Нийгмийн

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.


ҮЙЛДВЭРЛЭГЧ Ариунаа Сүри: Хөдөө амьдарч, тэнд уран бүтээл ажлаа хийе гэж төлөвлөсөн

Энэ удаагийн Үйлдвэрлэгч буландаа бид Монголдоо төдийгүй дэлхийн олон оронд “Ariunaa Suri”  гэх нэрийг дуурсгаж чадсан С.Ариунааг урилаа. Европын оронд олон жил ажиллаж, амьдарч, туршлага хуримтлуулж ирээд өөрийн “гэр”-тээ баялаг бүтээхээр сэтгэл шулуудсанаас хойш долоон жил өнгөрчээ. Бид энэ удаа түүнтэй уулзахаар Хан-Уул дүүрэгт байрлах Вива сити дэх урланг зорив. Нэр нь хүртэл дэлгүүр биш урлан. Загвар зохион бүтээгч хэдий ч зураачидтай хамт үзэсгэлэнд оролцож, өөрийн зохиосон хувцас загваруудаар орчин үеийн урлагийн нэг болох инстоляц бүтээж байсан нь түүнийг урлагт ямар элэгтэйг харуулна.

Ариунаа Сүритэй уулзлаа. Өөрийн бренд, зохиосон загваруудынхаа онцлог, Монгол хэв маягийг Европтой хослуулсан байдлыг олон ч хэвлэлд ярьчихсан тул энэ тухай ахин яримгүй гэв. Харин тэрээр бидэнд Монгол эх орондоо ямар их хайртай болох, эзэнгүй үлдсэн эх орноо хараад элэг нь эмтэрч яваа тухайгаа учирлав. Дэлхийд нэр алдараа түгээж буй залуухан бүсгүй “Эх орон эзгүй байхад би брендээ олон улсад таниулна гэж яваад ч яах юм” гэж хатуухан хэлэв. Түүний дотор ийм нэг эмзэглэл хургажээ.

Гэвч бид зорилгоо умартсангүй, дараах яриаг өрнүүллээ.

-Уучлаарай, уламжлалт асуултаар яриагаа эхлэх нь. Ариун Сүри брендийн эхлэл хаа байв?  

-Би багаасаа загвар зохион бүтээгч болно гээд шийдчихсэн байсан. Учир нь энэ мэргэжил яг л надад тохирох юм шиг санагдсан. Зураачид илүү дотогшоо чиглэсэн хүмүүс. Харин би дотогшоо байхаас гадна илүү зохион байгуулалттай, олныг хамарсан ажилд оролцох дуртай байсан тул энэ мэргэжлээ сонгосон. Үүгээрээ ХБНГУ-ын Урлагийн их сургуулийг хувцас загвар зохион бүтээгчээр дүүргэсэн. Сургуулиа төгссөнөөс хойш нэлээд том загварын компанид хоёр жил туслах загвар зохион бүтээгчээр, креатив салбарыг нь хариуцаад ажилласан. Оюутан байх хугацаандаа ч хувцас загварын салбарт дадлага хийж байсан туршлагатай тул Монголдоо буцаж ирээд өөрийн гэсэн зүйлийг бий болгоно гэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдлөө. Ингээд  л 2012 оноос хойш Ариунаа Сүри нэрийн бүтээлүүдээ гаргаж эхэлсэн дээ.

-Сүри гэдэг нь ямар утгатай үг юм бол?

-Аавын минь богино нэр. Гадаад үг биш шүү. Аавыг минь Сүрэнжав гэдэг. Оюутан байхаасаа л Сүри гэдэг энэ нэрийг ашиглаж яваад сүүлд нь брендийнхээ нэрийг өгөхөөр өөр нэр хайтал тохирох нэр олдоогүй. Нөгөөтэйгүүр, Ариунаа Сүри гэдэгт орох “р” гэх хүчтэй үсгүүд үгсийг ч мөн илүү хүчтэй болгож байсан тул үүгээр тогтсон.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Шатрын оргилд гарсан Монголын “Полгар”

Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ эрэгтэйчүүдийн их мастер цол хүртсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болсон нь яах аргагүй түүхэн үйл явдал. Тэрбээр шатрын спортын оргилд гарч чадлаа. Манай улс олон шилдэг эмэгтэй шатарчинтай ч эл цолд хараахан хүрэхгүй байсаар өдий хүрсэн юм. Тэгвэл 19-хөн настай Д.Номин-Эрдэнэ чадлаа.

Ер нь эрэгтэйчүүдийн их мастер цолд хамгийн дөхөж очоод байсан монгол шатарчин тэр. Аль хоёр жилийн өмнө хоёр болзлыг нь хангачихсан байсан юм. Унгарт болсон олон улсын тэмцээнд оролцохдоо эрэгтэйчүүдийн их мастер цолны гурав дахь болзлоо хангасан тэрбээр одоо чансааны оноогоо 2500-д хүргэх учиртай.

Түүнд чансааны 123-хан оноо дутуу. Ер нь цаг хугацааны л асуудал гэсэн үг. Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) ирэх арваннэгдүгээр сард хуралдах хуваарьтай. ФИДЕ тамирчдынхаа чансааг сар бүр шинэчилдэг тул Д.Номин-Эрдэнэд энэ оноос өмнө эрэгтэйчүүдийн их мастер цол олгочих болов уу. Ер нь магадлал тун өндөр.

Эрэгтэйчүүдийн их мастер цолыг өнөөг хүртэлх хугацаанд 37-хон эмэгтэй шатарчин хүртсэн нь хэр шалгуур өндөртэй, хүрэхэд амар амжилтынх нь илрэл болов уу. Эл цолыг хамгийнх анх 1978 онд ЗХУ-ын шатарчин Нона Гаприндашвили хүртсэн түүхтэй. Унгарын алдарт шатарчид болох эгч, дүү гурван Полгарыг хүмүүс сайн мэднэ. Тэгвэл дэлхий даяар Д.Номин-Эрдэнийг Монголын “Полгар” хэмээн хүлээн зөвшөөрч байгаа нь дамжиггүй.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


БАРИМТ: Ж.Эрдэнэбат 1463 га лицензийг ААН-д НӨХӨН ОЛГОВОРТ өгч, ТАВАН САЯАР өөрөө эргүүлэн худалдаж авчээ

Монгол Улсын  29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1463 га талбайг хамаарах  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр зарсан баримтыг бид сөхсөн.

Хотын захын 22-ын товчоонд  энгийн хэрэгцээний 1 га газар 100 сая төгрөгөөр үнэлэгдэж буй. Газрын ханш ийм өндөр байхад Ж.Эрдэнэбат хэвлийдээ ашигт малтмал бүхий 1463 га тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ  төгрөгөөр худалдан авсан нь ихээхэн анхаарал татдаг билээ.

Төрийн өндөр албан тушаалтанд зах зээлийн бодит үнэлгээнээс хэдэн мянга дахин доогуур үнэлгээтэйгээр зарагдсан “Улаан сайр-2”  ордын түүхийг хөөж үзэхэд маш сонин сэжүүр олдсон юм.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ШАХАА: ЕБС-ийн сурагчдад бишгүүр хөгжим “шахсаар” буй “Total Music”-ийн С.Од-Эрдэнэ

2014 оны хичээлийн жилээс БСШУСЯ-ны санаачилга “Авьяас” хөтөлбөр хэрэгжих болж, үүний дагуу 3-5-р ангийн сурагчдын дуу хөгжмийн хичээлд “бишгүүрдэж” сургах программ нэмэгдсэн. Ингээд 3-р ангийн хүүхэдтэй эцэг, эх бүр бишгүүр хөгжим худалдаж авдаг “ажилтай” болоод хэдийнэ таван жил өнгөрөөд буй. Тухайн үед багш нар Яамаха брэндийн бишгүүрийг заавал Тотал Мюзик дэлгүүрээс очиж авах “зааварчилгаа” өгөх болсон нь эцэг, эхчүүдийн дунд сонин сэдэв болон яригдаж байгаад намжиж байв. Өнөөдөр ч Тотал Мюзикийн үүдийг сахин бишгүүр худалдаж аваад гарч буй эцэг, эхчүүдийн дүр зураг хэвээр…

“Ганцхан Тоталд зарагддаг” өнөөх бишгүүрийн мөрөөр Их дэлгүүрийн таван давхрыг зорилоо. Тэнд Тотал Мюзик хөгжмийн зэмсгийн дэлгүүрийн нэг салбар байрладаг. Очход Яамаха гэсэн бичиг бүхий цагаан ууттай бишгүүр зарагдаж байна. B болон G хөгтэй гэх хоёр төрөл байдаг аж. B хөгтэй бишгүүр 7990 төгрөг бол, нөгөөх нь 8990 төгрөг гэв. Энэ үеэр хижээл насны эр “B хөгтэй гэдэг нь байна уу?” гэсээр бидний дэргэд нэг бишгүүр худалдаж авлаа. Түүнээс учир явдлыг нь тодруулбал,

“Манай охин 47-р сургуульд сурдаг. Одоо 3-р анги. Багш нь заавал Тотал Мюзик дэлгүүрээс Яамаха брэндийн бишгүүр авч өгөөрэй гэсэн. B хөгтэй гэдгийг нь ав гэж байна лээ. Зах дээр байж байгаа л даа. Ямар ялгаатай юм мэдэхгүй. Бөхийн өргөөний дэргэдэх салбар нь хаалттай байна. Их дэлгүүрт бас нэг салбар байдаг гэхээр нь ирээд авлаа” гэсэн хариу өгөв.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Д.Номин-Эрдэнэ: Надад амжилтын нэг их айхтар нууц байхгүй ээ

Эрэгтэйчүүдийн их мастер цолны болзол хангасан Монголын анхны эмэгтэй шатарчин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэтэй цахим хуудсаар нь холбогдон, ярилцлаа. 19 настай тэрбээр гэр бүлийнхнийхээ хамт Унгар улсад амьдардаг юм.

–Түүхэн амжилтын эзэн болсонд тань баяр хүргэе. Эрэгтэйчүүдийн их мастер цолны болзолыг хэрхэн хангав?

-Маш их баярлалаа. Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн их ойг угтан Дебрецен хотод хэд хэдэн тэмцээн болсон юм. Энэ сарын 9-15-нд “Монгол Унгарын наймрамдлын цом” олон улсын фестивал, Унгарын өндөр зэрэглэлийн шилдэг шатарчдын Их мастер цолны норматив горилох  анхдугаар  тойргийн тэмцээн, 14-нд түргэн тоглолтын олон улсын нээлттэй тэмцээн, 15-нд түргэн тоглолтын өсвөрийн шатарчдын цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус арга хэмжээг Монгол улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам, Дебрецен хотын засаг Захиргаа, Унгар улсын шатрын холбоо, Монголын шатрын холбооны Европ тив дахь төлөөлөгчийн газар, Дебрецен хотын сургуулуудын Квизда холбоо, “MON-HUN” клуб хамтран зохион байгуулсан.   Европ тивд анх зохион байгуулсан тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ө.Энхбаатар захиралтай “Титэм” компани ажилласан.

Мэдээж хамгийн чухал нь олон улсын өндөр зэрэглэлийн шилдэг шатарчдын Их мастер цолны норм горилох  анхдугаар  тойргийн тэмцээн байлаа. Тус тэмцээнд 2000 оны багийн дэлхийн аварга, Украины Их мастер  Владимир Баклан, Их мастер Александар Ковчан, Унгарын Их мастер Варга Золтан, Сербийн Их мастер Лаятхам Борко, олон улсын мастер Лакетич Гоёко болон эх орноо төлөөлж би оролцлоо. Бид 10 өрөг өрсөлдөн, аваргаа тодруулсан.

Би Украины шатрын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Их мастер Александар Ковчантай адилхан оноотой тэргүүлсэн ч коэффицентийн зөрүүгээр мөнгөн медаль хүртлээ. 10 өргөөс дөрөв хожин, зургаа тэнцэж, долоо оноо авснаар Их мастер цолны сүүлийн буюу гурав дахь болзлоо амжилттай биелүүлж чадсандаа үнэхээр их баяртай байна.

–Их мастерын болзлыг нь хангалаа, одоо чансаагаа өсгөх чухал. Чансааны хэдэн оноо дутуу байгаа вэ?

-Олон улсын шатрын холбоо (ФИДЕ)-ны мөрдөж буй журмын дагуу Их мастерын гурван болзол биелүүлж, олон улсын чансаагаа 2500-д хүргэх учиртай. Тэгээд ФИДЕ-ийн цол олгох зөвлөлийн хурлаар албан ёсоор баталж, олгодог. Тус холбооноос шатарчдынхаа чансааг сар бүр шинэчилдэг. Би энэ сард чансааны 2377 оноотойгоор Монголдоо хоёрт, дэлхийн шилдэг эмэгтэй 100 шатарчдын 86-д эрэмбэлэгдэн, нэлээд уналтын үе тохиолоо. Одоогоор сайхан сэргэлт авчихсан, форм өндөр байгаа. Барагцаагаар ирэх сард чансаа маань 2420-д хүрнэ. Энэ сар дуустал оролцох цөөнгүй тэмцээн бий. Тэгэхээр 80 орчим оноо дутуу байгаа гэсэн үг. Чансааныхаа оноог аль болох 2500-д хурдан хүргэхийг хүсэн, хичээж байна.

2016 онд рейтингээ 2490-д хүргэсэн нь миний хамгийн өндөр чансаа. Тухайн үед дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчны жагсаалтын 18-д, 20-иос доош насны шилдэг 100 эмэгтэй тамирчны гуравт эрэмбэлэгдэн, дэлхийн болон Ази тивийн 16, 18 хүртэлх насны охидын чансааг 2,5 жил гаруй хугацаанд тэргүүлсэн. Ер нь чансааны оноогоо 2500-гаас давуулбал дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын жагсаалтын эхний 10-т багтах боломжтой.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: “Дүнжингарав” худалдааны төв түрээсээ 500-700 мянган төгрөгөөр нэмжээ

Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдийн нэг болох “Дүнжингарав” лангууны түрээсээ хоёроос гурав дахин нэмсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Үүний дагуу “Дүнжингарав” худалдааны төв дээр очиж нөхцөл байдалтай танилцан түрээслэгчид болон захиргааны албаны хүмүүстэй уулзаж ярилцлаа.

“Дүнжингарав” худалдааны төвийн нэг лангууны хэмжээ 2×3 байдаг аж. Иргэд хамгийн багадаа 3-4 павилион түрээслэдэг. Зөвхөн нэг лангууны үнэ нь 495 мянган төгрөг байдаг байна. Уг үнийн дүнг сар бүр 3-4 үржүүлж түрээс өгдөг гэсэн үг юм.

Түрээслэгчид: “Гэрээний хугацаа дуусах болоогүй байхад гэрээгээ зөрчин 495 мянган төгрөг байсан түрээсийг 995 мянган төгрөг болгосон, хананд байрлах лангууны түрээсийг бүр 1 сая 200 мянган төгрөг болгож нэмж байгаа талаар өнөө өглөө /2019.09.17/ гэнэт мэдэгдлээ. Түрээс нэмэх талаар урьдчилан мэдэгдэлгүй ийм шийдвэр гаргаж байгаа нь биднийг хохироосон зүйл боллоо гэж үзэж байна. Мэдэгдэх хуудсанд байгаа он сарыг харвал наймдугаар сарын 25-нд гэж байгаа боловч бидэнд өнөө өглөө л тараасан. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол есдүгээр сарын 25-ны дотор өргөдөл бичиж өгөх ёстой гэсэн байна. Ганцхан долоо хоногийн хугацаанд шийдвэр гаргах боломжгүй. Хоёр өдөр амраад ороод ирэхэд ийм мэдэгдэх хуудас угтаж байгаа нь үнэхээр харамсалтай. Бид амьдралын төлөө яваа хүмүүс. Зээл аваад, өр төлбөрт орж байж наймаа хийж байгаа хүмүүс шүү дээ. Ойрын өдрүүдэд үйлчлүүлэгч бага, эл хуль байна” гэлээ.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Төрийг “удирдагч” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН нарийн бичиг

ЖДҮХС-гаас улс төрчид нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авснаас үүдэн, ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар тэргүүтэй нөхөд хариуцлага хүлээж, албан тушаалаа өгсөн билээ.

Үүнтэй зэрэгцээд МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Агротехнологи шижирт”, “Тайшир өргөө”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” хэмээх 4 компаниараа 2016-2018 оны хооронд 39 удаагийн гүйлгээгээр нийт 4 тэрбум 215 сая 904 мянга 670 төгрөгийг хөнгөлттэй зээл, төсөл, бараа, ажил, үйлчилгээг төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас авсан нь баримтаар дэлгэгдсэн байдаг.

Гэвч “ЖДҮХС-гаас зээл авсан нөхдүүдтэй хариуцлага тооцно” гэж дуугарсан МАН-ын дарга У.Хүрэлсүх генсекийнхээ толгойг илээд өнгөрсөн.  Бүр “Д.Амарбаясгалан бол ТББ-ын нарийн бичиг. Тиймээс хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэсэн санааг хүртэл зориудаар улс төрийн хүрээнд тараасан байдаг.

Түүнчлэн МАН-ын генсек Д.Амарбаясгалан хотын дарга асан С.Батболдыг ажлаа өгөхгүй бол олон нийтэд ёс бус зургийг тань дэлгэнэ гэж сүрдүүлсэн талаар нэгэн үес хөшигний ард яригдсан. Тэрбээр хотын даргаар С.Амарсайханыг томилох чиглэлд улс төрийн гол хоруудыг найруулж, дараа нь томилгооны асуудал дээр эрх мэдэл өндөртэй ажилласан. МАН дотор “Төрийн албаны зөвлөл хүртэл Д.Амарбаясгаланд бүрэн атгуулж, түүний хэлснээр бүх томилгоог хийсэн” гэх яриа  гарах болсоор удав.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: ҮСХ оройтдог ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан, тоглоомын өрөө тохижуулжээ

Төрийн болон хувийн байгууллагын ажилчид ажил дээрээ хүүхдээ авчрахыг хориглосон журамтай. Гэтэл Үндэсний Статистикийн Хорооны /ҮСХ/ удирдлага ажилчдынхаа хүүхдэд зориулж тусгайлсан өрөө гаргажээ. Энэ нь хэдий журамд харш ч зарим тохиолдолд зайлшгүй шаардлагаар хүүхдээ авч ирэх, дагуулж явах болсон ажилчдад тустай зүйл болсон тухай иргэд ам сайтай байна. Иймд манай сурвалжлах баг Үндэсний статистикийн хорооны хүүхдийн өрөөгөөр зочиллоо.

Үндэсний статистикийн хорооны ихэнх ажилчид эмэгтэйчүүд. Тэд тоо баримтыг цаг тухайд нь гаргах ажлын онцлогоос шалтгаалан ихэвчлэн орой үдэш болтол ажиллаж, хүүхдүүд нь хамт байх тохиолдол нь энгийн үзэгдэл болж гэнэ.

Иймд удирдлагын зүгээс хүүхдүүдийг зайлшгүй тохиолдолд ирж буй учир тав тухтай орчныг бий болгох санал гаргажээ. Ажилчдын зүгээс ч уг саналыг дэмжин, эцэг эхийн зөвлөл гарган ажиллав. Тус эцэг эхийн зөвлөл нь таван гишүүнтэй бөгөөд ҮСХ-ны ажилтан М.Оюунжаргал даргаар удирдуулжээ.

Тэрээр “Бид залуу, эмэгтэй даргатай. Иймдээ ч А.Ариунзаяа дарга маань эмэгтэй ажилчид олонтой учир бидний нөхцөл байдлыг ойлгож бүрэн дэмжиж ажилласан. Бид хүүхдийн өрөө бий болгох ажлаа 8 сарын сүүлээс эхлэн хэрэгжүүлж, 9-р сарын 12-нд нээлтээ хийсэн. Өглөөгүүр манай хүүхдийн өрөө эзгүй байна. 16 цагаас эхлээд 3-р ангийн нэг охин ирнэ. Түүний араас цэцэрлэгийн багачууд ирж, энүүгээр 3-р ангийн ахлагчтай бяцхан багачууд шуугилдана шүү дээ” хэмээн ярив.

Ажилчид хүүхэдтэй хүүхэдгүй гэлтгүй бүгд сайн дураар хандив өгч, байгууллагын зүгээс зарим дэмжлэгийг авч хүүхдийн өрөөг тохижуулсан байна.

Ингэхдээ бүх насны хүүхдүүд ирдэг байдлыг харгалзан үзэж нэг өрөөг хоёр хэсэгт хуваан цэцэрлэгийн насны болон бага ангийн сурагчдад зориулжээ.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа: Энэ миний аз жаргал, би дуртай зүйлээ хийж байна гэж бодоод л дэвжээнд гарсан

Казахстанд үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын багийн анхны медалийг хүртсэн Үндэсний шигшээ баг, “Женко” клуб, “Цаст тайга” компанийн тамирчин Бат-Очирын Болортуяатай цахим хуудсаар нь холбогдон ярилцлаа. Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглоод медаль хүртсэн тэрбээр Ховд аймгийн Булган сумын харьяат. 22 настай Б.Болортуяа Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, ОУХМ Б.Оюунсүрэн нарын шавь. Түүний амжилт булган сүүлтэй байж өчигдөр ОУХМ Б.Шоовдор ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм.

-Юуны өмнө ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд тань баяр хүргэе. Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглоод медаль авна гэх итгэл, багцаа танд хэр байсан бэ?

-Баярлалаа. ДАШТ-д анх удаа зодоглосон болоод ч тэр үү багагүй сандарсаан. Дэлхийн шилдгүүдтэй анх удаа барилдаж байна гэж бодохоор сүрдмээр ч юм шиг. Намайг үргэлж дэмждэг, ойр дотны хүмүүс минь миний хажууд байсан болохоор тэднийхээ итгэлийг амжилтаар хариулж, баярлуулахын төлөө зүтгэсэн. Багш нар минь намайг үргэлж хурцалж байсан болохоор өөртөө бүр ч итгэлтэй барилдлаа. Олны итгэлийг алдаж болохгүй гэж өөрийгөө шахсан минь өнөөгийн амжилтад хүргэсэн.

-Дэлхийн медальтан болоод, шагналын тавцанд зогсож байхдаа хамгийн түрүүнд юу бодов?

-Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй баярласан, догдолсон. Амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. ДАШТ-ий медальтай болсондоо үнэхээр баярласан. Бас төрүүлж өсгөсөн аав, ээж, өдий зэрэгт хүргэсэн багш нараараа их бахархлаа.

–Хүрэл медалийн төлөө их хүнд барилдаан хийлээ. Барилдаан дуусахаас 15-хан секунд дутуу байхад та оноогоор дийлдэж байсан. Тийм хүнд байдалд ороод хэр сандарсан бэ?

-Би Европын аваргын хошой хүрэл медальт, Туркийн бөх Бедиха Гунтай барилдахаар дэвжээнд гарахдаа өөртөө үнэхээр итгэлтэй байсан. Энэ миний аз жаргал, би дуртай зүйлээ хийж байгаа гэж бодоод л дэвжээнд гарсан. Өөртөө тийм итгэлтэй байсан болоод ч тэр үү ер нь их тайван барилдлаа. Тэгж барилдсаныхаа хүчинд л ялсан байх.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


НЭРС: Ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж 46 гишүүн гарын үсгээ зуржээ

Эрх баригч намынхан Ард нийтийн санал асуулгатай /2019.10.31/ зэрэгцүүлэн  УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулахаар гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж, 33 гишүүний нэрийг зарласан билээ.

Бидний мэдээлсэн нэрсээс /2019.09.17-ний өдрийн байдлаар/ хоёр гишүүний нэр зөрсөн юм. Уг мэдээллийг эргэн нягталж, нэмэгдсэн байдлаарх 46 гишүүний нэрийг дахин зарлаж байна.

  1. Х.Нямбаатар
  2. Л.Энхболд
  3. М.Билэгт
  4. Я.Содбаатар
  5. Д.Тогтохсүрэн
  6. С.Чинзориг
  7. Ё.Баатарбилэг
  8. Х.Баделхан
  9. Д.Оюунхорол
  10. О.Содбилэг

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: “Хонины ээлж” буюу хүүхдүүдээ нэгтгэж, ээлжлэн зөөх эцэг эхчүүдийн шийдэл

Хичээлийн шинэ шил эхлэхтэй зэрэгцэн бага ангийн сурагчдыг сургуульд зөөх том ажил эцэг эхийн нуруун дээр ирдэг. Зарим нэг нь хүүхдээ биеэ дааж сургуульдаа явдаг болтол нь ажил хийлгүй зөвхөн хичээлд нь зөөх тохиолдол цөөнгүй. Ингэхдээ хүн бүр л хүүхдээ автобусанд суулгахгүй гэсэндээ хувийн унаагаараа зөөж тэр хэрээр автозамын түгжээ ч ихэсдэг.

Улаанбаатар дахь ийм нэгэн “шүдний өвчнийг” ухаалаг бөгөөд энгийнээр шийдсэн эцэг эхчүүд ч байна. Тэд нэг ангийн дөрвөн хүүхдийг нэгтгэн, ээлжлэн зөөх ажлаа “Хонины ээлж”, “Хишиг өдөр” гэж нэрийднэ.

Хөдөө орон нутагт малчид айл саахалтаараа нийлэн хонио маллаж, хонины ээлжээр явж нэгнийхээ ажлыг хөнгөвчилж өгдөг. Малчин ардын энэ уламжлалт ухаалаг зарчмыг бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд үлгэрлэн хэрэгжүүлэх болжээ. Үүний нэг нь Х.Буянтогтох. Түүний хүү энэ жил ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон.  Хүүгээ хавраас эхлэн бэлтгэл ангид суралцуулахдаа ангийнх нь гэр ойролцоо нэг хүүхэдтэй ээлжлэн хүүхдээ зөөх болжээ. Улмаар дахин гэр ойролцоо нэг ангийн хоёр хүүхдийг нэгтгэн хичээлд нь хүүхдүүдээ ээлжлэн зөөх санаачилгыг гаргасан байна.

Тэрээр ярихдаа ”Бид бүгд ажилтай эцэг эхчүүд, хүүхдээ сургуулийнх нь автобусаар хүргүүлж авч болно. Гэхдээ мөн л өдөр бүр хүүхдээ зөөсөнтэй адил өглөө оройдоо заавал хэн нэгэн гэртээ байх хэрэг гардаг. Тиймээс нэг ангийн гэр ойр хэдэн эцэг эхчүүд нийлэн ээлжлэн хүүхдээ зөөх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр бид өдөр бүр хүүхэд зөөх том ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа ч тэр, хүүхдэдээ ч тэр санаа зовох зүйлгүй болсон.

Сардаа нэг удаа л долоо хоногт хоёр өдөр зөөх ээлж таарч байгаа юм. Энэ бол өдөр бүр хүүхэд зөөснөөс тэс өөр шүү дээ хэмээсэн юм.

Түүнчлэн хотын замын хөдөлгөөн их ачаалалтай. Хүн бүр хүүхдээ даарч хөрүүлж, шахцалдуулахгүй хэмээн хувийн унаагаар явах болсон.

Харин бид тэр их түгжээнд орох дөрвөн машинаас ядаж гурвыг нь цөөлж чадсандаа баяртай байгаа. Манай хүүхдийн анги 25 хүүхэдтэй бидэн шиг нэг бүлэг болоод ийм арга хэрэглэвэл замын түгжээнд оролцох 25 машин тав болж цөөрнө, 20 машины зогсоол сул болж их хотын стрессийг бага ч болов танаж байна хэмээн ихэд цоглогоор ярьж байлаа.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Нэг монгол хүнд 24.4 сая төгрөгийн өр ногдож байна

Монголбанкнаас гаргасан тооцооллоор, 2019 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 29.7 тэрбум ам.долларт хүрчээ.  Уг 29.7 тэрбум ам.долларыг 2019.09.18-ны өдрийн Монголбанкны нэрлэсэн ам.долларын ханш болох 2669 төгрөгт үржүүлж, мөн өдрийн Монгол Улсын хүн амын тоо болох 3.238.479-д хуваахад 24.477.324 төгрөг гарч байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээг хүн амдаа хуваахад нэг монгол бүрд 24.4 сая төгрөгийн өр ногдож буй гэсэн үг юм. 

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button