Нийгмийн

АН-ын бүлэг Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардлага хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүллээ.

Шаардлагад, "Коронавирус дэлхий нийтэд тархаж, цар тахлын хэмжээнд дэгдээд бүтэн жилийн хугацаа өнгөрч байхад Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ямар ч стратеги, бэлэн байдлын төлөвлөгөөгүй, эрсдэлт нөхцөлд бэлтгэлгүй байсан нь Ерөнхий сайдыг төлөөлөн Шадар сайдын танилцуулсан мэдээллийн үед ч, улмаар хөл хорио тогтоосон өнгөрсөн 7 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээс харагдаж байна. Тухайлбал,

  1. Халдвартай иргэдийг тусгаарлаж буй зарим байрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, Энхсаран гэх сувилал нийтийн усанд орох газар, бие засах газартай, тусгаарлагдсан хүмүүсийг өрөө хооронд орж гарах хяналтгүй орчин бүрдүүлсэн, тусгаарлаж буй байрны эрүүл ахуй хорио цээрийн дэглэм мэргэжлийн бус, хяналтгүй байсан төдийгүй Энхсаран сувиллын тусгаарлах байр нь өөрөө халдвар тархаах голомт болжээ,
  2. Сэлэнгэ аймагт илэрсэн халдварын тохиолдлын голомт, эх сурвалжийг 7 хоног өнгөрөөд байхад хэзээ хаанаас халдвар тархсаныг одоо болтол тогтоогоогүй, аймгийн нэгдсэн эмнэлэг нь коронавирусын халдвар тархаах голомт болсон, мөн Оросын Холбооны Улсаас орж ирж буй галт тэргэнд зохих ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй,
  3. Халдварт өвчний үеийн хөл хорионы дэглэм тогтоосон үед махны худалдааг зохион байгуулахдаа иргэд хоорондын зай баримтлах зэрэг хорио цээрийн дэглэм мөрдөөгүй нь халдвар дамжуулах хэмжээний эрсдэлт нөхцөл байдал бий болгосон,
  4. Бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон үед замын хөдөлгөөнд зайлшгүй оролцох иргэд, ажил үйлчилгээг урьдчилан тогтоогоогүй, улмаар тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох нэрээр эмх замбараагүй байдал бий болгож, халдвар тархаах бөөгнөрөл үүсгэсэн,
  5. Халдвар болон халдвартай тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүдийн мэдээлэл зөрөөтэй,
  6. Хөл хорионы горимд шилжиж бүх бизнесийг зогсоохтой зэрэгцэн улс орны нийгэм, эдийн засагт чиглэсэн нөөц төлөвлөгөө хэрэгжиж байх атал, Засгийн газар хуралдаж шийдвэрлэхээр ярьж эхэлж байгаа зэргээс тодорхой харагдаж байна.

Цар тахлын халдвар алдагдаж, хөл хорио тогтоохтой зэрэгцэн УИХ-аас Moнгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудыг цахимаар хуралдан эцэслэн батлах үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс горимын санал гаргаж нэгэнт эцэслэн нэгтгэсэн 2021 оны төсвийг хуулийн хугацаанд шуурхай батлуулах, улмаар нэн даруй төсвийн тодотгол хийх санаачилгыг гаргасан.

Иймд энэхүү саналыг дэмжин Монгол Улсын 2021 оны төсвийн тухайн хуулийг хуулийн хугацаанд нь батлуулсан УИХ болон УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлэхийн сацуу УИХ-аас нэн яаралтай ажлын хэсэг байгуулан Засгийн газартай хамтран ажиллаж, цар тахлаас үүдэх сөрөг нөлөөлөл түүний хор хөнөөлийг илүү судалгаатай тооцож, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг танасан, хойшлуулж болох төсөл хөтөлбөрийг тэвчсэн, эдийн засагт үр өгөөжтэй, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, бизнес, аж ахуйн нэгжийг дэмжсэн бодлогыг эрэмбэлсэн төсвийн төслийг тодотгон нэн яаралтай дахин хэлэлцэхийг шаардаж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button