Сурвалжилга, Нийтлэл

СОЁЛЫН КРИТИК №1: Шанз буюу саншиан хөгжмийн ЭЭДРЭЭТ ХӨГЖИЛ

Eguur.mn сайт "Соёлын критик” хэмээн шинэ цуврал контентоо эхлүүлж байна. Критик гэдэг нь шүүмж гэсэн утгатай. Харин шүүмж бол эргэлзэх, асуух, тодруулахын нэр.

Цувралын эхний дугаарт шанз хөгжмийн ээдрээт хөгжлийн асуудлыг хөндлөө. Бид хэдийгээр ардын хөгжим гэж бат үнэмшдэг ч могойн арьсан бүрээстэй саншиан буюу шанз хөгжим нь БНХАУ-д өнөөгийн хэлбэрээ олж, хөгжсөн байх магадлалтай байгаа юм.

Эл контентоор "Үндэсний” тодотголтой алив соёлыг үгүйсгэх гээгүй бөгөөд шүүмжлэлт өнцгүүдийг сайтар анзаарснаар соёл судлал улам өндөр түвшинд хийгдэх, цаашлаад "Бид яг юугаараа МОНГОЛ гэж бахархвал зохих вэ?” гэсэн асуултад хариулт эрнэ.


ТҮҮНИЙ ХУВЬД ШАНЗ ЯРИАНГҮЙ МОНГОЛ ХӨГЖИМ

Түүнийг Н.Туул гэдэг. Туршлагатай шанзчин, Соёлын тэргүүний ажилтан тэрбээр Баянзүрх дүүргийн соёлын ордонд багшилж, багачуудад шанзаар хэрхэн хөгжимдөхийг зааж байна. Тэр шанзыг монгол ардын хөгжим гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. “Миний аав, ээжийг монгол хүн мөн үү гэж асуувал би ямар итгэлтэй хариулт өгөх билээ. Үүний адил шанзыг монгол хөгжим гэдэгт би хатуу зогсоно” хэмээж байх юм.

Яг түүн шиг олон хөгжимчид, хөгжим судлаачид шанзыг монгол хөгжим хэмээн үнэмшиж явдаг. Үндэсний найрал хөгжмийн бүрэлдэхүүнд шанз багтахаас гадна сурах бичгүүдэд ч “Монгол хөгжим” гэж бичнэ. Тэгж заана. Хилийн чанадад урлагийн тоглолт хийхдээ ч шанзыг “Бидний үндэсний хөгжим” гэж тайлбарлана.

Гэтэл эргэлзээтэй асуудлууд байсаар байна. Хамгийн эхлээд, дэлхийн ард түмэн нэн тэргүүнд шүүрдэж харах “Britannica” нэвтэрхий тольд гэхэд шанзыг Хятадын үндэсний хөгжмүүдийн нэг гээд биччихсэн байх. БНХАУ-ын археологийн олдворуудаас Ляо, Сүн улсуудын үед шанз тоглож байсан тухай баримтууд олджээ. Хамгийн гол нь тэд шанзны царыг могойн арьсаар бүрж, өөрсдөө үйлдвэрлэдэг. Харин монголчууд Ардын хувьсгал ялснаас хойш шанзыг урд хөршөөсөө худалдаж авсаар ирсэн билээ.


МОНГОЛ ЭРДЭМТДИЙН СУДАЛГАА: Г.БАДРАХ, Ж.БАДРАА, Л.ОЮУНЧИМЭГ

Нэгэнт бидний өөрсдийн гэж бодож, үнэмшиж явдаг соёл дэлхийн хэмжээний мэдээллийн ай сав дотор “Хятад үндэсний” гэж бичигдсэн байх нь араасаа нэлээд төвөгтэй асуудлуудыг дагуулах юм. Адаглаад “Манай үндэсний хөгжим” гээд тоглоход ганцын төдий цахим сурвалж эргүүлж үзэх боломжтой хүн “Хятадын дагаар үндэстэн юм уу даа?” гэж бодоод өнгөрөхийг үгүйсгэх газаргүй. Үүнээс “Яг юу жинхэнэ Монгол юм бэ. Юу нь холимог-үүсмэл, эсвэл харийн соёл юм бэ?” гэдгийг ялгаж, тунгаах шаардлага бидэнд олонтой тулгарч байна.

Манай Монголд Г.Бадрах, Ж.Бадраа хэмээгч хоёр эрхэм хөгжим судлалын суурийг тавьсан гавьяатай. Г.Бадрахын хувьд Б.Ринчен гуайн хамт Хятадын гурван сурвалж бичгийг орчуулан, анализ хийх маягаар “Монгол хөгжмийн түүхээс” номыг 1960 онд хэвлүүлсэн. Дараа нь Ж.Бадраа “Монгол ардын хөгжим” гэсэн номыг Г.Бадрахын судалгаанд үндэслэн, өөр сурвалж бичгүүдээр баяжуулан гаргасан нь өнөөдрийг хүртэл хөгжим судлаачдын гол гарын авлага болж байна.

Шанз хөгжмийн судлалын тухайд салгаж яривал, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Л.Оюунчимэгийн нэр дурдагдана. Тэр Монголд анх удаа шанзыг Монгол улс дахь түүхэн хөгжил талаас нь судалж, докторын зэрэг хамгаалсан нэгэн. Түүний “Шударгын 18 ая, хөг” бүтээлд шанз монголоос гарвалтай байх магадлалуудыг үндэслэлтэйгээр жагсаан бичсэн байдаг. Үүндээ Г.Бадрах, Ж.Бадраа нараас гадна хэд хэдэн судлаачдын бүтээлийг эш болгожээ.

Үүнээс хойш хэвлэгдсэн ардын хөгжим судлалын номууд ер дээр дурдсан гурван эрхмийн бүтээлээс голдуу эш татсан маягаар бичигдсэн байна. Ажиглалт гэвэл, тэдний гаргаж тавьсан санаа, сурвалж бичгүүдийн мөрөөр дахин орсон, магадлан шалгасан, шинэ хувилбар дэвшүүлсэн судалгааны бүтээл төрөөгүй л байна. Нөгөө талаар ахмад судлаачдын эл бүтээл асуудлыг олон талаас нь харж, голч байр суурь илэрхийлэхээс илүү “Яавал монгол хөгжим гэдгийг нь баталж болох вэ?” гэсэн нэг өнцгөөс харж бичсэн нь анзаарагддаг.


БИЙБАА МАЯГИЙН ХӨГЖМӨӨС ШАНЗ ХҮРТЭЛ

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн ахлах багш С.Энх-Амгалан шанзыг монгол хөгжим гэдэгт өчүүхэн ч эргэлзэх хэрэггүй хэмээж байна. Тэр Ху нарын үед буюу МЭӨ 3-р зуунд шанз шиг бөөрөнхий цартай, урт хүзүүтэй, 2-4 утастай, гараар дэнсэлгэн товшиж тоглодог хөгжмийн зэмсгүүд байсан талаар онцлов. Цаашид хоёр утастай нь товшуур, гурван утастай нь шударга гэх мэтээр ялгаран хөгжсөн байх магадлалтай гэсэн санааг дэвшүүлж байна.

Г.Бадрах, Ж.Бадраа нарын бүтээлүүдээс үзэхэд, бийбаа маягийн хөгжмөөс шударгыг ялгаран хөгжсөн гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг. Эртний нүүдэлчид Хүннү нарын үед бийбааг морин дэл дээр товшин тоглодог байсан гэх сурвалж бий. Харин Монголд бийбаа хөгжим яг энэ хэлбэрээрээ үлдсэнгүй. Бийбаа нь пийпаа нэрээр өнөөгийн Хятадад тоглогдож буй. Өөрөөр хэлбэл бийбааг хятадууд өөрсдийн хувилбараар хөгжүүлж, хятад үндэсний хөгжим болгосон гэгддэг бөгөөд үүнийг С.Энх-Амгалан багш ч амаар баталж байлаа.

Харин Л.Оюунчимэгийн номд дурдагдсан сурвалжуудад, бийбаа маягийн хөгжим цаашид цар нь жижигсэж, хүзүү нь уртсан, утасны нь тоо цөөрсөөр товшуур, шударга хөгжмүүд болсон гэх өнцгүүд бий. Бас нарийн задалж харвал, 2-4 утастай, урт хүзүүтэй товшуур хөгжмүүдийг ерөнхийд нь шударга гэж нэрлэдэг байсан байх ч магадлалтай байна.


ШУДАРГА УУ, САНШИАН УУ

Нэрлэгээний хувьд, хятадууд эл хөгжмийг саншиан хэмээдэг. Энэ нь гурван утаст хөгжим гэсэн л утгатай. Энэ нэрээрээ түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ. Харин Ардын хувьсгал ялсны дараа Монголд шанз хөгжмүүд урд хөршөөс орж ирж, монголчууд ӨМӨЗО-нд хятад багшаар заалган хөгжих үед саншианыг шанз болгон өөриймчилж дуудсан байна.

Харин яг шударга гэдэг үгээр өнөөгийн гурван утастай, могойн арьсан бүрээс бүхий цартай саншианыг нэрлэх бололцоотой юу гэдэг нь асуудал дагуулдаг. Учир нь, монголчууд шанагаа шударга гэж нэрлэдэг байсан гэх сурвалж бий. Харин эртний Монголд хөгжимдөж байсан бийбаа, товшуур, шанаган хуур зэрэг нь бүгд шанаган хэлбэртэй. Түүнчлэн шударга гэж урт, цэх хүзүүтэй эд зүйлийг нэрлэдэг гэсэн тайлбар ч байх бөгөөд энэ төрлийн хөгжмийн зэмсгүүд нь бүгд урт хүзүүтэйгээрээ онцлог. Сүүлд нь, шударга гэдэг нь шудран хөгжимдөхийн нэр байх бололцоотой. Харин сурвалж бичгүүдэд “Чавхдаст товшуур хөгжмүүдийг шудран хөгжимдөх болой” хэмээн бичжээ.


МОГОЙН АРЬСАН ЦАР НЬ ХЭНИЙХ ВЭ

Ингэхээр ямартай ч бөөрөнхий цартай, урт хүзүүтэй, товшин шудран тоглодог чавхдаст хөгжмүүд Ху нарын үед, энд үүсэж, тэдний зарим нь урд хөршийн соёлд нэвтэрсэн ерөнхий дүр зураг харагдаж байгаа юм. Харин яг шанз буюу шударга хөгжим нь хэдий үед Монголд өнөөгийн төрхөөрөө ялгарч, хөгжөөд, тоглогдож эхэлснийг яг таг хэлэх сурвалж бичиг, судалгааны бүтээл одоогоор алга.

Бидэнд нэг томоохон барьц байгаа нь, шанз гэж ялгаран хөгжсөн, гурван утаст хөгжмийн зэмсгийн царыг арьсаар бүрж хийдэгт оршино.

Тодруулбал, өдгөө Монголд болоод Хятадад хэрэглэдэг шанзуудын цар могойн арьсан бүрээстэй. Харин сурвалж бичгүүдийг үзэхэд, монголчууд лав шанзыг могойн арьсаар бүрээгүй байна. Монголд могой ховроос гадна бид лусын амьтан гэж эртнээс хүндэлж ирсэн. Харин товшуур хөгжмүүдийнхээ царыг ямааны цавь, ботгоны арьсаар бүрж хийдэг байсан тухай сурвалж байгаа юм.

Тэгвэл шанз Японд, Риүкиү хаант улсын үед нэвтэрсэн гэгддэг. Энэ бол 1429-1879 оны цаг үе. Харин энд шанз нэгэнт могойн арьсан бүрээстэй болсон байсан талаарх сурвалж байна. Японд могой ховор тул тэд муурын арьсаар царыг нь бүрж, өөрсдийн онцлог хэлбэрээр хөгжүүлсэн нь өдгөө шамисэн болжээ.

Япон эмэгтэй шамисэн хөгжим тоглож байна, 1800 он.

С.Энх-Амгалан багш “Үйлдвэрлэл хөгжихийн хэрээр хятадууд шанзаа могойн арьсаар бүрдэг болсон. Энэ нь цаг ууртай ч холбоотой. Арьсан бүрээстэй цар чийглэг уур амьсгалд төдийлөн сайн дуугардаггүй. Иймд могойн арьсаар бүрсэн нь тохиромжтой өөрчлөлт болсож байж мэднэ” хэмээж байна.

Тэгвэл Хятадын сурвалж бичгүүдэд шанзыг “Могойн арьсан цартай” гэж нэгэнт тодотгон бичнэ. МЭӨ 214 онд Чинь Ши Хуан умард нутгийнхны иштэй сэгсэрдэг хэнгэргийг сайжруулж, арьсан бүрээстэй, урт иштэй хөгжмийн бүтээлгэсэн нь саншианы анхны хэлбэр гэж тэд нэвтэрхий тольдоо бичиж байх юм.

Могойн арьсан саншианы хамгийн сүүлийн сурвалж Японы Риүкиү хаант улсын үед тэмдэглэгдэж байна. Харин энэ үед хамаарах монгол сурвалж бичиг төдийлөн алга. Түүнээс өмнөх үеийн, яг нарийн хэлбэрээ олоогүй, 2-4 утастай, урт хүзүү, бөөрөнхий цартай хөгжмийн төрлүүд дурдагдаж иржээ.

Ардын хувьсгал ялсны дараа Монголд урд хөршөөс шанз хөгжмүүд орж ирж, анхны мэргэжлийн хөгжимчид ӨМӨЗО-нд хятад багш нараар хэрхэн шанздахыг заалгасан баримт бий. Харин хятад багш нар Монголд ирж, монголчуудад шанз хөгжмийн сургалт явуулсан баримт байдаггүй талаар С.Энх-Амгалан багш онцолж байна.

Үүнээс хойш шанзыг бид морин хуур шиг дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй, БНХАУ-аас худалдан авдаг хэлбэрээр өнөөдрийг хүртэл явсан нь эргэлзээ төрүүлнэ. Тэр үед шанзаар тоглогдож байсан аялгуунууд ихээхэн урд зүгийн донжтой. Харин энэ цагаас хойш монголчууд шанзыг тоглох ур, техникийн хувьд хавьгүй өөрчилж, ардын болон уртын дууны ч хөгтэй болгосон нэг онцлог байна.


ГАРГАЛГАА: Тэгэхээр шанз буюу саншиан нь Хүннүгийн үеийн бийбаа маягийн хөгжмөөс урд хөршид салбарлан хөгжсөн, могойн арьсан цартай, гурван чавхдаст товшуур хөгжим байх магадлал бүрнээ байна. Ийм таамаглалыг судалгааны бүтээлдээ дэвшүүлж, хэвлүүлсэн монгол эрдэмтэн цөөн, байхгүй гэж хэлэхэд буруудахгүй. Нөгөө талаар, Г.Бадрах, Ж.Бадраа, Л.Оюунчимэг нарын үзэж буйгаар, нэгэнт эртний монголчуудын дунд урт цэх хүзүүтэй, 2-4 чавхдастай шударгын төрлийн хөгжим үүссэн байсан тул монгол хөгжим гэж үзэх тал байж болох юм.

Эцсийн асуулт нь, монгол хөгжмийг хятадууд өөрсдийн болгоод хөгжүүлчихэв үү. Эсвэл Хятадад үүсэж, өнөөгийн хэлбэрээ олсон хөгжмийг бид Ардын хувьсгалаас хойш монгол техникээр хөгжүүлж явна уу гэдэгт зангидагдаж байна.


ГАРЦ: Юун түрүүнд монгол хөгжмийн судалгааны ай сав руу дахин орчин үеийн сурвалжуудад үндэслэн, шинэ "Хаалга”-аар нэвтрэх шаардлагатайг анзаарууштай. Г.Бадрах, Ж.Бадраа нарын 20-р зууны дундуур бичигдсэн номоос шууд эш татах хэлбэрээр өнөөгийн хөгжим судлалын бүтээлүүд хэвлэгдэж байгаа нь анзаарагдаж байгаа юм.

Нөгөө талаар нэгэнт шанзыг монгол үндэсний хөгжимд тооцож, 100 орчим жил өөрсдийн техник, онцлогоор хөгжүүлэн тоглож буйн хувьд дотоодоо үйлдвэрлэдэг болох нь зүй юм. Урд хөршид зуугаар тоологдох жилийн туршид могойн арьсан цартай бүтээгдэж буй шанзыг шууд худалдаж авч, энд тоглодог нь өөрөө соёлын хувьд эргэлзээ дагуулах өнцөг мөн билээ.


Ашигласан эх сурвалж:

  • "Монгол ардын хөгжим”, Ж.Бадраа
  • "Монголын хөгжим судлалын дээж бичиг”, Ж.Энэбиш
  • "Хятад саншиан, монгол шударгын хөг, хөгжимдөх арга барилын судалгаа” Ц.Оюунтана.
  • "Шударгын 18 хөг, ая”, Л.Оюунчимэг.

ВИДЕО ХУВИЛБАРЫГ ХҮЛЭЭН АВНА УУ

Нийтлэлд ороогүй эх сурвалжуудын яриа, шанз хөгжмийн уянгалаг аялгууг видеоноос сонсоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн үг
Үнэн үг
11 сар 10, 2021 09:54

Шанзыг яаж хараад Хятад хөгжим.Чавхдаст товшуур бийбаа гэж яваад
шанз гэх шиг.Нэртэйгээр гитар Монголчуудынх гэсэнтэй ижил.Ж.Бадараа гэж оюуны шилдэг хулгайч бас бантан хутгана.

Зочин
Зочин
11 сар 10, 2021 11:40

Юм болгоныг Монгол гэхээ болио.Хийл морин хуураас үүссэн юм биш үү. Нүүдэлчдийн ахуйгаас эхэлээд үүссэн л бгаа шдээ. Тэгээд суурин иргэншилд шилжсэн хүн төрөлхтөн. Хятад ший янгууны хөгжим хүрээнд орж ирээд үлдсэн. Эстрад хөгжим Монголоос гар�##�тай.

Иргэн
Иргэн
11 сар 10, 2021 12:01

Критик гэж юу гэсэн үг вэ? Үүнийг бичсэн амьтан Оросын эрлийз юм уу?

Иргэн
Иргэн
11 сар 11, 2021 04:52

Монголд ямааны арьсан цартай хийдэг байсан дээр үед. Утсыг нь өлөн гэдсээр хийдэг гоё дуугардаг шүү.
Арьс чийгтэй үед амархан сулраад дуу муутай болдог учраас орчин үеийн могойн арьстайг нь хэрэглэх хялбар бас дуу сайтай байдаг байхаа.

Зочин
Зочин
11 сар 11, 2021 08:46

Ер нь их аятайхан эсээ болжээ. Энэ бол шүүмж биш. Шүүмж бол бий болсон тодорхой нэг зүйлийг өөрийнх нь үндсэн зарчим, суурь ойлголтуудад хэр зохицож буйг т�##� бүрээс нь ш�##�ган, баримтад үндэслэн хянах хандлага юм. Энэ бол суд�##�гааны шинжтэй эсээ болсон байна. Харин хөгжмийн зэмсгийн т�##�аар сан�##�аа хэлэхэд одоогийн манай үндэстний хөгжим гэж нэрлэж буй зэмсгүүдээс нэг нь ч манай язгуурынх биш. Бүгд Энэтхэг, Хятад, Грек Ромын соёлоос үүсэлтэй. Хэл хуур л нэг магадгүй. Бөөтэй холбогдож ирэхээр нэг горьдлоготой. Манайхны хэрэглэдэг элдэв төрхтэй хуур, икэл, морин хуур тэргүүтэн бүгд харийнх. Бид хамгийн эхэлж хятад соёлоор амласан. Бичиг маань хүртэл хятад байсан. Цуур, 1 ба 2 чавхдаст хуурыг нүүдэлчдээс гар�##�тай гэдэг боловч яг тодорхой бат�##�гаа байхгүй. Цар бүхий чавхдаст хөгжим бол харьцангуй үйлдвэрлэл хөгжсөн оронд л хэлбэршиж хөгжсөн бий.

Зочин
Зочин
4 сар 11, 2024 16:07
Reply to  Зочин

манайх ханз зохиож хятад манайхаас авчээ гэнээ

Уншигч
Уншигч
11 сар 11, 2021 11:13

Сайн болжээ, сайтар ойлголоо

Back to top button