Путин: АНУ, Украины шинэчилсэн тохиролцоо энхийн хэлэлцээний суурь болох боломжтой
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2025.11.27/ мэдэгдэл хийхдээ АНУ болон Украины хэлэлцэж шинэчилсэн тохиролцооны эх бичиг нь энхийн хэлэлцээний суурь болох боломжтой гэжээ. АНУ болон ОХУ-ын хэлэлцэж гаргасан 28 зүйл бүхий энхийн тохиролцооны эх бичиг Украин болон Европын холбоотнуудын санааг зовоогоод байсан билээ. Үүний дараа Европын орнууд өөрсдийн хувилбарыг гаргаж, Вашингтон болон Киевийн төлөөлөгчид Женевт уулзан хэлэлцэж тохиролцооны эх бичгийг шинэчилсэн юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Путин Бишкек хотноо ЗХУ-ын гишүүн байсан орнуудын удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийхдээ шинэчилсэн эх бичгийн талаар ярьжээ. Тэр хэлэхдээ АНУ, Украин 28 зүйлийг дөрвөн тусдаа бүрэлдэхүүн болгон хувааж, хуулбарыг нь Москвад өгсөн гэсэн байна. Путин “Ерөнхийдөө үүнийг ирээдүйн хэлэлцээний суурь болгох боломжтой гэдэгтэй бид санал нэг байна. Америкийн тал бидний байр суурийг харгалзан үзэж байгааг харлаа” гэжээ.
Тэрбээр зарим зүйлийг нэмж хэлэлцэх шаардлагатай хэвээр байна хэмээсэн юм. Хэрэв Европ Москвагаас довтлохгүй гэсэн амлалт авахыг хүсвэл ОХУ тийм амлалтыг албан ёсоор өгөхөд бэлэн гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.