Сурвалжилга, Нийтлэл

ГАРЛАГА: Нэгхэн жилийн дараа "хэрэггүй” болсон "Иргэний боловсрол”-ын сурах бичиг

Өнгөрсөн наймдугаар сард БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ажлын хэсгийн хамтаар ирж буй хичээлийн жилтэй холбогдуулан олон нийтэд мэдээлэл хийсэн. Нэн чухал, бас сонирхолтой олон сэдвээр ярьсны дотор бага ангийн сургалтын хөтөлбөрт “Монгол ёс, хүмүүжил” гэдэг шинэ хичээл нэмэгдсэн тухай багтаж байв. Ингэхдээ, “Иргэний боловсролын хичээлийн агуулгыг шинэчилсэн нь энэ” гэсэн утгатай мессежийг олон нийтэд өгсөн юм. Харин сурах бичгийн тухайд бага гэж басалтгүй гарлага гаргасан тухайгаа яриагүй.

Бүр тодруулбал, 1-5-р ангид “Монгол ёс, хүмүүжил” гэсэн хичээл нэмэгдсэн бол, 6-12-р ангийн хөтөлбөрт “Иргэний ёс зүй” гэдэг хичээл шинээр орохоор болсон. Хэдий өмнөх хичээлийн агуулгад нь шинэчлэл хийсэн хэмээж буй ч, сурах бичгийн хувьд цоо шинээр хэвлэгдэх нь тодорхой. Ингээд мөн өнгөрсөн жил “эргүүлэн нэмсэн” Эрүүл мэндийн хичээлийн сурах бичгийн хамт нэжгээд сурах бичиг хэвлэлт рүү шилжиж, сурагчид будаг нь ханхалсан номууд хүлээх болов.

Нэг улирал өнөөдрийн баасан гарагаар дуусаж, сурагчид амарлаа. Тэд дахиад л сурах бичиггүй хичээллэсэн. Дөрвөн жилийн амьтай яамны бодлого гэнэтийн өөрчлөлт хийхдээ уургын морь шиг хэрнээ цаг хугацаанд багтаж, бүтэж чаддаггүйн баталгаа дахиад л энэ болов.

Нэгэнт түрээсийн сурах бичгийг хэвлэх үйлдвэрүүдтэй хичээлийн жил эхэлсэн хойно, аравдугаар сарын эхэн болон дундаас гэрээлж эхэлсэн учир увьж цувсаар нэг улирлыг барчихлаа. Одоо бүгд шинэ агуулгатай, шинэ сурах бичгийнхээ барааг ирэх улиралдаа харна гэж хүлээж буй.

Гэхдээ нэгхэн жилийн настай “Иргэний боловсрол”-ын сурах бичиг ЕБС-ийн номын санчдаас өөр хэнд ч хайран байсангүй.

1-5-р ангиудад Иргэний боловсролын хичээл орох болсон нь мөн л өмнөх дөрвөн жил, өөр сайдын үеийн явдал. Сурах бичгийн агуулгын хувьд нэжгээд алдаа гарсан гээд зохиогчид нь шүүхийн хаалга хүртэл татаж байв. Сонирхолтой нь бага ангиудын иргэний боловсролын сурах бичгүүд лав 2018 онд шинээр хэвлэгдэж, ЕБС-ийн номын сангуудад тараагдсан байдаг. “2018 он” гэсэн бичигтэй цоо шинэ номыг 2019 ондоо хэрэггүй болчихно гэж хэн санах билээ.

2017-2018 оны хичээлийн жилд хийсэн судалгаагаар ЕБС-ийн бага ангид нийт 310 орчим мянган хүүхэд суралцаж байна гэсэн тоо гарсан. Ийм хэмжээний сурах бичиг хэвлэх гэдэг бага зардал биш. Жилийн дараа “Монгол ёс, хүмүүжил” гэсэн  шинэ хичээлийн сурах бичгийг мөн зарлага гаргаж хэвлээд, нэгхэн настай Иргэний боловсролын сурах бичгээ хэрэглээнээс хасна гэдэг ч өөрөө багагүй гарлага.

Сурах бичгүүд “нам солигдохын тоогоор” шинэчлэгдэж, хуучин нь ЕБС-иудын номын санд хураагддаг. Хэн ч ашигладаггүй хуучин сурах бичгүүдээр номын фонд нь дүүрсэн учир 20-25 суудалтай уншилгын танхимынхаа шалаар нэг түрээсийн сурах бичгээ хөглөрүүлж, номын сангийн үйл ажиллагаагаа зогсоож, ном бүртгэдэг, хураадаг ажил л хийж байгаа тухайгаа номын санчид хэлнэ. “Одоо дахиад шинэ юм хүрээд ирэх вий дээ, хуучнаа хийх газаргүй байхад” гээд инээд алдана. Хуучин сурах бичгүүдийг актлахын тулд тусгай зөвшөөрөл гаргуулдаг, тэгээд ч хүлээж авдаг цаасны үйлдвэр, шатаадаг уурын зуух ч олддоггүй тухайгаа хуучилна.

Бид дээр, дооргүй урагшилж, алдаа дутагдлаа засан сайжрахыг хичээж буй. Шинэ тутам санаачилгыг буруушаах энд өрөөсгөл. Гэхдээ л дөрвөн жилийн амьтай яамны бодлогын үрээр Иргэний боловсролын хэдэн арван мянган ном нэгхэн жилийн дараа гарлага болж, “Монгол ёс, хүмүүжил” хичээлд зайгаа тавьж өгөв.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-18 08:53

Acheter Viagra Pas Chere Injection Amoxicillin Dosage [url=http://cialibuy.com]cialis vs viagra[/url] Priligy Omeopatico

MatFuse
MatFuse
2020-01-27 04:52

Dosage Dog Uti Keflex [url=http://buyciaonlinex.com]Cialis[/url] Buy Propecia In Europe Cialis Comprare Cialis In Contrassegno

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button