг. Харин та бүхний яг дотроо авдаг мэдрэмж юу юм бэ. Монголын нэрийг гаргаж, дэлхийн олон оронд тур хийх, танигдах мэдрэмж?

Б.Энхсайхан: Бид багаасаа ардын урлагаар хүмүүжиж, рок хөгжимтэй салшгүй холбогдсон хүмүүс. Сайхан ч, шантармаар үе ч таарсан. Хамгийн гол нь Монгол Улсынхаа үүх түүх, соёлыг таниулах гоё шанс бидэнд олдсон. Үүнийгээ улам өнгөлж яваа. Нэг үгээр маш хариуцлагатай, зарчимтай авч явах үүрэг оногдсон. Тэгэхээр хөгжмөө, урсгалаа улам л хөгжүүлэх, монгол хэв шинж, хөг аялгуу ямар хүчтэйг шинэ шатны техникээр илэрхийлэхийг л зорьж явна.

-Би гайхдаг юм. Яагаад ч юм та бүхний амжилтыг тулчихсан юм шиг ойлгодог, эсвэл шууд хүлээн зөвшөөрдөг болчихсон л доо. Харин хамтлагийн гишүүд өөрсдөө энэ өнгөрсөн хугацааг юу гэж  дотроо үнэлдэг юм бэ?

Б.Энхсайхан: Хүннү рок гэдэг урсгалыг томьёолж, дэлхий нийтэд толилуулж чадлаа. Энэ эхлэл нь л байлаа. Монгол урлаг ийм байж болдгийг эхний байдлаар үзүүлсэн хэрэг. Дэлхийд олон үндэстэн бий. Тэд бүгд урлагтай. Харин дэлхий хайраа хуваалцах ёстой. Бидний хөгжим энэ цагт дэлхийд, бусад улс үндэстнүүдэд хэрэг болсон байх гэж боддог.

Хэмжээ хязгаар гэж үгүй л дээ. Ямагт, мөнхөд сурч, хөгжинө. Үүний адил, эхлээд ардын соёлыг хөгжимдөө тусгасан бол бол дараагийн цомогтоо нүүдлийн соёлыг чухалчлах жишээтэй. Монгол хүнээс гарах характер монгол рок хөгжимд яаж тусаж болохыг бодож байна шүү дээ. Бид эхлээд явж байна. Тодорхой хэмжээнд нэрээ тамгалж авлаа. Энэ бол өшөө ихийг хий гэсэн үг болж байна.

Ц.Галбадрах: Бидний очих ёстой оргил гэж бий бол бэлдээ явж байна.

-Дууны үг аяыг хэн зохиодог вэ?

Ц.Галбадрах: Дашка ах (Ц.Дашдондог) санаачилна, дараа нь бид нэгдэн, боловсруулдаг даа.

Б.Энхсайхан: Гурав дахь цомогтоо өмнө нь зохиосон байсан үг, ая, хэмнэл зэргээ ч баяжуулж байна. Яг л хамтлагийн зарчмаар дуугаа зохиодог.

Б.Энхсайхан

-Гэхдээ бас тодорхой хэдэн дуугаар л The Hu-г таньдаг тал бий. Өөр, төдийлөн олны танил биш ч үнэ цэнтэй дуу бий юу?

Ц.Галбадрах: “Star Wars” кино, тоглоомыг мэддэг хүмүүсийн хувьд их том үйл явдал болсон л доо. Урьд нь энэ тоглоом хөгжмөө симфони оркестроор хангадаг байсан. Харин энэ удаа дэлхий даяар нийтлэг яригддаггүй, сонсогддоггүй хэлээр, дуугаар хийсэн нь манай The Hu. Тус тоглоомын “Jedi Survivor” хэмээх дараагийн хувилбар гарч, бид гурван дуугаа оруулсан. Гэтэл сая “Grammy” наадмаас шагнал авлаа. Бидний нэр дээр биш ч бидний хамтарч ажилласан төсөл гэдэг утгаар энэ их үнэ цэнтэй үйл явдал болсон.

-Нэг ийм асуулт байх юм. Танай хамтлагийг цар тахлын үед тусгай үүргийн нислэг давуу эрхээр авсан гээд өнөөдөр ч бичээд байна. Энэ юу юм бэ?

Б.Энхсайхан: Биднийг Австралид тоглолт хийж явахад хөл хорио тогтоосон. Тэгээд бид ЭСЯ-нд шууд хүсэлт өгсөн. Энэ Австралиас чартер нислэгийн хүсэлт өгсөн бараг анхны удаа нь болсон байсан. Тэгсэн ч бид хоёр сар хүлээж, тэнд гацсан. Бидний хугацаа хойшлоод л, гэтэл нислэгүүд хийгдээд л байсан. Тэгж тэгж хуваарь өгөхөд нь явсан хэрэг шүү дээ. 2020 онд юм.  

Ц.Галбадрах: Аливаа асуудлыг хэн нэг эзэнд тохдог доо. Тэр тохолтыг л авчих шиг болсон. Бай хэрэгтэй байсан байх. Бидэнд тэр бүү хэл Австралийн чартер ч таараагүй. БНСУ, дараа нь Франкфуртэд очиж, тэндээсээ Монгол руу нисэж ч магадгүй, Австрали руу буцаж ч магадгүй нислэг олдсон. Франкфуртэд хаачих нь тодорхойгүй хоёр хоног хүлээсэн. Бид юу гэж бусдын өмнүүр дайрах вэ дээ. Ном журмын дагуу хамгийн эхэнд хүсэлт өгч, хоёр сар хүлээсэн байдаг.

Г.Нямжанцан: “Австрали руу буцаж ч мэднэ шүү” гэж сануулахад нь бид арга буюу суусан. “Юу ч гэсэн Франкфуртэд ирээд хүлээж бай” гэсэн. Монголдоо буцах эсэхээ ч мэдэхгүй Франкфуртийн нисэх буудалд сандал дээр унтаж хүлээсэн.

-Давуу эрх ашиглаагүй юм уу?

Ц.Галбадрах: Тийм байсан бол анхны нислэгээр явах байлгүй дээ. Бидний хүсэлт эхний нислэгийн, эхний 10 нэр дотор багтсан байсан. Түүнээс хойш хоёр сар хүлээсэн. Өнгөрсөн хойно төдийлөн яриад хэрэггүй биз дээ, хө.

Г.Нямжанцан: Давуу эрх ашиглах бол хоёр сар тийм их зардал гаргаж, хүлээхгүй шүү дээ. Найман эрэгтэй хүний хоол, тэгээд тусдаа унтлагын өрөө шаардлагатай гээд л. Энэ бүхнийг ойлгох хүн цөөн байж мэднэ.

Г.Нямжанцан

-"The Hu" их хурдтай хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо дараагийн шатанд дэвших хүлээлтийн өмнө ирчихлээ. Чимээгүй ч болчих шиг санагдах тал байна. Энэ зурвас үеийг та бүхэн яаж хүлээж авч байна?

Ц.Галбадрах: Үргэлж өгсдөг түүх хэзээ ч үгүй. Бид зогсоогүй. Цомгоо, тоглолтоо хийсээр байна. Одоо яг шинэ цомог дээр ажиллаж, түүндээ өндөр шаардлага тавьж байна. Хүннү рок урсгалаа хөгжлийн дараагийн шатанд гаргах боловсруулалт дээр шаргуу сууж байна. Хувийн эрх ашгийн төлөө биш шүү дээ. Бид нэгэнт Монгол Улсынхаа өв соёлыг дэлхийд түгээх замд орсон. Яривал олон золиос бий, гэхдээ тоочдоггүй. Хийж буй зүйлээрээ харуулахыг л хүсдэг.

-Ер нь монгол хамтлагийг дэлхий сонсдог болно гэхэд боломжгүй санагддаг байлаа. The Hu анхны жишээ болчих шиг. Зөв стратегиар явбал энэ боломжтой юм байна гэсэн бодит итгэл төрсөн үү?

Г.Нямжанцан: Төрсөн учраас бид олон турийн ард шүд зууж гарлаа. Дараагийн тур ч товлогдсон байна. Бидний ижил хэв маягаар ажилладаг хамтлагууд бий. “Бид шатаар явган өгсөж байхад The Hu лифтээр гарчихлаа, азтай” гэж ярьдаг. Энэ бол Хүннү рокийн ач шүү дээ. Шинэ урсгалыг бид дэлхийн рок ертөнцөд туг болгож хатгасан. “Рокийг амьсгалах агаартай болголоо” гэж экспертүүд нь үнэлж байсан. “Яах л бол доо, цаашдаа” гэж харж байсан хүмүүсийн эргэлзээ одоо тайлагдсан. Хүннү рок сонирхолтой байгаа учраас олон орны, олон хүн сонсож байна.

Б.Энхсайхан: Мөн биднийг гарч ирснээс хойш “Болох юм байна” гэж урам авсан хамтлаг, дуучид, хөгжимчид олон. Энэ утгаар бид монголчууддаа урам өгсөн, итгэл асаасан. Ардын урлаг хэзээ ч хоцрогддоггүй юм билээ. Электро хөгжимтэй хөөмийлөхөд л дэлхийд шинэ зүйл болдог юм байна. Бидэнд бодсон их зүйл байна.

-Сонин асуулт байх л даа. Гэхдээ “Биднийг гадаадууд сонсож байна шүү дээ” гэж ухамсарлан мэдэрсэн тэр мэдрэмж хэзээ, хаана байв аа. Тайзан дээр үү, Youtube-ийн үзэлт хараад мэдрэх үү?

Ц.Галбадрах: Анхны турүүдийг ярих болох байх. 370 гаруй тайзан дээр гарчихсан байна. Тэр дунд онцгой тохиолдол олон. Яг одоо Францын нэг тоглолт санаанд орж байна. Le Trianum тайз. Алдартай, гурван давхар бельэтажтай. Барууны хамтлагууд бидэнд “Энэ тайзыг 10 жил хүлээж байж ордог. Та нар асар хурдтай тоглочихлоо” гэж тоглоом шоглоомоор хэлж байсан. Тэгэхэд “Yuve yuve yu”-г зрителиэрээ, монгол хэлээр дуулсан.

Мөн фестивалиуд байна. 2019 онд, шинэ хамтлаг учраас фестивалиудаар эрт цагт л гарна шүү дээ. Хамгийн эхэнд бичигдчихсэн байсан.  “Эхний цагуудад хүн бага, сэтгэл санаагаа бэлдээрэй” гэж байлаа. Гэтэл биднийг гарахын өмнө “Хү Хү” хэмээн нүргэлж эхэлсэн. Тоглоод л эхэлтэл монгол хэлээр үгчлэн дуулаад, завьчид болж бөөнөөрөө хөдлөөд л. Тэр мэдрэмжүүд гоё л доо.

-Тэгээд яг яаж мэдрэгдэх вэ?

Б.Энхсайхан: Бид багаасаа ардын урлагаар амьдарсан. Хүний өмнө нүүр улайлгүй тоглох боломжтой болсон цагаас эхлээд гаднынханд ардыг урлагаа толилуулж эхэлсэн. Ингэхэд, гаднынхан манай ардын урлагийг үргэлж биширдэг байсан юм. Тийм ч учраас бид дотроо хүлээж, горьдож байсан. Ардын урлагаа улам хөгжүүлж, загатнасан газрыг нь маажвал цөм авна гэж тооцсон. Гадарлаж байсан. Тийм болохоор гайхширал бага байсан ч гэмээр юм уу.

-Хийх юмаа хол харж зурсан бол тийм байх талтай л даа?

Ц.Галбадрах: Мэдээж сэтгэл зүй гэдэг баригдашгүй зүйл. Гэхдээ бид мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс. 20, 30 жил энэ зүйлийг хийж ирсэн. Сэтгэл хөдөлснөөр сайн тоглодог хэрэг биш. Бүгд цаанаа хатуу тооцоотой. Тодорхой хэмжээнд эмоци бий. Гэхдээ контрол үргэлж байх ёстой. Олон жил хана ширтэж, үеийн залуус гадаа тоглож, цэнгэн жаргаж байхад сургуулийн коридорт хөгжмөө давтаж суусны гавьяа одоо гарч байгаа хэрэг.

-“Лифтээр явчихлаа” гэдэг сэдэв... Үнэндээ та нарын ямар жаргал зовлон туулж байгаа руу хэн ч өнгийгөөгүй.

Г.Нямжанцан: Сайхан бүгдэд золиос бий. Бэрхшээл олон. Гэхдээ багаасаа л урлагаар явчихсан учраас ар гэрийнхэн маань ч биднийг эрвийх дэрвийхээр дэмжиж өдийг хүрсэн. “Чи баараггүй, би баараггүй” гээд амьдралын төлөө хамтдаа зүтгэж байгаа.

Зарим жилд долоон сар нь замд явсан. Гэртээ ирээд өдөржин студид ажиллана. Хөгжмийн ажил гэдэг цаг наргүй. Нэг бичүүлээд эхэлбэл дуусгаж байж л ханана. Үүр цайна уу, хамаагүй. Харин шантарч явсангүй. Больчихъё гэж бодоогүй. Шал өөр зарчмаар амьдарч ирээд, шүд зуугаад, одоо ийм үр дүнд хүрчхээд шантарч болохгүй шүү дээ. Домог хамтлагууд 40-50 жил тоглоод л байна. Бид энэ замаар явна. Тэдний араас замнана. Сонгосон учраас. Хаана хүрнэ, тэр хүртэл унахгүй явахын төлөө нуруун дээрх ачаагаа хувааж үүрээд зүтгэцгээнэ.

-Үүнд багийн гишүүдийн онцлог нөлөөлдөг үү?

Ц.Галбадрах: Олон жилийн өөрсдийн замналын дараа тал талаас нэг цэг дээр уулзсан хүмүүс дээ. Олон эрэгтэй хүн баг болж ажиллах тийм хялбар биш. Өөр үзэл бодолтой, өөр орчинд өсөж төрсөн. Нас зүсний хувьд ч өөр. Гэхдээ нэг зүйлд нэгдсэн. Эрхэм зорилго тээсэн учраас нэг туган дор нэгдэж буй. Юу гэмээр юм дээ. Асар том сахилга бат дээр энэ бүхэн явж байгаа. Тийм учраас оршин тогтнож буй. Нэг л хүн дээр асуудал үүсвэл бүхлээрээ болохгүй болчихно. Биеэ цэгнэж, зөв байхын төлөө хичээхээс аргагүй. Эв нэгдэл, сахилга бат, хариуцлага, гол нь зорилго дээр бид зангидагдаж байгаа.

-Монгол гэдгээрээ бахархах хүн улам цөөн болж байна уу даа гэж боддог юм. Үндэс угсаа руугаа орох, ухамсарлах гэдэг хувь хүнд их чухал асуудал байдаг. Урлагаар дамжуулж үүнийг олон улсад илэрхийлж буйн хувьд, энэ тал дээр бодлоо илэрхийлэхгүй юу?

Ц.Галбадрах: Манай Монгол Улс агуу бахархалт түүхтэй нь маргаангүй. Энэ дэлхий дээр нээлт авчирсан хүмүүс. Дипломат паспорт гэрэгэ нь байна. “Торгоны замын нэг захаас нөгөө зах руу алт үүрсэн эмэгтэй хүн явахад аюулгүй байлаа” гэж судар бичигд дурдаж үлджээ. Амар амгаланг, аюулгүй байдлыг ч ийн тогтоож. Хууль цааз бий болгосон. Олон үндэсний шашныг зөвшөөрөх ардчилсан зарчим байсан. Яривал олон гайхалтай зүйл бий.

 Өв дээдсээр дамжиж, хэдэн зуунаар өртөөлж ирсэн тул бидний цусанд энэ бүхэн байгаа. Энэ өөрөө гайхалтай гэдгийг зөвхөн урлагт биш салбар салбарт харж байна. Монгол хүн гэдгээр бахархахгүй байхын аргагүй.

Бид суурин иргэншилд ороод үндсэндээ 100 гаруй жил л болж байна. Талд эрх чөлөөтэй давхиж явсан улс. Энэ соёлоо хайбрид хэлбэрээр авч яваа онцлогтой. Улаанбаатарт л асуудал яригддагаас манай улс өөрөө хамгийн цэвэр цэнгэг агаартай, эртний ноён оргил уулстай. Монголынх шиг амттай мах хаана ч идэж үзсэнгүй.

Б.Энхсайхан: Монгол хүн болж төрсөндөө ямар ч хүн бахархана шүү дээ. Миний бодлоор, бидний өвөг дээдэс агуу гайхамшигт цаг үеийг бий болгосон. Аливаа зүйл өгсөж уруудахын хуулиар уналтад орно. Энэ нь эв түнжин муутай, хагаралдан бутарснаас үүдэлтэй. Аливаа зүйлд дэг гэж бий. Нэгнээ хүндлэх. Хүнээр хүндлүүлэх бол түүндээ нийцэх ёстой. Эв түнжин хагарч, би үзэл дэндээд ирэхээр эвгүй байдал үүсэж, өдийг хүрсэн ч юм шиг санагддаг.

 Өнөөдөр янз бүрийн юм ярьж л байна. Гэхдээ сайхан зүйл нь их байна. Саар зүйлийг хараад байдаг. Хүмүүс чухал зүйлийг чухал бишид, чухал биш зүйлийг чухалд боддог болчихсон.

Бидний уран бүтээл ерөөсөө л энэ. Дотроо жаахан гутарч гуньсан монголчуудыг сэрээх, энэ үзэл бодлоос нь салгах. Оронд нь оюун санаагаараа энэ байдлаас гарч, сэргэн мандах чиглэлд л дуугаа хийдэг.

Г.Нямжанцан: Зөндөө орноор явж үзлээ. Гэхдээ бидний энэ дэлхий дээр авч үлдэж буй олон зүйл байна. Жишээ нь нүүдэлчин соёл. Адаглаад тэнгэрийг ажаад мэдчихдэг мэдлэг бидэнд бий. Хэзээ ч үүнийг мартаж болохгүй. Аав ээжийн, өвгөдийн захиж хэлснийг тогтоож үлдэх нь өөрөө асар том мэдлэг байдаг. Энэ л монгол хүнийг бүтээж байгаа. Үүнийг л мартаж, холдоод байна.

Хуучны хүмүүс юм мэдэхгүй гэж боддог. Гэтэл байгальтай харьцах мэдлэгийг гар утас ашиглахтай харьцууламгүй. Бороо орсны дараа үнэртдэг үнэр дэлхийн хаана ч байхгүй гээд бод доо. Улаанбаатараас ч үнэртдэг шүү дээ. Энэ өөр байна гэсэн үг.

Бусдаас илүү зүйл бидэнд байна аа. Үүнийгээ үнэтэйд тооцвол асуудал өөр өө. Үнэ цэнтэй зүйлээр амьдарч байгаа хүний бүх зүйл л үнэ цэнтэй болно. Үнэгүйдүүлбэл бүгд дагаад үнэгүйднэ. Үүнийг л бодож яваасай.

Морь малд ойртохгүй ч гэсэн мэддэг байх хэрэгтэй. Бидний уран бүтээл ерөөс энд чиглэдэг. Шинэ үеийн сэтгэл зүрхэнд хөгжмөөр дамжуулж хүрэх. Монгол хүний үнэлэмжийг гадаадад нэмэгдүүлэх л маш чухал. Үүнийг дараа дараагийн дэлхийн тавцанд ажиллаж, амьдрал монгол хүмүүст маань ч чухал хэрэгтэй гэж үздэг.

Ц.Галбадрах: Гадаад дахь монголчууд маань маш мундаг явдаг шүү. Олон мундаг хүмүүстэй уулзсан. Хүүхдүүд нь монгол хэлээ бага хэрэглэж буй асуудал ихээхэн тулгамдаж байгаа юм билээ.

Харин бидэнд урам өгсөн. “Та нарын дууг сонсоод, мянга хэлж ойлгуулах гээд чаддаггүй зүйлийг маань хүүхдүүд шууд ойлгож байна. Би монгол хүн гэдгээрээ бахархлаа, монгол хэлээ суръя гээд эрмэлзэж эхэллээ” хэмээж байсан.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинvv
Зочинvv
7 сар 4, 2024 10:32

mgld bol toohgui taldaa l ba bodit baidal sagaad hereggui

Зочин
Зочин
7 сар 4, 2024 16:00
Reply to  Зочинvv

Шихи хутаг, Татар дайчин зэрэг үнэхээр гоё дуунуудтай шүү. Хөгмжөө чанг�##�аад сонсч үзээрэй.

Зочин
Зочин
7 сар 4, 2024 10:43

Yostoi Mongoliin neriig gargaj yavaa zaluus daa

иргэн
иргэн
7 сар 4, 2024 11:10

БИТГИЙ ХУЦ ТЭНЭГЭЭ САГАХ ЭРХ НЬ ЭД НАРТ БАЙНА ЧАМАЙГ УТСАА ШИРТЭЭД БООВОО ГАЧААЛДААД ХЭВТЭЖ БАЙХАД ЭДГЭЭР ЗАЛУУС МОНГОЛ ГЭДЭГ НЭРИЙГ МОРИН ХУУР ХУУЧИР ХӨГЖМӨӨРӨӨ ТАНИУЛСАН ЮМ.БИ БОЛ ГЕРМАНД 96 ОНООС ХОЙШ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙНА ОДОО ГЕРМАНЧУУД ЭНЭ ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЗЭХЭЭР АНГЛИ РУУ ЦУВАРЧ БАЙСАН ТЭР САЙХАН ДУРСАМЖИЙГ БИ БАХАРХАН ХАРЖ НУЛИМС УНАГАН ЗОГСОЖ БАЙЛАА.МУНДАГ ЗАЛУУС ШҮҮ АМЖИЛТ ДЭЛХИЙД ТАМАГЛАГДСАН МОНГОЛЫН РОК ХАМТЛАГ ШӨ

Зочин
Зочин
7 сар 4, 2024 16:02

Үнэхээр авъяаслаг, хөдөлмөрч з�##�уус шүү. Улс эх орноо, соёл уламжл�##�аа дэлхийд сурт�##�чилж яваа з�##�уус. Амжилт хүсье! Пянзаар нь сонсох төлөвлөгөөтэй л яваа. Авна даа пянзыг нь

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
7 сар 4, 2024 20:14

Дууг нь ориг хэлбэрээр нь хурааж аваад машиндаа өдөр бүр сонсмоор бна шүү . Ямар хэлбэрээр ямар үнэ ханштай хаана борлуулах вэ?

Түү -Маач
Түү -Маач
7 сар 5, 2024 04:36

Одоо бол энэ хамтлаг МГЛ-той ямар ч хамаагүй болсон.Тэр гэрээ мэрээ нь дууссаны дараа л яадын гэхээс.!!

нар
нар
7 сар 5, 2024 09:55

Нямжанцан нь туранхай болохоор урт үс нь гоё зохидог шүү. Г�##�бадрах нь жаахан турчихв�##� гоё.

Зочин
Зочин
7 сар 5, 2024 12:34

Хммм цээжээ дэлдсэн хоосон толгойтой тэнэгүүд shittttt

Холбоотой мэдээ

Back to top button