Боловсролын сайдын “боловсрол”-гүй мэдэгдэл сурагчдын эрхэнд халдах вий

Боловсролын сайд Л.Энх-Амгалан хаврын морин уралдааныг сэргээх, эсэх асуудалд Засгийн газрын тэргүүн буюу танхимынхаа “дэмжихгүй” хэмээх байр сууриас эсрэг зүг харчихсан явж байгаа нь гайхаш төрүүлээдхэв.
Тэр уг нь монгол хүүхдүүдийн боловсрол, хөгжил, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө хөөцөлдөж явах ёстой эрх бүхий албан тушаалтан атал “сурагчдын амралтыг зохицуулах амархан” ухааны зүйл яриад байж байгаа нь туйлын хоржоонтой юм. Түүний хашиж буй албан тушаал хүсэж буй зүйл хоёр нь зөрөөд байх болжээ дээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байсан, өдгөө Боловсролын сайдын үүргийг гүйцэтгэж буй төрийн хар хүнээс хүүхдийн сурч, боловсрох эрхийн эсрэг ийм дуу хоолой гарах нь хачирхалтай.
Монголчууд өвлийг өнтэй давж, хавартай золгон буй баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг ч Сар шинийн баяр дуусаад л хавар ирчихдэггүй. Тэнгэр аашаа хувиргаж гэнэт л нүдгүй шуурга тавина, гэнэт л их ээ хүйтэн жавар хүүгээд ирнэ, гэнэт л нэвсийтэл цас дарна. Тиймээс өвлийг давна, хаврыг ч бас давна гэсэн үг.
Газар гэсээгүй хөлдүүс байхад заавал хүүхэд, адгуус хоёр зовоож байж монгол уяачдын хийморь сэргэж, монгол өв соёлын уламжлал тасрахгүй мандан бадардаг хэрэг үү. Малчид бүл цөөтэй учир мал төллөх үеэр орон нутгийн хүүхдүүдийн хичээл сургууль амрах нь тогтсон л хэрэг. Гэтэл заавал “Хаврын морин уралдаан” гээчийг сурагчдын амралтаар зохион байгуулж болно гэх нь хэр зүйд нийцэх юм бол доо.
Одоо яригдаад буй Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бол гагц морь уралдах тухай асуудал биш. Өв соёл руугаа өширхөөд байгаа ч асуудал бус. Монгол хүн “амны билгээрээ” гэдэг тул хүүхэд унагааж бэртээх гээд байна, амь насыг нь хохироох гээд байна гэсэн үгс зарим хүний зүрхэнд эмзэг тусаж буй. Гэлээ гэхдээ Боловсролын сайд ньт сурагчдын боловсрол эзэмших хугацааг нь ийш тийш хөдөлгөж байгаа морь унуулчихна гэдэг бол хэлбэр хийгээд агуулгын хурцадмал зөрчилдөөн байна.
М.ЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.