Арман Дюплантис дэлхийн дээд амжилт тогтоолоо

АНУ-ын Южин хотноо болж буй ДАШТ-ий тулгууртай харайлтын төрөлд Шведийн тамирчин Арман Дюплантис 6.21 метр дээгүүр гарч, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тулгууртай харайлтын домог Сергей Бубка ОУХАХ-ноос өгдөг урамшууллын мөнгийг олон удаа авахын тулд байнга ганц, ганц сантиметраар ахиулдаг байсан бол Арман Дюплантис өнгөрсөн зургадугаар сард Стокхольмд болсон “Алмаазан лиг”-ийн үеэр 6.16 м-ээр дэлхийн дээд амжилт шинэчлээд хэдхэн долоо хоногийн дараа ийнхүү таван сантиметраар ахиулав.
Швед эр эдүгээ Сергей Бубкагийн “мөнхийн” гэгдэж асан дээд амжилтуудыг бүгдийг нь эвдэж, Усайн Болтыг зодог тайлснаас хойш дэлхийн хөнгөн атлетикийн гол од гэгдэж байгаа юм.
Энэ жил 22-хон настай тэрбээр 2019 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээсээ хойш Токио 2020 олимпын наадам, “Южин 2022” ДАШТ-д дараалан түрүүлээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.