"2000 чингэлэгтэй нүүрс Эрээн боомтын Гаалийн хяналтын талбайд гацсан"

Нүүрсний тээвэр зогссоны улмаас өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байгаа талаар тээвэрчид УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр тээвэрчдийн төлөөлөл "Энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр Л.Халтар сайдын тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн зам хаагдсан. Энэ зам хаагдаад сар гаруй болж байна. Л.Халтар сайдын мушгин гуйвуулсан мэдээллүүдээс шалтгаалаад дотоодын нүүрсний экспорт гацчихаад байна. Тээвэрчид бид бүхэн энэ хугацаанд зүгээр суугаагүй. Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлж төрдөө итгэж, найдсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгсөнгүй.
Цогтцэций-Чойр чиглэлийн тээвэр өдөрт 3.8 тэрбум /зөвхөн нүүрсний тээврийн орлого нь/ төгрөгийн орлого оруулдаг. Мөн үүнийг дагалдах тээвэр, гаалийн талбай, төмөр замын үйлчилгээ үзүүлдэг албан байгууллага гээд нийтдээ 20 мянган орчим хүний ажлын байр, амьдрал орлоготой холбоотой энэ асуудал дээр 2.8 тэрбум төгрөг яригдана. Ингээд үзэхээр өдөрт нийт 6.6 тэрбум төгрөгийн орлогыг Монгол Улс алдаж байна.
БНХАУ өнөөдөр импортынхоо нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх гээд импортынхоо татварыг тавдугаар сарын 1-нээс тэглэсэн. Индонез улс хэдэн мянган километрийн цаанаас БНХАУ руу хэдэн зуун тонн нүүрс экспортолж байна. Гэтэл Монгол Улс БНХАУ-тай хамгийн өргөн хилийн боомтоор хиллэдэг мөртлөө нүүрсээ гаргаж чадахгүй байна. Дотроо тэмцэлтэй, хэрүүлтэй, салбарын сайд нь тээврээ гацаагаад буйд бид бүхэн харамсаж бас эгдүүцэж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2022 онд 36.5 сая тонн нүүрс экспортолно гэж хэлсэн байдаг. Гэвч энэ оны эхний улирлын байдлаар /03.31-ний байдлаар/ Монгол Улс 2.7 тонн экспортолсон байна.
Эндээс харахад, Монгол Улс үнэхээр арчаагүй байна. Засгийн газар, холбогдох яам зохион байгуулалт хийгээд тээвэрлэлтийг гацаанаас гаргаж, экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Бидэнд бүх гарц гаргалгаа шийдлүүд нь байгаа. Бид шийдлүүдийг танилцуулж, холбогдох хүмүүст албан хүсэлт хүргүүлсэн боловч сар гаруйн хугацаанд ямар ч хариу өгсөнгүй. Салбарын сайд маань ч энэ асуудал дээр хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Зам хаах гэж зам тээврийн сайд байдаггүй байх, уг нь. Цогтцэций-Чойр чиглэлийн замыг нээж өгөөч гэсэн шаардлагыг хүргүүлж байна.
Хоёрдугаар асуудал гэвэл, Чойрт буусан нүүрс төмөр замаар Замын-Үүд-Эрээн боомтод очиж, экспортод гардаг. Харин өнөөдрийн байдлаар 2000 орчим чингэлэгтэй нүүрс Эрээн боомтын гаалийн хяналтын талбайд гацсан байдалтай байна. Нэг чингэлэгт 32-34 тонн нүүрс ачдаг. Бид дотоодын арчаагүй байдлаасаа болоод тэнд нүүрс гацаасан. БНХАУ-д хортой элементийн шинжилгээ гэж авдаг. Энэ шинжилгээг Монгол Улсын Гаалийн төв лаборатори хийхгүйгээр шууд БНХАУ руу гаргачихдаг. Харин БНХАУ-ын хортой таван элементийн шинжилгээгээр дээрх 2000 гаруй чингэлэг нүүрснээс хортой элемент стандарт хэмжээнээс өндөр байна гэж гарсан. Иймд тус улс хүлээж авахаас татгалзсан. Монгол, Хятад хоёрын хоорондын хэлэлцээрт экспортод гаргасан нүүрсийг буцааж татаж авах агуулга байхгүй учир ямар ч хариуцах эзэнгүйгээр ААН-үүд нүүрсээ гацааж, хохироосон дүр зурагтай байна. Зам, тээвэр хөгжлийн яам гээд бүхэл бүтэн салбар яам байна. Энэ яам ямар нэг дорвитой арга хэмжээ аваад экспортын тээврийн гарцыг суллаж өгөх шаардлагатай байна. Уг хоёр асуудлыг тавдугаар сарын 5-ны дотор хариу өгөөч" гэсэн юм.
ВИДЕО:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын дарамт дуусахгүй юм аа задгайгаар гаргахгүй чингэлэгээр гаргахгүй вогоноор гарахгүй монголын нүүрсийг авах сонирхолгүй болжээ бид энэ зах зээлээ оросуудад �##�джээ цаашид нүүрсээ түүхийгээр биш угааж боловсруулах баяжуулах үйлдвэр барих шаардлагатай болжээ