Ярилцлага

С.Саранцацралт: Би “Хайрыг хэзээ ч бүү хайрцагла” гэж 1000 жил орилж яваа хүн

СЭРГЭЭН НИЙТЛЭВ

Бидний урлаг гэж ухаан сэхээ орсон цагийн эхэнд л тэр зурж байсан. Төрийн шагналт зураач С.Саранцацралт "Би хэзээ гарч ирэхээ сайн мэддэг” хэмээнэ. Өнөөдөр яг зөв цагтаа дахин ил гарчээ. Ингэхдээ аврах хантаазтай, "Оюун санаагаа аваръя” хэмээн уриалан дуудаж байна.

Контемпорари, рейд-мейд чиглэлээр бүтээгдсэн энэ үзэсгэлэнгээс цоо шинэ хэмнэл, их туршлагын хамт мэдрэгдэнэ. Өнөө цагт тулгамдаж буй асуудлууд. Үнэнүүд, хүмүүсийн худал хуурмагийн хамт энд бий. Бидний хаядаг хог, дурладаг сошиал алдар нэр, эд зүүсгэл, хөнгөн хийсвэр гайхуулал.

С.Саранцацралтын хувьд энэ бүгд оюун санаа доройтож живснийх. Хэчнээн техник технологийн хөгжлийг ихээр импортоллоо гээд оюун санаа доройтсон хэвээр цагт жинхэнэ хөгжил ирэхгүй. Үүний тулд өөрийгөө чагна, өөрөөсөө асуу. Өөрт заяасан тэр төрмөл кодыг тайлж унш, яг өөрийнхөөрөө тэрсэлж, оюун санаагаа авраач гэж түүний бүтээлүүд хашгирч байна.

БИ ҮЗЭГЧДЭЭ ДАВХАР БЭЛДЭХ ЁСТОЙ ГЭЖ ОЙЛГОСОН

-Энд дөрвөн уулнаас хог түүж авчраад инстолляц болгожээ. Өөрөө түүсэн үү?

-Тийм. Би олон нохойтой, тэднийгээ салхилуулаад явахад аягүй их хог тааралддаг. Тааралдах бүрд нь түүгээд явахыг боддог. Нэг удаа хог түүж явахад ийм инстолляц хийх санаа төрсөн. Цаашлаад, "Эх орон гэж бидний хувьд юу юм бэ” гэсэн бодол хөвөрсөн. Дандаа л нэг дуу дуулж, зүрхэн дээрээ гараа тавьж байдаг нь эх оронч үйлдэл мөн юм уу. Гэтэл дөрвөн ууланд нь хог шигчихсэн. Ингээд бүтээлийн санаа аяндаа ундарсан. Энэ үзэсгэлэнгээр толилуулж буй бүтээлүүд бол хувь хүн болон нийгэмд тавьж байгаа асуултууд л юм.  

-Удахгүй үнэр орох юм шиг байна. Тэр хэрээр амин чанараа олох байх. Нарийн харвал мөлжсөн яс, хүүхдийн живх, архины шил гээд яг монголчуудын ахуйн хогнууд мөн байна. Уг нь нийтлэг ойлголтоор бол хог түүдэг хүн хамгийн дорд үзэгддэг. Харин таны хог түүсэн үйлдэл нь уран бүтээл болчихож?

-Уран бүтээлд ийм, тийм гэсэн зиндаархаг ойлголт байдаггүй. Урлаг үргэлж үнэн байхыг, зоригтой байхыг шаарддаг. “Би урлагийн хүн, хог новшинд хүрэхгүй...” хэзээ ч биш. Энэ үзэсгэлэнгийн бүтээлүүд контемпорари, рейд-мейд урсгалаар бүтээгдсэн. Юу ч урлаг болж болно гэдгийг энэ урсгал баталж, харуулдаг.  Галлерейд ороод л ирсэн бол энэ уран бүтээл байхгүй юу. Ер нь хогийг би хаяж чадсан юм чинь авч яагаад чадахгүй гэж. Энэ хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй.

Уг нь концепцынхоо хүрээнд бол энэ инстолляц нэлээд үнэртэй байх ёстой. Харах, үнэртэх мэдрэмжээр нь дамжуулж хүмүүсийн оюун санаад цочрол өгөх зориулалттай. Гэхдээ галлерей маань оффис, үйлчилгээний барилга дотор байгаа учир хамаагүй үнэр гаргаж болохгүй. Тийм болохоор үнэртэй хогнуудаа авсан. Гэхдээ хүмүүс ингээд л харангуутаа “Миний хаядаг хог явж байна” гэж таниг гэж бодож, хийсэн.

Монголчууд ямар бэртэгчин болчихсон юм бэ. Үүднээсээ хогоо гаргаж хаядаг, цонхоороо шиддэг. Яагаад миний гэр л цэвэрхэн байвал бусад нь хамаагүй гэж үзээд байгаа юм бэ. Оюун санааны доройтолд орчихсон хүмүүсийн л дүр зураг энэ биш үү. Уг нь өөрийнхөө тарьсан хогийг өөрөө л аваад явчихад амархан ш дээ.

-Та бүтээлийнхээ концепцыг өөрөө ил шулуухан хэлчихэж байна. Харин ихэнх контемпорари уран бүтээлчид ингэхээс зайлсхийж, “Хиймээр санагдсан, гэнэт орж ирсэн. Нэг их тайлбарлахыг хүсэхгүй байна. Хүн бүр өөр, өөрөөр тайлна” гэдэг л дээ. Илүү туршлагатай уран бүтээлч учраас энэ үү?

-Контемпорари урлаг гэдэг угтаа дандаа асуулт. Түүнд уран бүтээлч нь өөрөө хариулах ёстой. Харин хийсэн бүтээлийнхээ утга учрыг өөр зүйл рүү чихэж, ингэнэ гэдэг бол туршлага багатайнх л байх. Контемпорари урлаг яг одоо цагт, бидний дунд амьдарч байдаг. Энэ бүх фактуудыг концепцоороо илэрхийлдэг маш гоё урлаг шүү дээ. Урлагийн ийм төрөл үүсээд 100 гаруй жил болж байна. Гэтэл олон нийт цоо шинэ юмтай танилцаж байгаа шиг балмагддаг. Нөгөө талаар бидний урлагийн тухай ойлголт, боловсрол 100 жилээр хоцрогдчихсон байгааг харуулж байна.

Контемпорари урлагийн санаа маш товч, тодорхой байх ёстой. Тэрийг яруу найраг шиг шүлэглэж, романтиклана гэж байдаггүй. Үзэгчдийн тархи, зүрхэнд шууд хүрдэг байх ёстой. Тэгэхээр би байх ёстой тэр хэллэгийнх нь дагуу хийсэн.

Ерөөс уран бүтээлч бүтээлээ бусадтай хуваалцахгүй бол хийгээд нэмэргүй. Бид чинь нэг талдаа үйлчилгээний ажилчид шүү дээ. Энэ үүргээ сайн ойлгох хэрэгтэй. Чи их гоё асуулт асуулаа, манай үзэгчид ч уран бүтээлч гэж ямар хүн байдгийг сайн ойлгодоггүй. Тийм учир бид үзэгчдээ давхар бэлдэх ёстой, би тэгж ойлгосон.

ОБЬЕКТ ХОЁРДОГЧ, КОНЦЕПЦ ХАМГИЙН ЧУХАЛ

-Энэ тал дээр тантай санал нэг байна. Уран бүтээлчид бусдад юу өгөх гэж буйгаа бодолцолгүй, хувийн гуниг гутралаа ч юм уу тусгадаг нь олонтой юм шиг санагддаг л даа. “Мэдрэмж өгөх үүрэгтэй гээд өнгөрдөг. Танд энэ хандлага ажиглагддаг уу?

-Яах вэ, ажиглагддаг. Гэхдээ уран бүтээлчийн хувийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй. Үнэхээр сайн уран бүтээлч болъё гэвэл маш сайн унших, судлах, суралцах хэрэгтэй. Топ артистуудын хэлсэн эшлэл, манифестуудыг сонирхож, өөрийн үзэл баримтлалтай нийцэж байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй.

Бид нийгэмд болж буй зүйлсийг 3D, 4D өнцгөөр харж чаддаг, тусгай хараатай улс. Ингэж харсан зүйлсээ хэлж байх хэрэгтэй. Би 40 жил уран бүтээлийн ажил хийж байна. Анхны үзэсгэлэнгээсээ эхлээд дандаа концепцтой явсан. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө. Тиймээс бүтээлээ хүмүүст ойлгуулахын тулд, оюун санаанд нь нэг, хоёрын төдий  ч болов гоё сайхныг мэдрүүлэхийн төлөө ярьж хэлэх ёстой л гэж ойлгодог.

-40 жил. Уул тал, морь мал зурж, бийр будагтай ноцолдож хийсэн бүтээлийг урлаг гэж ойлгодог тэр үед та эхэлсэн. Энэ ойлголтоос таны үеийнхэн одоо ч салаагүй яваа. Гэтэл энд хог түүж авчраад л тавьчихаж. Нэг тийм, уран бүтээл хийхэд хөлс дуслах ёстой гэж ойлгоод байна л даа. Энд таны хөлс хаана нь гарсан бэ?

-Контемпорари урлагт хамгийн чухал нь концепц байдаг. Хөлсөө дуслуулж, олон цагаар, удаан нухаж хийснийг сайн бүтээл гэж үздэг нь хоцрогдчихлоо. Тэгтэл дэлхий дээр зураач, барималч гэхээс илүү артист гэдэг нэр зонхилж байна. Артист гэдэг нь бүх төрлөөр ажиллах чадварыг шаардаж байгаа байхгүй юу.

Өөрийн мэдрэмжээ бүх төрлийн материал дээр, бүх төрөл жанраар зовохгүй хийж, шилжиж, хөдөлж чаддаг байх ёстой болчихлоо. Тийм учраас тэр зовж мовдог өнгөрчихсөн, романтиклал өнгөрчихсөн. Яг фактын тухай ярьдаг урлаг ноёлж байна шүү дээ. Энэ хурдацтай үйл явцтай бид хөл нийлүүлэх, хөгжүүлэх хэрэгтэй байна аа.

-Ингэхээр уран бүтээлч тухайн цаг үеийнхээ, ахуйн ч гэмээр нийгмийн зовлонгуудтай тулах гээд байна. Ингээд харахаар нөгөө л нэг сэдвүүд юм шиг. Таныг олон жил бясалгал хийж буйг уншигчид мэднэ. Ахуйн асуудал хөндөж тавих нь тан шиг уран бүтээлчид жижигдэх ч юм шиг. Би бялдуучилж асуугаагүй юм шүү?

-Бясалгал гэхээр хүмүүс хэний ч чадахгүй юмыг хийдэг, бараг л бурхан багш болчихсон хүн мэтээр ойлгочих гээд байдаг. Бясалгал гэдэг маань нэг зүйлийг олон талаас харж сурахыг л хэлж буй, яс юман дээрээ. Үнэндээ хог гэж харагдаж буй боловч үүгээр нь дамжуулж, хүмүүсийн живсэн оюун санааг сэрээвэл уран бүтээлч миний зорилго биелж байгаа нь тэр. Түүнээс “Би бясалгадаг хүн, хог...” гэхгүй.

Үнэхээр олон жил бясалгаж, мөн чанарыг нь танин мэдсэн хүн сайн ба муугийн ялгаа байхгүй гэдгийг ойлгосон байдаг. Сайн зүйлд муу зүйл байна, муу зүйлд сайн зүйл байна гэдгийг. Бид ер өнөөдрийн байгаа байдалдаа дүн шинжилгээ хийж, оюун санаагаа хөгжүүлэхгүй бол цааш явахгүй нь. Гар утас, техник технологиуд бидний хөгжил биш шүү дээ. Оюун санаагаараа хоцрогдчихсон. Үүнийгээ бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрч байж дараагийн үүд хаалга нээгдэнэ.

Манай залуус 21-р зууны концепцыг ойлгох хэрэгтэй байна. Юу вэ гэхээр, дэлхийн хүмүүс энэ зуунд хэт өсөж үржихдээ, хэт их хэрэглэхдээ биш, өндөр ухамсар, оюун санааг эзэмшихэд л чиглэж буй юм. Энд тэндгүй шинэ нээлтүүд...дандаа ухамсар, оюун ухаантай холбоотой.

“Нийгмийн хөгжил” гэж ярихад би дээр үеэс л дургүй. Тэнд нэг лекц тавина, энд нэг хэдэн хүн цуглуулна. Ингэлээ гээд нийгэм хөгждөггүй. Харин нэгж хувь хүний хөгжилд л анхаарах хэрэгтэй. Хувь хүнээ хөгжүүлсэн хүмүүс нийлбэл нийгэм хөгжинө шүү дээ.

-Тэгэхээр та өөртөө үүрэг хүлээж байна шүү дээ?

-Үүрэг хүлээж байна. Уран бүтээлч биднийг ард түмэн ч, төр засаг ч тэр урландаа хулгана шиг чимээгүй сууж байгаад үзэсгэлэн гаргадаг гэж ойлгодог. Гаднынхан бол, би гадаадынхныг шүтсэндээ ярьж байгаа юм биш, уран бүтээлчдээ сэтгүүлчдийн дайнд авч үздэг. Сая цар тахал гарлаа гэхэд бусад орнуудад уран бүтээлчдээ цуглуулаад, хийсэн бүтээлийг нь зориуд харж байна. Уран бүтээлчид нь цаг үеэ ямар ч шүүлтүүргүйгээр 3D, 4D-гээр хараад гаргаж тавьж байна шүү дээ. Чангаар, хурцаар. Тэндээс эрх баригчид бодлогын чиг баримжаагаа харж болж байна.

Гэтэл манай уран бүтээлчид нийгэмд оролцох оролцоогүй. Дор дороо л уран бүтээлээ хийгээд явдаг.Тэднийг юу хийгээд байгааг ч мэддэггүй, дүгнэж цэгнэх ч үгүй. Шинэ үзэсгэлэн гарч байна гэхэд нөгөө шүүмжлэгч, судлаачид нь бичээд л, уран бүтээлчид нь хэлэлцүүлэг өрнүүлээд л буцалж гарах учиртай. Гэтэл үүн дээр тэгэхгүй л байна. Хамгийн гайгүй мэргэжлийн асуулт асууж байгаа нь чи байна. Би гэхдээ бас бялдуучлаагүй.

Ерөөс энэ бүтээлүүдэд объект чухал биш, концепц чухал. Обьект бол хоёрдогч. Гэтэл хүмүүс концепцоо харахгүй шууд орж ирээд л булган шуба гайхаж хараад, нүдний шил авч зүүгээд л. Юу үзэх гэж, яах гэж үзэсгэлэнд орж ирж буйгаа ч ойлгохгүй байх шиг.

Тийм учраас оюун санаагаа аваръя гэсэн концепц гаргаж, энэ санаагаа юугаар илэрхийлэх вэ гээд бодож байтал надад аврагч хантааз орж ирсэн. Аврагч хантааз усанд живсэн хүнийг авардаг. Хоёрдугаарт, дээр нь Adult гээд биччихсэн байгаа биз.

Бид өнөөдөр насанд хүрсэн хүн шиг аашилъя аа. Насанд хүрсэн хүн шиг ёс зүйтэй байя гэдгийг л хатуу хэлмээр байгаа юм. Хог хаяна гэдэг жаахан хүүхдийн л хийдэг ажил ш дээ. Тэр уг чиггүй хий хоосон гайхуулал, байгаа бүхнээ гайхуулж л байвал сэтгэл нь амардаг сонин сэтгэлгээ. Үүнийг хүүхэд л хийдэг шүү дээ. “Манай аав надад Америкаас ийм гоё хавчаар авчирч өгсөн” гэж байгаатай агаар нэг. Энэ чинь л живэлт байгаа биз.

БИДЭНД ТӨРӨХӨД Л ӨГӨГДСӨН НЭГ КОД, ПРОГРАМ МАЯГИЙН ЗҮЙЛ БИЙ

-Ингэж яг мэргэжлийн хүний үүднээс асуудлыг тавьж буй нь асар хариуцлагатай санагдаж байна.  Уран бүтээлчдийг хэний ч ойлгохгүй юм хийгээд суудаг, өөр дотроо л амьдардаг хүмүүс мэтээр хардаг. Харин та яг уран бүтээлчийн амьдралаар удаан амьдарсан.

-Бид уран бүтээлчдээ жинхэнэ мөн чанараар нь харж чадахгүй л байна. Оюун санаагаа хөгжүүлж чадвал энэ ганц урлагийг ойлгохоос илүү сайхан ирээдүйг бүтээх үндэс болно. Ер оюун санааны доройтлоос болж л үндэстэн мөхдөг гэж боддог.

Миний настай холбоотой юм уу, мэдэхгүй. Ямартай ч уран бүтээлээрээ дуугарч байх л дуртай.

-Оюун санаагаа хөгжүүлэх гэдгийг та ямар хэлбэрээр ярьж байна вэ. Сэтгэлийн түвшинд үү. Эсвэл ном уншаад, гадаад хэл сураад?

-Үгүй, гадаад хэл сурснаараа оюун санаа хөгжиж, мундаг боловсролтой болохгүй. Ерөөсөө өөр лүүгээ хандах байхгүй юу. Хүмүүс дандаа гадагшаа ханддаг. Хүний төлөө амьдарч байна, хүнээс дутахгүй харагдахыг хичээж байна. Дандаа бусадтай өөрийгөө харьцуулж амьдарч байна. Яагаад өөрийнхөөрөө байхаас айдаг юм.

Ийм маягаар өөрийнхөө оюун санаанд цоож түгжээ хийчихдэг. Хаалт хийсээр байтал оюун санааны тань хүрээ хаагдаад ирж байна шүү дээ. Тэр айдас хүйдсээрээ өөрийгөө ч, эргэн тойрноо ч кодолж байгаа. “Тэрний хүүхдийг хар, чи тэгэхэд тийм байна” гээд л. “Чиний нас оройтлоо, бушуу хүнтэй суу” гэнэ. Тэгээд бушуу хүүхэд гаргаж байна, салж байна.

-Нэг талаар өөрийгөө жаахан хайрлаач гэсэн үг үү?

-Гэхдээ хувиа бод гэсэн үг биш. Хамаг гоё чихрийг хамж идээд ганцаараа хэвт гэсэн үг биш. Ерөөсөө өөрөөсөө л асуу. Би хэн юм, би ямар учиртай хүн амьдарч байгаа юм. Яагаад би нийтийг дуурайж, айж амьдрах ёстой юм бэ. Би заавал ээж, аавын заасан хүнтэй суух ёстой юм уу. Би дургүй байж заавал тэр мэргэжлийг эзэмших ёстой юм уу.

Бид бүхэнд төрөхөд л өгөгдсөн нэг код, програм байгаа. Тэр програмаа л өөртэйгөө ажиллаж, уншиж, тайлж сурах хэрэгтэй. Тэгж сурах аягүй амархан, өөртэйгөө л ажиллана. Түүнээс ямар ч мундаг багш хэрэггүй, идтэн шидтэн хэрэггүй. Өөрөө л өөрийгөө олдог, бүтээдэг.

-Та өөрийнхөө програмыг хэзээ уншиж, тайлсан бол гэдэг бас сонирхолтой байх л даа. Өөрийнхөөрөө тэрсэлж амьдрах тэр зоригийг хаанаас олж авсан бэ. Таны үед амаргүй л байсан байх?

-Би их азтай, миний аав ээж хоёр намайг ер базаж өсгөөгүй. Ер нь бол тэр үеийнхээр нэлээд эрх гэдэг юм уу, тийм хүүхдийн тоонд ордог байсан. Би мэдээ орсон цагаасаа л зураг зурж эхэлсэн. Зураг зурахад, баримлын шавраар юм хийхэд л би бүх эд эсээрээ кайф авдаг байсан. Ганц дуртай тоглодог тоглоом тэр. Хүүхэлдэйгээр тоглож үзээгүй, бусад охид шиг айл гэрдэж сураагүй. Хоёр бамбарууштай байсан, тэр хоёртойгоо л ярилцдаг. Байрны, хашааны хүүхдүүдтэйгээ тоглодоггүй байсан.

Ингээд сүүлд ойлгоход би хувь хүн гэдгээ их багадаа мэдэрсэн юм шиг байна. Яг өөрийнхөөрөө явдаг хүүхэд байж. “Тэрний хүүхэд чамтай чацуу, аймаар онц сурдаг. Чи тэгэхэд хичээлдээ муу, өдөржин зураг зурдаг” ч гэдэг юм уу, атаархуулах гэж үзнэ ээ. Тэр бүрд миний атаа хэзээ ч хөдөлдөггүй байсан. Өөрийнхөө сэтгэл санаанд тохируулж дураараа хувцасладаг, тохируулж үсээ дураар хайчилдаг, тийм л хүүхэд байсан.

Тухайн үед мэдээж ад шоо үзнэ, элдэв үг хэлнэ. Зөндөө олон нэр хоч өгнө, би ерөөсөө тоодоггүй л хүүхэд байсан.

-Хамгийн их шарх авч байсан тохиолдол гэвэл юу санаанд орж байна. Өөрийнхөөрөө байсныхаа төлөө чулуу шидүүлсэн?

-Тийм хүнд шарх авч байгаагүй. Хамгийн шоконд орж байсан явдал гэхээр,  залуу уран бүтээлч байхдаа нүцгэн баримал хийгээд сонинд шүүмжлүүлж байсан маань санагдаж байна. Садар самуун сурталчиллаа гэж. “Би нүцгэн хүн зурж чадахгүй юм бол яагаад зураач болох ёстой юм бэ. Би тэгээд юу хийж чадах юм бэ?” гэж гайхаж, балмагдаж байлаа. Бараг л энэ улсад төрсөндөө гутарч байсан.

Тэр үед “Чамд өөр зурах юм олдсонгүй юу?” гэж аав уурлана. Хариуд нь “Би хувцасгүй, яг төрмөл биеэ зурж чадахгүй юм бол зураач болж яах юм бэ?” гэж хашгирч байсан. Тэр л жаахан хэцүү байсан санагдах юм.

Дараа нь намайг 25 хүрэхэд ардчилсан хувьсгал ялсан. Сэтгэлгээний эрх чөлөө сад тавихгүй юу. Ингээд 1992 онд анхны үзэсгэлэндээ “Арга билиг” гэдэг үг оруулж ирлээ. Тэр үед энэ үгийг барагтай л хэрэглэдэггүй байсан. Эрэгтэй, эмэгтэй хүнийг төлөөлүүлж, маш олон нүцгэн фигуртэй, хайр сэтгэлийг магтан дуулсан бүтээлүүд хийсэн. Ингээд бас л нэлээд шуугиан тарьж байлаа. Харин нийгмийн тэр реакцыг хөндлөнгөөс ажиглах надад сонирхолтой байсан.

ХАЙР БОЛ ДАЯАРШСАН ВИБРАЦ, ДЭРГЭД НЬ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЮУ Ч БИШ

-Та маш амжилттай явсан уран бүтээлч. Үргэлж үнэлэгддэг.

-Тэгэлгүй яах вэ.

-Санхүүгийн хувьд ч дутаж гуцах зүйлгүй амьдарч ирсэн цөөн уран бүтээлчдийн нэг байх. Гэхдээ энэ хүн бүрийн туулж барахгүй хувь тавилан шүү дээ. Гаднаасаа шууд хүлээн зөвшөөрөгддөг хэмжээний уран бүтээлч хэдий ч, таны цаана яг уран бүтээлчийн хувиар туулсан зовлонгууд байдаг биз дээ?

-Ер нь ихэнх хүмүүс хийж буй ажлынхаа зовлонг нь түрүүлж ярьдаг шиг. Би тэгж ярих дургүй. Мэдээж зовно. Гэхдээ миний сонголт юм чинь тэр таатай зоволт шүү дээ. Би өөрийнхөө л сонгосон зовлонг яагаад бусдад нялзаах ёстой юм. Тэр зөвхөн миний хувийн асуудал. Дурандаа баясаж, хөөрч зовж байгаа юм чинь миний л асуудал.

Хад чулууны ажил хийгээд, хоригдлуудтай ажиллаж байхад надад ер зовлонтой санагдаж байгаагүй. “Чи яаж ийм аймаар хоригдлуудтай ажилладаг юм. Чи яаж ийм аймаар боржин чулуугаар...” гээд л тэгцгээдэг, гайхацгаадаг байсан.

Ер миний хамгийн дээд кайф уран бүтээл хийхэд л оршдог. Тэр кайф 40 жил үргэлжлэхдээ хэзээ ч дуусаж, дундарч байгаагүй. Миний үед зураг худалдаж авдаг ойлголт ч байсангүй. Яаж амьдарч байсан юм, бүү мэд. Ерөөсөө эргээд бодоход миний уран бүтээл хийж амьдарсан цаг хугацаа их л сайхан байсан /санаа алдав, Сурв/.

Эргээд харахад надад уран бүтээлч болох шинж чанарууд анхнаасаа байж л дээ. Түүнийгээ одоо бодоход ойлгож байна. Тухайн үед бол өөрт өгөгдсөн зөн совингоороо л тэрсэлж, туулж явсан. Хөндлөнгөөс зөвлөсөн зөвлөгчдийн, багш нарын үгийг тоож байгаагүй. Цэвэр өөртөө итгэж, найдаад л явсан.

 Урлагийг би өөрөөсөө нэг секунд ч тусад нь авч үзэж байгаагүй. Хүмүүс өөрийгөө ээж хүн, эмэгтэй хүн зэргээр тусгайлчилж тодорхойлдог шүү дээ. Үгүй, би зүгээр л артист.

-Нийгмийн төлөө, ирээдүйн төлөө энэ уран бүтээлч зүрх ингэж цохилоод байгаа нь юуных юм бэ?

-Уран бүтээлч хүний соргог хараа юм уу. Бид зүгээр явж байгаа хүнийг хараад хувцасгүй байгаа фигурийг нь төсөөлж чаддаг. Тийм юу гэх юм, мэргэжлийн өвчин ч юм уу, чадвар ч гэх юм уу. Үүн шиг нийгмийн юу нь болохгүй байгаа нь нүдний өмнө ил байна. Тийм учраас уран бүтээлчийнхээ үүргийг гүйцэтгэх хэрэгтэй шүү дээ.

-Мэдээж сүүлд нь хайрын тухай асуумаар байна. Амрагийн хайр биш, ерөнхий хайрын тухайдах таны үзэл бодлыг сонсъё?

-Би хайрыг хэзээ ч битгий хайрцагла гэж 1000 жил орилж яваа хүн. Хайр бол маш өндөр хэлбэлзэлтэй, тийм гоё үелзэл. Тэр гоё үелзлийг нэг чүдэнзний хайрцганд юм уу виноны лонхонд хийчихэж болохгүй. Хүмүүсийн олонход “Миний хүү” гэдэг нэг хайрцаг бий. Бас “Миний гэр бүл”, Миний ээж, аав” гэдэг хайрцаг байгаа. “Манай нутаг” гэж хайрцаг, тэгээд “Миний эх орон” гэдэг хайрцаг байдаг. Гэтэл хайр гэдэг бол хязгаар, хязгаарлалт үгүйгээр тэр чигтээ даяаршин цохилж байдаг вибрац. Тэр вибрацыг мэдэрч чадвал чи  миний хүү мөн үү, биш үү. Энэ хүн үү шоргоолж уу ер ялгаа байхгүй болдог. Бүх зүйлд хайр хэрэгтэй.

Амьтай байтугай амьгүй зүйлсэд ч хайр хэрэгтэй. Байшин л гэхэд, дотор нь хүн амьдрахгүй байх тусмаа хуучирдаг. Уг нь хүн амьдрахгүй л байвал бүтнээрээ байх ёстой атал тэгдэггүй. Тэгэхээр байгалийн хууль өөрөө тийм. Хайр гээч нэгэнлэг вибрацыг мэдэрсэн цагт баярлахгүй ч юм байхгүй, хайрлахгүй ч юм байхгүй гэж хувирдаг. Битгий хайрыг хайрцаглаасай. Энэ бол бүхэл бүтэн даяаршил, хажууд нь дэлхий ертөнц юу ч биш.

Өглөө сэрээд л дулаахан хөнжилд унтсанаа мэдэрнэ, хөнжлөө хайрлана. Цай уулаа, аягандаа баярлана. Энэ аяга байхгүй байсан бол юугаараа уух юм бэ. Энэ аягыг хэн урласан юм бэ. Тэр хүнд баярлая. Бас энэ аягыг хаанаас ч юм нэг хүн тээвэрлээд ирж. Тэр хүн тээвэрлэж ирээгүй бол би яаж энэ аягийг худалдаж авах юм бэ. Ингээд хөөж бодвол баярлахгүй, хайрлахгүй зүйл гэж байдаггүй. Энэ хайранд суралцах хэрэгтэй.

Харин үүнийг зааж өгдөг багш бол амьтан, байгаль хоёр байхгүй юу. Би багаасаа олон нохой тэжээсэн. Тэд миний хайрын багш нар байсан.

Гэрэл зургийг С.Боргил.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 16, 2021 08:54

Маш зөв харж түүнийг цэвэрхэн үнэнээр нь харуулж

Зочин
Зочин
9 сар 16, 2021 09:28

Chinggis khaaniig amidaar ni harsan 1 hvn de ene hvn chin amid tvvh shud

Зочин
Зочин
9 сар 16, 2021 12:02

Даяарчл�##� дэлхий дэндүү том ч гэсэн толгой дээрээс хогоо хаяах согтуу байсан / �##�ь чь оронд явж байхад тэр хогний үнэр / маш их эмх цэгцтэй ч байсан үнэртэн хэрэгтэй / байг�##�ийн хууль байсан ч яагаад хогоо хаяаад байдаг/ Европ өөрсдөө хогоо машинаараа ангилж хаядаг газар байдаг иргэн өөрсдөө очиж хаядаг газрыг нүдээрээ харсан /Өндөр ц�##�интай бол хийнэ/ Тэр уул хаданд хаяж байгаа хогний доор маш их үнэтэй баялаг байгаа/

hen negen
hen negen
2 сар 1, 2022 09:55

mundag hun bnshde

Ard
Ard
2 сар 1, 2022 11:39

Zov setgej baidag hundee.

Багш
Багш
2 сар 1, 2022 15:48

Харц нь хүртэл зөөлөн ЗӨВ хүн дээ.

Back to top button