Гадаад мэдээДЭЛХИЙ

Барууны холбоотнууд АНУ-ын төлөвлөгөө хэт ОХУ-ын талд байна хэмээн хүчтэй эсэргүүцлээ

Барууны холбоотнууд бямба гарагт /2025.11.22/ Украиныг дэмжин, АНУ-ын энхийн төлөвлөгөө Москвад илт давуу нөхцөлтэй байна хэмээн өөрчлөлт оруулахыг уриалав. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский украинчууд үргэлж эх орноо хамгаална гэж мэдэгдсэн байна.

АНУ ОХУ-тай хэлэлцэж гаргасан 28 заалттай энхийн төлөвлөгөө нь Киев болон Европын орнуудыг түгшээх болов. Улсынхаа бүрэн эрхт байдлаа хамгаалах уу, эсвэл АНУ-аас ирдэг тусламжийг хадгалж үлдэх үү гэсэн хүнд сонголттой нүүр тулж магадгүй гэж Зеленский хэлсэн билээ.

Трамп энэ пүрэв гараг /2025.11.27/ гэхэд Зеленский энхийн төлөвлөгөөнд хариу өг хэмээн шаардсан. Гэхдээ Трампын энэ төлөвлөгөө нь түүний эцсийн санал биш гэжээ. Тэрбээр “Би энх тайванд хүрэхийг хүсэж байна. Аль дээрээс энх тайван тогтох ёстой байсан. Украин, ОХУ-ын дайн анхнаасаа л эхлэх ёсгүй байсан. Ямар ч байсан энэ дайныг дуусгах ёстой” гэж хэлж байсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд тэрхүү төлөвлөгөө нь Украинд энх тайван тогтоох суурь болох боломжтойг илэрхийлсэн. Гэхдээ Киев энэ тохиролцоог хүлээн авахгүй бол ОХУ-ын зэвсэгт хүчин фронт дээр урагшилсаар байх болно гэж анхааруулсан билээ.

ОХУ, АНУ-ын хэлэлцэж гаргасан төлөвлөгөөнд Украин ОХУ-д газар нутгаа өгнө гэж заасан. Киев өмнө нь олон удаа уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Мөн зэвсэгт хүчнийхээ хэмжээг багасгах, НАТО-д элсэх зорилгоо орхино гэх нөхцөлүүд бий. Тус төлөвлөгөө ОХУ олон жил шаардаж ирсэн нөхцөлүүдийг тусгаж өгсөн ч Киевт өгч буй аюулгүй байдлын баталгаа нь сул байгаа юм.

Бямба гарагт Европын Холбоо, Канад, Японы удирдагчид АНУ-ын энх тайван тогтоох гэсэн оролдлогыг сайшаасан ч төлөвлөгөөний гол заалтуудтай санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэв.

Тэд  хамтарч мэдэгдэл гаргахдаа “Бид ирээдүйд тогтоох энх тайвныг бат бөх байлгах тал дээр хамтарч ажиллахад бэлэн. Улсын хил хязгаарыг хүчээр өөрчилж болохгүй гэдэг зарчим дээрээ бид баттай зогсож байгаа. Украины армийг хязгаарлах санал нь дайралтыг сөрөх чадварыг нь хязгаарлана” гэжээ. Мөн НАТО, Европын холбоо шийдвэр гаргахын тулд бүх гишүүн орон зөвшилцөлд хүрэх шаардлагатайг онцолсон юм. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөнд тусгаж өгсөн НАТО-той холбоотой нөхцлүүдийг НАТО-гийн бүх гишүүн зөвшөөрөх ёстой болно гэсэн үг.

Зургийн эх сурвалж: CBC

Өмнөд Африкийн Йоханнесбургт болж буй G20-ын уулзалтын завсраар Франц, Герман, Их Британийн удирдагчид Киевийг хэрхэн дэмжих талаар ярилцсан байна.  Германы канцлер Фридрих Мерц “Дайныг тухайн улсын оролцоогүй, том гүрнүүд хоорондоо шийдэж болохгүй” хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ тохиролцоонд Киевт хүчтэй баталгаа хэрэгтэй гэв.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын энхийн төлөвлөгөөг өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатайг онцолсон. Учир нь энэ нь Европтой холбоотой олон зүйлийг, тухайлбал ОХУ-ын царцаасан хөрөнгө болон Украины Европын холбоонд нэгдэх асуудлыг хамарсан гэж Макрон хэлсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ Европын аюулгүй байдлыг заавал тооцох ёстой гэсэн юм.

Европ дахь Украины гол холбоотнууд Кремль дайныг зогсооход үнэхээр бэлэн эсэхэд эргэлзэж байгаагаа дахин илэрхийлэв.

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер G20-ын уулзалт өмнө “ОХУ энх тайвны талаар олон удаа ярьж байсан ч үг үйлдэл нь зөрдөг” гэж хэлжээ.

Европын удирдагчид удаан хугацаанд ОХУ-ыг дипломат хэлэлцээг сунжруулж, байлдааны талбар дээр ахиц гаргахаар оролдож байна гэж буруутгаж ирсэн. Учир нь энэ жил Киев АНУ-аас санаачилсан гал зогсоох саналуудыг хүлээн авсан. Харин Москва илүү ашигтай нөхцөл хайж, гал зогсоохоос зайлсхийсээр ирсэн юм.

Мерц G20-ын хэвлэлийн хурлын үеэр “Дайныг зөвхөн Украин бүрэн зөвшөөрсөн тийм тохиролцоогоор л дуусгана” гэжээ. Мөн тэр баасан гарагт /2025.11.21/ Трамптай утсаар багагүй хугацаанд ярилцлаж, Европ энхийн хэлэлцээнд оролцох ёстой гэдгийг хэлсэн байна. Мөн ОХУ өмнө нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэсэн амлалтаа биелүүлж байгаагүйг Трампт сануулжээ.

Мерц “Одоогоор энэ дайныг дуусгах боломж харагдаж байна. Гэхдээ бүх талуудад таалагдах үр дүн гарах хүртэл багагүй зай байна” гэсэн юм. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Киевийн холбоотнуудын гол зарчим бол “Украинтай холбоотой асуудлыг Украингүйгээр шийдэхгүй” гэдгийг тодогосон.

Ажлаа хүлээн авснаасаа хойш Трамп нэг бол Украин үгүй бол ОХУ-ын талд ээлтэй алхам хийж мэдэгдэл гаргаж ирсэн. Гэхдээ түүний гаргасан үйлдлүүд ОХУ-ын талд ашигтай байсан. Ийм учир барууны орнууд Трамп Москвагийн ашиг сонирхолд хэт нийцсэн тохиролцоонд хүргэж магадгүй гэж болгоомжилж байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button