
Эрчүүдийг хад чулуу шиг л санаж иржээ. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад, биеийн ч, сэтгэлийн ч ачааг үүрч даах хаттай улс гэж бид нийгмээрээ хардаг. Хүчирхийллийн хэргүүд мэдээлэгдэхэд эрчүүдийг “Харгис, хүйтэн, хүчирхийлэгч” гэж хүлээж авч, цочирддог. Хохирогч нь үргэлж эмэгтэйчүүд. Харин эрчүүд үргэлж хүч түрэмгийлэн хохироодог мэт. Гэтэл статистик мэдээллүүдийг харвал тэд эсрэгээрээ эмзэгшиж. Дундаж наслалт, амиа хорлолт, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд... гээд алив чанараар түүчээлж буй үзүүлэлт нь тун цөөн байх юм. Хэдэн жилийн өмнөөс “Эрчүүдийн асуудлыг сөхөж тавих болжээ” гэж хаа нэг дуугарч эхэлсэн. Гэхдээ монгол эрчүүдийн сэтгэл зүйн асуудлыг ул суурьтай судалсан судалгаа алга.
Энэ тухай С.Батзориг бид хоёр ярилцлаа. Яг сөхөж үзэх судалгаагүй, эцсийн дүгнэлт гаргачих суурь үндэслэл багатайгаар бид зүгээр л эрчүүдийн тухай хөөрөлдөв. С.Батзориг ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажилладаг юм. Тийм учраас өсөж өндийж буй монгол хөвгүүдийн байр байдлыг өдөр тутамдаа ажиглаж байгаа. Насанд хүрсэн эрчүүдийн асуудлаас гадна ирээдүйд чиглэсэн агуулгын сэжим ч үүнээс баригдах боломжтой байв. Өглөө, өдөр нь хүүхдүүд бужигнаж байдаг энгийн нэг ангид, сурагчийн ширээнд суугаад эрчүүдийн тухай, зүгээр л бодлуудаа хуваалцлаа.

Яриандаа таны анхаарлыг хандуулахаас өмнө нэг статистик мэдээлэл сонирхуулмаар байна. Энэ бол 2008-2018 оны амиа хорлолтын судалгаа. 2018 онд гэхэд 445 хүн амиа хорлосны 380 нь эрэгтэй байна. Илтэд илүүрхсэн энэ үзүүлэлт 2008 оноос хойш огт өөрчлөгдөөгүй байх юм.
Эр хүн амиа егүүтгэнэ гэдэг ойлголтыг ухаандаа төсөөлөөд үзэхэд сонин, сонин л мэдрэмж төрнө. Амьдралын асар их ачааг эрчүүд үүрч байгаатай холбоотой юу. Ингээд харахаар тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшин эмэгтэйчүүдийнхээс бага. Эсвэл тэд сэтгэл зүйн асуудлаа илэрхийлж, гадагшлуулж, тайвширч, тайтгарахдаа сайнгүй юу. Нөгөөтээгүүр мансууруулах бодис хэрэглэсэн байхдаа ийм үйлдэл хийчхэв үү гэх зэргээр бодогдоно.
МУЕПГ-аас анх удаа амиа хорлолтын суурь судалгааг хийжээ. Үүнд 2012-2016 оны хооронд амиа хорлосон тохиолдлуудыг судалж, энэ хүрээнд 400 хэргийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, дүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд, тэдний 95 хувь нь огт мансууруулах бодис хэрэглэдэггүй байж гэсэн үр дүнг танилцуулсан нь анхаарал татна.
"ЦААНАА ТЭСРЭХ БӨМБӨГ ШИГ БОЛЧИХДОГ БОЛОЛТОЙ"
-Хөвгүүдийн тухай яриагаар эхлүүлэх үү?
-Би зарим талаар хэт хурц байр суурь баримталж, ярьж байж магадгүй. Өсвөр насны хөвгүүд зарим талаар хүмүүнлэг бус шинжтэй болж байна. Уг нь бидний үед, бидний аав ээжийн үед ч охидуудтай харьцахдаа хүндэтгэдэг тал байсан. Одоо бол шууд л цохиод авахад бэлэн ч юм шиг.
-Үзвэл үзчихээр үү?
-Тийм. Гэхдээ шууд миний ажиглалтад үндэслээд дүгнэж болохгүй л дээ.
-Одоо охидууд хөвгүүдтэй их дээрэнгүй харьцаж байгаа талаар эцэг эхчүүд ярьж байна. Хөвгүүд эсрэг хүйсийн хүндээ дээрэлхүүлж өсвөл энэ мэдрэмж нь хуримтлагдсаар, нас биед хүрсэн хойно ч эмэгтэйчүүдийг холхи өөр өнцгөөр, тусгаарлаж хардаг болчихдог гэх юм?
-Бэлгийн бойжилт нь түрүүлж явагддаг, түрүүлж бие нь өсдөг зэргээсээ шалтгаалдаг байх. Тав, зургадугаар ангид бол охидуудын “эзэрхийлэл” давамгайлдаг шүү дээ. Охид хөвгүүдэд юм амлахдаа хүртэл “Дахиж та нарыг зодохгүй” гэж байна. “Би чамд сайн болчихсон. Надтай үерхвэл би чамайг зодохгүй” гэж байх жишээтэй.
Яг өнөөдөрхөн хүчирхийллийн тухай сургалт манай сургууль дээр орлоо. Сэтгэл зүйн хүчирхийллийн талаар ч ярилаа. Цалингийн хэмжээг асууж мэдэх нь ч энэ төрлийн хүчирхийлэлд тооцогддог гэх юм. Эдгээрийг л хүчирхийлэл гэж үзэх юм бол, эмэгтэйчүүд эрчүүдийн сэтгэл зүйд их хүчирхийлэл үйлддэг болж таарах гээд байгаа юм.
Бас нэг хандлага нь, бид эмэгтэйчүүдийг хохирогч гэж хардаг. Өөрийн эрхгүй л эмэгтэйчүүдийг хохирогч болгодог. Гэвч эрчүүд наанаа маш их зүйлийг шингээж байгаа мэт, битүү хатуу харагдах боловч цаанаа тэсрэх бөмбөг шиг болчихсон байдаг юм шиг байна. Мэдээж төрөлхөөсөө хурц характертэй эрчүүд бий л дээ.
Миний харж буйгаар, “Чи хүчтэй учраас” ч гэдэг юм уу, “Чи хэн нэгнийг халамжлагч, нөмөр нөөлөг учраас” гэж, эрэгтэй болж төрсөнд нь хүмүүс элдэв үүрэг оноож, тулгадаг. Мэдээж эр хүнд эр хүнийхээ хувьд хүлээх үүргүүд байж таарна. Гэхдээ эмэгтэйчүүд үүнийг эсрэгээр нь ашиглаад байх шиг санагддаг.
-Эрэгтэй, эмэгтэй хүний аль нь илүү сэтгэлийн хаттай юм бол?
-Эмэгтэйчүүдийн амьд үлдэх чадвар илүү л байдаг юм гэсэн. Гэхдээ найз охиныхоо утсыг шалгадаг эрчүүд ховор байдаг байх. Харин найз залуугийнхаа утсыг шалгах нь хайр юм гэж боддог эмэгтэйчүүд олон байж магадгүй. Эрчүүд юмыг өнгөрөөх талдаа илүү байдаг юм болов уу гэж бодогдож байна.
-Илүү шингээдэг.
-Тийм байх.

Жендерийн үндэсний хорооноос гаргасан судалгаанд, амиа егүүтгэсэн эрчүүдийн гэрээслэл дэх үгийг эшилжээ.
“...Хэн нэгний намайг үл тоосон үгс таалагдахгүй учраас, хэзээ ч тийм байдалд орохгүйн тулд, хэзээ ч бусдаас дутахгүй байхыг хичээнэ. Дээрх бүхнээс нэг алхам ухрах бүрдээ би өөрийгөө үхэл рүү нэг алхам ойртуулна”
“...Өөр хэлэх үг үнэхээр алга. Миний хүүхдүүд, гэр бүл минь уучил. Хүнд байдлаас гарах өөр арга ...”
"...Намайг мартаарай, хэнийг ч үүнд буруутгах хэрэггүй шүү... зөвхөн би л буруутай”
"ЯМАР Ч ҮЕД ЭРЭГТЭЙНХ НЬ БУРУУ БОЛЧИХСОН БАЙДАГ"
-Харин удаан хугацаанд шингээж явдаг нь алсдаа сөргөөр нөлөөлдөг юм болов уу. Эрчүүдэд тодорхой хэмжээнд өөрийгөө уудалж, гадагш илэрхийлэх хэрэгцээ тулгамдаж байна. Одоо хөвгүүд чимээгүй, дуугүй хэвээр байна уу?
-Би саяхан л өөрөө сурагч байсан. Одоо сурагчид их өөр болсон. Нэг талаас эрэгтэй хүүхдүүд дуугүй биш болсон. Хамгийн баашилж, янгуучилж байгаа нь энэ ангид хэсэг залуус л сууж байгаа.
Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хүмүүс байгалийн хүйсээр ялгаатай боловч нийгмийн хүйсээр ялгаагүй гэдэг жендерийн асуудлыг ярьдаг болсон. Гэвч би эрэгтэй багш учраас охидуудад арай зөөлөн ханддаг. Хөвгүүдэд арай “зөөлний индекс” нь бага ханддаг байх жишээтэй. Би хөвгүүдийн сэтгэл зүйн тухай ярих гээд сууж байгаа хүн мөртлөө өөрөө мөн л тэдэнд ачаа оноогч байгаа байхгүй юу. “Чи эрэгтэй хүүхэд учраас” гэх хандлага надад ч гэсэн байх юм.
Жендерийн тэгш байдлын тухай ярихад “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан” гэдэг мөртлөө үүнийхээ эсрэг үйлдэл хийдэг шиг санагддаг л даа, эмэгтэйчүүд. Түүнийг нь эрэгтэйчүүд маш дуулгавартайгаар хүлээж авч байгаа. Би бас хөвгүүдийг золбоолог байгаасай гэж боддог. Хөвгүүдийн биеийн хүч чадал ч доройтож байх шиг. Гүйж харайх хөдөлгөөн нь дутаад, нэг бол хэт таргалалттай ч юм уу болох нь элбэг харагдаж байна. Ингэхээр дахиад л “Эр хүн юм чинь...” гэж тулгасан агуулгыг ярьчих гээд байна л даа.
-Гэхдээ нэгэнт хоёр өөр хүйсийг адилтгах нь хэт өрөөсгөл юм биш үү. Нэг тийм, “Эр хүн юм чинь” гэсэн тодорхой шаардалт байхгүй бол болохгүй ш дээ. Эрчүүдээс яг идеалынх нь хувьд ямар зан чанар шаардах ёстой юм бол?
-.../Бодолхийлэв/.
-Байгалийн үүднээсээ бол хүчирхэг, бас ойр дотнын хүмүүсээ хамгаалагч байх ёстой бололтой, эрчүүд?
-Байгалиас өгөгдөж ирсэн зүйл нь энэ. Яг эр хүний идеал...
-Сэтгэл зүйн хувьд эмзэг байгаа нь эмэгтэйчүүд биш эрчүүд гэдгийг статистикүүд харуулж байна. Тэгэхээр “Эр хүн шиг бай, хаттай бай” гэж сургах нь эсрэгээрээ нөлөөлж байгааг харуулж байх шиг. Тэгвэл тэднийг юу гэж, ямар бай гэж сургах...
-Олон хүчин зүйлээс шалтгаалж, эр хүний идеалыг тодорхойлоход хүнд цаг үе байх шиг байна. Бас хүн болгон адилгүй гэдэг бодит үнэн.
Орон нутагт хийсэн судалгааны үеэр эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хүн ингэж ярьжээ.
“...Эрэгтэйчүүдийн оролцоо бүх юманд бага байдаг. Эмнэлэгт үзүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Сумын нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн тасаг ажиллуулж эхлэхэд хүн бараг ирэхгүй, зарим өдөр нэг ч үзлэг хийгддэггүй байсан. Эмнэлэгт үзүүлж байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд ихэвчлэн байдаг тул эмэгтэйчүүдийн өвчлөл их мэт харагддаг. Гэвч эрэгтэйчүүд эмнэлэгт бага ханддаг...”
Архангай аймгийн “Эрэгтэйчүүд, эрүүл мэнд, нийгмийн оролцоо” хэлэлцүүлгийн үеэр мөн ингэж яригджээ.
“...Эрэгтэйчүүд эмнэлэгт үзүүлэхгүй, өвдөхгүй явж байгаад, нийтлэг тохиолдолд 45 хүрэхэд гэнэт хүнд өвчтэй болсон байдаг. Эрүүл мэндийн мэдлэггүйн улмаас эмчээс өвчтэй болсон тухайгаа сонсоод сэтгэл зүйгээсээ болж хурдан нас бардаг...”
Дахин судалгаа танилцуулахад, 15-49 насны 1384 эрэгтэйн 60 хувь нь хоногт хэрэглэвэл зохих хүнсний бүтээгдэхүүний хамгийн бага шаардлага хангасан байдлаар хооллож байна. Нийт эрэгтэйчүүдийн 82 хувьд нь Д амин дэмийн түвшин хангалтгүй байжээ.

-Хөвгүүд хамгийн анхны эр хүний идеал мэдрэмжээ ааваасаа авдаг байж магадгүй. Хүүхэд байхдаа ааваасаа хэр нөлөөлөл авч байсан бэ?
-Манай аав зах зээл судлаач, эдийн засагч мэргэжилтэй. Миний ааваас авсан зүйл бол шүүмжлэлт сэтгэлгээ. Юманд эргэлзэх. Эр хүнийх нь хувьд гэвэл... Манай аав чинь хоол унд хийчихдэг, тэр байдлаараа бол эмэгтэй хүнтэй ч жишигдчихээр эр шүү дээ.
-Эмэгтэйчүүдийг хоол хийж, гэр орноо цэвэрлэдэг хүмүүс гэж ойлгох утгагүй болчихсон. Үүн шиг ахуйн хүрээнд гүйцэтгэх үүргээр нь жендерийн онцлогийг тодорхойлох нь буруу байна. Эрүүл мэндийн үзлэгт ч хамрагддаггүй, өөрийгөө тоодоггүй. Шингээдэг шингээдэг гэхэд хэт хэнэггүй юм биш үү?
-Гэхдээ эрэгтэй хүн уужуу байх ёстой энэ тэр гэдэг чинь манай улсын хувьд хэтэрчхээд байна шүү дээ. Аймаар уужуу байгаа учраас л эрчүүдийн сэтгэл зүйн асуудал байгаа. Эрэгтэй хүн түрүүлж хөдөлгөөн хийх нь хэзээд ховор л байдаг. Гэхдээ ямар нэг юм болонгуут эрэгтэйгийнх нь буруу л болчихсон байдаг. Тэгэхээр энэ хүрээнд, заавал эсрэг хүйстнүүдийнх нь асуудлыг ч ярих хэрэгтэй юм шиг байна.
“Эр хүн байж ямар олон үгтэй юм”, “Эр хүн байж хүлээцтэй байгаач” гэх мөртлөө “Эр хүн байж яагаад үгээ хэлсэнгүй вэ” гэж хандах жишээтэй. Ийм парадокс зүйлс ч ярьдаг.
Миний хамгийн идеал болгодог хүмүүсийн нэг бол Б.Болдсайхан эмч. Одоо хүнд өвчтэй, хоолны дэглэм барих шаардлагатай хүн. Тэгсэн мөртлөө айхавтар өөхтэй өвчүү тавьчхаад “Үүнийг идчихтэйгээ л байна” гэж байгаа юм. Мангар цөстэй амьдарч байгаа биз. Мэдээж энэ тийм зөв биш л дээ. Гэхдээ үүнээс харахад, эр хүн өөрийн өнцөгтэй байх ёстой юм шиг.
Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол сэтгэллэг шинж нь далд. Хүчлэн ил гаргах бололцоо бага. Гэхдээ аливааг өөрийнхөөрөө эргүүлж тойруулж хардаг саруул ухаан, өөрийн гэсэн өнцөгтэй байх. Эхнэртээ базуулна гэдэг чинь тэр эр бас л болохгүй байна гэсэн үг. Нэг тийм... хүлээн зөвшөөрөгдөх чадвар. Аан, олчихлоо! Хүлээн зөвшөөрөгдөх чадвар. Хөвгүүдэд тийм л зүйл хэрэгтэй гэж бодож байна.
Байгаа хүрээлэлдээ өөрийнхөө үзэл бодоллог өнцгөөрөө хүлээн зөвшөөрөгдөх юм бол тэр эр хүчирхэг байж болох юм байна гэж бодогдлоо.
-Бие даасан, өөрийн гэсэн эзэлдэг байр суурьтай. Наад зах нь л, харахад ханагар сайхан бөх байхад л түүний оршихуй олон талаар баталгаажих юм шиг байна.
-Тийм, хүлээн зөвшөөрөгдчихнө.
-Тэгэхээр эрчүүд хэн нэгэн болж чадвал... Юу гэдэг юм дээ, хөвгүүдийг өөрийн гэсэн хүлээн зөвшөөрөгдөх оршихуйтай, хэн нэгэн болгож төлөвшүүлэхэд хичээх ёстой юм болов уу. Хөвгүүдийн дийлэнх нь сургуульгүй үлдэж, шууд ямар ч хамаагүй ажлын талбар амьдралын шаардлагаар гарч... Үүнээсээ үүдэж нийгэмд эзлэх байр суурьгүй болчихдогтой энэ бүхэн холбоотой юм биш үү?
-Харин тийм. Одоо хөвгүүд биш охидууд онц сурч байгаа.
-Нийгмийн чухал салбаруудад эмэгтэйчүүд давамгайлчихсан.
-Эрчүүд хаана байна аа гэдэг шиг үү/Инээв/.
-Муухайгаар хэлэхэд, эхнэртээ базуулсан эрчүүд ч олон байгаа. Эхнэргүйгээр амьдаръя гэхэд хүндрэлтэй болчихсон.
-Ингээд ярихаар эхнэртээ базуулах нь зөв ч юм шиг болж хувирч байгаа юм. Базахгүй бол тэр эр өөрийн эзлэх байр суурьгүй, өөрөө өөрийгөө аваад явахад хэцүү, архи дарс уучих гээд л гэдэг ч юм уу. “Хүлээн зөвшөөрөгдөх чадваргүй эр хүн хүчирхэг биш” гэсэн саяны бодолтойгоо уяхад.

-Эр хүн хүчирхэг буйгаа, ойр дотнын хүмүүсээ халамжилж, хамгаалж буйгаа мэдэрч байж байгалийн зөнгөөрөө кайф авч явдаг гэх.
-Ер нь эрэгтэй хүн хүртээж таашаал авдаг. Эмэгтэй хүн хүртэж таашаал авдаг. Тэгэхээр яах ч аргагүй бүр сүртэйгээр хэлэхэд өөрийн гэсэн харизмтай, хүлээн зөвшөөрөгдсөн байдал л хэрэгтэй юм байна.
-Түүнийгээ мэдэрч чадахгүй байгаа учраас, тэр дутуу мэдрэмж нь чинэсээр хамгийн сул дорой, боломжит хэсгүүдэд очиж “хүчээ гаргадаг” байж ч болох юм?
-Гэмт хэргийн шалтгаан голдуу дутуугийн мэдрэмжтэй холбоотой байдаг. Илүүдэл энергиэ гадагшлуулах тухай. Тэр нь аймшигтай их бугшиж байна л даа.
Гэмт хэрэг ярих хүрээнд бид хоёр сэтгэл сэртхийлгэм явдлыг ярилцлаа. Хувиараа бизнес эрхэлж, эхнэр, хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж, боломжийн хэмжээнд амжилттай амьдарч байсан эрэгтэй. Нэг орой эхнэрээ, хүүхдүүдээ буудаад, дараа нь өөрийгөө егүүтгэсэн. Тэр орой эхнэрээ өөр эртэй байхыг харсан гэдэг.
Бас нэг кейс, бэлчээрийн маргаан. Хэд хэдэн удаа эвээр үзэх гээд бүтээгүй гэх. “Та нарыг маргааш ирж ална шүү” гэж хэлчхээд, яг маргааш нь хүрч ирээд буудчихсан. Дараа нь мод руу ороод өөрийгөө буудчихсан.
Дийлээгүй... Доромжлуулсан... Үнэгүйдсэн... Хүлээн зөвшөөрөгдөөгүй шалтгаануудыг үүнээс өнгөц уншиж болохоор.
-Магадгүй ийм шалтгаанаас үүдэлтэй гэмт хэргүүд мэдээлэгдэхэд эрчүүдийг жигшдэг.
-Цаазал, дүүжил гээд л.
-Тийм. Гэтэл сэтгэлд нь тэгэхэд хүргэсэн хуримтлал байж болохыг бид сууриар нь харах хэрэгтэй юм шиг байна. Ингэхээр олон талаараа түрүүний “Хүлээн зөвшөөрөгдөх чадвар” гэдэг санаатай холбогдож байна.
-Эрчүүдэд боловсрол эзэмшүүлэх бас чухал асуудал болсон. Манай 10 жилийн ангид л гэхэд 10 гаруй хөвгүүн төгссөн ч гурав нь л их сургууль дүүргэсэн. Шууд мал дээр гарна, эсвэл эхнэр авна. 18 жил олигтой төлөвшиж амжаагүй атар онгон залуу шууд амьдрал руу орно гэдэг, буцалсан сэтгэлээр ямар ч алдаа хийж мэдэх эрсдэл байх л даа.
Охидуудын ядаж тал хувьд нь “Би суралцах хэрэгтэй” гэсэн мэдрэмж байна. Гэтэл хөвгүүдэд асар хомс. “Сурах хүсэл тэмүүлэл” гэж тодорхойлдог тэр зүйл хөвгүүдэд тун бага болсон.
-Хөвгүүдэд гэлтгүй ямар ч хүүхдэд үлгэр жишээ болгож буй дүр чухал нөлөөтэй. Одоо хөвгүүд хэнийг үлгэрээ болгож байна гэдэг тусдаа том сэдэв юм байна.
-Анимийн баатрууд биз дээ. Асууж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Японд лав хамгийн хайртай хүмүүсээ дарааллуулж бичих судалгаа хийхэд, “Чөтгөрийн ангууч” гэдэг анимын дүр нэгдүгээрт орсон байсан. Ээж хоёрт орсон байсан гэсэн. Үүнийг нэг сайтаас уншиж байсан юм байна.
Эрчүүд их, дээд сургуульд элсэж суралцах нь жил ирэх тусам багассаар буйг дараах инфографикаас харж болно. Мөн сургуулиас гадуур үлддэг хүүхдүүдийн дийлэнхийг мөн л хөвгүүд эзэлж байна.
Ноднин өвөл, Эмээлт дэх нэгэн айлын амьдралыг сурвалжилж байв. Олон охинтой айл, тэд нь бага насны хүүхэдтэй, мөн бие давхар. Ажил хийх боломжгүй. Мөртлөө хамтдаа амьдарна. Тэдний 18 настай хүү сургуулиасаа гарч, ээждээ тусалж, ахуйн бүх ажлуудыг эгч нарынхаа өмнөөс амжуулж байлаа.
"ИТГЭЖ НАЙДНА"
-Хэрэв их сургууль төгсчихсөн бол төлөвшил нь арай өөр болох байсан гэж үү?
-Мэдээж нөлөөлнө. Бас залуусыг хүлээж авч буй багшийн үүрэг энд асар чухал санагддаг л даа. Хүний оюун санааны төлөвшилд багш их нөлөөлдөг юм билээ. Ядаж номыг нь сурахгүй ч номхныг нь сурна гэдэг дээ.
-1990-ээд онд төрсөн хөвгүүдийн асуудлыг одоо эрчүүдийн болгож нийгэм ярьж байна. Харин одоо суралцаж буй хүүхдүүд насанд хүрэхэд үед, эрчүүдийн гэх асуудал хэвээр байх болов уу гэж...
-Хотын төвийн сургуульд суралцаж буй хүүхдүүд дээр ганцхан төвлөрөлгүй, Баянхоншууд, Зүүнсалаад амьдардаг хэсгийг уудалбал өөр дүр зураг харагдах байх. Гэхдээ би лав энэ хөвгүүдэд итгэж найдна.
Бидний үеийнхэнд ч гэсэн дээд үеийнхэн маань итгэж найддаг. Түүн шиг би хичээл зааж буй сурагчдадаа итгэж найдна.
-Яриагүй үлдэж байгаа сэдэв ээж л байна даа. Хөвгүүд яагаад ч юм ээждээ сайн байдаг. Ээжээсээ хайр мэдэрч чадвал төлөвшлийнхөө суурийг сайн тавьдаг шиг санагддаг. Ээж эр хүн болгодог ч гэдэг?
-Гэхдээ ээжүүд хэтрүүлж эрхлүүлдэг л дээ. Би бол эрх байхыг өвчин гэж боддог. Миний хичээл орж буй ангиудад бол сурагчид асар эрх шүү дээ. Бүх ертөнцийн төв нь өөрөө болчихсон. Эрх хүүхдэд хичээл заана гэдэг бас л хэцүү шүү. Амьдралын чанар сайжирч байгаа нь авууштай ч сүүдэртэй тал нь эрх хүүхдүүд олширч байна.
-Эрх байна гэдэг ачаа даахгүй л гэсэн үг биз дээ?
-Тийм шүү дээ.

“Аан, олчихлоо!” гэж С.Батзоригийн дуу алдсан “Хүлээн зөвшөөрөгдөх чадвар” магадгүй эрчүүдэд хэрэгтэй хамгийн чухал зүйл ч байж болох юм. Эрчүүд дийлэнхдээ үл хүлээн зөвшөөрөгдөж, сул дорой амьдрахыг тэвчдэггүй. Заавал хүчирхэг байж, байр сууриа тогтоох гээд байдаг нь тэдэнд олон мянган жилийн турш өвлөгдөж ирсэн байгалийн зөнт шинж чанар.
Гэхдээ манай нийгэмд эрчүүд хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй байна. Мэргэжил эзэмшиж, түүгээрээ ажиллаж хөдөлмөрлөж, байр сууриа бий болгох нь нийгэм дэх эрчүүдийн дийлэнх хэсэгт нь хомс байсаар иржээ. Нөхцөл байдлыг зөвхөн Улаанбаатараар биш, хөдөө орон нутагт сургууль завсардаж, дөрөвдүгээр ангиа төгсөөд шууд мал маллаж байгаа хүүхдүүдээр төсөөлж үзэх хэрэгтэй. Олон сэтгэл сэртхийлгэм гэмт хэргүүд хөдөө орон нутагт гарч байгааг ч анхааралдаа авах хэрэгтэй юм.
“Эр хүн юм чинь ийм бай” гэж тулгадаг тулгалтууд тэдний хүлээн зөвшөөрөгдөх хүсэлд нь улам л сөргөөр нөлөөлөх логик эндээс харагдаж буй. Хэдийгээр Монголд энэ чиглэлээр дагнаж хийсэн судалгаа байхгүй ч сэтгэл судлаачдын хэвлэлд өгсөн ярилцлагуудыг тоймлоход “Эрчүүд мөрөөдөлгүй, урдаа тавьсан зорилгогүй байна” гэсэн санаа олонтой давтагдаж байлаа.
С.Батзориг “Би хичээл зааж буй хөвгүүддээ итгэж, найдна” хэмээсэн. Тэднийг хүлээн зөвшөөрөгдөж буйгаа мэдрэх боломжтой нийгмийг эцэг эх, багш нар сэтгэл зүйн хувьд нь бүрдүүлээсэй.
Ашигласан эх сурвалж:
Үндэсний статистикийн хороо, Жендерийн үндэсний хороо хамтарсан "Суурь судалгаа", 2020 он
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эр хүн гэхээрээ л тийм, ийм байх ёстой гэхээсээ илүү адилхан хүн гэдгээр нь хүлээж авах нь чух�##�
Охиддоо хэт анхаарч хатан шинжтэй хүчирхийлэгчид өсгөж байгаа нь үнэн шүү.
Эрчүүд ээ гэж
Sul doroi setgehuin uurchlulttei er xunii bichber.......aj
yagaad tegej bodoh bolov?