Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгээс 40 мөрийг сонгон дуу болгожээ

Эрээнцавын найрагч Д.Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" шүлэгт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Чинбат ая хийж, дуу болгосон. Уг бүтээлийг Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын тулганы гал бадраах ёслолд зориулан бүтээсэн. Уран бүтээлчид 176 мөр шүлгээс дараах 40 мөрийг сонгон авч, дуу болгосон байна.
Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин өөхнөөс нь хүлхэх сайхан
Цөн түрж, гол урсах нь сайхан
Цөмөрвөл урсана даа гэж бодох сайхан
Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан
Орой голын эрэгт, хоёулаа сайхан
Дахилт: Алаг нүдний нулимсан дусалд багтан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу да
Ай амьдрах сайхан
Хөх лонхон тогоруу дуугарах нь сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх агаар нэг сайхан.
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүсэр бороо гэрэлтэх сайхан.
Агь хөмүүлийн үнэр сэнгэнэх сайхан
Аясхан бодол хол ойрыг санах сайхан.
Дахилт
Навч ганц нэг унах сайхан
Наран толгодын цаанаас харах сайхан
Сэв сэв салхи үлээх сайхан
Сэм сэмхэн хуй босох сайхан
Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
Цэлэлзэх нүдний нулимс гарах нь сайхан
Дөрөөн дээр өндийгөөд исгэрэн давхих сайхан
Дөрвөн туухай хооронд шувуу нисэх сайхан
Дахилт
Цас орон орон лавсах нь сайхан
Цаг эргэн эргэж ирэх сайхан
Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан
Тэргэн дээр хураасан бараа сүглийх нь сайхан
Гэрийн хойморт аав суух сайхан
Гэрэлтэй үүдээр ижий орж ирэх сайхан.
Өнгөт дэлхий нь уяран дуулмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан
Дахилт
Алаг нүдний нулимсан дусалд багтан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу да
Аяа амьдрах сайхан
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.