Мөнгө завшсан гэх хэрэгт холбогдсон Ж.Хатанбаатар нарыг шүүх хурал өнөөдөр болно
Хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр байгуулсан “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ж.Хатанбаатарыг гүйцэтгэх захирал Б.Батцэцэг, санхүү хариуцсан захирал Ц.Бадамсэд нарыг “СОС Киндердорф интернэйшнл” олон улсын байгууллагын санхүүжилт болох олон тэрбум төгрөгийг завшсан хэрэгт холбогдуулан шалгасан.
Улмаар Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, мөнгө угаах хэргээр зүйлчилж өнөөдөр шүүн хэлэлцэх юм байна. Тодруулбал, |2026.11.23|-ны 13.30 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр товложээ.
Холбогдсон хэргийн зүйл анги, яллах заалтын тухайд,
Эрүүгийн хуулийн 22.3-1 Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах
Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан, албаны чиг үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашигт харшаар ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 18.6-1 Мөнгө угаах
Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Өмнөх мэдээллийг унших линкийг хавсаргав.
О.ОНОН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.