4х400 м-ийн буухиад Доминиканы шигшээ түрүүлэв

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 4х400 м-ийн холимог буухиа уралдаанд Доминиканы шигшээ баг “Катар 2019” ДАШТ-ий аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч АНУ, “Токио 2020” олимпын аварга Польш зэрэг хүчтэй өрсөлдөгчөө ардаа орхин түрүүллээ.
Талбайн эзэн АНУ уралдааныг тэргүүлж явсан ч бариан дээр Доминикан, Голландыг урдаа оруулж, хүрэл дээр буув. Харин Недерландын сүүлийн гүйгч хожимдож бариа хийснээсээ болж түрүүлэх боломжоо алдав. Тэмцээний албан ёсны цахим хуудаст гарсан мэдээлэлд барианы үеийн нөхцөл байдлыг “Зам 10 метрээр богино байсан бол АНУ, 10 метрээр урт байсан бол Недерланд түрүүлэх байлаа” хэмээн тун ойлгомжтойгоор зурагласан байв. Олимпын аваргууд дөрөвт оржээ.

Энэ уралдааны бас нэгэн онцлогч нь хөнгөн атлетикийн бүх цаг үеийн сод тамирчдын нэг алдарт Аллисон Феликс сүүлийн удаа зам дээр гарч уралдсан явдал байсан. Домогт тамирчин маань өөрийн ээлжиндээ 400 м-ийг 50.15 секунд гүйн буухиагаа багийн анд Вернон Норвудад шилжүүлсэн юм. Норвуд замаа 44.40 секундэд туулсан нь энэ тэмцээний хамгийн шилдэг үзүүлэлт болсон ч хүрэл дээр л буув. Өөрөөр хэлбэл, Аллисон Феликс 21 жилийн замналаа ДАШТ-ий хүрэл медалиар төгсгөсөн гайхамшигтай амжилт үзүүллээ.

“Сүүлийн удаа эх орондоо, элэг нэгтнүүдийнхээ өмнө уралдаж таарна гэдэг онцгой тохиол юм. Үзэгчдийн дунд охин минь ч байсан. Өнөө орой миний сэтгэлд хоногшиж үлдэх болно. Сайхан дурсамжтайгаар спортоо орхиж байна. Цаг нь болсон. Энэ залуус ирээдүйд өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна. Тиймээс амьдралынхаа дараагийн үе шат руу тайван орох болно” хэмээн Аллисон Феликс өгүүлжээ.
Хөнгөн атлетикийн ДАШТ
Южин, АНУ
Гүйлт
Долдугаар сарын 15 /Монголын цагаар 16/
4х400 м холимог буухиа
1. Доминиканы БНУ /Лидио Андрес Фелиз, Мэрилейди Паулино, Александер Огандо, Фиордализо Кофил/– 3.09,82
2. Недерланд /Лиемарвин Воунвачиа, Лиеке Клавер, Тони Ван Диепен, Фемке Бол/– 3.09,90
3. АНУ (Элия Гувдин, Аллисон Феликс, Вернон Норвуд, Кеннеди Саймон) – 3.10,16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
голланд гхээ больсон. Недерланд ч биш Нидерланд. Феликс ч мундаг тамирчин л даа