ҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮЙЛДВЭРЛЭГЧ Ариунаа Сүри: Хөдөө амьдарч, тэнд уран бүтээл ажлаа хийе гэж төлөвлөсөн

Энэ удаагийн Үйлдвэрлэгч буландаа бид Монголдоо төдийгүй дэлхийн олон оронд “Ariunaa Suri”  гэх нэрийг дуурсгаж чадсан С.Ариунааг урилаа. Европын оронд олон жил ажиллаж, амьдарч, туршлага хуримтлуулж ирээд өөрийн “гэр”-тээ баялаг бүтээхээр сэтгэл шулуудсанаас хойш долоон жил өнгөрчээ. Бид энэ удаа түүнтэй уулзахаар Хан-Уул дүүрэгт байрлах Вива сити дэх урланг зорив. Нэр нь хүртэл дэлгүүр биш урлан. Загвар зохион бүтээгч хэдий ч зураачидтай хамт үзэсгэлэнд оролцож, өөрийн зохиосон хувцас загваруудаар орчин үеийн урлагийн нэг болох инстоляц бүтээж байсан нь түүнийг урлагт ямар элэгтэйг харуулна.

Ариунаа Сүритэй уулзлаа. Өөрийн бренд, зохиосон загваруудынхаа онцлог, Монгол хэв маягийг Европтой хослуулсан байдлыг олон ч хэвлэлд ярьчихсан тул энэ тухай ахин яримгүй гэв. Харин тэрээр бидэнд Монгол эх орондоо ямар их хайртай болох, эзэнгүй үлдсэн эх орноо хараад элэг нь эмтэрч яваа тухайгаа учирлав. Дэлхийд нэр алдараа түгээж буй залуухан бүсгүй “Эх орон эзгүй байхад би брендээ олон улсад таниулна гэж яваад ч яах юм” гэж хатуухан хэлэв. Түүний дотор ийм нэг эмзэглэл хургажээ.

Гэвч бид зорилгоо умартсангүй, дараах яриаг өрнүүллээ.

-СҮРИ ГЭДЭГ ААВЫН МИНЬ ТОВЧ НЭР-

-Уучлаарай, уламжлалт асуултаар яриагаа эхлэх нь. Ариун Сүри брендийн эхлэл хаа байв?   

-Би багаасаа загвар зохион бүтээгч болно гээд шийдчихсэн байсан. Учир нь энэ мэргэжил яг л надад тохирох юм шиг санагдсан. Зураачид илүү дотогшоо чиглэсэн хүмүүс. Харин би дотогшоо байхаас гадна илүү зохион байгуулалттай, олныг хамарсан ажилд оролцох дуртай байсан тул энэ мэргэжлээ сонгосон. Үүгээрээ ХБНГУ-ын Урлагийн их сургуулийг хувцас загвар зохион бүтээгчээр дүүргэсэн. Сургуулиа төгссөнөөс хойш нэлээд том загварын компанид хоёр жил туслах загвар зохион бүтээгчээр, креатив салбарыг нь хариуцаад ажилласан. Оюутан байх хугацаандаа ч хувцас загварын салбарт дадлага хийж байсан туршлагатай тул Монголдоо буцаж ирээд өөрийн гэсэн зүйлийг бий болгоно гэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдлөө. Ингээд  л 2012 оноос хойш Ариунаа Сүри нэрийн бүтээлүүдээ гаргаж эхэлсэн дээ.

-Сүри гэдэг нь ямар утгатай үг юм бол?

-Аавын минь богино нэр. Гадаад үг биш шүү. Аавыг минь Сүрэнжав гэдэг. Оюутан байхаасаа л Сүри гэдэг энэ нэрийг ашиглаж яваад сүүлд нь брендийнхээ нэрийг өгөхөөр өөр нэр хайтал тохирох нэр олдоогүй. Нөгөөтэйгүүр, Ариунаа Сүри гэдэгт орох “р” гэх хүчтэй үсгүүд үгсийг ч мөн илүү хүчтэй болгож байсан тул үүгээр тогтсон.

-Та тав, зургаан жилийн өмнө галлерейд хувцас загварыг урлагтай хослуулан үзэсгэлэнд оролцож байсан шүү дээ. Дизайн өөрөө урлаг мөн хэдий ч таны бүтээлүүдийг ерөнхийд нь харахад илүү “арт” төрхтэй. Магадгүй зураачийн дотогш чиглэсэн тэр чанар танаас үе үе цухалздагийнх юм болов уу?

-Магадгүй. Хүмүүсийн ажил мэргэжил, зан төрх, хүмүүжил гээд олон зүйлсээс шалтгаалж хувцасных нь сонголт өөр өөр байдаг. Би 100 хүний 100 нь худалдаж авдаг хувцас хийж болно. Гэхдээ үүнийг хийдэг үйлдвэрүүд маш их. Нөгөөтэйгүүр, дэлхий дээрх масс үйлдвэрлэлүүдтэй өрсөлдөж гарч ирнэ гэдэг ч их хэцүү. Гуравдугаарт, энэ миний сонирхол биш. Уран бүтээлч хүн өөрийн дотоод ертөнцөө бүтээлээрээ дамжуулан гаргадаг шиг миний дотор хүнээс гарч буй илрэл гэж боддог. Манай хувцсыг ч өдөр тутамдаа өмсөж болохоор “кашиул”. Гэхдээ жаахан өөр хэмнэлтэй. Эсгүүр, оёдол, харагдах байдал, илэрхийллийн хувьд өөр. “Zara”, “Mango” зэрэг брендүүдтэй ижил, энгийн хувцас үйлдвэрлэвэл яг л тэдэнтэй ижил маш ихийг хийх хэрэгтэй болно. Зах зээл тэлнэ. Гэхдээ бид монгол хэмнэлийг Европын өдөр тутмын хувцастай хослуулснаараа илүү сонирхолтой.

ТА ХАРЖ БАЙНА УУ, ЦОНХООР ХОТ ТЭР ЧИГТЭЭ ХАРАГДААД Л, ХЭДИЙ НЭГ ДАВХАРТ Ч ӨНДӨРТ БАЙГАА ЮМ ШИГ…

-Дэлгүүрийн хэсэгт зарагдаж буй хувцаснуудыг урлагийн түвшинд гэж хэлж болохоор дэглэсэн байх юм. Өмнө ярьсан үзэсгэлэн дээр та газраас ургасан модонд хувцас өмсүүлсэн байсан санагдана. Дэлгүүрийнхээ дэглэлтийг ч мөн яг л инстоляц шиг хийжээ. Үүнд хэр их ач холбогдол өгдөг вэ?

-Манай Вива ситид байдаг урлан 2015 онд нээгдсэн. Бид хов хоосон саарал зааланд л анх ирж байлаа. Хотоос хол, хүмүүс ирж очиход хүндхэн энэ газрыг сонгосон нь ч учиртай. Гэвч та харж байна уу, цонхоор хот тэр чигтээ харагдаад л, хэдий нэг давхарт ч өндөрт байгаа юм шиг мэдрэмжтэй, Туул гол, мод харагдаад л сайхан. Бид мөн урлангаа өөрсдөд тав тухтай, орчин үетэй хөл нийлүүлсэн байлгаж, ажилчдаа ч юманд хавчуулагдсан, харанхуй бүгчим орчинд байлгахыг хүсээгүй. Үйлчлүүлэгчид ч ороод гарахдаа энэ сайхнаас мэдрээд гараасай гэж хүссэн. Мөн дэлгүүрийн хэсэгт монгол имиж оруулж интерьеэрээ гаргуулсан. Яг л элсэн манханд буй мэт элсний хөдөлгөөнийг хана таазандаа шигтгэж өгсөн. Чамгүй их хөдөлмөр, зардал мөнгө зарцуулсан. Хүмүүст ч их таалагддаг шүү.

-Анхны хувцас загварын сурталчилгааны зургуудыг санаж байна. Хамгийн хөөрхөн бүсгүйчүүд гэгээлэг, гэрэлтэй орчинд “гоё” зураг авхуулдаг байдлыг халж граш гэлтэй харанхуй орчинд царай төрх, нүүр будаг, хувцаслалт бүгд тэс өөр орчныг гаргаж байсан. Тухайн үед хэрэглэгчид ийм зургуудыг тань хэрхэн хүлээж авч байв. Харин одоо?

-Яг үнэн. 2012 онд анх байгуулагдаж, 2013 онд анх Японы “Mercedes benz” шоунд оролцож байсан. Хүн бүр “Mercedes benz” фэйшн шоунд оролцох гэж байна гэж ярьж, сенсац болж тархаж байсан үе. Бид ч анх удаа дэлхийн нэртэй шоунд оролцох гэж байсан тул PR-аа спонсор хийж байсан байгууллагад ч хэрэгтэй гэдэг үүднээс хэвлэлийн бага хурал хүртэл хийж, өндөр ач холбогдол өгч байсан. Монгол дизайнерын загварын шоу гэхээр хүмүүс их л өөрөөр хүлээж авч байсан нь санагддаг. Эвэртэй хувцас, торго дурдан, нүсэр том, гял цал гээд л театрын стилийн хувцасууд хүлээж байв. Гэтэл маш энгийн бөгөөд өөр төрлийн хувцаснууд гарч ирэхэд хүмүүс “Хөөх, ёстой ийм загвар гарна гэж бодсонгүй” гэж маш эерэгээр хүлээж авсан. Мянган мянган талархал ирсэн шүү.

Ингээд 2013 онд хоёр дахь удаагаа оролцохдоо Монгол шевро ХК-ийн үйлдвэрийн байранд зураг авалтаа хийсэн. Граш биш шүү /инээв. сурв/ Монгол шеврогоос арьсаа худалдаж авдаг байсан үе. Нэг удаа цаашаа яваад ортол “ваав, яг л манай стилийн хувцасны зураг авалт хийгдэх ёстой газар мөн байна” гэх газрыг олж харсан. Монгол шеврог ч тодорхой хэмжээнд сурталчилсан. Тийм сайхан түүхтэй үйлдвэр байж шүү дээ. Социализмын үед бүрэн хэмжээгээр нь ашиглаж, халадтай ажилчид автобус автобусаар ирж холхиж байсан энэ үйлдвэрийн газар надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Арын том үйлдвэрүүд дээвэр нь цоорчихсон, бороо ороход дусаал гоождог тэр байдалд харамсах сэтгэл төрөхийн зэрэгцээ агуулгын хувьд нийцэх юм байна гэдэг бодол дотрыг минь ээрсэн. Монгол савхиар дагнаж хувцаснуудаа ч хийж байсан болохоор яв тав зохицсон нь тэр. Үүнээс хойш Монгол шеврогийн үйлдвэр их олон зураг авалтад оролцож, “мода” болсон шүү /инээв. сурв/ Тухайн үед 100 хүний хоёр л хүн тэр зураг авалт, орчинд сөрөг хандлагатай байсан бол одоо өөрчлөгдсөн, бүгд ойлгодог болсон. Урд нь зураачид, хөгжимчид гээд л мэдрэхүй өндөртэй хүмүүс манай хувцсыг сонгодог байсан бол одоо оффист суудаг хүмүүс ч авдаг болсонд баяртай байгаа.

ОДОО 5-6 УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАРГАЖ, БОРЛУУЛАЛТ ХИЙДЭГ

-Гадаадын экспо, үзэсгэлэнд оролцсон тоо тань нэмэгдсэн байх. Одоо загваруудаа ямар ямар улсууд руу экспортолж байна вэ?

-Бүх л үйлдвэрлэгчид үүнийг ярьдаг байх. Хүний нөөц гэдэг асуудал хурцадсан, маш тогтворгүй боловсон хүчнүүдээр дүүрч. Үйлдвэрлэгчид яг үнэндээ цалинтай сургалтын ажил л хийдэг боллоо. Удаан, тууштай ажиллана гэж орж ирээд л 2-3 жил болоод, сурах зүйлээ сурчхаад, худлаа хэлэх нь хэлээд алга болчихдог. Зарим нь орцны хонгилд өөрийн хувийн бизнесээ эхлүүлдэг бол зарим нь өвдчихлөө гэж хэлээд томоохон компанид ажилд орох жишээтэй. Тэмцээд туулж байгаа үйлдвэрлэгчдэд энэ нь маш хүнд. Дахиад л нэг хүнд бүхнээ зааж, сургана. Үйлдвэрлэлийн нууц, ноу хау, эсгэлт, холбон оёлт гээл бүгд л энэ болгонд задарна. Гэтэл үйлдвэрлэгч нэмэгдээд байх ч зах зээл яг хэвэндээ л байна. “Хэдий таны орлого өсөөд, та мундаг болж байгаа ч өөр нэг газар дампуурч байдаг” гэж үг сонсож байсан. Ийм нөхцөлд бид яах аргагүй гадаад зах зээлээ тэлэх шаардлагатай болдог.

Манай хамгийн том зорилго бүрэн утгаараа гадаад зах зээлд гарах. Үүнийг хийхэд маш хүнд юм. Олон ч жил үүний төлөө явж байна. Одоо 5-6 улсад бүтээгдэхүүнээ гаргаж, борлуулалт хийдэг. Тэр тоогоо нэмэхийн төлөө ажиллаж байвч нөгөө л нэг хүний нөөцийн асуудал тушаа болдог. Манай брендэд бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг улсынхаа тоог нэмэх боломж маш их бий. Нэг хүний гар дээр очсон бүтээгдэхүүнийг нөгөө хүн нь хараад авахыг хүсдэг. Энэ мэтээр харилцаагаа өргөжүүлэхийг хүсэвч хүний нөөцийн дутагдал, гадаад харилцааны тогтворгүй байдлаас болж харилцаагаа 100 хувь авч явж чаддаггүй. Энэ л хэцүү.

-Үйлдвэрлэгчдэд хүний нөөцийг тогтвортой барих талаар та зовлонг нь үзсэн хүний хувьд гарц шийдэл харагдав уу?

-Нэг газартаа үнэнчээр ажиллуулдаг системд орох ёстой юм болов уу. Бодлогын түвшинд л ажиллах ёстой байх. Хөдөлмөрийн яам магадгүй Европын орнуудаас туршлага судалж болно. Европын орнуудад Хөдөлмөрийн яаман дээр нь тухайн хүний регистрийн дугаараар ажлын түүх нь бүртгэгдсэн байдаг. Тэр хүн ямар зөрчлөөс болж ажлаас гарсан юм, өөрөө саналаар гарсан юм уу, өмнөх байгууллага нь сэтгэл ханамжтай байсан уу гэх мэт бүх л мэдээллүүд нь байна. Гэтэл Монголд нэг ажил хүсэгч ирээд уулзахад нь “Та тогтвортой ажилладаг уу” гэж асуухад “Тиймээ” л гэж хариулна. Үүнийг нь үнэн эсэхийг мэдэх боломж надад үнэхээр байхгүй, тэр л хүний үгээр явдаг. Тэр хүнийг тодорхойлуулах өөр ямар ч боломж байхгүй. Өгсөн CV-г нь үнэн зөв эсэхийг мэдэх боломжийг Хөдөлмөрийн яам нь олгодог зөв шийдэлтэй. Ингэснээр магадгүй үйлдвэрлэгчид өөрсөдтэй нь цаашид удаан хугацаанд хамтарч ажиллаж, хамтдаа өсөн дэвжих боломжтой зөв ажилтнаа олоход дөхөм болох юм болов уу.

-Хүний нөөц гэснээс танай дээр ирж байгаа оёдолчид ямар ур чадвартай байна вэ. Өөрийгөө оёдолчин гэж ирэх ч брендийн стандартад гологдох тохиолдлууд багагүй байдаг гэж сонссон?

-Мэдээж залуус туршлага багатай. Тэд сурчихаж болно. Сургахад цааргалахгүй ч сурчхаад хаяад явчихдаг байж болохгүй. Хүнд нэг тийм хүн чанар байх ёстой. Үүнээс гадна бид зах зээлийн байдлаас орлого сайн олж чаддаггүй. Тиймдээ ч өндөр цалин амлаж чадахгүй тул маш сайн оёдолчдоо Өвөрмонгол руу алдаж байна. Хомрогоороо тийш явж байна. Сайн оёдолчин байна гээд сураг дуулаад л, хойноос нь хөөцөлдсөөр олоход Өвөрмонголд ажиллаж байгаа гэдэг. Үүнийг буруушааж чадахгүй. Тэд ардаа амьдралтай тул явахаас өөр аргагүй л болж. Ийм хүмүүсээ би өөртөө ажиллуулахын тулд орлогоо нэмэх хэрэгтэй, борлуулалтын сувгаа нэмэх шаардлагатай. Борлуулалтын сувгаа нэмэхийн тулд надад харилцааны сайн ажилтан, борлуулалтын ажилтан хэрэгтэй. Сайн хүмүүс авахын тулд сайн цалин өгөх, сайн цалин өгөхийн тулд орлого надад хэрэгтэй. Ингээд л начир дээрээ дээс тонож найзыгаа аврах үлгэр болчихно. Эсвэл би өв залгамжлагч, баян аав ээжтэй л байх ёстой юм шиг байгаа юм.

НИЙГМИЙН ЭНЭ СИСТЕМД НЭГ Л ЮМ БУРУУ БАЙНА

-Та Европын оронд ажиллаж байсан хүний хувьд тэд үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмждэг болох тухай жишээ дурдвал?

-Европын улс орнуудад яг тууштай ажиллаж байгаа эсвэл бизнес планаа биччихсэн хүмүүст маш гоё дэмжлэг үзүүлдэг. Гурван жилийн хугацаанд тэр хүнээс хүү, буцаан төлөлт огт авахгүйгээр зээл олгодог. Гурван жил шүү дээ. Нэмээд ажилчдынх нь нийгмийн даатгалыг гурван жил төлдөг. Нэмээд тодорхой хэмжээнд байр сонгох эрхийг нь өгдөг. Тэдэн м.кв-ын хооронд байх ёстой, тэдэн төгрөгт багтсан байх ёстой гэж заагаад үйлдвэрлэгч өөрөө тэр байраа олж чадвал түрээсийг нь гурван жил үнэгүй олгодог. Үйлдвэрлэлийг бий болгохын тулд улс орон ингэж дэмждэг. Танд зөвхөн хөдөлмөрлөх ажлыг л үлдээе гэж байгаа юм. Ингээд гурван жилийн дотор үйлдвэрлэгч “цэцэглээд” хөл дээрээ босоод, ахиад зээл хэрэгтэй бол хүссэнээр нь олгодог. Хэрэв зээл шаардлагагүй бол орлогоос нь маш багаар буюу тэдэнд огт дарамт болохгүйгээр зээлээ татаж авдаг. Үйлдвэрлэгчийн сарын зардал, гэр бүлийн зарлага бүгдийг нь тооцчихоод гарсан ашгаас нь мөнгөө татаж авдаг ийм гоё системтэй. Хэрэв гурван жилийн дотор үйлдвэрлэлээ чадаагүй бол “Уучлаарай танд ийм ийм үйлдвэрүүдэд ажиллах боломж байна. Таныг шоронд хийхгүй. Учир нь та ажил хөдөлмөр хийх гэж зээл авсан болохоос хулгай хийгээгүй” гээд тухайн үйлдвэрлэгчийн боловсролд тохирсон ажлын байр санал болгодог. Хүнээ, иргэнээ ингэж л үнэлдэг юм. Хэрэв би өнөөдөр дампуурвал магадгүй Монгол улсад шоронд орно шүү дээ. Ийм л айдас, дарамт дунд үйлдвэрлэл явуулдаг. Зээл авахаас ч айдаг, үргэлжид “яах ёстой вэ” гэдэг бодол дагана. Мэдэхгүй юм. Анх Монголдоо ирэхдээ их л гоё юм бодож ирсэн. Би чадах юм байна, болох юм байна гэсэн сэтгэл дүүрэн байсан. Одоо ч чадаж байгаа. Гэхдээ Монголыг тодорхой хэмжээнд таньчихсан. 18 насандаа Монголоос явж 13 жилийн дараа ирсэн. Энэ хооронд Монгол яаж өөрчлөгдөж вэ гэдгийг саяхнаас л мэдэрч эхэллээ. “Хөдөлмөрлөж байгаа хүн болгодог юм” гэсэн өөдрөг үзэлтэй, өөрөө ч маш их хөдөлмөрлөсөн. Гэвч шударга бус юм яасан ч их юм. Нийгмийн энэ системд нэг л юм буруу байна. Тиймээс ч би, бид урд хормойгоо авч, хойд хормойгоо, хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхсөөр л явна. Үүнээс гарах гарц нь буруу замаар будаа тээх л болчхоод байгаа нь даанч харамсалтай.

-Бас нэг үйлдвэрлэгч маань “Хэрэв дампууръя гэвэл Монголд үйлдвэрлэл эрхэл” гэж хэлж байсан нь санагдчихлаа. Монголын төр бизнес эрхлэгчдээ дэмжлэг үзүүлж чаддаг уу? Эсвэл дарамт үүсгэдэг үү?

-Манайх хэдэн зуун тэрбумын орлоготой биш болохоор багахан хэмжээний орлогоосоо цаг тухайд нь татвараа төлөөд явдаг. Мэдээж хэдэн сар бөөгнүүлэх л юм бол компани шууд хүнд байдалд орно. Европын улс орнуудад ч ялгаагүй 1-2 сар л татвараа төлөхгүй бол шууд л алданги тооцдог системтэй учир би тэр тал дээр харьцангуй гайгүй байх шиг. Миний хүндрэл бол “яанаа” гэх л айдас. Түрээсээс түрээсийн хооронд явж байгаа миний хувьд “түрээс яах билээ”, “хүний нөөцөө хэрхэн тогтвортой байлгах вэ”, “улс төр яаж эргэж, эдийн засаг яаж хямарч, ард иргэд цамц бүү хэл талх авч чадахгүй хэмжээнд хүрэхвий, иргэд маань ядуурчих вий” гэх айдас. Монголын иргэд баян байж л бид ажлаа үргэлжлүүлж чадна. Ийм л нэг томыг харсан айдастай л сууна даа. Заримдаа урсгал зардлаа төлөх гэж л ажиллаад байх шиг түвшинд ч очдог. Биднийг бусад улс орнуудаас маш их сонирхож байгаа. Энэ санал, сонирхлуудын 50 хувийг л ашиглахад бид сайн явна. Гэвч өөрөөс шалтгаалахгүй, инээдтэй асуудлуудаас болоод л урагшлахгүй зогссоор байгаа.

“ТЭНГЭР ДУУГАРЧ, АЯНГА НЭРГЭЖ БАЙГАА ШИГ ХӨГЖИМ СОНСЛОО” ГЭЖ ХЭЛЭЭД ЯГ Л ТЭР СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨРӨӨ “THE HU” ХАМТЛАГИЙН ХУВЦАСНЫ ЗАГВАРЫГ ГАРГАСАН

-Та өөрийнхөө компанид ямар ямар албан тушаал хашиж байна? Үүсгэн байгуулагч, үйлдвэрлэгч хүн өөрийгөө бүгдийг зориулдаг гэдэг.

-Тийм. Цэвэрлэгчээсээ эхлээд боссыг нь хүртэл хийнэ /инээв. сурв/ Би гэхдээ энд үүсгэн байгуулагч, захирал гэх стильгүй. Энд байгаа хүмүүсийнхээ найз нь, хамтрагч нь, цэвэрлэгч нь гээд бүгдийг бид хамтдаа хийдэг. Ажилд авч байгаа хүмүүсийнхээ сэтгэл, хандлагыг хамгийн чухалд тооцож хардаг. Сайхан хамт олон бий болоосой гэж хүсч, ажилд авдаг. Хэрэв хамт олон дунд ганц л хэцүүхэн хүн байвал уур амьсгал бурууддаг. Бид заримдаа гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг хугацаанаас ч ихийг ажлын хамт олонтойгоо өнгөрүүлдэг шүү дээ. Тиймээс бие биеэсээ нуусан, хаасан, болгоомжилсон нөхцөлд би ажиллаж чаддаггүй.

-Таны номын тавиур дээр “The Hu” хамтлагийн шинэ цомог “Гэрэг” байна. Гурав, дөрөвхөн хоногийн өмнө нээлтээ хийсэн ч танд аль хэдийнээ ирчихэж. Аргагүй л байх. Та “The HU”-ийн дизайнераар ажилладаг. Энэ хамтлагийнхантай та хэзээнээс хамтран ажиллаж, хувцас хэрэглэлийн консептыг хэрхэн боловсруулав?

-2018 оны өвөл Дашка ах над руу залгаад “Ирээд уулзаач, би нэг хамтлаг байгуулж байгаа, ирээд нэг сонсоодохоо” гэсэн. Би тэр хүнийг дуучных нь хувьд мэднэ. Тиймээс ч “Поп хамтлаг байхдаа, манай стильд тохирох болов уу даа” гэсэн бодолтой, юутай ч энэ хүнийг хүндэтгэх ёстой гээд очиж байв. Гэтэл үнэхээр “surprise” байсан. Ардын урлагийг орчин үетэй хослуулсан ийм хамтлагууд Монголд бий. Гэхдээ хүнд төрлийн хөгжмүүд, цахилгаан гитар зэргийг ашиглаж, рок хэмнэлд оруулсан нь байгаагүй. “Алтан ураг” хамтлагийг дурьдахгүй өнгөрч боломгүй.  Магадгүй түүнээс ч илүү гүн гүнзгий сэтгэгдэл надад төрсөн. Дашка ах надад студид сонсгосон болоод ч тэрүү, дугаралт нь илүү сайн тул сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Тэр үед надад хийсэн хөгжмүүдээ, лого шошгоо нэг бүрчлэн танилцуулсан. Би ч сэтгэлзүйн хувьд маш сонин өөр мэдрэмжтэй, үнэхээр гайхаж, бахадсан байдалтай эргэж ирлээ. Ингээд л “Энийг би л хийх ёстой юм байна” гэж эргэлт буцалтгүй шийдсэн. Ирээд ажлынхандаа “Тэнгэр дуугарч, аянга нэргэж байгаа шиг хөгжим сонслоо” гэж хэлээд яг л тэр сэтгэл хөдлөлөөрөө загварыг нь гаргасан. Мэдээж үүнээс хойш сайжруулах, оёх хийх үйл явц, хамтлагийн гишүүд бүрэлдэх зэргийг тооцвол 7-8 сарын ажил болсон доо. Ийм гоё хамтлагтай хамтарч ажиллаж байгаадаа, цаашид ч хамтарч ажиллах гэж буйдаа би маш их баяртай байгаа.

-Клипүүдийг нь харахаар хамтлагийн гишүүдийн хувцасыг гуталнаас нь эхлээд нэг бүрчлэн харуулдаг. Нэг ёсны том сурталчилгаа байх. Тэдний өмссөн хувцасыг хараад та бүхэнтэй холбогдсон байгууллага, агентууд бий юу?

-Маш их бий. Яг үнэндээ “The HU” хамтлагийн пэйжээс эхлээд л хувцасны тухай асуусан хүн бүртэй харьцаад, өөрсдөө дотоодоосоо ажиллаад эхэлбэл маш их захиалгад дарагдахаар. Гуталнаас эхлээд захиалгаа дийлэхээргүй хэмжээнд бий. Гэвч дотоод нөөц бололцоо минь юу билээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Ингээд ярихаар буцаад л нөгөө асуудлууд руугаа хальтирч орчих гээд… Боломж маш их бий. “The HU” хамтлагаар ч дамжиж олон улсад гарч байна. Цаашилбал, Ариунаа Сүри гэдэг нэрийг бид өмнө ч олон улсад сайн сонсгосон. Бид Австри улсад ч их том шоунд уригдаж, эхний хэдэн загвар зохион бүтээгчтэй хамтарч маш том шагнал авсан. Сүүлд БНХАУ-ын Торгоны замын Шилдэг загвар зохион бүтээгч цом авсан. Энэ болгоныхоо араас өөрсдөө менежментээ бариад зүтгэвэл “юм” барьж авах боломж даанч их.

-Одоо та компанидаа өдрийн хэдэн цагийг зарцуулж байна?

-Би эрүүл системээр ажиллахыг хичээдэг. Хүн өдөрт 8 цаг ажиллах ёстой, бямба, ням гарагуудад гэр бүлдээ цагаа гаргах ёстой. Заримдаа бид бямба гарагт борлуулалтаа бодох үүднээс ээлжилж ажиллах тохиолдол бий.

МОНГОЛ ОРОН МИНЬ ЭЗГҮЙ БАЙХАД ДЭЛХИЙН ТОМ БРЕНД БОЛООД Ч ЯАХ БИЛЭЭ

-Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй олон асуудлуудаа огт харахгүйгээр урдаа тавьсан том зорилго тань юу вэ?

-Гадаад зах зээл ойролцоогоор 4-5 улсад бий. Энэ тоогоо маш яаралтай нэмэх ёстой.

-Монголд үйлдвэрлэл эрхлэхэд хэцүү учир Европ руу буцчихдаг ч юм билүү гэж бодогдож байсан үе бий юу?

-Намайг Монгол руу ирж ажиллахын өмнөхөн гадны нэг томоохон байгууллага загвар зохион бүтээгчээр ирж ажиллах уу гэж урьж байсан. Өндөр цалинтай, сайн орчин нөхцөлтэй тийм нэг санал. Ийм боломжоос би татгалзаад эх орондоо ирсэн. Хэрэв тэр саналыг хүлээж авсан бол нэг их том үйлдвэрийн загвар зохион бүтээгч болчихсон, мөнгө санхүүгийн хувьд ч өөр түвшинд байх байсан. Гэвч Ариунаа Сүри байхгүй үлдэх байж. Магадгүй Монголын загварын салбар ч арай өөр түвшинд хөгжих байж. Маш жижиг зүйлээс том зүйл өөрчлөгдөж байгааг хүмүүс анзаардаггүй. Тиймээс цаашид шантрахгүй. Уйлах өдөр байхад инээх өдөр ирнэ. Сайхан өдрүүд нь их байгаа учир хүн амьдарсаар л байдаг байх.  

-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг үлдээе. Магадгүй танд залууст хандаж хэлэх үг бий болов уу?

-Сая би хөдөө нутгаар их явж ирлээ. Гэтэл Монгол улс маань малчингүй болчихсон юм байна, эзэнгүй болчихсон юм байна. Эзэнгүй газарт гадныхан ирээд суух нь тодорхой. Бид Улаанбаатараас фэйсбүүкээр юм бичээд яах ч билээ. Тэнд фэйсбүүк, интернэтгүй газар байна. Тийм газарт нь миний хэлээд буй гадныхан ирж суурьшаад сайхан амьдраад байна. Хүмүүс болоод байхад бид яагаад болохгүй гэж. Тиймээс ч залуусыг би нутаг орондоо буцаасай, бий болгоосой, бүтээгээсэй, юм хийгээсэй гэж уриалмаар байна. Нарийн мэргэжлүүд эзэмших хүнгүй болж бүгд л загвар зохион бүтээгчид, бүгд л эдийн засагч, хуульчид, нийгмийн ажилтнууд болж. Хөдөө хэрэгтэй мэргэжил алга болж, нутаг буцаж ажилладаг залуус ховор болжээ. Энэ бол эмзэглэл. Энд би том ярьж, олон улсад гарна, дэлхий ертөнцийг байлдан дагуулна гэж байгаа минь ч утгагүй санагдсан. Монгол орон минь эзгүй байхад дэлхийн том бренд болоод ч яах билээ гээд л олон ч зүйл бодогдох боллоо. Тиймээс цаашид өөрийн урланг хөдөө барьмаар санагдсан, өөрөөсөө эхэлье гэж төлөвлөсөн. Өнөөдөр маргааш чадахгүй ч тэнд очиж амьдарч, тэндээс уран бүтээл ажлаа хийе гэсэн бодол төрсөн. Малаа таньдаг, уул толгодоо нэрээр нь дууддаг, дуу аялаж салхи исгэрсэн талд морин дээрээ суугаад давхих залуус минь энд ирж такси бариад яах юм. Нутаг руугаа буцацгаая гэж гуйя.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close