Маргааш нээлтээ хийх “Луугийн үүр”-ийн чимэг, таван үзэсгэлэнт бүсгүй
Кино ертөнцийн энэ оны хамгийн их хүлээлттэй байсан хоёр төслийн нэг “Луугийн үүр” /нөгөөх нь “Бөгжний эзэн”/-ийн дэлхийн нээлт маргааш болно.
HBO сувгийн энэхүү шинэ бүтээлийн зохиол нь та бидний сайн мэдэх “Хаадын тоглоом”-ын өмнөх анги маягаар бичигдсэн. Тэнд гардаг хуйвалдаан 200 жилийн өмнө Таргариенуудын улсад хэрхэн эхэлсэн талаар өгүүлнэ. Хаан Визерис I Таргариены хоёр угсаа залгамжлагч болох гүнж Рейенерис, ханхүү Эйегон нар хаан ширээнд суухыг санаархаж, иргэний дайн эхлүүлдэг. Тэд ялахын тулд холбоотон хайж, тэндээс салаалсан үйл явдлууд хөвөрнө. Мэдээж, Таргариены улсын гол бэлгэ тэмдэг болох луу ч энэ дайнд чухал үүрэгтэй оролцоно. Тийм ч учраас тэрхүү дайныг “Луугийн бүжиг” гэж нэрлэдэг.
Гэх мэтчилэн бичвэл олон мэдээлэл байсан ч ингээд орхие. Хүлээж байсан киногоо “харанхуй” үзэх илүү сайхан байдаг. Нөгөө талаар энэ бичлэгийн зорилго нь киног спойлердох биш, харин кино дэлгэцэнд гарснаар алдар нэрийн оргилд гарах, үзэсгэлэнтэй залуу оддын чуулбарыг танилцуулах явдал юм. Ер нь тэгээд спойлердсон ч кино сонирхолгүй болно гэж байдаггүй шүү дээ. “Хаадын тоглоом”-ыг яаж спойлерддог байлаа. Гэсэн ч үзэхэд сонирхолтой л байдаг. Энэ удаа ч тийм байж чадна гэдэгт итгэлтэй байна. Одоо харин гол ажилдаа оръё.
Бүтээсэн дүр: Рейенерис Таргариен. Визерис хааны анхны хатан Эйма Арренаас төрсөн охин, сонгогдсон угсаа залгамжлагч. Луу хөлөглөгч.
Британийн театр, киноны жүжигчин Эмма Д’Арси 1992 оны зургадугаар сарын 27-нд Лондон хотноо төрсөн. Оксфордын харьяа Раскины урлагийн сургуульд жүжигчний мэргэжил эзэмшжээ. 2015 оноос урлагийн замналаа эхлүүлж, “United Strong Alone” киноны мэргэн буучийн дүрд тоглосон. Түүнээс хойш есөн бүтээлд дүр бүтээснээс “Үнэний эрэлчид”-ийн Астрид нь алдаршуулжээ. Гэхдээ хамгийн алдартай дүр нь Рейенерис Таргариений дүр гэдэгт мөрийн тавьсан ч алдахгүй биз ээ.
МИЛЛИ ЭЛКОК
Бүтээсэн дүр: Рейенерис Таргариен.
Австралийн жүжигчин Милли Элкок 2001 онд Австралийн Сиднейд төрсөн. 2014 оноос телевизийн цувралуудад тоглож эхэлжээ. Хэдий залуу жүжигчин ч гэлээ 2018 онд Австралийн телевиз, киноны академийн шагналд нэр дэвшиж байжээ. Өнгөрсөн жил “Луугийн үүр”-ийн гол дүрийн залуу насанд тоглохоор сонгогдсон.
ОЛИВИА КҮҮК
Бүтээсэн дүр: Алисента Хайтоуэр, Вестеросын хатан хаан, Отто Хайтоуэрын охин, Визерис хааны хоёр дахь эхнэр, Эйегон II Таргариены эх, Рейенерисийн хойт эх.
1993 оны арванхоёрдугаар сарын 27-нд Английн Манчестерт төрсөн. Эцэг эх нь түүний жаахан байхад салсан тул дүү Элеонорагийн хамт ээжтэйгээ өсжээ. Багадаа балет, гимнастикаар хичээллэж байсан.
ЭМИЛИ ЖОАННА КЭРИ
Бүтээсэн дүр: Алисент Хайтауэрын залуу нас.
Эмили Жоанна Кэри 2003 оны дөрөвдүгээр сарын 30-нд төрсөн, Британийн жүжигчин. 2014 оноос ВВС телевизийн “Санаандгүй тохиолдол” цувралд дүр бүтээн урлагийн гараагаа эхэлсэн. 2020 оноос гол дүрд тоглож эхэлсэн, Британийн хамгийн ирээдүйтэй жүжигчдийн нэг юм. Huffington Post түүнийг 2016 онд хамгийн алдартай өсвөр насны таван жүжигчний нэгээр нэрлэж байжээ.
СОНОЯ МИЗУНО
Бүтээсэн дүр: Хариас ирсэн боол, сүүлдээ Визерис хааны дүү Дэймон Таргариены хамгийн найдвартай холбоотон, амраг нь болдог.
Британийн жүжигчин, 1986 онд Токиод төрсөн ч удалгүй Англи руу нүүж, Соммерсетэд суурьшсан. Япон гаралтай. Балетчин, фото модель.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bur dogdolchihloooi hurdan vzeh ymsan