Орон нутгийн иргэдийг буцаах, нэвтрүүлэх хөдөлгөөнийг ДӨРВӨН ХОНОГООР сунгажээ

УОК-ын шийдвэрээр Нийслэлд гацсан хөдөө орон нутгийн харьяалалтай иргэдийг гаргах, нөгөө талд хөдөө орон нутагт хөл хорионд орсон нийслэлчүүдийг буцаан нэвтрүүлэх арав хоногийн хугацаа зарласан. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд энэ хөдөлгөөнийг нээсэн.
Ингэхдээ иргэдийг заавал PCR шинжилгээ өгч, хариугаа авснаас 48 цагийн дотор хөдөлгөөнд оролцох шаардлага тавьсныг уншигчид санаж буй.
Тэгвэл энэ арав хоногийг дахин дөрөв хоногоор сунгаж, арванхоёрдугаар сарын 14-нд дуусгавар болгохоор болжээ.
Энэ талаар ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэвлэлд өгсөн тодруулгадаа “Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг дөрөв хоногоор сунгасантай холбоотой гэж ойлгож болно. Нөгөөтээгүүр сүүлийн өдрүүдэд шинжилгээ өгөх иргэдийн тоо эрс буурсан. Анх 98 мянган хүн буцна гэж хүсэлт өгсөн ч тэдний тал хувь нь харьяа нутаг руугаа буцаагүй байна” гэсэн тайлбар өгчээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.