Ярилцлага

“Харанга”-тай хийсэн ярилцлага: 33 жил дуурсахын шалтгаан

Дэлгүүрт дугаарлаж зогслоо.

“Ай даа, хүний амьдрал
Эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтахааргүй
Их хүслийн далай юм даа...” гэж хамт явсан зураглаач маань аялав. Дэргэд архи үнэртүүлсэн халамцуу ах хүү сортхийгээд явчихлаа. Инээвхийлээд “Яасан сайхан дуу аялав аа. Дахиад дуулаач, дуул” гэв.

“Харанга”-тай ярилцсанаас ер удалгүй болсон явдал. “Амьдрал” дууг сонсоод архинаас гарсан нэгэн компанийн захирал Ц.Энхманлайд талархал илэрхийлж байсан юм билээ. Дэлгүүрээс гарах үед энэ түүх санаанд оров.

Тийм ээ, “Харанга” дуулж байхад тэнд хүн урам орж, ухаарч сэхээрч, уйлж, унаж босож байдаг. Социалист нийгмээс хойш тэд 33 жил дуулжээ. Хийсэн дуу нь 33 жил дамнан дуурсаж байна. Тэдний дуу яагаад ийм цогц, сүнстэй, агуулгатай байдаг вэ. “Харанга”-ынхан ямар ёс зүйтэй, үзэл бодолтой хүмүүс вэ. Тэд энэ 33 жил юуг туулж, юуг бүтээсэн бэ.

Миний өмнөөс хараад, ширээ тойрч суухдаа тэд жаахан хачирхасхийгээд ярилцлаа. 33 жил цаг гучин минутад жирэлзээд өнгөрөв. Тавдугаар сарын 13, 14-нд “UB Palace”-т тоглохоор бэлдэж буй тэдний туулсан амьдралаас бичиглэж үлдээх ёстой агуулгууд доор буулаа.


ҮЛДЭХ ДУУ: 30 жилийн дараа сонсоно гэдгийг нь мэдэж хийх

-Бид “Ардчилал ирээд 30 жил боллоо” гэж их ярьдаг. Гэтэл “Харанга” ардчиллын 30 жилээс ч урт хугацаанд тайзан дээр, ард түмний дунд амьдарлаа. Харин өнөөдөр та бүхэнд ханаж, цадсан мэдрэмж төрдөг үү?

Я.Одсүрэн: “Одоо ингээд болчихлоо” гэж бодох бодол уу?

Ц.Энхманлай: Урлагийн хөгжлийг ярьж байна уу, эсвэл зөвхөн өөрсдийнхөө хувьд уу?

-Тийм, өөрсдийнхөө хувьд?

Я.Одсүрэн: Надад бол тийм бодол төрдөггүй. Өшөө дахиад бүтээмээр л санагдаж байна.

Н.Пүрэвдаш: Ганцхан үг бий л дээ. “Хүний шунал хязгааргүй” гэж.

Я.Одсүрэн: Гэхдээ энэ бол уран бүтээлийн тухайд хэлж байгаа үг. Ер нь “Одоо болчихлоо, болъё доо” гэдэг уран бүтээлч хүн байхгүй байх гэж бодож байна.

Х.Лхагвасүрэн: Одоо ч шинэ уран бүтээлд орчихсон яваа ш дээ, бас л овоо хэдэн дуутай нэг цомог дээр ажиллаж байна /Инээв/.

-Ханах биш өөрийгөө улам эвдэж, шинээр бүтээж байх нь жинхэнэ уран бүтээлч хүний шинж юм шиг ээ?

Я.Одсүрэн: Миний хувьд өөрийгөө эвдэнэ барина гэхгүй ээ. Харин тавын таван хүн хамтдаа амьдралын туршлага хуримтлуулж, өдийг хүртэл уран бүтээл хийнэ гэдэг өөр ойлголт. Нэг нэгнээ харц юугаар нь хараад мэдэрдэг болох хүртлээ таван хүн, удаан “амьдарна” гэдэг ондоо зүйл л дээ. Бидэнд нууц гэж байна. Нууцаа задална гэж байхгүй. Үүнийгээ хадгалаад бид хойд нас руугаа явна.

Х.Лхагвасүрэн: Ер нь “Ханалаа, болилоо” гэдэг уран бүтээлч байдаггүй байх өө, тийм биз дээ. Д.Лувсаншарав гуай эмнэлэгт хэвтэхийнхээ өмнөхөн төгөлдөр хуурын ард, дуу зохиогоод л сууж байсан.

-Энэ гэхдээ уран бүтээлч хүсэл үү. Эсвэл үүрэг хүлээж байгаа нь энэ үү?

Я.Одсүрэн: Хүсэл шүү дээ.

Ц.Чулуунбат: Үүрэг хүлээж юм хийнэ гэдэг бидний хувьд тохиромжгүй ойлголт.  

Я.Одсүрэн: Өнөөх социалист гэгч нийгэмд бид анх мөрөөдөж байлаа. Мөрөөдөл зорилго боллоо. Ингээд л явсан таван эр юм, бид. Барууны хөгжим үзэл суртлын хувьд хориотой байсан тийм үед бид нууцаар тоглож байсан. Гэхдээ бас энд тэндгүй тас хориотой байсангүй.

Ц.Энхманлай: Дэмжих нэг нь дэмждэг байлаа.

Я.Одсүрэн: Мундаг хөгжмийн зохиолчид биднийг дэмждэг л байсан. Харин том тайзан дээр бол гаргахгүй шүү дээ. Ийм хүсэл л биднийг түлхүүрдсэн.

Ц.Чулуунбат: Хүний хүсэл хязгааргүй гэдэг чинь л энэ юм.  

-“Харанга”-ын дуу хэзээний л байсан юм шиг сүнстэй бас цогц сонсогддог юм. Хэчнээн залуу хүүхэд анх сонслоо ч дотор нь амьдраад л ирдэг үг, аялгуутай. Би бэлтгэлийн үеэр чагнаж суухад, түүх жирэлзэн өнгөрөөд байх шиг мэдрэмжид автсан. “Харанга”-ын дуу яагаад ийм он цаг хугацааг өгүүлэгч, яагаад ийм сүнстэй байдаг юм бэ?

Ц.Энхманлай: Зарим уран бүтээлчид дуу хийж явсаар, түүнийгээ нийлүүлээд цомог болгодог, тоглолт хийдэг. “Харанга”-ын хувьд эхлээд хийх гэж буй уран бүтээлдээ нэр өгдөг. Бидний анхны тоглолтын нэр “Амьдрал” байлаа. “Амьдрал” гэж дууг хийхийн тулд эхлээд амьдралыг хэрхэн илэрхийлэх вэ, амьдралд юу юу багтдаг вэ гэдгийг бодсон.  

-Эхэлж агуулгаа боддог гэж үү?

Ц.Чулуунбат: Тийм, эхлээд агуулгаа бодож хийдэг. Биднийг “Амьдрал” тоглолтоо хийж байхад ардчилсан хувьсгалын цуурай сонсогдож байлаа. Бид дуугаараа ардчиллыг дуулж байсан. 1989 онд бид эх орноо хайрла, газар доорх баялгаа үлдээ гэж, өнөөдөр нэн хэрэгцээтэй болсон мессежүүдийг дуулж байжээ. Одоогийн энэ цүнх барьдаг, долигнож гүйдэг хүмүүсийг бид тэр үед дуулж, “Томоотой хүн” гэж дуу хийж байлаа. Ийм дуу хийж, намын төв хороонд дуудагдаад л. Тэгэхээр агуулгаа бодож хийдэг учраас энэ сэдвүүд хуучирдаггүй.

Х.Лхагвасүрэн: Үлгэр “Эрт ээ урьдын цагт” гэж эхэлдэг дээ. Энэ эхлэл одоо хүртэл байгаад байгаа биз дээ. Энэ дуунууд яг тэр үлгэрийн маягтай. Сэдэв нь хэзээ ч хоцрохгүй. “30 жилийн дараа сонсох нь тодорхой” гэж, тэр үедээ бодож хийнэ шүү дээ.

-Хийж байхдаа “30 жилийн дараа сонсох нь дамжиггүй” гэж бодож хийнэ гэв үү?

Х.Лхагвасүрэн: Тэгнэ.

Ц.Чулуунбат: Үлдэх л дуу хийе гэж байгаа байхгүй юу.

Х.Лхагвасүрэн: Бид явсан ч дуу нь үлдэнэ, үлдэг гэж.

Ц.Чулуунбат: Одоо ингээд ярьж байгаа боловч бид тэр үед чам шиг л залуу байцгаасан. Гэхдээ бид зорилгоо, нийгэмд хандах хандлагаа тодорхойлчихсон байж. Рок хөгжмийг архи дарс, хүүхэн шуухан дагана, биднийг ч энэ тойроогүй. Гэхдээ төлөвшицгөөсөн байсан учраас бид хөгжмөө орхиогүй, тарж бутраагүй.

-“Харанга”-ын хитүүдийг “30 жилийн дараа ч хүмүүс сонсоно” гэсэн итгэл дүүрэн хийгдэж байсан гэж бодох, төсөөлөх сонирхолтой байна аа?

Ц.Чулуунбат: Бидний яриа ямар байсан гээч. Чи ингээд манай хамтлагийн гишүүн гээд бод. Тэгэхэд “Үлдэцтэй л дуу хийнэ шүү” гэж нүд нь асаад ярьцгаадаг байхгүй юу.

Ц.Энхманлай: Тэгээд дээр нь, би нэг дуу хийлээ. Энэ дөрөв хянана. Миний дууг “Харанга” дуулах эсэхийг энэ дөрөв ярилцаж байж шийднэ.

Ц.Чулуунбат: Манлай ах чинь нэг дуу хийнэ ээ дээ. Дуу нь гоё ч хэв маяг нь таалагдахгүй байвал “Ингэж өөрчилье” гээд л хамтдаа өөрчилнө. Үүнийг анх зохиосон хүний хувьд Манлай ах чинь сэтгэлдээ аягүй дургүй хүлээж авна. Гэхдээ хамтлагийн эрх ашгийн үүднээс хүлээж аваад хийлээ, өөрчиллөө. Тэр нь хит болдог байхгүй юу.

Я.Одсүрэн: Бид тавын сэтгэл зүрх нэгдчихсэн учраас л тэр дуу сүнсээ олж, амилдаг гэсэн утга л даа.

Ц.Чулуунбат: Бид мэргэжлийн сургууль төгсөөгүй мөртлөө дандаа урлагийн байгууллагаар явчихсан, хөгжмийн боловсрол эзэмшчихсэн байсан. Энэ бас их нөлөөлсөн юм билээ. Хөгжмийн, онолын боловсрол. Тийм учраас манай сонсогчид битгий хэл бидэнтэй зэрэгцэн уран бүтээл хийдэг хүмүүс ч “Харанга”-ын дуу үнэхээр яруу найраглаг, аялгуулаг байдаг гэж ярьдаг. Түүнд нь ах нар нь онгирч уран бүтээлээ хийсээр өдийг хүрлээ дээ.

-Уучлаарай, цэл залуудаа “Юм үлдээе” гэж амьдрах нь их ховор л доо. Та тавыг юу үүнд түлхсэн юм бэ. Тэгтлээ хэрсүүжсэн, холд тэмүүлсэн залуус байсан юм уу?

Ц.Чулуунбат: Бид нар бүр 14, 15 настайдаа л хөгжимд татагдчихсан. Гэхдээ өөрийгөө олохгүй явсан байхгүй юу. Явсаар байгаад 1989 онд рок хамтлаг байгуулъя гэж сэтгэл шулуудсан. Тэр хүртэл миний хувьд ч эргэлзсэн зүйл байсан. Гэхдээ хэчнээн “Rolling Stones”, “Metallica” байгаад нэмэр алга. Монголд “Харанга” дуугарах ёстой гэж л бодсон.

Н.Пүрэвдаш: Өөрөөр хэлбэл эх оронч сэтгэлгээнээс зорилгоо олоод авч байгаа юм.

Ц.Чулуунбат: Одоогийн залуусыг муу хэлж байгаа юм биш шүү. Би ч хамтлаг продюсерлэж, байгуулах гэж үзсэн. Шууд од болъё, мөнгө олъё гэж орж ирдэг. Зарим нь шүү. Харин бидэнд мөнгө олох, од болох хүсэл байсангүй. Бид тоглох гитараа өөрсдөө хөрөөдөж хийдэг байлаа. Харин аяндаа мөнгө төгрөг нь, нэр алдар нь ирсэн.

Я.Одсүрэн: Ер нь амьдрал гэдэг чинь тэвчээр шүү дээ. Өгсөж, уруудах бүрийг тэвчиж, болгоож байж амьдралыг туулсан шиг туулдаг. Манлайгийн “Амьдрал” дууны үгийг уншаад үз л дээ.

Ц.Чулуунбат: “Амьдрал” гэдэг дууны түүх юу гээч. Манлай, яриад өгөөч.

Ц.Энхманлай: Ингэсэн юм. Хамтлагаа яг байгуулаад явж байтал хөгжмийн зохиолч З.Хангал гуай, “Та нарт “Амьдрал” гэдэг дуу хийж өгнө өө” гэсэн юм. Бид бэлтгэлдээ гарлаа, нөгөө дуу байдаггүй. Тэгэхээр нь гэнэтхэн “Ер нь өөрөө хийгээд үзье” гэж бодсон юм. Тэгээд нэг шөнө 02.00 цагт гэнэт сэрээд, үгийг нь бичиж гарсан. Дуусаад 04.00 цагийн үед буцаад хэвтсэн. Маргааш нь Оогийд, “Чи нэг ая хийгээдэх” гээд тэр үгээ өгчихсөн юм.

Я.Одсүрэн: Би бүтэн сар хийгээд болдоггүй ээ!

Ц.Энхманлай: Нэг удаа би өөр дууны ая аялуулаад сууж байтал Оогий гаднаас орж ирж сонссоноо “Аяа хийчихсэн л байна шүү дээ. Энэ үгээ ав” гэдэг юм. Тэгээд энэ аян дээр өнөөх үгээ холбоод үзтэл ямар ч засах шаардлага гараагүй.

-Тэгвэл ханаж, цадах гэсэн эхний асуулт гэнэн байж л дээ. Анх нийлэхдээ л та тав дүүрсэн байжээ?

Ц.Чулуунбат: Дүүрээд, сагачихсан юмнууд явж байхгүй юу.

Ц.Энхманлай: Шатаж явсан.

-Аливаа ард түмэнд, тухайн цаг хугацаанд нь оноогдож төрдөг хүмүүс яах ч аргагүй байдаг. “Харанга” Монголын хөгжмийн урлагт олон замыг зассанаар нь нэг иймэрхүү үзэгдэл болж гэж хардаг юм. Гэхдээ энэ дуудлага та бүхэнд хэрхэн ирсэн юм бол. Эхлээд хувь хүний төлөвшил юм уу, эсвэл хөгжим л зүггүй татан дуудсан уу?

Я.Одсүрэн: Бид бүр багадаа л гитар тоглож сурсан улс. Би эгчээсээ сурсан, Манлай ахаасаа. Чука байрныхаа ах нараас сурсан. Барууны хөгжмийг чихээрээ сонсоод дуурайж тоглоно. Одоогийнх шиг дүрсийг нь харах биш. Тэгээд барууны хамтлагуудад дурлана. Би жишээ нь “Deep Purple”-д их дуртай.

Х.Лхагвасүрэн: Тэгэнгүүт “Яагаад монголчууд чадахгүй гэж” гэсэн нэг юм төрнө ш дээ. Заавал англи хэл дээр дуулах, од болох чухал биш, монголчууд хийж яагаад болохгүй гэж гэсэн бодол байсан хэрэг.

Ц.Чулуунбат: Чиний асуудаг төлөвшил гэгч бол ерөнхийдөө нэг 30-аад насанд тогтчихсон. Онгирдог, од болдог нас нь өнгөрөөд, төлөвшил суугаад, ёс зүйтэй болчихсон улс нийлээд л, шинэ орон зай бий болгоё гэж зүтгэсэн.

-Бэлтгэгдчихээд цугласан гэж...?

Ц.Чулуунбат: Бэлтгэгдчихсэн хурандаа нар байхгүй юу.

БАРУУНД “QUEEN”, АЗИД “ХАРАНГА”: Тэдний ёс зүй

-Х.Лхагвасүрэнгийн хувьд бусдаасаа нэжгээд насаар дүү. Яг ингээд төлөвшлөөрөө уулзан зэрэгцээд, ажиллахад дүү нь мэдэгддэг байсан уу?

Х.Лхагвасүрэн: Манлай ах чинь “Амьдрал” гэдэг дуу хийсэн шиг би “Бодлын тэнгис” гэж дуу бичээд л үгийг нь өгчихсөн. Манлай ах чинь байж байж байгаад, “Ай, түмэн бээрээс” гэдэг үг нэмчхээд “Чи өөрөө дуусга” гээд буцаагаад өгчхөж билээ. Тэгээд өөрөө л хийж байгаа юм. Урлагт нас мас нэг их хамаагүй ээ. Хүний уншсан, мэдсэн тэр зүйл л хамаатай.

Я.Одсүрэн: Тэр дундаа хамтлаг дотор бол бүр хамаагүй.

Х.Лхагвасүрэн: Цагаан сар болж байвал “Амар байна уу” шүү дээ. Харин уран бүтээлд, хамтлагт ийм хязгаар байхгүй.

Ц.Чулуунбат: Ах, дүүгийн харилцаа гэж яривал: Лхагваагийн аавтай бид дуулж байсан. Тэр үед Лхагваа есөн настай байсан. Хамтлаг болж нийлээд эхний хоёр, гурван жилд ах, дүүгийн харилцаа бол байсан байх. Тэгээд нэг цул болоод урагшилсан. Үнэхээр нэг сэтгэл хөдөлж, хайрлахдаа би “Миний дүү” гэж Лхагвааг дууддаг юм. Миний муу дүү гэж.

Х.Лхагвасүрэн: Ажлаа хийж явбал “Өвгөөн, хөгшөөн” л болно.

Ц.Чулуунбат: Ер нь рок хөгжмийн амин сүнс аягүй сонин. Бид “Харанга”-аас урьд нь зөндөө хамтлагт тоглодог байсан. “Соёмбо” гээд л панк рок маягийн хамтлаг байгуулж байлаа. Хэзээ ч биднээс ийм эмоц гардаггүй байсан, тайзан дээр. Гэтэл рок хөгжим биднийг цуглуулж, хамтдаа тоглоход өөрийн эрхгүй зүгээр зогсож чадахгүй байсан. “Амьдрал” тоглолт хөшгөө нээхэд тэнд ч нэг нь харайгаад, энд ч нэг нь гүйлдээд. Рок хөгжим тэгж хүнийг эзэмдэж чаддаг. Аймаар шидтэй.

Я.Одсүрэн: Бас нэг дотоод шаталт, бачимдал байна ш дээ. Ил гаргаж завддаггүй. Түүнийг рок гаргаж, суллаж өгдөг.

Ц.Чулуунбат: 1989 онд бид бэлтэлээ хийж байхад “Үзэгчид та нарыг ойлгох болоогүй ээ. Дор хаяж таван жил бэлтгэгдэнэ” гэх хүмүүс байсан. Бид шантраагүй. Хөшиг нээсэн. Аймаар рокууд гараад ирсэн. Монголд тийм рокууд байж байна гэж бид төсөөлөө ч үгүй. Билет нь 30 минутын дотор зарагдаад дууссан.

Я.Одсүрэн: Үзэгчид ер алга л ташдаг, хааяа нэг шүгэлддэг байсан юм. Гэтэл “Амьдрал” тоглолт дээр босож ирээд, цуг дуулаад, бид алмайрсан.  Бэлтгэл хийж байхад Чука “Өөө, өөө” гэсэн хэсэгт зритлийг өөрсдөөр нь дуулуулъя гэсэн санаа гаргасан юм. Би тэгэхэд зритлийг дуулна гэж бодоогүй, итгээгүй.

Ц.Чулуунбат: Бид хоорондоо ярихгүй юу. Цөмөөрөө үзэгчидтэйгээ хамтарч  тоглох нэг юм сэдье ээ гэж. “Өөө, өөө” гэж үзэгчдээр дуулуулъя гэхэд Оогийгоос эхлээд итгэхгүй байсан. Гэтэл баруунд яг зэрэгцээд “Queen” хамтлаг “Дүн дүн, даа... Дүн дүн даа”-г хийж байсан юм билээ. Гэтэл Азид “Харанга” тэгсэн. Тэгэхээр рокуудын сэтгэлгээ ижил байдаг юм шиг билээ.

Х.Лхагвасүрэн: Улс болгонд л нэг ийм хүмүүс байдаг юм байна.

Ц.Энхманлай: Бас рок хөгжмийн попоос ялгардаг зүйл нь, агуулгын хувьд өргөн. Рокуудын өгдөг агуулгыг поп урсгалд “чихэх” гээд үзвэл багтахгүй, хүнд хүрэхгүй шүү дээ.

Ц.Чулуунбат: Бас нэг ялгаа байна. Би одоо 65 настай. 65 настай Boyband харсан уу. Гэтэл рок хөгжим гэдэгт нас ерөөсөө хамаагүй. Мик Жеггер ч байдаг юм уу, 85  хүрээд ч тоглож л байна, тэд. 70 гарчхаад тоглоод, алдаж байхад нь зритль алдлаа гэхгүй, алгаа ташаад л.

Ц.Энхманлай: “Та нарын байгаа чинь л хангалттай” гэж хүлээж авдаг.

Ц.Чулуунбат: Тэгэхээр рок хөгжим өөрөө биднийг тайзан дээр удаан барьж байгаа.

Хоёрдугаарт, ямарваа юманд ёс зүй гэж асар чухал зүйл байх ёстой. Зөндөө хүн асуудаг, “Та нар яаж ийм олон жил...” гээд. Яг үнэндээ нөхөрлөлөө гээд бид нэг нэгнийдээ очиж хоноод л, өвөр түрийндээ ороод байсангүй. Алдаагүй хүн гэж байхгүй. Энэ дотор бид бүгдээрээ алдсан. Харин тэр алдааг нөгөөдүүл нь нөхдөг байхгүй юу. Энэ нийгэмд, үзэгчдийн өмнө ямар үүрэг хүлээсэн гэдгээрээ өөрсдийгөө барьдаг, нийлүүлдэг. Ямар нэг дутагдал, гажуудал гаргах ёсгүй гэж хичээдэг. Тийм учраас “Харанга” ёс зүйтэй хамтлаг.

Я.Одсүрэн: Ер нь хүн алдаанаас айж амьдарна гэж байхгүй шүү дээ. Хоёрдугаарт, уран бүтээлч хүн нийгмээсээ ядаж нэг, хоёр алхмын урд явах ёстой.

Ц.Чулуунбат: Үүний тод жишээ болсон бидний дуунууд бий. Өнөөдөр чиний сонссон “Гэгээ”. Хэлмэгдэж, шоронд орсон хүмүүсийн тухай бид тэгж дуулж байсан. Гэтэл өнөөдөр ямар их хүн хэлмэгдэж, шоронд ордог болов оо. Бидний юу дуулаад буйг тэр үед зарим хүн ойлгодоггүй байсан, харамсалтай нь. Одоо бол ойлгож байна. Оогий ахын чинь хэлдгээр, зөвхөн рок гэхгүй урлагийн хүн гэдэг түрүүлж сэтгэдэг байх учиртай юм л даа.

Я.Одсүрэн: Ер нь ард түмний юу хүсэж буйд зориулж бүтээж эхэлбэл урлаг сөнөнө гэдэг юм билээ. Зориулж биш уриалж хийх ёстой.

БАТАЛГАА: Монголчууд нэгдэж болдог

-“Харанга”-ын бүрэлдэхүүнд байсан Х.Булган агсны тухай нэг зүйлийг асуумаар байна. Түүний бүтээсэн даралтат хөгжим дээрх хэсгүүдийг өнөөдөр М.Мөнх-Эрдэнэ тоглож байна л даа. Тэр үзэл санааны хувьд хэр нөлөөлөгч байсан бэ?

Ц.Чулуунбат: Х.Булган “Харанга”-д 1992 онд орж ирсэн. 2000 оныг дуустал хамт байсан. Тэгээд өөрийн хүсэлтээр гарсан. Х.Булганы хөгжмийн бодол санаа их өвөрмөц. Өнөөдөр бэлтгэлийн үеэр тоглогдож буй даралтат хөгжмийн  хэсгүүд дандаа Х.Булганых. Бидэнд маш шинэлэг зүйл оруулж ирсэн.

-Үзэл санааны хувьд гэвэл?

Ц.Чулуунбат: Яг л нэг туган доор хамтдаа.

Я.Одсүрэн: Бид нар шиг л багаасаа “Deep Purple” сонссон хүн шүү дээ.

Ц.Чулуунбат: Би бол нэг их Рокод дуртай хүн биш л дээ. Жазз, поп талдаа хүн. Аргагүйн эрхэнд би рок тоглох ёстой, рокод уусах ёстой болж байгаа юм. Өөрийн хүсэл хязгаараа нулимаад хаячхаж байгаа юм л даа.

Я.Одсүрэн: Тэр бол яг үнэн. Чукад өмнө нь хэлж ч байсан, асар их тэвчээр гаргаж, өөрийн хүслээ хязгаарлаж, бидэнтэй үлдсэн.

Х.Лхагвасүрэн: Бас бид бүгд цэрэгт байсан улс. Хамгийн багадаа л зургаан жил. Тэнд чинь бас үнэнч, тууштай байх гэдэг сууна шүү. Бидэнд энэ ч асар их нөлөөлсөн.

-Монголчуудын хөгжлийн гол тушаа нь натураараа нэгдэж чаддаггүй улс гэж ярьдаг л даа?

Я.Одсүрэн: Нэгдэж болдог гэдгийн баталгаа энд байна шүү дээ.

-Нэгдэж бас болдог юм шүү гэдгийн баталгаа нь “Харанга” гэж?

Х.Лхагвасүрэн: Холоос хайх хэрэггүй ш дээ. 33 жил болчихсон бид дэргэд чинь байж л байна.

Я.Одсүрэн: Түрүүнд хэлдэгчлэн амьдрал бол тэвчээр юм. Бие биенээ ойлгохгүй муудалцаан, сайдалцаан өчнөөн юм болно шүү дээ.

Ц.Чулуунбат: Ээ, их юм бий шүү. Ер нь “Харанга”-ынхан дандаа сайн сайхан яваад л, гоё гоё дуу зохиогоод байсан уу гэвэл үгүй л дээ.

Я.Одсүрэн: Хэрэв биднээр кино хийвэл аймшгийн кино гарна.

Ц.Чулуунбат: Порно кино гарна, ха ха.

Я.Одсүрэн: Тэр киног үзсэн хүн хамгийн түрүүнд эхнэрүүдийг хүндэтгэх байх.

ГУНИГ, ХАРУУСАЛ: Төмөр торны ард төрсөн “Гэгээ”

-Сайн уран бүтээл хийхэд сэтгэлд нь гуних хэрэгтэй байдаг шиг санагддаг.

Я.Одсүрэн: Үнэн.

-Гэхдээ тэр гунигаа залгиж, шингээж чаддаг байх ёстой. Гунигийн тухай яривал?

Ц.Энхманлай: Гуниг гэдэг хувь хүний амьдралд илүүтэй гарч ирдэг зүйл шүү дээ. Хамтлагийн хувьд бол гуниг гэж юм байхгүй. Хаана нь байх юм.  

Ц.Чулуунбат: Гэхдээ гуниг харуусал гэдэг зүйл бидний дуунд тусаж л байсан. “Гэгээ” дууны тухай яримаар санагдлаа.

Ц.Энхманлай: Тухайн үед Р.Чойномд зориулж хийе гэж ярьсан юм.

Х.Лхагвасүрэн: Тэр хүн тийм сайхан юм хүссэн мөртлөө өөрөө “тэнд” сууж байж л дээ.

Ц.Чулуунбат: Энэ шүлгийг бичихийн тулд Лхагваа өөрөө үнэхээрийн гуниглана. Гуниглаж байж л бичнэ.

Ц.Энхманлай: Бид бас зүгээр бичүүлээгүй. Цонхны гадна талын хаалт төмөр дөрвийг оруулж ирээд, өрөөндөө. Тэгээд шорон шиг дөрвөлжин юм хийгээд, дотор нь Лхагвааг оруулсан. Гэрлийг нь унтраагаад, гаднаас нь түгжчихээд явчихсан.

Ц.Чулуунбат: “Өөрийгөө шоронд байна гэж бодоорой” гэж байгаад шүү. Тэгээд Лхагваа бичсэн, тэр бол аймаар шүлэг болсон.

-Та тэр шүлгийг бичсэн тухайгаа ярь л даа?

Х.Лхагвасүрэн: Үгүй яах вэ, яг бодит мэдрэмж төрүүлэхийн тулд эд “мөрдөн” хийж байхгүй юу. Бид залуугаасаа Р.Чойномын номыг нууцаар дамжуулж, уншдаг байсан. Ерөнхийдөө мэднэ. Тэгээд л, тэр хүний оронд оюун ухаанаараа суух гэж хичээсэн гэсэн үг шүү дээ. Өөрийгөө оронд нь тавиад л.

Ц.Чулуунбат: Гуниг харуусал дандаа л уран бүтээлд шингэнэ. Тэгж байж бас сайн уран бүтээл гарна. “Халуун сэтгэл” гэж дуу байна. Ах нь нас барсан хүн надаар захиалж бичүүлж байсан. Гэртээ би орой лаа асаачхаад, ганцаараа. Ахыгаа алдчихсан юм шиг дүрдээ орж байгаа юм л даа.

Х.Лхагвасүрэн: Ахаас нь асуугаад байгаа байхгүй юу, “Ямар хүн байсан юм бэ” гээд. Нөгөөх нь “Дэндүү л сайн хүн байсан юм” гэж хариулна, өөр юм хэлж чадахгүй.

Ц.Чулуунбат: “Дэндүү сайхан сэтгэлтэй хүн байсан юм” л гээд байна.

Энэ гэх мэтчилэн уран бүтээлд гуниг шингэнэ. Би аавыгаа алдчихаад зохиосон дуугаа Манлай ахаар чинь дуулуулж байсан. 1979 онд. Урлаг хатуу харгис гэдэг утгаараа аймаар л даа. Аавыгаа хөдөөлүүлчхээд орой нь тоглолтод ирж байлаа. Ер нь харуусал гэдэг аягүй хэцүү.

“Дэлхий ертөнц” тоглолт дээр дуулж байтал “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Б.Баярааг нас барсан тухай сонссон юм. Тэгээд Лхагваа бид хоёр шөнөдөө суугаад, “Хоёрдугаар сар” нэртэй дуу бичиж байх жишээтэй. Хоёрдугаар сард өнгөрсөн юм.

Х.Лхагвасүрэн: Гуниг харууслаа дуундаа шингээгээд, нийгэмд том агуулгаар нь хүргэдэг гэсэн үг. Үнэхээр Монголдоо гоё амьдармаар байна. Шударга, сайхан, дэлхийн ямар ч өндөр хөгжилтэй орноос дутахааргүй. Тийм л зөвхөн Монголдоо амьдармаар байна. Түүнийгээ л дуулаад байгаа шүү дээ.

Ц.Чулуунбат: Саяхан ш дээ, Лхагваа ах чинь залгаж байна. Залуус “Монголдоо сайхан амьдаръя” гээд жагсаад байна. Бид дэмжье л дээ. Бид ч гэсэн 1989 онд дуу хуураа өргөж л явсан. Тийм болохоор дэмжье гэж ярьсан. “Бид хийдгээ хийсэн ч ард нь асаалттай танк шиг байх ёстой” гэж их гоё үг хэлсэн.

-Нээрэн тэр жагсаалын зураг, бичлэгийн ард “Зөвхөн Монголдоо”-г дэвсэж, бичлэг хийсэн байсныг харсан юм байна. “Харанга” нүүр хуудастаа нийтэлсэн байсан.

Х.Лхагвасүрэн: Б.Явуухулан гуайн энэ наймхан мөртэй шүлэг. Үүнийг л ойлгочихвол бид сайхан амьдарч болохоор хэмжээний санагддаг юм.

Ц.Чулуунбат: “Ухааны саруулыг би өвгөдөөсөө өвлөлөө. Андын журмыг би ардаасаа сурлаа. Амьдын жаргалыг би Монголдоо эдэллээ” гэж. Энэ бол талбай дээр жагсаж буй залуусын “Мөрийн хөтөлбөр” байгаа байхгүй юу.

ХОЛБООС: Дуу бол ерөөл

-Зүгээр л гудамжаар алхаж буй хүн “Харанга”-ын дууг сонсоход, тэр хүний хувийн амьдралд тохиолдсон гуниг, аз жаргал тайлагдаж, хөглөгдөж байдаг. Хувь хүн болгоны сэтгэл рүү орж байдаг...

Х.Лхагвасүрэн: Хүн болгон адилхан учир зовлон ч нэг, жаргал ч нэг, өвчин ч нэг л байгаа шүү дээ.

-...Дуугаараа Монголын ард түмэнтэй холбогддог. Түүнийг ямар үед мэдэрдэг вэ. Хүмүүс хувьчилж хэлдэг л байх. Нүүр тулж уулзахгүй ч 30 жил холбогдож яваа тэр сэжмийг сэтгэлдээ мэдрэх үе?

Ц.Чулуунбат: “Халуун сэтгэл” гэж дууг зөвхөн ахдаа зориулж хийлгэе гэхэд нь би “Үгүй ээ, ахгүй, аавгүй, дүүгүй, эгчгүй тийм хүмүүст нийтэд нь зориулж хийвэл энэ дуу амьдарна аа” гэж хэлсэн. “Энэ дууг сонсохоор аавтайгаа уулзсан шиг болдог” гэсэн сэтгэгдлүүд маш их ирдэг. Хэрвээ тэр залуу ахынхаа нэрийг хэлүүлээд л дуулуулсан бол дуу амьдрахгүй байх байсан. Ингэснээр маш олон хүний гуниг зовлонг хуваалцаж байна гэсэн үг.

Би нэг их бурханд сүсэглэж, лам багшийн заавраар явдаг хүн биш. Эр хүний хийморьтоо л итгэдэг нөхөр. Гэхдээ нэг өдөр хамба ламтай тааралдаж, хоёр үг сольсон юм. Хамба “Буян сайн хийх хэрэгтэй” гээд л ярив. Би “Би бараг л шашингүй үзэлтэй хүн ш дээ” гэтэл “Үгүй чи, тэр сайхан дуунууд дуулж, тэр олон улсыг уярааж байгаа чинь мянга түмэн маань мэгзэм болж байгаа шүү дээ” гэж хэлсэн. Тэр утгаараа маань мэгзэм хөгжөөж буйтай ижил зүйл хийж байна л гэж ойлгодог.

Х.Лхагвасүрэн: Дуу бол бас ерөөл шүү дээ. Ерөөгөөд л байгаа хэрэг.

Ц.Энхманлай: Над дээр бас нэг хүн ирсэн юм, компанийн захирал. “Ах аа, би  танд баярлаж явдаг шүү” гэлээ. Би гайхаад, “Яагаад?” гэж асуутал “Би архинд орж, гудамжинд гарсан байсан. “Амьдрал” дууг сонсоод би өөрийгөө өөд татсан, архинаас гарсан” гэсэн. Тийм зүйл зөндөө бий.

Я.Одсүрэн: Дуу хүчтэй, хүчтэй. Яах ч аргагүй хүчтэй.

Х.Лхагвасүрэн: Дуунд худал юм байхгүй, үлгэрт үнэн юм байхгүй гэж.

-Хэчнээн уран бүтээлчид агуулга бүтээж, шатаж амьдарлаа ч олны танил болно гэдэг нэгэн дагавар асуудал байдаг. Заавал хувийн амьдрал руугаа өнгийлгөх шаардлагатай болоод байдаг. Та бүхнийг залуу байхад шар хэвлэлүүд их  хүчтэй байсан даа?

Х.Лхагвасүрэн: Тэр бүрийг хүлээж авбал хэцүү шүү дээ.

-Тоодоггүй байсан уу?

Л.Лхагвасүрэн: Тоохгүй. Ардынхаа үгээр л амьдарна. Жингийн цуваа явж л байдаг, замын нохой хуцаж л байдаг гэдэг шиг. Хайран цаг.

Я.Одсүрэн: Настангууд хэлдэг дээ. Сайн үгийг аваад, муу үгийг хийсгээд өнгөрөө гэж.

Х.Лхагвасүрэн: Гэхдээ тиймэрхүү юм унших эвгүй л дээ.

Ц.Чулуунбат: Ер нь Тэнгис ээ, цаг хугацаа гэдэг чинь асар хурдан явах юм. Хөгширнө ч гэж мэдээгүй явтал өнөөдрийг хүрчихсэн байна. Би сая цар тахлын үеэр олон дуу хийлээ. Адгаад л, Манлай дээрээ очоод л баахан юм нухдаг юм. Гэтэл нэг өдөр бие хаа эвгүй боллоо. Тэгээд бодож байгаа юм, “Үгүй ер, үхэх гээд л байсан юм байлгүй. Байн байн юм хийх гэж адгаад” гэж бодсон. Гэхдээ уран бүтээлч хүний шунал гэдэг ийм л байдаг.

Х.Лхагвасүрэн: Цаг хугацаатай уралдчих гээд л.

Ц.Чулуунбат: Уралдчих гээд л үзээд байгаа байхгүй юу.

Х.Лхагвасүрэн: Эсвэл түрүүлчих гээд л /Инээв/.

Ц.Чулуунбат: 1972 оноос хойш хэдэн ч удаа тайзан дээр гарсан юм дээ. Ямар хурдан өнгөрдөг юм. Энэ хугацаанд “Харанга”-аас нэг ч хүн “Би од боллоо” гэж хэлж байгаагүй. Гэхдээ бидэнд мөрөөдөл байсан. Бид 1980-аад онд, нийгэм хэцүү байхад мөрөөдлөө ярьцгаадаг байсан юм. “Баруунд рок хамтлаг тоглоход цөмөөрөө нэг нэг машинд суугаад явдаг юм байна. Гитарыг нь хөглөж өгөөд л, өөрсдөө шууд тайзан дээр гараад л тоглочихдог юм билээ” гээд ярихаар эд нар инээлддэг байсан.

Я.Одсүрэн: Барууны соёл тэр үед яах ч аргагүй хол байсан.

Ц.Чулуунбат: Тэгээд бид нэг удаа шинэ жилийн тоглолтод явтал, таван машин ар араасаа цуварч байсан. Аль хэдий нь тэр мөрөөдөл биелсэн байсан. Гэхдээ “Харанга”-ын нэг зүйл онцлог. “Харанга” зам гаргасан.

Х.Лхагвасүрэн: Гадаадад байгаа монголчууддаа хамгийн түрүүнд “Харанга” очсон гэж байгаа.

Ц.Чулуунбат: Өөрсдийгөө магтаад байдаггүй ч их олон зүйлийн замыг зассан.

Я.Одсүрэн: Бид Москвад хамгийн анх студид очиж, найман дуу бичүүлж байсан. Орчин, техник баазыг нь харж аваад, ирж рок төв байгуулаад л, тэр гадаадын студийг нутагшуулъя гэж зорьж байлаа.

Х.Лхагвасүрэн: Тэр мөнгөөр бид нэг нэг машин аваад унаж болох л байсан. Гэхдээ эхлээд найман дуу бичүүлэх нь чухал гэдгийг ойлгож байсан. Мөн энэ хугацаанд биднийг дэмжсэн маш олон хүн бий л дээ. Харахад тавуулаа боловч цаана нь 50 хүн бүх зүйл дээр гараа өргөөд дэмжиж байдаг. Гэр бүлээс гадна хэлж буй тоо шүү дээ.

Ц.Чулуунбат: “М Си Эс” жижиг консултант компани байхдаа биднийг дэмжиж, ивээн тэтгэж байлаа.

-Гэхдээ үс цайх ямар мэдрэмж байдаг юм байна?

Ц.Чулуунбат: Би нэг их сайхан буурал үстэй болчих юм сан гэж боддог ш дээ. Даанч үс бууралтаж өгөхгүй юм.

Ц.Энхманлай: Миний үс бууралтахгүй, сахал бол сайхан цагаан болсон.

-“Үс цайх” гэдэг үгээр асуухаар “Үс цайдаггүй ээ” гэж хариулаад байдаг.

Ц.Чулуунбат: Шанхан дээр жаахан цайраад л цаашаа байдаггүй шүү.

Я.Одсүрэн: Ер нь уран бүтээлч хүний сэтгэл дандаа залуугаараа. “Би хөгширсөн шүү” гэж бодож юм хийх юм бол утгагүй биз дээ.

БҮСГҮЙ ХҮН: Хорвоод гэгээрсэн хоёр л амьтан

-Энд “Харанга”-ын таван эр сууж байна. Тиймд бүсгүй хүний тухай асуулгүй өнгөрч болохгүй. Эсрэг хүйсний хүнээ сэтгэл дотроо ойлгоно гэдэг уран бүтээлчийн хувьд бас нэгэн үзүүлэлт гэж боддог. Эр хүн бүсгүй хүний дэргэд ямар үүрэг хүлээх ёстой юм бэ?

Х.Лхагвасүрэн: Бид бүсгүй хүнд түрүүлж хаалга нээж, сандал тавьж өгдөг үед л хүмүүжсэн. Ээжүүд бол бурхад юм, эрчүүд бол цэргүүд юм. Миний хувьд ингээд л бол оо.

Ц.Чулуунбат: Миний зарчим бий. Хэчнээн хөгширлөө ч “Одоогийн залуус” гэж хэлэхгүй юм шүү. Хоёрдугаарт “Яаж ч хөгширсөн томдсон хувцас өмсөхгүй шүү” гэж боддог. Томдсон хувцас эр хүнийг сүр сүлдгүй болгож харагдуулдаг. Ийм хоёр зүйл л бодож явдаг.

Я.Одсүрэн: Бүсгүй хүнгүйгээр бидний уран бүтээл хэзээ ч цэцэглэж гарахгүй шүү  дээ.

Ц.Энхманлай: Амьдрал ч байхгүй.

Я.Одсүрэн: Амьдрал ч байхгүй шүү дээ. Миний хувьд анхны дурлал маш том тэсрэлт болсон. Тэндээс анхны дуу гарч ирж байх жишээтэй. Бидний уран бүтээлийн дийлэнх нь эмэгтэйчүүдийн тухай. Эх хүн, эхнэр хүний тухай байдаг.

Ц.Чулуунбат: Би бол эмэгтэй хүнийг бурхан гэж үзэхгүй. “Чи ээжийгээ хэзээ ч алттай ч юм уу, бурхантай зүйрлэ. Эх хүн гэдэг хорвоо дээр цор ганц ариун амьтан шүү” гэж их мундаг хүн надад хэлж байсан.

Х.Лхагвасүрэн: Хорвоод гэгээрсэн хоёр л амьтан байдаг гэнэ. Ээж, үнээ хоёр. Ээж яаж ч байсан үрдээ гомддоггүй. Үнээг өглөө тугалнаас нь салгаад хөөгөөд явуулж байхад л орой “Сүүгээ аваарай” гээд, эргээд ирдэг гэнэ.

Ц.Чулуунбат: Эмэгтэй хүн байж гэмээ нь л энэ хорвоо тогтдог гэж аягүй сүртэй юм ярьдаг. Эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байж л энэ хорвоо тогтоно шүү дээ. Гэхдээ эмэгтэй хүн бол гэрийн дээд нь юм. Харин эрчүүд бол цэргүүд юм аа. Багаасаа л бид тэгж ойлгож ирсэн. Одоо ингээд харахад, бидний эмэгтэйчүүдийг хүндэтгэх хүндэтгэлийн хэмжээ бүгд ижилхэн.

ЭХ ОРОН: Зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад хэвтвэл тэр эх орны эзэн

-Одоо асуултууд нийгэм рүү чиглэх юм, цаг ч хомс болжээ. Залуу уран бүтээлчид “Харанга”-аас юуг нь сурах ёстой юм бэ. Тэдэнд юу гэж хэлмээр оргиж явдаг вэ?

Ц.Чулуунбат: Би нэг юмыг чамаар дамжуулмаар байна. Зарим залуус “Одоо Б.Сарантуяа, “Харанга” зайгаа тавьж өгмөөр юм” гэж ярьдаг. Бид зайгаа тавьж өглөө гээд хөгжмөө хураагаад, гэртээ суух гэж үү. Үгүй л байхгүй юу. Энэ ухагдахууныг болимоор байна.

Х.Лхагвасүрэн: Энэ ямар даргын суудал биш дээ.

Я.Одсүрэн: Тоглож чадахгүй байгаад байгаа бол бас нэг ондоо зүйл.

Ц.Чулуунбат: Тоглож чадахгүй болчихсон байлаа ч яадаг юм.

Я.Одсүрэн: Гэхдээ үнэхээр тоглож чадахаа байчихсан нөхцөлд энэ үгийг сонсож болно. Харин бид өнөөдөр тоглож байгаа. Гараад л ир. Тэгвэл болж байна. “Мундаг хүүхэд гараад ирж, зайлуулъя” гэж хэзээ ч хэлэхгүй. Харин ч баярлаад, угтаж авна шүү дээ.

Х.Лхагвасүрэн: Нөгөөх чинь л үргэлжилнэ шүү дээ, “Яагаад Монгол хийж чадахгүй гэж” гээд.

Ц.Энхманлай: Энэ бол өөрийгөө олоогүй хүний үг байхгүй юу. Хүний хийсэн, бүтээсэн, хийж байгаа үнэ цэнийг ойлгодоггүй хүний амнаас гарч буй үг.

Ц.Чулуунбат: Дээрээс нь үүнийг заавад оруулж өгөөрэй. Биднийг ч, өөр мэргэжлийн хүмүүсийг ч тэгж хэлдэг юм, “Энэ муу хөгшчүүд” гэж. Хөгшин хүнээс хөгшин ухаан гардаггүй байхгүй юу. Тэгэхээр өөрөө эхлээд бодох хэрэгтэй. Би энэ хүний насан дээр очоод ямар байх бол гэдгээ бодох.

Х.Лхагвасүрэн: Юун очих, азтай нь урт насалдаг юм.

Н.Пүрэвдаш: Нэг залуу “40-өөс дээш насныхан үхвэл улс хөгжинө” гэж ярьсан байсан.

-Тэр залуу надтай хийсэн ярилцлагынхаа үеэр тэгж хэлсэн юм. Би түүгээр нь гарчигласандаа одоо харамсаж явдаг. Тэр өөр агуулга бодож хэлсэн ч хүмүүст шууд утгаар, хүнд тусчихсан.

Ц.Чулуунбат: Гэхдээ энэ бүхэнд гомдоллоод байгаа хэрэг биш шүү. Бид тоох ч үгүй. “Биднийг хөгшин гэлээ” гэж гомдоогүй хэрэг. Харин “Хүрээд ир ээ” л гэж буй.

Ц.Энхманлай: Чи гитар тоглодог хүүхэд байлаа гэж бодъё. Чи сайн гитарчин болоод яг яах гэж байгаа юм. Хамтлаг байгуулах юм уу, соло гитарист болох юм уу.

Ц.Чулуунбат: Эсвэл мөнгө хөөх гэж байгаа юм уу.

Ц.Энхманлай: Түүнийгээ олчхоод зорилгоо тавь. Харин зорьсон зорилгодоо үнэнч бай. Өөрийгөө хуурах юм бол юу ч бүтэхгүй.

-“Харанга”-ынхаан, эх орон яагаад үнэтэй юм бэ?

Ц.Энхманлай: Эх орон байхгүй бол чи хаана амьдрах вэ. Гадаадад чи цагаач, тэр улсын иргэн биш. Тэртэй тэргүй гадуурхагдана. Тэгэхээр хүнд адлагдаж амьдрах уу, өөрийн эх орондоо эзэн нь юм шиг амьдрах уу гэдэг асуудал байхгүй юу.

Я.Одсүрэн: Барын зулзага байх уу, батганы толгой байх уу гэдэг дээ.

Ц.Чулуунбат: Би Оогийгийн хэлсэн үгэн дээр нэг зүйл нэмчихье. Би эзэн Чингис хаан, өвөг дээдэсдээ баярладаг. Тэд асар их газрыг эзэлж авсан, гэхдээ энэ нутгийг яаж сонгов оо. Энэ холыг харж, өвлүүлж үлдээсэн хаад ноёд, ихэс дээдэстээ баярладаг. Энэ газар төрсөн би аз жаргалтай /Ширээ алгадаад босов/.

Я.Одсүрэн: Ер эх оронч байхыг тулгаад хэрэггүй. Гадаадад очиж амьдраад ирэхээр бүх зүйл ойлгогддог.

Х.Лхагвасүрэн: Нийгмийн ийм цаг үе байна л даа. Үргэлж иймээрээ байна гэж үгүй. Гэхдээ ямар ч монгол хүн нутгаа санадаг юм. Тэд амьдрахын эрхээр л явж буй. Харин монгол болж төрсөндөө гутраад явж байгаа хэрэг биш. Солонгост таван сая төгрөгийн цалин авахын тулд явцгааж байна. Энд таван сая төгрөгийг нь өгье гэвэл ажиллах л байхгүй юу. Зүгээр л тийм нийгэм нь бүрэлдээгүй байна. Бид нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжиж байна. Зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдарвал тэр эх орны эзэн л дээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН, О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 9, 2022 09:42

Сайхан ярилцлага болжээ. Харангынхандаа амжилт хүсье. Тоглолтыг нь тэсэн ядан хүлээж байна.

Зочин
Зочин
5 сар 9, 2022 09:43

Аргагүй түүхт хамтлаг юм даа

Зочин
Зочин
5 сар 9, 2022 11:54

Сайхан яриа уншлаа

Бат
Бат
5 сар 9, 2022 18:01

Улам их амжилт хүсье. Харанга шүү. Тоглолтон дээр уулзацгаая ах нар аа.

Зочин
Зочин
5 сар 9, 2022 20:25

Yahin argagu mongoliin domog bolson hamtlaguudin neg

Зочин
Зочин
5 сар 9, 2022 20:49

Тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа ????

Зочин
Зочин
5 сар 9, 2022 20:49

Yahin argagu mongoliin domog bolson hamtlaguudin neg

Зочин
Зочин
5 сар 9, 2022 20:51

Toglolt ni hurdan boloosoi neg saihan toglolt uzeh yumsan

Зочин
Зочин
5 сар 9, 2022 20:56

Mongol domoguud togloh gej baina

Зочин
Зочин
5 сар 9, 2022 21:27

Domguud

Зочин
Зочин
5 сар 10, 2022 09:15

sauhan yriltslaga boljee

Холбоотой мэдээ

Back to top button