Чех, Унгар, Румын нэгдэж Беларусийн Европ дахь тагнуулын сүлжээг тасалжээ

Чехийн тагнуулын алба даваа гарагт /2025.09.08/ мэдэгдэл хийхдээ Унгар, Румыны талтай хамтран ажиллагаа явуулж, Беларусийн Европт байгуулсан тагнуулын сүлжээг тасалсан гэжээ. Беларусийн аюулгүй байдлын гол алба болох КГБ-ын тагнуулчид Европын хэд хэдэн оронд үйл ажиллагаа явуулж байсныг нь тэд илрүүлсэн аж.
Тэдний дунд КГБ-ын талаар нууцын зэрэглэлтэй мэдээллийг шилжүүлж өгч байсан Молдавын тагнуулын албаны дэд дарга байсан гэж албаныхан мэдэгдсэн юм. Мөн Чех улс дипломатын нэрэн дор үйл ажиллагаа явуулж байсан Беларусийн төлөөлөгчийг хөөсөн байна. Түүнд улсаас гарах 72 цагийн хугацаа өгсөн гэж Чехийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн юм.
Чехийн тагнуулын алба мэдээлснээр Беларусийн дипломатчууд Европын орнуудаар чөлөөтэй зорчих эрхтэй байдаг тул ийм тагнуулын сүлжээ үүсгэж чадсан байна. Тус албаны дарга Михал Коуделка “Европ дахь ийм дайсагнасан үйл ажиллагааг амжилттай таслан зогсоохын тулд ОХУ, Беларусийн итгэмжлэгдсэн дипломатчуудын Шенгений бүсэд шилжих хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Европ төмөр хөшигөө татаж бгаа
Тагнуул хийх гэдэг нь нууц !?
Зөв. Мөн лукашенког устгах хэрэгтэй.