УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

“Эрх баригчдад ээлтэй хэмнэлт” буюу төсвийн шинэ чиг хандлага

Иргэд эрх баригчдаас хэмнэхийг шаардаад хариуд нь ээлжит нийгмийн сэтгэл зүйг удирдах технологийнх нь золиос болчихжээ.

Төр “Хэмнэлтийн бодлого” барьсан биш төсөв ард иргэдэд ээлгүй, эрх баригчдад илүү ээлтэй болсон байна.

УИХ 2022 оны төсвийн тодотголыг батлах үед О.Цогтгэрэл гишүүн "18.1 их наяд төгрөгийн зардалтай төсвийг бууруулна гэж орж ирсэн ч 17.9 их наяд болж бараг тоо хэвээрээ байна. 2.4 их наяд төгрөгийн төсвийн алдагдал хэвээрээ. Төсвийн хуулийг дагаж орж ирсэн Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар 30 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн. Их тоо мэт сонсогдож байгаа ч 18 их наядтайгаа харьцуулахад хэмнэлт гэж хэлэхэд хэцүү” гэж шүүмжилж байлаа.

Тэр үед Ч.Хүрэлбаатар гишүүн “Тавдугаар сараас 12 сар хүртэлх хугацаанд нийт 39 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ дотор нь зардал гүйлгэх эрхтэй учраас хэмнэгдэх бодит зардлын хэмжээг тодорхойлох амаргүй. Нэг жилээр нь тооцвол 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдах байх. Мөнгөндөө биш хандлага зарчимдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа" гэж хариулж байсан юм.

Тэрхүү хандлага зарчим гэж юу болохыг мэдэхээр аймгуудын төсөв рүү шагайж үзээд үнэндээ л дур гутах шиг боллоо. Жишээ нь, Өвөрхангай аймгийн ИТХ хэмнэлтийн бодлогын дагуу өнгөрсөн тавдугаар сард төсвөө тодотгожээ. Ингэхдээ Хөгжимт драмын театр, аймгийн музей, Аймгийн төв номын сан, Политехник коллеж, Мэргэд лаборатори сургууль, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн зардлыг байж болох хэмжээнд хүртэл бууруулаад Ч.Хүрэлбаатар гишүүний хэлсэнчлэн “Дотор нь зардал гүйлгэж” аймгийн ИТХ, ЗДТГ, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зардал, сум дундын ойн анги зэрэг байгууллагын зардлыг нэмжээ.

Тодруулбал, дарга албан тушаалтнуудын зардал, эрх баригч намын амлалт, Ерөнхийлөгчийн санаачилга гэх зүйлийг ард иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соён гэгээрлээс илүүд үзсэн байна.

Эрх баригчдын шинээр тодорхойлсон төсөв хэмнэлтийн шинэ хандлага зарчим гэгч нь энэ аж.

Энгийн иргэдэдээ “Ингэж ч хэмнэсэн, тэгж ч хэмнэсэн. Ийм ч юм байхгүй, тийм ч юм байхгүй. Хэмнэлтийн бодлогод шилжсэн” гэж сурталдах дарга нар цаагуураа ийм булай юм хийж явдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-27 09:53

Эрх баригчид гэж дээ луйварчид л юм даа

Холбоотой мэдээ

Back to top button